Хүн өөрчлөгдөн холдож зам алсран уртасна хэмээх долоодугаар бүлэг -2/3

16 3 0
                                    

       Гэнэт, цагаан бүргэд дүүлэн буун ирж, Сяолюгийн хоолойноос мэгдэн хашхирах дуу гарах ч завдал үгүй Шянлюд баригдан бүргэдийн нуруун дээр гарсан байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

       Гэнэт, цагаан бүргэд дүүлэн буун ирж, Сяолюгийн хоолойноос мэгдэн хашхирах дуу гарах ч завдал үгүй Шянлюд баригдан бүргэдийн нуруун дээр гарсан байлаа.
Сяолю гараа даллан, баярлан хөөрсөн царай гарган,
- Удаан уулзсангүй шүү, ойрд сайн байна уу?
- Шюань үхчихвэл би бүр сайн болох гээд байна.
Сяолю юм хэлэхээс айн, түүнийг гэнэт ааш нь хөдлөн түүнийг доош нь шидэхээс сэргийлэн Шянлюгийн гараас зуурлаа.
Цагаан бүргэд ниссээр тэдний өмнө нь ирж байсан бумбан хэлбэртэй нуурын дээр ирлээ. Цагаан бүргэдийг доошлохоос өмнө, үүлэн дунд нисэж явахад нь Шянлю гэнэт Сяолюг татан доош үсэрлээ.
Сяолю сандран яг л наймаалж мэт бүх биеэрээ Шянлюгийн биеэс зууран зүүгдлээ.
Чихэнд нь салхины исгэрээ сонсогдож, Шянлю түүнийг харан хүйтэн хөндий хоолойгоор, -Унахдаа чамайг зөөлөвч болговол ямар вэ? хэмээн асуулаа.
Сяолю хамаг хүчээрээ толгой сэгсэрч, нүдээрээ өршөөл эрэн Шянлюг харлаа. Шянлю огтхон ч тоосонгүй.
Тэр хоёр хар эрчээрээ доош унан, Сяолюд дараагийн мөчид л хамаг бие нь бутран сарниж дахин хэзээ ч эргэн сэргэж чадахгүй мэт аймшигтай санагдана.
Усны мандлыг хүчтэй мөргөх гэсэн тэр агшинд, Шянлю биеэ эргүүлэн Сялюг дээрээ гаргалаа.
Аймшигт чанга чимээ гарч хоёул ус руу цүлхийн орж, томоос том давалгаа үүсгэлээ.
Өндрөөс ус руу эрчлэн унах цохилтын ихэнхийг Шянлю өөрийн бие дээр авсан боловч, Сяолю усны хүчтэй давалгаанд нидрүүлэн толгой нь эргэж нүд нь харанхуйлан хамаг бие нь шархиран өвдлөө.
Гар хөл нь хэтэрхий их өвдсөндөө ямар ч хүч гаргах чадалгүй болжээ. Тэр дахин Шянлюгаас зуурч чадахгүй болж бие нь нуурын гүн рүү живэн одлоо.
Шянлю усан дотор хөвөн, түүнийг нуурын ёроол руу живэн уруудахыг хүйтэн нүдээр харна.
Сяолю гараа өргөхийг хичээсэн боловч гарт нь юу ч баригдсангүй. Нүднийх нь өмнөх орчин аажмаар харанхуйлан тэр сүүлийн амьсгалаа амаараа гаргахад, хамар ам руу нь ус цутган орж яг тэр мөчид Шянлю түүнийг тэврэн авахыг тэр мэдэрлээ. Түүний хүйтэн уруул уруулд нь хүрч түүнд амьсгал өглөө.
Шянлю түүнийг аван сум шиг хурдан дээшлэн усны мандал дээр цойлон гарлаа.
Сяолю Шянлюгийн нуруун дээр тэгнэн хэвтэж хүчтэй ханиалган, том томоор амьсгаа авна. Хамарт нь, нүдэнд нь битүү ус оржээ.
