Холын далайд байх хонгорхон тэр минь хэмээх арванхоёрдугаар бүлэг -2/2

39 4 2
                                    

#ҮҮРД_ЧАМАЙГАА_ҮГҮЙЛЭН_САНАНА📍ТЭРГҮҮН ДЭВТЭР📍#ХОЛЫН_ДАЛАЙД_БАЙХ_ХОНГОРХОН_ТЭР_МИНЬ ХЭМЭЭХ #АРВАНХОЁРДУГААР_БҮЛЭГ - ТӨГСГӨЛИЙН ХЭСЭГ📍

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

#ҮҮРД_ЧАМАЙГАА_ҮГҮЙЛЭН_САНАНА
📍ТЭРГҮҮН ДЭВТЭР📍
#ХОЛЫН_ДАЛАЙД_БАЙХ_ХОНГОРХОН_ТЭР_МИНЬ ХЭМЭЭХ
#АРВАНХОЁРДУГААР_БҮЛЭГ - ТӨГСГӨЛИЙН ХЭСЭГ📍

Жуан Шюй тоорын төглөөс удаан алхан гарч ирлээ. Түүнд уг нь Сяо Яо ямар царай төрхтэй болох нь хамаагүй байсан. Сяо Яо бол Сяо Яо л гэж бодож байсан. Тоорын төгөлд дэндүү удаан хүлээснийх үү, тэр одоо маш их сандран догдолж харцаа буулган Сяо Яо байгаа зүгт харж ч чадахгүй алхана. Сяо Яо авга эгчтэй нь илүү адилхан царайтай болов уу аль эсвэл багштай нь илүү адил төстэй болов уу гээд түүний толгойд элдэв янзын төсөөлөл эргэлдэнэ. Тэр цөөрмийн бараг хажууд нь ирээд сая л толгой өргөн дээш харлаа------
Нялх ногоон навчсын дээр, манан будан татан, түүний дотроос нэгэн томоос том тоорын цэцэг долгилон мяралзах цөөрмийн усан дээр дэлгэрэн ургасан байлаа. Тоорын цэцгийн голд гол шиг туяхан, ногоон даашинзтай гоо бүсгүй зогсож байлаа. Тэр яг л ногоон уул хөх усны хөвөөнөө, тэнгэр газрын хамаг шилдэг охиор хайрлан энхрийлэн услан ургуулсан тоорын цэцэг шиг ялдам сайхан төрхтэй. Хав хар үс нь түүний мөрийг даган асгаран унаж, духан дээрээ улбар улаан өнгийн жижигхэн тоор цэцгэн тамгатай, нүд нь яг л айж цочсон янзага шиг тормолзож, өөрийг нь эгцлэн харж чадахгүй харц нь тогтохгүй тэр тоорын цэцгийн хилэн дэлбээн дээр буусан өглөөний дусал шүүдэр мэт ариухан сайхан харагдаж байлаа.
Энэ миний Сяо Яо гэж үү! Жуан Шюйгийн сэтгэлд хаврын хур буух шиг болж ганц ч үг амнаас нь гарч чадахгүй боллоо.
Сяо Яо Жуан Шюйг юу ч хэлэхгүй байхыг нь хараад сэтгэл нь нэгэнтэй гуниглаад тэрхэн даруйд тайвшран, <<Ямар ч муухай царайтай байсан жинхэнэ би л юм чинь>> гэж дотроо бодлоо. Тэр Жуан Шюй рүү гар сунган,
- Ахаа, надад туслаарай! гэлээ.
Жуан Шюй шүлэг нойрноосоо сэрэх мэт болон, яаран нууцаар сүнсний хүчээ гаргахад тоор цэцгийн дэлбээ эрэг рүү хуйлран нисэж, салхины аясаар үс нь намирсан, мишээн инээх Сяо Яо түүн дээр ирлээ. Сяо Яо түүний гараас түшин бууж ирлээ.
Сяо Яо Ван ахайтныг хүндэтгэн ёслоод,
- Жинхэнэ төрхийг минь хайрласан танд гялайлаа.
- Одоо чиний биед байгаа төрх хадгалагч цэцэгт зөвхөн нүүр царайг чинь хадгалан үлдэх шид л үлдсэн байгаа. Чи дахин түүнийг ашиглаж царай төрхөө хувиргаж чадахгүй боллоо. Магад хожмын нэгэн өдөр учрал тохиол нь таарвал нээ зэмсэг дахин царай төрх хувиргах шидтэй болж болох юм гэж Ван ахайтан зөөлөн өгүүлээ.
