Эртний танил ирсэн мэт хэмээх зургаадугаар бүлэг - 2/2

18 3 0
                                    

   Жинийг ирэхэд бүхий л бие нь шархадсан Сяолю, царай нь цонхийн цайгаад цөөрмийн усны мандал дээр нүдээ анин унтаж байлаа.
Жин хурдхан түүний судсыг барин шалгаад, түүнийг тэврэн агуйгаас гараад уналгаа дуудан ирүүллээ.
10 хоногийн дараа Сяолю сэргээд өөрийгөө нэгэн маш гоёмсог өрөөнд байхыг мэдлээ.
Гэрэлт сувд өлгөж, пансан хөшиг унжуулжээ. Гадаа зуны ид халуун үе байхад өрөөнд харин сэрүүхэн сайхан. Том дэлгэсэн цонхоор гадаах цэцэрлэг харагдана. Цэцэрлэгт шинэхэн цэцэгс дүүрэн ургажээ. Мэлрэг, арилд, ороонго сарнай, сарнайн бут, замбага, хилэн гадил, дөлөн од, сарнай ... гээд төрөл бүрийн цэцэгс алаглана. Цонхны хөмсөгнөөс нэг эгнээ салхин хонх өлгөжээ. Салхин хонхыг мөнх цаст хязгаар хойд туйлын мөсөн болроор урлан хийжээ. Цэцэгсийн хэлбэрт оруулан сийлсэн салхин хонхнууд ухаа улаан, хулсан ногоон, нил хөх, сарны лянхуа цагаан өнгийн мөсөн болрын туяа цацруулан салхины аясаар намуухан жингэнэнэ. Сэлүүн салхи үлээхэд мөсөн болрын хүйтэн илч хавь орчиндоо тархан цэцэрлэгт тэр чигтээ хаврын сэрүүхэн өдөр мэт таатай сайхан.
Сяолю орноосоо босоод, гудамжинд гарахад Жин цэцгийн мандал дундаас өндийн босч түүнийг харан зогслоо.
Алтан нарны цацраг дор үзэсгэлэнт цэцэгс, бас нэгэн залуу эр нарны илчинд ивээгдэн байна. Үлэмжийн тансаг энэ төрх эрмэг бахдам хэр нь хананд өлгөсөн гайхам зураг мэт үзэсгэлэнтэй, хараа булаан нүд баясгаж хайр татам харагдана.
Сяолю Жиний урд очин зогсоод намуухан инээн хөнгөн санаа алдаад,
--АЛТАН ХУНДАГАНД ДАРС ДҮҮРГЭЖ УЙТГАР ГУНИГАА ҮЛДЭЭН ХӨӨЕ, АРЗ ХОРЗЫГ ХӨНТРӨН УУЖ ЗОВЛОНТ ОРЧЛОНГ МАРТАН ҮДЬЕ!
гэж шүлэглэн өгүүллээ. <<Төдийгөөс өдийг хүртэл энэ удаад л өөрийгөө эрх дураар нь тавья. Гунигтай зүйлс бодохоо больё>>
Жин гар сунган түүний хацрыг иллээ. Түүнийг үнэхээр өмнөх шигээ болсон эсэхийг шалгах мэт. Сяолю хацраа түүний гарт бага зэрэг ойртуулан түүний алганы дулааныг мэдрэн зогслоо. Жин түүнийг энгэртээ чанга наан энхрийлэн тэвэрлээ.
Сяолю нүдээ аниад Жиний мөрийг зөөлөн налан зогсоно. Энэ мөчид тэд бол Арвандолоо, Сяолю хоёр байлаа.
Гэнэт тас хийн аяга унан хагарах чимээ гарлаа.
Сяолю тэргүүн өргөн дээш харахад Жин Е тэр хоёрыг гайхаж балмагдсан харцаар харан зогсож байлаа.