Хэсэг зуурын дараа Сяолю сөөсөн хоолойноосоо үгээ хүчлэн гаргаж,
- Чи намайг алах гэсэн юм бол, алгуурлалгүй шууд ал гэж амьсгаадан хэллээ.
- Чи нэг л толгойтой, нэг л удаа үхэж чадна. Нэг л удаа үхэх нь чамд дэндүү хөнгөднө.
Усны мандал дээр Шянлю арагш нуруугаараа хэвтэхэд, Сяолю хамаг бие нь хөндүүрлэн өвдсөн хэвээр хөдөлж чадахгүй байх тул аргагүйн эрхэнд түүний биен дээр хагас хэвтэн амарлаа.
Шянлю түүний гарт хүрэн,
- Өвдөж байна уу.
- Тэр их өвдөнө.
- Энэ цох их аятайхан юм. Гэхдээ бас тийм ч сайн эд биш юм гэж Шянлю инээн хэллээ.
- Энэ цох хэрвээ амийг амьтай холбосон цох байсан бол чи огтхон ч эргэлзэлгүйгээр намайг алах байсан тийм биз?
- Тийм ээ, харамсалтай нь зөвхөн өвдөх мэдрэмжээр л холбогддог цох юм. Тийн хэлэх Шянлюгийн хоолойнд харамссан өнгө дүүрэн байлаа.
Сяолю нүдээ аниад тэр хоёр нуурын усанд дураар хөвөн яваагаа мэдрэн хэвтлээ. Ус бүхнийг түшин тулна. Түүнд биеэ хүчлэх ямар ч хэрэгцээ шаардлага байсангүй, маш амар хөнгөн хөвөн байлаа.
- Түүнд тэгж их санаа тавьдаг юм бол яагаад шидийн цохоо түүнээс буцаахгүй байгаа юм бэ? гэж Шянлю асуулаа.
Сяолю түүнд хариу хэлсэнгүй. Нэлээд бодож байгаад, түүнийг чөтгөр шулам гэдгийг нь санан, хорхой ч гэсэн амьтан, тэд нэг л гэр бүлийнх гэж бодон, магадгүй тэр ямар нэгэн зүйл мэдэж байж болох юм гэж сэтгэн,
- Буцаамааргүй байгаа юм бишээ, буцааж чадахгүй байгаа юм. Түрүүний удаад шархдахад чи надад замбараагүй баахан эм тан өгсөн. Тэгэхэд л цохонд өөрчлөлт орчихсон бололтой. Тэр надаас цохыг нь биеэс нь тайлж өгөхийг хүссэн. Би харин түүнийг аргадан тайвшруулж түүнийг эндээс явах үед тайлж өгье гээд хэлчихсэн байгаа. Сүүлийн үед би байнга түүний биеэс цохоо буцааж авахаар оролдож байгаа. Гэхдээ ердөө болохгүй байна.
Шянлю нэлээд удаан бодоод, эцэст нь,
- Өөрөө үхмээргүй байвал, хүчээр цохыг буцаах оролдлого хийхээ боль. Туршиж болох цорын ганц арга бол цохыг өөр хүний биед шилжүүлж өөр хүнийг хорлон зовоох арга л байгаа.
- Миний цорын ганц хорлон зовоохыг хүсдэг хүн бол чи гэж Сяолю нухацтай өгүүллээ.
Шянлю аяархан инээгээд,
- Тэгвэл миний биед цохоо оруулчих.
- Чи тийм сайхан сэтгэл гаргах юм уу? гэж Сяолю түүнийг шоолон хэллээ.
- Би түүнийг Чиншүй тосгоноос явахаас нь өмнө ална. Тэгвэл чи шидийн цохоо яаж түүний биеэс салган авах вэ гэж тархиа гашилгах хэрэггүй болно.
Сяолюгийн хөл нь чичрэхээ болих мэт санагдан тэр түүний биен дээрээс гулсан буугаад, усан дотор удаанаар сэлэн,
- Түүнийг аллаа гээд Шэнь Нун улс дахин сэргэх үү?
- Үгүй.
- Тэр дайнд оролцож, Шэнь Нуны цэргүүдийг алж байсан уу?