- Би энэ яваа насандаа хангалттай их хувирлаа. Дахиж царай төрхөө хувирган өөрчлөхийг хүсэхгүй байна гэж Сяо Яо инээн хэллээ.
- Би чиний ээжийн тань захиасаар чамайг харж хандаж байсан. Хариуцлагаа бүрэн үүрч чадаагүй ч чи одоо нэгэнт Хаш уулыг орхин явж чадах том хүн болжээ. Аби, Ле Яан хоёр чамайг даган хамт явахыг хүсвэл чамтай хамт эндээс явж болно. Хүсэхгүй бол Хаш ууланд үлдсэн ч болно гэж Ван ахайтан хэлээд тоорын төгөл рүү эргэн явахад түүний туранхай ядруу төрх нь харагдахгүй боллоо.
Сяо Яо Аби, Ле Яан хоёр дээр очоод
- Би та нарыг урмыг хугалчихсан уу? гэж тэднээс аяархан дуугаар асуухад, 
- Би чамайг А Ханг дуурайсан байх болов уу гэж бодсон гэж Ле Яан хэлж, Аби харин дуугарсангүй.
- Би харин ээжтэйгээ адилхан байхыг хүсээгүй.
Ле Яан Сяо Яогийн төрхийг нарийн сайн ажиглан хараад сэтгэл дотроо санаа алдлаа. <<Сяо Яо А Хантай адилхан биш юм. Түүний нүд нь тэр мангасан толгойтын нүдтэй л их адилхан харагдана. Хальт харахад шинэ төрсөн нялх хүүхдийнх шиг тунгалаг харцтай хэр нь сайтар ажаад харвал торомгор харцных нь угаас хүйтэн өнгө цухалзана.
- Би та хоёрыг манай ээжийн найзууд гэдгийг мэднэ. Ээж минь та хоёрт намайг харж хандаж яваарай гэж захиж үлдээсэн. Гэхдээ би одоо өсөж том болсон. Та хоёр тавьсан тангарагтаа хүлэгдэлгүй эрх дураараа явж, хийхийг хүссэн зүйлээ хийгээсэй гэж би бодож байна.
Аби Сяо Яог ширтэн хараад сарвуугаа түүнд өгөхөд нь Сяо Яо нүдэндээ нулимс хуруулан түүний сарвуунаас атгалаа. Жи Жөүд болсон тулаанаар ээж нь үхэж Аби бас хүнд шарх авсан. Цагаан хаан түүнийг Хаш ууланд хүргүүлэхэд тэр яг л шарагдсан үнэгний борц шиг болж Хаш ууланд ухаангүй хүргэгдэн ирсэн. Ван ахайтан түүнийг түмэн жилийн настай тоорын навчаар хэдэн давхар ороогоод Хаш уулын хамгийн гүний болор усанд хэвтүүлэн, 50 жил өнгөрбхөд Аби сая ухаан орон сэргэсэн билээ. Сяо Яо тэднийг түүний ээжтэй ямар харилцаатай болохыг мэднэ. Тэд өөрийг нь ээжийнх нь амь амьдралын үргэлжлэл болгон харж байгааг ч мэдэж байлаа. Гэвч тэр бол тэдний нүдэн дэх ээж нь биш, тэр ч ээж шигээ байхыг хүсэхгүй билээ.
- Ле Яан бид хоёр Хаш ууландаа үлдэнэ. Ван ахайтанд бид хэрэгтэй биш байж болно. Гэхдээ бид түүний сүүлчийн өдрүүдэд нь хань болон хамт баймаар байна гээд Аби Сяо Яогийн гарыг атгаад,
- Сяо Яо, хэн ч юу ч гэж хэлж байсан бусдын хэлсэн үгэнд автаж өөрөө битгий төөрөлдөөрэй. Ээж чинь бол энэ хорвоогийн хамгийн сайн хүн шүү гэж түүнд хэллээ.
Сяо Яо толгой дохих төдий болоод хариу үг хэлсэнгүй. <<Ээж нь үнэхээр сайн хүн байж болно, гэхдээ сайн эхнэр, бас сайн ээж бол биш.>>
Сяо Яо Абиг тэврээд би явах боллоо гэв.
Сяо Яо Ле Яанг хараад түүнд хүрч зүрхэлсэнгүй,
- Та нар санаа амар бай, би өөртөө санаа тавьж чадна гэж аяархан дуугаар хэллээ.
Ле Яан Жуан Шюйг ширтэн харахад, Жуан Шюй хурдхан шиг,
- Би дүүгээ сайн халамжлан хандаж байх болно гэв.