Сяолюгийн хүн шоглох дур хэмжээлшгүй ихээр асаж, саяны байрлалаараа нүдээ анин зогсож юу ч сонсоогүй, юу ч хараагүй мэт дүр эсгэн Жинийг ямар хариу үйлдэл үзүүлэхийг хүлээлээ.
Жин харин Сяолюгийн урмыг хугаллаа. Тэр маш тайван байж юу ч сонсоогүй, юу ч хараагүй мэт түүнийг тэвэрсэн хэвээр чимээгүй зогсоно. Яг л тэнгэр нураад ирсэн ч тоож хөдлөхгүй байхаар шийдсэн мэт.
Жин Е намуухан алхлан тэдэн дээр ирээд,
- Лю ноёнтны шарх дахиад сэдэрсэн юм уу? Мөхөс би таныг түшье! хэмээлээ.
Сяолю писхийн инээд алдаж, <<Энэ бас айхтар хүн юм аа>> гэж бодон Жиний тэврээс мултран арагш хэдэн алхам ухраад Жин Е-г харан инээмсэглэлээ.
Жин Е түүнд хандан мэхийн ёслоод,
- Ноён таны ач тусыг хариулах арга үгүй билээ. Мөхөс миний хүндэтгэлийг хүлээн авна уу хэмээн өгүүллээ.
Сяолю инээмсэглэн холдож,
- Танай эзэн ноён ч гэсэн миний амийг аварсан. Хэн нь ч хэндээ өргүй болсон гээд Сяолю Жин рүү харан гараа урдаа атган хүндэтгэн ёслоод,
- Хөгшин Мү тэд нар намайг хүлээж байгаа, би явалгүй бол болохгүй гэлээ.
Сяолю эргэн явахад Жин түүний зүгт гараа өргөсөн хэдий ч удаанаар гараа буцаан буулгаж Сяолюгийн холдон явахыг харагдахгүй болтол нь ширтэн зогслоо.
Сяолю харахад бүрэн эдгэрсэн байх хэдий ч үнэндээ бол бие нь их хүч тамиргүй болж, жоохон хөдлөн юм хийхэд л ядардаг болжээ. Гэтэл тэр хэсэг хугацаанд ажилдаа гараагүй тул мөнгө нь хомс болсон байдаг. Нэг гэрийн хүмүүс идэж уух хэрэгтэй. Тиймээс тэр зүгээр амраад суугаад байж болохгүй болохоор Хуйчүнь домчийн газар урьдын адил үүдээ нээн ажил хэргээ үргэлжлүүлэн хийж байлаа.
Сан Тянэр Сяолюг дагалдан суралцаж, Сяолю амаа хөдөлгөж, Сан Тянэр гараа хөдөлгөдөг болов. Хоёулаа хамтран ажиллаж, өвчтөн үзэж жор бичихэд харин ч сайхан гар нийлэн ажил урагштай явна. Хааяа гадна шарх авсан хүн тэдэнд хандан ирэхэд Сан Тянэр цуснаас айж сэжиглэхгүй тул Сяолюгийн заавраар шарх цэвэрлэж, боолт хийнэ. Шарх цэвэрлэж боолт хийхдээ Сяолюгээс ч нямбай хийх аж. Өвчтөнийг үдэж гаргахдаа талархал илэрхийлэхээ ч үл мартана.
Сяолю түүнийг магтаж,
- Чи хоол хийхдээ нэг бол давсыг нь ихдүүлж үгүй бол давсыг нь багадуулдаг. Хувцас угаахдаа таван жил өмсөж болох байсан хувцсыг хоёр жилийн настай болгодог. Чи гэр цэвэрлэхдээ нүднээс далд нууж л байвал цэвэрхэн боллоо гэж ханддаг хүн. Гэхдээ чиний хүний царай төрхийг ажиглан тандаж, хүнд үйлчлэх авьяас чинь харин тэнгэрээс заяагдмал юм.
Сан Тянэр гашуунаар инээмсэглэн,
- Лю ах та намайг сайшааж байгаа тань энэ үү?