- Үгүй.
- Тэр чамтай хувийн өшөө хонзонтой юу?
- Үгүй.
- Тэгвэл чи яагаад заавал түүнийг алах гээд байгаа юм бэ?
- Байр суурь. Нэгэнт түүнийг миний хамар дор байгааг мэдсэн болохоор түүнийг алахгүй амьд үлдээх нь сайхан сэтгэлд минь гэмшил төрүүлээд байна.
- Чамд сайхан сэтгэл гэдэг юм байдаг юм уу?
- Шэнь Нуны хувьд бол тийм юм бага зэрэг байгаа.
- Инээдтэй юм!
- Тийм ээ, инээдтэй. Өөрийгөө гунигтай юм гэж бодтол инээдтэй зүйл. Хэрвээ надад энэ зэргийн сайхан сэтгэл ч үгүйсэн бол би магад үнэхээр Шар хаан дээр очин түүнтэй хэлэлцэж, түүнд туслан Гао Шинь улсыг устгаж өгөх байлаа.
Сяолю чимээгүй болон тэргүүн дээр мандах сар луу харахад тэр сар хажуугаасаа нэг хазуулсан еэвэн шиг байлаа. Удаан чимээгүй байсны эцэст, Сяолю
- Гүнгүн жанжин яг ямархуу хүн юм бэ? Чам шиг ийм чөтгөрийг сайхан сэтгэлтэй болгож чаддаг?
- Тэр бол тэнэг хүн! гээд Шянлю хэсэг чимээгүй болоод, үргэлжлүүлэн
- Гуниг төрөм тэнэг хүн. Тэнэг хүмүүсийг дагуулаад, гунигтай үйлийн төлөө зүтгэж байгаа хүн.
- Үнэндээ хамгийн тэнэг хүн нь чи л байна! Тэд нар бол өөрийн сайн дураар чин хүслээрээ үүнийгээ хийж байгаа. Тэд өөрсдийгөө тэнэг гэж боддоггүй. Өөрсдийнх нь хийхийг зорьж байгаа үйл хэрэг бол дээш өвөг дээдэстээ хэлэх үгтэй, доош үр ачдаа бардам дурсагдах үйл хэрэг. Тэд эцсийн мөч нь ирэхэд сэтгэл тэнэгэр, санаа додигор галтай дөлтэй дүрэлзсэн үхлээр үхэж чадна гэж бодоцгоож байгаа! Гэтэл чи сэтгэлдээ тэдний үйл хэргийг үл тоомсорлох хэрнээ энэ хэрэгт хамаг сэтгэлээ зориулж байдаг.
- Есөн толгойтойн хэрэг юу билээ? Асуудалд арай илүү адармаатай хандах нь аргагүй.
Сяолю тэсэлгүй чангаар инээхэд амаар нь ус орж хахаж цацан сандарлаа. Тэр сандарч мэгдэн Шянлюгийн гараас зууран,
- Чи ... чи ... чамайг есөн толгойтой мангас гэхийг чи хамгийн ихээр тэвчдэггүй гэсэн яасан? Есөн толгой бол чиний хөндөж болохгүй сэдэв. Хэнбугай ч бай энэ тухай чинь зүрхлэн хөндөж яривал чи өчиггүй алдаг гэсэн биз дээ.
- Чи амьд л байна.
- Одоохондоо л амьд байна гэж Сяолю бувтналаа.
- Тэдний намайг есөн толгойтой чөтгөр гэж ярилцдаг нь үзэн ядам биш харин тэд сэтгэлийн гүндээ намайг дорд үзэж басамжлан жигшдэг нь хорсолтой. Би чамайг тэр тухай дурсахыг зөвшөөрдөг учир нь, ... Шянлю эргэн усны мандал дээр хажуулдан хэвтээд, нэг гараараа тэргүүнээ тулан Сяолюг харж, - Чи аман дээрээ тохуурхан шоолдог хэдий ч сэтгэлдээ бол есөн толгойтой чөтгөр бол гаж сонин зүйл биш гэж боддог.