Аби Сяо Яод, - Хэрвээ хэрэг учир .... чи биднийг хаанаас олохоо мэднэ, тийм биз?
-Би мэднээ гээд Сяо Яо толгой дохив.
Сяо Яо гудам даган хэсэг явснаа гэнэт эргэн харж,
- Хэрэв Ван ахайтан ... тэр үед надад яаралтай мэдэгдээрэй. Ван ахайтанд би хэрэггүй ч гэсэн би түүнийг сүүлчийн замд нь үдэн өгөхийг хүсэж байна хэмээн чанга дуугаар хэллээ.
Аби үнэгэн амаа мурилзуулан инээж,
-За гэв.
Сяо Яо тэсэлгүй Аби рүү явж очин түүнийг хүчтэй тэврээд үнэгэн нүүрийг нь үнслээ. Тэгээд бас Ле Яаныг сэмээрхэн нэг илээд хурдхан шиг буцан тоорын цэцэг битүү сүлжин ургасан урт гудмаар яван тэдэнд харагдахгүй болов.
Аби тоорын төглийг мишээн харж, Ле Яан өдөө нэг сэгсрээд их л дургүйцсэн байдалтай байх боловч нүднийх нь угт инээмсэглэл тодрон харагдана.
Ван ахайтны цэнхэр шувуу Жуан Шюй Сяо Яо хоёрыг уулын бэлд хүргэн өглөө. Цагаан хаан урьдаас Аби, Ле Яан хоёрыг Сяо Яотай хамт Хаш уулнаас буухгүй гэдгийг мэдэж байсан мэт хүн явуулан тэднийг уулын бэлд тосуулсан байв.
Жуан Шюй Сяо Яо хоёр үүлэн сүйх хөлөглөн Таван бурхан уулыг зүглэн буцан явав. Жуан Шюй замын турш Сяо Яог ширтэн харна. Сяо Яо харин санаа сэтгэл нь тэнгэрийн гадна, юу бодож байгаа нь мэдэгдэхгүй алмайран мэлрэн сууна.
Ачлалт ордонд эргэн ирэхэд ордны дагуул тэднийг шууд Жао Хуй өргөөнд дагуулан очлоо. Сяо Яо Жао Хуй өргөөний урд очоод л жинхэнээсээ санаа сэтгэл нь буцан ирэх мэт боллоо. Тэр гэнэт зогсон,
- Би эхлээд өөрийгөө хармаар байна гэв.
Жуан Шюй нэгэн богц гаргаж ирэн,
- Энэ бол Хаш уулнаас буухын өмнө шивэгчин бүсгүйн надад өгсөн чиний юмс. Дотор нь эм тан, ерөндгөнөөс гадна бас нэгэн толь байсан гээд түүнд толийг гарган өгөв.
Сяо Яо толийг түүний гараас авсан хэр нь алгаараа толийг дараад, Жуан Шюйд,
- Би бага байхдаа хаан аавтай төстэй байснаа санаж байна. Эмэгтэй хүн өсөж том болохоороо багын төрхөөсөө их өөр болдог гэж би боддог байсан. Анянь шиг хөөрхөн биш ч гэсэн бүр тийм царай муутай болоогүй баймаар юм.
Жуан Шюй инээмсэглээд,
- Чи өөрөө толинд хараад мэдчих хэрэг.
Сяолю толин дээрээс гараа алгуур холдуулахад, толин дотор нэгэн огт танихгүй төрх харагдлаа. Духан дээрх тоор цэцгийн толбоноос өөр танил зүйл алга. Сяо Яо уруулаа хөдөлгөхөд, толин доторх хүн бас даган хөдөлгөлөө. Сяо Яо сая л толинд харагдах хүн бол өөрийгөө байна гэдэгт итгэлээ. Сяо Яо толио далд хийгээд Жуан Шюйг харан их л харамссан өнгөөр,
- Гаж сонин биш л царай байна. Гэхдээ аавтай огт адилгүй юм.
Жуан Шюй Сяо Яо руу гайхан харахад Сяо Яо түүнийг урдаа оруулан түлхэж, би таны араас явъя гэлээ.
Цагаан хааны инээх дуу дуулдаж,
- Чи Жуан Шюйгийн араар орж нуугдаж яах нь вэ? Өөрийнхөө жинхэнэ төрхийг олмоор байна гэсэн хүн нь чи, гэтэл яг олоод ирэхээрээ харин хүн рүү эгцлэн харж чадахаа болио юу?