- Өвчтөн үзнэ гэдэг чинь хүний байдал төрхийг ажиглаж харна гэсэн үг биш гэж үү? Өвчтэй хүнийг асарч сувилах чинь хүнд үйлчилж байгаа хэрэг биш гэж үү? Би чамайг эмнэхүйн ухаанд суралцаж лавтай чадна гэж бодож байна гэж Сяолю түүнд хэллээ.
Сян Тянэр толгойгоо огцом өргөн, Сяолюг алмайран ширтэнэ.
Сяолю үгээ зөөн,
- Батгат, Шорлог хоёр хорь гаран жил намайг даган эмнэхүйн ухаанд суралцсан. Гэвч тэд бол энэ аяганаас хоол олж идэж чадах хүмүүс биш. Би чамайг бол харин чадна гэж бодож байна. Чи хэрэв хүсвэл хичээгээд сайн сур даа. Чамаас их зүйл хүсэхгүй, чи надаас үргүйдлийг эмчлэх аргыг минь сурч авч чадвал Шорлог та хоёр цаашдаа хаана ч очсон өлбөрч үхэлгүй амиа аваад явж чадна.
- Лю ах үнэхээр надад зааж сургана гэж үү?
- Яагаад үгүй гэж? Чи ажилд тус нэмэр болдог болбол надад л тустай. Миний ажил багасаж залхуурч болдог болно шүү дээ.
Сан Тянэр өвдөг сөхрөн суугаад гурвантаа түүнд мөргөөд,
- Хүслийг минь биелүүлсэнд Лю ах танд гялайлаа гэж хоолой чичрүүлэн хэллээ.
Шорлог үргэлж түүнийг сүнс сүүдэр шиг дагалдан явж зуунтаа түүнийг хайрлан энхрийлэвч, хорвоогийн өнгө хувирамтгай, хүний сэтгэл өөрчлөгддөг гэдгийг ханатал харсан Сан Тянэр хамаг бүхнээ нэг эрэгтэй хүнд даатган орхиж чадахгүй билээ. Шорлог тэр хоёрын амьдрал харахад хуурмаг харилцаа шиг, Шорлог л түүнд хамаг сэтгэлээсээ хандаж, Тянэр өндөрт Шорлог нам дор байх мэт харагддаг ч үнэндээ бол Тянэр элсэн нуранги дунд мөлхөн явах мэт царайчлан гуйдаг тал нь байлаа. Чүнь Тао бол Батгаттай эн зэрэгцэн хэрэлдэж, эхийн гэрээсээ Батгатыг хөөж чаддаг байлаа. Харин Тянэр бол маргаан зөрчил гарахаас өмнө болгоомжтойгоор бүхнийг намжаадаг байв. Тянэр Шорлог хоёр нүүрээ минчийн улайтал хэрэлдэж үзээгүй. Эрийн эмийн явдлыг үзэж ханасан тэр өөрийн нөхрөө өглөгч үйлчлүүлэгч биш гэдгийг мэдэхээс сайн мэдэх тул, тэр хоёрын харьцаа өдөр бүр баланд найруулсан тос мэт халуун янаг хэвээр байна гэж найдахгүй байлаа. Тэгш бус харьцаан дээр тогтсон энэхүү амтат хайр халамж бол зүүд зэрэглээ шиг найдваргүй зүйл гэдгийг ч сайн мэдэж байлаа. Гэвч тэр орь ганцаараа, түшиж тулах юу ч үгүй хүн. Сэтгэл дэх мянган эргэлзээ, зуун түгшүүрийг уудлан хэлж ярих хүн ч үгүй хүн. Тэр бол гомдол цөхрөлөө инээмсэглэл дороо нуун хуурамч зоригоор урагшлан явдаг хүн. Гэтэл түүнийг ойлгож, түүнийг өрөвдөн хайрладаг хүн байсан байжээ.
Түүний хүслийг гүйцэлдүүлж, түүнийг нуруу цэх сэтгэл тэнэгэр, бусадтай тэгш эрхтэйгээр хорвоог туулж, өөрсдийн цогцлоон бүтээсэн гэр орноо хамгаалан явах чадалтай болголоо.