- Яагаад гэвэл би урьд нь чамаас ч илүү гаж сонин байсан гэж Сяолю инээмсэглэн хэллээ.
- Тэгээд л чи аглаг ууланд нуугдан хүнтэй таарахаас зугтан амьдардаг байсан юм уу?
- Аанха.
Шянлю гараа өргөөд Сяолюгийн толгойг зөөлөн илбэлээ. Сяолю цочиж алмайран Шянлюг харан,
- Бид одоо сарны дор сэтгэлээ ярилцан, найртай сайхан хүүрнэн саатаж байна гэж үзэж болох уу?
- Дараагийн удаад чи миний уурыг хүргэхээс өмнө бол, тэгж хэлж болох юм.
- Эвтэй найртай мөч хэзээд богино байдаг. Яг л хүний хорвоогийн аз жаргалтай мөч хэзээд хоромхон зуурт цахилан өнгөрдөг шиг. Цэцэг дэлгэрээд хагдардаг, сар битүүрээд хиртдэг. Орчлонгийн хамгийн сайхан зүйлс ч энэ жамаас гажих биш дээ хэмээн Сяолю санаашран хэллээ.
- Хэн хамгийн сайхан үзэмж ч удаан харахаар уйтай гэж хэллээ хэмээн Шянлю түүнийг тохуурхан хэллээ.
Сяолю юу ч хэлсэнгүй инээмсэглэлээ.
Тэнгэр хаяарахаас өмнө, Сяолю ус дуслуулан гэртээ харьж ирлээ.
Тэр үсээ хатаан арчингаа өнөөдөр домчид үзүүлнэ гэсэн хүн байгаа бил үү, ажилдаа гарах хэрэг байгаа бил үү, домчийн газарт Сан Тянэр байгаа болохоор тэр зохицуулж дийлнэ байх тэгэхээр тэр жоохон унтаж болно гэж бодон хаалгаа түгжээд үд болтол унтахаар шийдэн хэвтлээ.
Ид унтаж эхэлтэл, Шорлог хаалга тогших шиг болохыг сонсоод уур нь хүрэн түүнийг,
- Зайл гэж зандран хэлтэл Шорлогийн хаалга тогших дуу алга боллоо.
Удалгүй бас нэгэн хүн түүнийг дуудах шиг болоход Сяолю дахин, - Зайл гэж загнан хараагаад хөнжлөөрөө толгойгоо бүтээгээд үргэлжлүүлэн унтлаа.
Хэн нэгэн хүн хаалга өшиглөн орж ирлээ. Сяолю уурлаж цухалдан хөнжлөөсөө толгойгоо цухуйлган, орны толгой дээрээс юу ч юм барьж аван орж ирсэн хүн рүү шидэх гэж гараа далайтал Анянь зогсож байхыг олж харлаа. Тэр уйлж унжсан царайтай, түүн рүү ууртай нь аргагүй царайгаар харна.
Сяолю шууд л нойрноос бүрэн сэргэн босож суугаад,
- Чи ирж яах гэсэн юм бэ?
Анянь үг хэлэхээсээ урьтан нулимс нь цувж,
- Чи намайг энд ирэхийг хүссэн гэж бодоо юу? Би чам шиг хүнийг насан туршдаа дахиж харахыг хүсэхгүй! гэж хашхиран хэллээ.
Сяолюгийн тархинд нэгэн бодол харван орж, орон дээрээсээ үсрэн газар бууж,
- Шюань яасан юм бэ? гэлээ.
Анянь сандран эргэн харж зогсоод,
- Ах шархадчихлаа. Домч түүний шархыг тогтоож чадахгүй байна. Ах намайг чам дээр ирүүллээ.