Жуан Шюй холдон зогсох гэхэд Сяо Яо яаран түүнийг татан зогсоож нүүрээ түүний нуруунд наан нуугдаад,
- Би арай бэлэн болоогүй байна гэж гүвтнэлээ.
Жуан Шюй дороо зогсохоос аргагүй болж, ар нуруунаасаа Сяо Яогийн хөнгөн амьсгалахыг мэдрэн хурдхан холдон явмаар санагдах боловч бас үгүйлшгүй ихээр хоргодон саатмаар санагдлаа. Тэр ийм сонин жигтэй мэдрэмжийг урьд өмнө нь ердөө амсаж явсангүй билээ.
- Чи одоо бэлэн болсон уу? гэж Цагаан хаан асуулаа.
- Одоохон боллоо.
Цагаан хаан хэдэн алхам ойртон ирээд Сяо Яог Жуан Шюйгийн араас татан гаргаад түүний царайг анхааран харлаа. Сяо Яо алгуур толгойгоо өргөн, Цагаан хааны харцыг хараад,
- Би ээжтэй ч адилхан биш, бас тантай ч адилгүй юм, таны урам хугарсан уу? гэж аяархан асуулаа.
- Би чамайг ээжтэйгээ адилхан байгаасай гэж хүсээгүй. Надтай адилхан байгаасай гэж бүр ч хүсээгүй. Би чамайг эрүүл саруул байгаасай л гэж хүссэн. Одоо чи эрүүл саруул бас үзэсгэлэн гоо болсон байна. Миний сэтгэлдээ үнэхээрийн их баярлаж байна.
Сяо Яогийн царай нь гэрэлтэн инээмсэглэж,
- Аав хүн бүрийн нүдэнд охин нь хамгийн хөөрхөн харагддаг байх.
Цагаан хаан түүний нүдийг ажиглан хараад, <<Тэр хүний харцнаас тэнгэрийн доорх алив хэргийг үл тоох бардамнал, дүрэлзэн асах гал шиг гүн хайрлах халуун сэтгэл харагддаг. Сяо Яогийн харцнаас гэнэн хөөрхөн аалиас гадна өөр бас юу харагдах бол?>> хэмээн бодлоо.
Сяо Яо Цагаан хаан түүнийг ажиглан харж байгааг анзааран түүнийг өөрийн бодолдоо автсан байхыг нь хараад,
- Хаан ааваа, та юу бодож байна гэж асуулаа.
Цагаан хаан инээгээд,
- Юу ч биш ээ, цаг хугацаа хурдан өнгөрөн одох юм. Охин минь өсөж том болон харин би хөгширчээ.
Сяо Яо Цагаан хааныг энд тэнд нь гаран хараад, толгойгоо сэгсрэн,
- Надад лав хөгширсөн гэж харагдсангүй.
Сяо Яогийн сэтгэл нэг л гунигтай боллоо. Хаан аав нь сүнсний хүчээрээ царай төрхөө залуу хэвээр нь хадгалах бол хэцүү хэрэг биш. Гэвч царай төрх бол зүрх сэтгэлийг даган өөрчлөгддөг. Аавынх нь үс нь бууралтаж, нүднийх нь эргэн тойронд хялгасан үрчлээснүүд тогтсон нь түүний сэтгэлийн шаналлыг илтгэн харуулах шиг.
Цагаан хаан толгой сэгсрэн инээмсэглэлээ.
Жуан Шюй Цагаан хаанаас,
- Багшаа, та хэзээ Сяо Яогийн эргэн ирснийг зарлах вэ?
- Би Рү Шөүд ёслолд бэлд гэж тушаасан байгаа гээд Цагаан хаан Сяо Яог харан,
- Ингэсхийгээд надтай хамт явж Жин Ань хатан дээр очицгооё. Түүнд бас дүүд чинь чамайг хэн гэдгийг хэлэх цаг боллоо.
Сяо Яо толгой дохин зөвшөөрлөө.
Цагаан хаан инээгээд,
- Битгий сандар, Рү Шөүгаас Анянь та хоёр дажгүй сайхан яваад ирсэн гэж би сонссон.
- Тэгэхэд бол Анянь таныг өөрийг нь надтай гэрлүүлэх гэж байна гэж бодоод, би түүнд надтай гэрлүүлэхгүй байх арга бодож олно гэж амласан учраас бид хоёр муудалцалгүй яваад ирсэн хэрэг.
Жуан Шюй инээд алдан,
- Тэгээд л та хоёр учир зүггүй нийлэн сэмээрхэн ярилцаад байсан юм байна шүү дээ.
Ордны дагуул орж ирэн,
- Хаантаан, хатан таныг оройн зоогт урьж байна. Гүнж тэнд очсон байгаа хэмээн айлтгалаа.