- Хөгшин Мүг ачлан асарч байгаарай. Хэрэв та нарыг үхэх үед Хөгшин Мү амьд үлдэх болбол үр хүүхдүүд чинь ч бас түүнийг ачлан явцгааж байг.
Сан Тянэр сэтгэл нь зовнисон янзтайгаар гайхан түүнийг харна. Сяолю хариу инээмсэглэлээ.
Сан Тянэр ямар нэгэн зүйл болох гэж байгааг ухааран, толгойгоо хүчтэй дохин,
-Та санаа амар бай, Би Хөгшин Мү, Шорлог хоёрыг сайхан ачилж явна хэмээн өчлөө.
Шюань домчийн газарт ирэн Сяолюгийн урд суугаад,
- Ардах ажлаа захин үлдээж сууна уу? хэмээн асуулаа.
Сяолю ус аягалах аяга авах нэрийдлээр доош тонгойн нүдэнд нь илрэх сэтгэлийн долгилцлоо нуухыг хичээн байж Сан Тянэрд хандан,
- Тариалангийн талбайд очиж Шорлогийн ажилд тус бол гэж инээмсэглэн хэллээ.
Сан Тянэр Шюань рүү нэг хараад чимээгүй ухран гарлаа.
Сяолю удаанаар хэдэн балга ус уугаад, сая тэргүүн өргөн Шюанийг харж,
- Эрхэм дээдэс та энд морилон ирсэн хэрэг зориг юунд билээ? хэмээн асуулаа.
Шюань чимээгүй хэсэг болсны дараа л,
- Яагаад намайг аварсан юм бэ? гэж түүнээс асуулаа.
Сяолю инээд алдан байж,
- Та хэрвээ үхчихвэл, таны бие дэх шидийн цох ч дагаад үхнэ. Би тэр цохыг амаргүй тэжээж томруулсан. Түүнийг үхүүлэхийг хүсэхгүй байна.
Шюань түүнийг харан сууна. Сяолю хэнэггүй царайлан сууна. Сяолю түүнд нэг аяга ус хийж өгөөд, түүнтэй хэлэлцээр хийх өнгөөр,
- Би хэдий Анянийг барьсан боловч түүнд жинхэнэ хор хүргээгүй, түүнээр жоохон тоглоом хийсэн төдий билээ. Чиний хүмүүс намайг шархдуулсан. Би ч чамайг зүгээр өнгөрөөгөөгүй. Шянлю надаар урхи хийсэн ч гэсэн эцэст нь би чамайг аварсан. Бид хоёр нэг ачийг нөгөө ачаар хариулсан гэж бодоод тэнцлээ гэж үзэж болохгүй юу?
- Хэзээ миний бие дэх цохыг гаргах юм?
Сяолю хэсэг бодолхийлээд,
- Таныг Чиншүй тосгоноос явах тэр үед.
Шюаний хуруу ширээг зөөлөн тогшин,
- Яагаад одоо тайлж болохгүй гэж?
- Та бол зүрхэндээ том хүсэл зорилго тээж алсыг харж хэтийг төлөвлөсөн хүн. Удалгүй энэ тосгоноос явах учиртай. Таныг явах тэр үед би таны биеэс шидийн цохыг заавал тайлан гаргах болно. Энэ цох танд байх нь өөр аюул учруулахгүй, цорын ганц аюул нь би өвдвөл та ч гэсэн өвдөлт мэдрэх тийм үйлчилгээтэй эд. Та л намайг шархдуулахгүй бол санаа амгалан байж болно. Би зөвхөн сэтгэл амар байхыг л хүснэ.
- За яахав гээд Шюань босон яваад хаалганы тэнд очоод гэнэт эргэн харж,
- Завтай үедээ манай мухлагт ирж хамт архи ууж болно шүү гэлээ.