Сяолю хувцсаа шүүрч аван углаж өмсөнгөө гаран гүйлээ. Тэр Шянлю яагаад урд орой түүн дээр ирснийг ухаарлаа. Саран дор сэтгэлээ ярилцах гэж ирээгүй юм байна. Түүнийг хамаг бие нь өвдөн хөндүүрлэж хамаг хүчээ баран хөдөлж ч чадахгүй байх тэр үед Шюань ч гэсэн өвдсөндөө хөдлөх тэнхээгүй болон байжээ. Гэхдээ Шюань сэрэмжлэх арга хэмжээ бэлдсэн байх учиртай. Шянлю өөртэй нь хамт байсан. Ямар хүн Шюаний дагуул дайчдын хоригийг сэтлэн Шюаньд халдаж чадсан байх вэ?
Архины мухлагт гүйн хүрээд Сяолю гол хаалгаар орохоос төвөгшөөн шууд л хашааг нь даван хойд цэцэрлэгт нь орлоо.
Хэдэн дагуул зарц нар түүнийг бүчин авлаа. Хайтан тэднийг зогсоон,
- Больцгоо хэмээн хашхирлаа.
- Шюань хаана байна гэж Сяолю түүнээс асуухад Хайтан гараа дэлгэн түүнийг урин хөтөлж,
- Намайг дагаад яв гэлээ.
Байрны гадна, хамгаалалтын жижиг тойрог үүсгэжээ. Сяолю Хайтангийн араас даган явсаар дотор өрөөнд орлоо. Шюань орон дээр хэвтэж байна. Тэр ухаангүй унтан хэвтэж, нүүр нь цэлдий хөх туяа татуулан цонхийн цайсан харагдана.
Хайтан Шюанийг аяархан татан сэрээж,
- Хуйчүнь домчийн газрын Вэн Сяолю ирлээ гэлээ.
Шюань нүдээ нээхэд, Анянь нулимс дуслуулан,
- Ах аа та, арай гайгүй болов уу? хэмээн асуулаа.
Шюань түүн рүү харан инээмсэглэж, аядуу зөөлөн дуугаар,
- Би зүгээр ээ, чи өчигдрөөс хойш бүтэн шөнө унтсангүй. Одоо явж сайхан унтаж амар. Гэж хэлээд тэр Хайтан руу харахад Хайтан хурдхан Анянь дээр очин түүнийг аргадаж ятгасаар өрөөнөөс дагуулан гарлаа.
Орны хажууд нэгэн настай хүн зогсож байна. Шюань Сяолюд түүнийг танилцуулан,
- Энэ хүн бол домч Ү Чөн.
Сяолю сэтгэл зовнилоо даран, түүнд хурдхан мэхийн ёслоод,
- Таны алдрыг олонтоо сонссон билээ хэмээлээ.
Ү Чөн домч бас Чиншүй тосгоны домч. Гэхдээ тэр бол маш алдартай домч. Тэрээр гадна шарх эмчлэхдээ онцгой сайн домч билээ. Энэ хүн Шюаний хүн бололтой.
Ү Чөн хариу ёсолсонгүй, харин түүнд дээрээс заавар буулган,
- Чи түүний шархыг үз дээ гэлээ.
Сяолю орны ирмэгт суугаад хөнжлийг нь сөхөн харлаа. Шюаний баруун цээжинд цустай шарх байна. Шарх нь их гүнзгий биш хэдий ч шархнаас нь цус гадагш урсан байна.
- Өчигдөр шөнө дунд, хүмүүс дайран ирсэн. Зарц дагуул нар эзнээ хамгаалсан боловч, гэнэт тэнгэрээс нэгэн сум харван ирсэн. Эзний минь бие тэр үед гэнэт бүхий л бие нь өвдөж, сумнаас зайлж чадаагүй. Азаар нэгэн зарц нь эзнийг амь хайрлалгүй түлхэн холдуулснаар сум түүний амин газар зүүн цээжийг нь нэвтлэн оролгүй, баруун цээжинд нь туссан. Суманд оногдсоны дараа зарц нар над дээр ирж би тэр дор нь яаран ирээд түүний шархыг үзсэн. Би шархыг үзэхэд амин газраа шархдаагүй тул аюул бага гэж үзсэн. Гэтэл өчигдрөөс хойш одоог хүртэл түүний шархны цус тогтохгүй урсан гарсаар байна. Хэрэв түүний цусыг тогтоож дийлэхгүй бол эзэнтний амь насанд аюултай зүйл болох нь гэж Ү Чөн юу болсныг тайлбарлан өгүүллээ.