Цагаан хаан Жуан Шюй, Сяо Яо хоёрт хандан
- Явцгаая гэж хэлэв.
Сяо Яо зоог барих өргөөнд ороод ээжтэй нь маш адилхан царайтай Жин Ань хатныг харахад түүний сэтгэл рүү нь нэгэн хурц үзүүртэй зүйл хатгах шиг болж их хэцүү санагдлаа. Сяо Яо доош харан хэд сайн гүнзгий амьсгаа авы байж сэтгэлээ тайван болгов.
Жин Ань хатан, Анянь хоёр Цагаан хаанд мэхийн ёслоход Цагаан хаан Аняньд,
- Бос бос, ээжийгээ түшиж суудалд нь суулга.
Анянь хатныг түшин суулгаад өөрөө бас суудалдаа суулаа. Тэгэхдээ харц нь Сяо Яогийн биеэс ер холдсонгүй.
Цагаан хаан суугаад, Сяо Яог өөрийнхөө хажууд зассан ширээнд суу гэж дохилоо. Сяо Яо чимээгүй заасан ширээнд нь очин сууж, Жуан Шюй Сяо Яогийн хажуугийн ширээнд суулаа.
Анянь дахин тэвчиж чадалгүй,
- Хаан аав аа, энэ хэн юм бэ? Яагаад наана чинь сууж байгаа юм бэ?
Цагаан хаан түүнд хариу хэлсэнгүй харин Жин Ань хатанд гараараа дохин нэгэн зүйл хэллээ. Жин Ань хатан, Анянь хоёр нүд салгалгүй Цагаан хааныг харна. Сяо Яогийн харцанд гайхаж цочирдсон өнгө илрэн, тэр Жин Ань хатныг сонсголгүй гэж мэдээгүй билээ. Тийм учраас л түүний ярьж байхыг сонсоогүй хэрэг байх нь.
Сяо Яо Жуан Шюй рүү хараад,
- Хаан түүнтэй гэрлэх тэр үед л тэр сонсголгүй байсан уу гэж асуухад Жуан Шюй толгойгоо алгуур дохилоо.
Цагаан хаан хэлж дуусаад гараа буулгалаа.
Аняний бие нь хөшин, Сяо Яо руу яг л өөрийнхөө үүрийг хамгаалах жижигхэн араатан шиг ширтэн харлаа. Гэхдээ тэр өөрийнх нь үүрэнд гэнэт орж ирсэн урилгагүй зочныг хөөн гаргах эрх байсангүй. Тэр зүгээр л Сяо Яог ширтэн харж байлаа.
Цагаан хаан Сяо Яод,
- Хатныг хүндэтгэн ёсол гэв.
Сяо Яо босож зогсоод Жин Ань хатныг хүндэтгэн ёслолоо. Хатан яаран босоод биеэ барин болгоомжилсон өнгөөр Сяо Яог ширтэн харж түүнийг түшин босгох гэснээ бас Сяо Яог түшин босгох нь ёсонд нийцэхгүй гэж бодон, сунгасан гараа татан авлаа. Тэр үг хэлж чадахгүй, Сяо Яо түүний сайхан сэтгэл найртай хандлагыг ойлгон мэдрээсэй гэж хүсэн нүүрэндээ инээмсэглэл тодруулахаас өөр зүйл хийж чадсангүй.
Сяо Яо түүнийг ээжтэй нь огт адилгүй хүн байна гэдгийг сая л ойлголоо. Сяо Яогийн ээж бол ямар ч нөхцөл байдалд байсан, ямар ч хүний өмнө байсан хамаагүй үргэлж тайван амгалан байдаг байсан. Сяо Яо Жин Ань хатан руу харан өөрийгөө түүнд элдэв бодол агуулаагүй гэдгээ илэрхийлэн инээмсэглэлээ.
Хатан түүний нүд рүү харан аажмаар түүний сандарсан байдал алга болов. Тэнгэр бурхан түүнээс сонсох чадварыг нь булаан авсан боловч түүнийг бусдаас онцгой соргог мэдрэмжтэй болгож өгчээ. Тэр энэ охины сэтгэл рүү нь өнгийн харж чадлаа. Энэ охин бол түүний охинд яасан ч хор хүргэхгүй гэдгийг нь тэр олж харж чадлаа.
Хатан Анянь руу дохин түүнийг Сяо Яод хүндэтгэн мэхий гэлээ.
Анянь болж байгаа зүйлд үл итгэсэн хэвээр босон зогслоо. Анянь шоолон тохуурхсан өнгөөр,
- Чи нээрээ тэр хаан аавын өмнөх эмэгтэйн охин юм уу гэж тоомсоргүй асуулаа.
Сяо Яогийн сэтгэлд нэг л сонин мэдрэмж төрнө. Түүнд ээжийгээ үзэн ядах үе байсан. Тэр бүр бусдад мэдэгдэхгүйгээр Жуан Шюйд ээж авга ах хоёрыгоо муулан өгүүлж байсан удаа ч бий. Гэхдээ тэр өөр бусад хүн хэн ч бай түүний ээжийг ийм доромж өнгөөр шүүн хэлж болохгүй гэж бодно. Тэр жил Сяо Яо есөн сүүлт үнэгийг тэгж их үзэн ядаж,  түүнийг хордуулан унагасныхаа дараа сүүлийг нь нэг нэгээр нь огтчин тасалсан гол учир шалтгаан бол тэр түүнийг тамлан зовоосонд биш харин тэр түүний ээжийг хараан зүхсэнд хорссондоо юм.
Жуан Шюй Сяо Яо хоёрын бодол яг адил. Түүний дотнын хүнийг тэр өөрөө бас Сяо Яо л шүүн ярьж болно. Харин өөр хэн ч энэ тухай хэлж ярьж болохгүй. Жуан Шюй тэр даруй дууны өнгөө өөрчлөн,
- Анянь, Сяо Яогийн ээж бол миний авга эгч. Миний авга эгч бол Шюань Юаний Шар хаан болон Шилин Лэй удмын охин. Шюань Юаний хамгийн өндөр дээд гаралтай ван гүнж. Бас манай багш Гао Шиний хамгийн дээд хүндэтгэл ёслолоор буулган авсан гэргий нь.
Анянь Жуан Шюйг ойр дотнын хүнээ үхэн өмөөрөн хамгаалдаг гэдгийг нь мэднэ. Тэр санамсаргүйгээр түүний хамгийн хүрч болохгүй хоригийг давж буруу зүйл хэлснээ ухаарлаа. Гэхдээ ... түүний энэ хориг нь өмнө нь түүний өмч байсан. Анянь Жуан Шюй рүү харахад түүний бие нь чичирч байлаа. Тэр нүд дүүрэн нулимстайгаар Сяо Яо руу заан,
- Тэр чиний дотно хүн. Чи түүнийг өмөөрч хамгааллаа. Би тэгэхээр хэн юм бэ? Би юу юм бэ? гэлээ.
- Багш бол миний эцгээс өөрцгүй хүн. Би чамайг бараг төрөхөөс чинь эхлэн мэднэ. Чи ч гэсэн миний дотнын хүн гэж Жуан Шюй тодхон дуугаар хэллээ.
Аняний сэтгэл нь арай гайгүй болсон боловч тэсэлгүй үргэлжлүүлэн түүнээс асууж,
- Бид хоёрын дундаас та хэнийг нь илүү өмөөрөх юм бэ?
Жуан Шюй хариу хэлсэнгүй.
Аняний дуу дахин өөрчлөгдөж, бараг л хилэгнэн хашхирч,
- Та надад хариул л даа!
Сяо Яо сандран Жуан Шюйг хурдхан Анянд хариул гэж Жуан Шюй рүү харцаараа дохилоо. Ганц үгээр л маргаан мэтгэлцээнийг зогсоож чадах байтал хүн аргадаж, хэл үгээрээ аргалахдаа сайн Жуан Шюй харин тэгэхээс тэгэх гэсэн мэт чимээгүй суусаар байлаа.
Анянь уйлан мэгшиж,
- Та надад хариул л даа, бид хоёрын хэнийг нь та өмөөрөх юм бэ, надад хэл л дээ.
Цагаан хаан санаа алдаад,
- Тэнэгхэн охин минь дээ, хэрэв би чамаас хаан аавдаа хайртай юу, хатан ээждээ хайртай юу гэж асуувал чи юу гэж хариулах юм бэ.
Анянь доош тонгойн нулимсаа арчин чимээгүй зогсоно.
Жуан Шюй түүнийг аргадан,
- Сяо Яо бол Сяолю. Гао Шин рүү буцан ирж байхад чи надад нууцаар Сяолюг дажгүй хүн байна гэж хэлсэн биз дээ. Чи түүнийг дажгүй хүн гэж хэлнэ гэдэг чинь сэтгэлдээ бол түүнийг тун сайн хүн гэж үнэлсэн хэрэг мөн биз дээ. Ийм сайн, чадвартай эгч бидэнтэй хамт чамайг хайрлах муу хэрэг гэж үү?