Сяолю тонгойн түүний шархыг шалган үзэхэд,
- Би зуун арга хэрэглэн, эзнийг хордуулсан эсэхийг шалгаж үзсэн. Хордуулсан ул мөр алга гэж Ү Чөн домч хэллээ.
- Сум нь хаана байна. Би шархдуулсан сумыг нь үзмээр байна гэж Сяолю хэллээ.
Ү Чөн нэгэн тавиур дээр тавьсан 2 хэсэг сумны хугархайг түүнд өгөөд,
- Энд байна хэмээгээд, залгуулан,
- Сум бол их л энгийн нэгэн модон сум байна. Дахуанаас ийм энгийн сумыг ямар ч зэвсгийн дэлгүүрээс худалдан авах боломжтой хэмээлээ.
- Энгийн байх боломжгүй. Тийм холоос харвасан сумны хүч айхтар их байх ёстой. Энгийн нэгэн модон сум бол ийм их хүчийг дийлэлгүй харвах явцад нунтаг болтлоо бутран үйрч Шюанийг яагаад ч онон шархдуулж чадахгүй байх байсан.
- Эзэнтэн ч гэсэн тэгж хэлсэн. Гэхдээ бид хамгийн сайн дарханд үзүүлэн шалгуулсан. Үнэхээр л хамгийн энгийн сум байна гэж Ү Чөн өчлөө.
Сяолю сумны ирийг тэмтрэн, Шюаньд хандан,
- Та эргээд сайн сана даа. Сум таны биеийг нэвтлэн орох тэр үед чамд ямар мэдрэмж төрсөн бэ?
Шюань нүдээ аниад хүчлэн бодож,
- Тэр үед бие минь шархиран өвдөж цээжинд минь амьсгал авах аргагүй өвдөлт мэдрэгдэн, хөдлөх аргагүй болсон ... Хүйтэн! Маш хүйтэн илч биеэр минь тархахыг би мэдэрсэн.
Сяолю хэсэг зуур бодоод, Шюанээс,
- Та хязгаар хойтод очиж байсан уу гэж асуулаа.
Шюань инээмсэглэн,
- Үгүй, Чи очиж байсан уу?
- Би очиж байсан. Тэнд бүтэн жилийн турш цас хунгарлан тогтож, хэзээ ч хайлдаггүй. Цас дээр дээрээсээ давхарлан дарагдсаар мөс болон хувирсан байдаг. Мөс нь давхар давхраараа дарагдсаар мөсөн уул болно. Тэндхийн мөсөн уул нь Дахуаны хад чулуунаас ч хатуу бөх байдаг. Хурц хутга, ирт илдээр цавчихад ч өчүүхэн төдий нунтаг цацраад цавчигдаж дийлддэггүй. Хэдэн түмэн жил өнгөрөхөд асар том мөсөн уулын гол цөмд мөсөн болор үүсэн бий болдог. Мөсөн болор бол яг л үнэт эрдэнийн чулуу шиг туяаран нэвт гэрэлтдэг хэр нь төмөр чулуунаас ч хатуу нягт, өөрөөсөө туйлын хүйтэн илчийг ялгаруулан байдаг юм.
Ү Чөн Шюаний шарханд маш их сэтгэл зовнин байна. Гэтэл Сяолю харин Шюаньд Дахуаны хачин сониныг хүүрнэн ярьж байдаг. Ү Чөн сонсож тэсэлгүй,
- Эзэнтэн чамайг эмнэхүйн ухаан мэднэ хэмээн ...
Шюань түүн рүү нэг харахад Ү Чөн дахин үг хэлэх зүрхгүй боллоо. Гэвч сэтгэлдээ зөвшөөрч дийлэлгүй, толгой гудайн, - Эзэнтэн минь шарх чинь чухал шүү дээ хэмээлээ.
Шюань Сяолюд хандан,
- Тэр мөсөн болор хайлдаг уу гэж асуулаа.