Анянь огцом толгой өргөлөө. Сая хаан аав нь алдсан охиноо эргүүлэн оллоо л гэж хэлсэн. Харин Сяо Яо бол Сяолю гэж хэлээгүй билээ.
Сяо Яо Анянь руу харан инээмсэглэлээ. Анянь Сяо Яог ширтэн хараад түүнийг яагаад ч Сяолютэй адилтган бодож чадахгүй байлаа. Сяо Яо шиг ийм үзэсгэлэн гоо бүсгүй яаж тэр ичгүүргүй Сяолю байж болох юм бэ? Аняний сэтгэлд ёстой хэцүү санагдаж,  тэсэлгүй хашхиран эсэргүүцэж,
- Надад ямар ч эгч хэрэггүй! гээд тэр ширээгээ өшиглөн эргүүлж орхиод өрөөнөөс ухасхийн гаран явлаа. Жин Ань хатан яаран түүнийг даган босож Цагаан хаан руу асуусан өнгөөр харахад Цагаан хаан толгойгоо дохиход хатан охиныхоо араас даган гарлаа.
Сяо Яо чимээгүй доош сууж, газраар нэг харагдах замбараагүй байдлыг ширтэн алмайрлаа.
Жуан Шюй түүнийг тайвшруулан,
- Гэнэтийн зүйл болоод жоохон тайвшрах хэрэгтэй байх гэлээ.
Цагаан хаан шивэгчин рүү дохиход шивэгчид хурдхан өргөөнд орж ирэн чимээгүй хурдан хөдөлгөөнөөр өрөөг цэвэрлэн янзаллаа. Цагаан хаан шивэгчинд заавар өгөн,
- Гүнжийн идэх дуртай амттан бэлдэн түүний өрөөнд оруулж өг гэлээ.
Цагаан хаан хоолоо чимээгүй идэж эхэллээ. Тэр ердийн үе шиг, юу ч болоогүй мэт байлаа. Сяо Яо хаан ааваа харан,
- Ааваа, та үнэхээр хоол идэж чадаж байна гэж үү?
Цагаан хаан түүн рүү нэг хараад,
- Чи улс оронд өдөр бүр ямар олон хэрэг гарч байдаг гэж бодож байна? Хэрвээ иймхэн хэргээс болоод хоол хоолойгоор давахгүй бол аав чинь аль эрт өлсөөд үхчих байсан.
Жуан Шюй бас хоолоо идэж эхэллээ.
Сяо Яо баруун тал руугаа нэг харж, зүүн тал руугаа бас нэг хараад хоолоо идэж эхэллээ. Гэхдээ жоохон идээд л ходоод нь цанхайн дүүрчих шиг санагдаж дахин идэж чадсангүй. Цагаан хаан Жуан Шюй хоёр хэвийн үед иддэг шигээ хэмжээтэй хоол идлээ.
Зоог барьж дуусаад Цагаан хаан Сяо Яод,
- Хамт жоохон алхъя гэв.
Сяо Яо Жуан Шюй хоёр Цагаан хааны баруун зүүн талд гаран явцгаана. Сяо Яо Цагаан хаан түүнийг И Чин хүрээлэнд дагуулан очих болов уу гэж бодтол, Цагаан хаан харин түүнийг дагуулан Ачлалт ордноор бүхэлд нь зугаалан алхлаа. Ордон өргөө бүрийн хажуугаар өнгөрөхдөө Цагаан хаан түүнээс, Энэ ордон ямар санагдаж байна гэж асуун явлаа.
Сяо Яо Цагаан хаан яагаад түүнийг дагуулан яваа учрыг ойлголоо. Цагаан хаан түүнд цаашид амьдрах ордон өргөөг нь сонгон өгөх гэж дагуулан яваа юм байна. Сяо Яо,
- Яруу дуут ордонтой ойрхон өргөө л сонговол яасан юм бэ?
- Гэрэлт тунгалаг өргөө Яруу дуут ордноос холгүй. Гэхдээ зохимжгүй санагдана. Чи өөр өргөө сонго.
Сяо Яо Цагаан хааны тохойноос барин түүнийг зогсоогоод,
- Хаан ааваа, та Хаш ууланд очиж үзсэн биз дэ? Би тэнд 70 жил болсон. Дараа нь цор ганцаараа аглаг ууланд 20 гаруй жил амьдарсан. Түүний дараа тэр үхэж байсан есөн сүүлт үнэгт хоригдон 30 жил болсон. Би юунаас ч айдаггүй. Зөвхөн ганцаардахаас л үнэхээр их айдаг. Би ахтайгаа ойрхон баймаар байна.