- Жирийн нөхцөлд бол үгүй. Гэхдээ мөсөн дотор нягтран бий болдог болохоор хайлдаг л байх учиртай.
- Чиний санаагаар бол хэн нэгэн хүн онцгой арга хэрэглэн энгийн модон суманд мөсөн болор түрхээд, түүний харвасан сум нь миний биед нэвтрэн орохдоо тэр даруйдаа сумыг бүрхсэн мөс нь хайлсан тул тэр сумыг харахад энгийн нэгэн сум шиг харагдаж байгаа гэсэн үг үү? хэмээн Шюань алгуур хэллээ.
- Хэдийгээр би мөсөн болорыг яаж хайлуулж, цусанд хүрмэгц хайлан үгүй болгодог аргийг мэдэхгүй ч ямар ч гэсэн чамд хэрэглэсэн арга бол бараг л энэ хэмээн таамаглаж байна.
Хязгаар хойд газрын мөсөн болор, дээр нь нэмээд гоц гойд харвах чадвар. Фанфөн овог. Фанфөн овгийнхноос зайлахгүй! гэж Ү Чөн догдлон үглэнэ.
- Хөгшин боол би яг одоо тэдэн дээр очъё! Тэдний хийсэн сум. Тэдэнд цус тогтоох арга байж л таарна.
- Зогс.
Шюань уруулдаа тохуурхал тодруулан,
- Та Фанфөн овгийнхон дайрсан гэж яаж батлах юм бэ? Дахуан даяар нум сум харваж чаддаг хүн цөөн биш. Та арай дурын зэвсгийн дэлгүүрээс худалдан авч болох энэ сумыг бариад тэдэнд ял тулгахаар явна гэж бодоогүй биз дээ?
Ү Чөн арга барагдан хэсэг бодолхийлээд, бухимдаж гутран толгой гудайлаа. Хэрвээ үнэхээр Фанфөн овгийн хүн энэхүү сумыг тавьсан бол сум харвасан байх хамгийн магадлалтай хүн бол нум сум харвахдаа гоц гойд Фанфөн авхай байлаа. Ганц Фанфөн овог бол харьцахад арай хялбар байх сан. Гэтэл түүний ард Түшан овог бас байгаа. Түшан овог бол Дахуан дахь их дөрвөн овгийн нэг. Эзэн хаан байгаад ч тэдэнтэй харьцахдаа эргэцүүлэн бодож байж харьцдаг.
Шюань Сяолюгээс,
- Цус яагаад тогтохгүй байгааг чи юу гэж бодож байна гэж асуулаа.
Сяолю хуруугаа түүний шархнаас урсах цусанд дүрэн амандаа хийн амталж үзлээ. Шюань түүний энэ хөдөлгөөнийг хараад зүрх нь гэнэт хурдан цохилон, тэр хүчээр сэтгэл хөдлөлөө төвшитгөн намжаалаа.
- Мөсөн болор дотор ямар нэгэн зүйл нэмж хийсэн байх. Мөсөн болор хайлсны дараа тэр нэмсэн зүйл нь шархны эргэн тойронд тархан, цус бүлэгнэхэд саад болж байгаа байх гэж Сяолю хэллээ.
Ү Чөн Сяолюг гөлрөн харж,
- Юу нэмсэн байж болох вэ? Би төрөл бүрийн увдист эм хэрэглээд ч цусыг тогтоож дийлсэнгүй.
- Би ч мэдэхгүй байна гэж Сяолю хэллээ.
Ү Чөн сэтгэлээр унан мэлэрч, Сяолюг хараан зандрах гэтэл,
- Гэхдээ би тэр зүйлийг хэрхэн тунгаах аргийг мэдэж байна гэж Сялюгийн өгүүлэхийг сонслоо.
- Ямар арга гэж Ү Чөн яаран мэгдэж асуулаа.