Цагаан хааны сэтгэл шимшрэн,
- Сяо Яогийн гуйлтыг хурдхан зөвшөөрч,
- За хэмээлээ.
Цагаан хаан Сяо Яог дагуулан удаан алхан явна. Тэд явсаар Гэрэлт тунгалаг ордон өргөөнд ирэхэд тэнд хэдийн дэнлүү асаан гэрэлтүүлж дотно гаднагүй засан шинэчилсэн байв. Сяо Яогийн дуртай амттаныг хүртэл бэлдэн тавьсан байлаа. Урьд нь Яруу дуут өргөөнд байхад Сяо Яод үйлчилж байсан зарц нар гарч ирэн Сяо Яод бөхийн ёслолоо. Цагаан хаан Сяо Яод,
- Гао Шинд цагаан хувцас өмсөхийг эрхэмлэдэг. Язгууртнууд голдуу цагаан өнгийн хувцас өмсдөг. Гэхдээ чи жирийн үед юу дуртайгаа өмсөж бай. Чи бага байхдаа цагаан өнгө, ногоон өнгөнд дуртай байсныг чинь би санаж байна. Би чамд ногоон өнгийн хувцас ахиу бэлдүүлсэн.
- Би одоо ч гэсэн ногоон өнгийг илүү таашаадаг гэж Сяо Яо инээн хэллээ.
Цагаан хаан Жуан Шюйд,
- Чи Сяо Яод жоохон хань бол, би Анянийг харахаар явъя.
Жуан Шюй Сяо Яотай хамт Гэрэлт тунгалаг ордныг сайтар шинжин явлаа. Жижигхэн хэдий ч Сяо Яо-ийн хүссэн ордон.
Жуан Шюй Сяо Яогоос,
- Дутуу зүйл байна уу гэж асуухад, Сяо Яо толгой сэгсрээд,
- Олон жил хэрэн хэсүүчилж явахдаа би хэдэн зүйл л сурсан. Би идэх дуртай. Амттай идэх юм бол хамгийн бодитой зүйл. Би ямар ч хамаагүй орон дээр унтаж амарч чаддаг. Элдэв зүйл биедээ авч явах төвөгтэй байдаг болохоор, би элдэв жорын эд зүйлд шунан дурладаггүй гээд Сяо Яо зөөлөн орон дээр таатай хэвтээд,
- Иймэрхүү зүйлийг бол байхад нь таашаан хэрэглээд байхгүй бол санан хоргоддоггүй.
- Чи одоо хэрэн тэнүүчлэхээ больсон.
- Бага балчир байхад суусан занг өөрчлөхөд хэцүү байдаг юм.
Дэнлүүний гэрэлд Сяо Яогийн нүүр цас шиг цагаан өнгөөр туяаран түүний духан дээрх улбар улаан тоорын цэцэг яг л амьд юм шиг харагдаж, Жуан Шюй тэсэлгүй түүний духанд хуруугаа хүргэн тоор цэцгийг илбэн,
- Энэ цэцэг яг л дөнгөж сая тастан авсан жинхэнэ амьд цэцэг духанд чинь шингэн орсон юм шиг харагдах юм.
Сяо Яо инээгээд,
-Энэ үгийг бага байхын л та хэлж байсан. Нэг удаа намайг битгий хөдөл гэж аргадаж байгаад, хуруугаараа цэцгэн толбыг минь хүчтэй арчин миний духыг бүр улайтал нь үрж байж билээ.
- Би саналаа, чи тэгээд миний уруулыг хавдтал хоёр сайн цохисон. Тэгээд бас манай ээж дээр гүйн очиж намайг ховлосон гэж Жуан Шюй инээн өгүүлээ.
Сяо Яо бага зэрэг ядран нойр нь хүрч, нүдээ алгуур аниад,
- Танай ээж уйлж ч инээж ч чадахгүй болж таныг загнан цохисон. Таныг эмэгтэй хүүхэд ч дийлэхгүй,  надад зодуулаад байх даа яах вэ дээ гэж уурлаж байхыг нь би нууцаар сонсож ...
Жуан Шюй хоргодон хоргодон босоод,
- Гүнжид угаал үйлдэн амрахад нь тусал гэж шивэгчин бүсгүйд үүрэг өглөө.

Хятад кино ярилцъя бүлгээс дараагийн хэсгүүдийг уншаарай.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Nov 06, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Үүрд Чамайгаа Үгүйлэн СананаWhere stories live. Discover now