- Бүхий л хүйт нарны илчинд хайлан үгүй болдог. Нарны хүчит увдисыг өөртөө шингээсэн Тангү рашаан ус бол хамгийн тунгалаг хамгийн ариун ус. Ямар ч бодис Тангү усанд амьд орших боломжгүй. Мөсөн болорт ямар ч зүйл хольсон бай Тангү рашаанаар шархаа угаахад тэр зүйл хамт угаагдан арилах ёстой.
- Тангү рашааныг хадгалан байлгахад маш хэцүү. Энд авч ирсэн рашаанаа бид хэдий нь хэрэглээд дуусгасан. Тангү рашаан мянган бээрийн холд бий. Замд гарч Тангү рашааныг зорилоо ч гэсэн цус улам хурдан урсан гарах болно. Цус гарах одооны хурдыг хадгалан байлаа ч гэсэн, эзэнтэн маань Тангү рашаанд хүрч дийлэхгүй.
Сяолю Шюаньд хандан,
- Шархнаас цус гарах хурдыг удаашруулах нэг арга байна. Гэхдээ танд их зовуурьтай байх болно.
- Тойрч булзааруулалгүй шууд хэл гэж Шюань инээмсэглэн хэллээ.
- Таны шархан дээр мөсөн болор тавья. Мөсөн болорын хүйтэн илч цусыг өтгөрүүлэн бүлэгнүүлэн цус урсах хурдыг сааруулах болно. Гэхдээ тэр бол мянга түмэн жил хүйтэн мөсөн дундаас үүсэн бий болсон мөсөн болор. Та маш их даарах болно.
- Амьд үлдэж чадаж л байвал, даарах ямар хамаа байх вэ? Гэхдээ мөсөн болорыг хаанаас олох вэ? Ийм зүйл бол мөсөн уулс дунд л байдаг. Олж авахад маш хэцүү байж таарна. Мөсөн болортой хүн их цөөхөн байдаг байх.
Ү Чөн Чиншүй тосгонд нэгэн хүнд заавал байгаа хэмээн сэтгэж, өөртөө ч итгэлгүй нам дуугаар,
- Фанфөн овогт очиж асууж үзэх үү? гэлээ.
Санаанд оромгүйгээр Сяолю түүнийг сайшаан дэмжиж,
- Тийм ээ, тэдэн дээр очиж авъя. Гэхдээ авах биш, хулгайлъя хэмээлээ.
- Хулгайлах аа?
Сяолю босон зогсоод,
- Та хөдлөхгүй хэвтэж бай, би явчихаад ирье гэж Шюанд хэллээ.
- Шюань сандран,
- Би чамд хоёр хүн өгөн чамтай хамт явуулъя.
- Би хулгай хийхээр явж байгаа, дээрэм хийхээр биш гэж Сяолю инээн хэллээ.
- Хэдийгээр чи Түшан Жинтэй жирийн бус харьцаатай боловч, тэр бол хувийн харилцаа. Гэр бүлийн ашиг тусын дэргэд хувийн харилцаа бол юу ч биш. Үнэндээ энэ хэрэг бол миний өөрийн хэрэг. Чамтай хамаагүй. Чи ингэх .... . хэмээн Шюань алгуур хэллээ.
- Хэрвээ чиний биен дэх цох үйлчлээгүй бол тэр сум таныг оноо ч үү? Энэ хэрэг анхнаасаа надаас болж үүссэн. Надад хамаагүй хэрэг гэж хэрхэн хэлж болно? За за, дэмий яриад яах вэ! Би явлаа! гээд Сяолю өрөөнөөс ухас хийн гараад гялс хана даван хашааны гадна гарлаа.
Сяолю замын турш гүйсээр Жиний одоо амьдардаг өргөөний хаалган дээр ирлээ.
Тэр хаалга тогшиход, нэгэн зарц гарч ирэн хаалга нээлээ. Сяолю түүнд,
- Би Хуйчүнь домчийн газрын домч Вэн Сяолю гэдэг хүн байна. Танай хоёрдугаар ноёнтой уулзахыг хүснэ гэж хэллээ.

Хятад кино ярилцья бүлгээс зохиолын дараагийн хэсгийг уншаарай.

Үүрд Чамайгаа Үгүйлэн СананаWhere stories live. Discover now