Сяалю гараа атган талархал илэрхийлж,
- За тэгнээ хэмээн хариу хэллээ.
Шюань хөмсөг өргөн инээмсэглэж,
- Биеэ сайн бодож бай. Шархадсан үедээ хүслээ хязгаарлаж бай!
- ... Сяолю юу хэлснийг нь ойлгосонгүй. Тэр хэзээ хэнийг хүссэн юм бэ?
Шюань хүзүүгээ илээд, инээмсэглэн холдон явлаа. Сяолю юу ч ойлгоогүй хэвээр нүдээ анивчин бодолхийлж, гэнэт уруул нь мушилзан нууцхан инээвхийллээ. <<Үнэхээр тань дээр очиж хамт архи ууж болно гэж үү?>> Сэтгэл дэх дуу хоолой нь эсэргүүцэж байвч бас нэгэн дуу хоолой гарч “Тэр удахгүй эндээс явчихна, одоо л хамт архи уухгүй бол дахиж хэзээ ч өөр боломж гарахгүй” гэж хэлнэ.
Өвөл болоход Сяолюгийн шарх бүрэн эдгэрлээ.
Энэ хэдэн сард бие нь амархан сульдан ядрах тул Сяолю өдөржин өрөөндөө өнждөг байлаа. Дагаад Сан Тянэрд эмнэхүйн ухаан зааж сургах цаг зав ч ихтэй байдаг байлаа.
Сан Тянэр ихэд хичээнгүйлэн суралцаж, өдөр бүр завгүй гүйнэ. Шорлог тэр хоёрын харилцаанд үл анзаарагдам ч өөрчлөлт гарчээ. Сан Тянэр Шорлогтой гэрлэн сууснаас хойш өөрийн өмнөх амьдралыг сөхөх дургүй, аль болох өмнөх амьдралтай холбоотой зүйлсээс зугтан зайлсхийдэг байсан. Гэтэл одоо бол эмийн ургамал судлан суухдаа өөрийн мэдэлгүй өмнө нь сурсан дуугаа аялан суудаг болжээ. Өмнө нь Сан Тянэр юу ч байсан Шорлогийн үгийг дагадаг байсан бол одоо бол Шорлог ажил төрлөө удаан хийхэд Сан Тянэр түүнийг чанга дуугаар шамдуулан шахдаг боллоо. Сан Тянэр улам бүр Хуйчүнь домчийн газрын эзэгтэй шиг төрхтэй болов.
Хатуу хөтүү атар газарт үржин ургах гэж хичээж буй үр соёог харах мэт Сан Тянэрийг аз жаргалын зах зухаас хэцүү бэрхшээлтэй ч гэсэн хичээнгүйлэн атган авахыг Сяолю мишээл тодруулан ажин хардаг байлаа. Амьдралын төлөө мэрийн тэмцэх нь ажиглан харж буй хүнд ч хүч чадлыг хайрладаг билээ.
Орой, цас будран орлоо.
Энэ бол энэ жилийн анхны цас. Хөгшин Мү архи халааж аваад, Сяолю Шорлог хоёрыг хоргоон дуудаж хамт ууя гэнэ. Сяолю өөр нэгэн хүний архи ууя хэмээсэн урилгыг санаад будран орох цасыг харан хэсэг алмайрав.
Сан Тянэр дэнлүү барин гаднаас орж ирээд, гутал дээрх цасаа унагангаа гар дахь дэнлүүгээ Шорлогт өглөө.
Шорлог яг дэнлүүг үлээн унтраах гэтэл, Сяолю гэнэт түүний гараас дэнлүүг нь аваад цасны нөмрөг ч нөмрөлгүй дэнлүүгээ барьсаар гэрээсээ гаран явлаа.
Хөгшин Мү түүнийг дуудан,
- Хамт сууж архи уухгүй юм уу?
Сяолю эргэж ч харсангүй, гараа даллан алга болов.
Цаснаар явсаар урт гудмыг өнгөрөн Шюаний мухлагийн үүдэнд ирээд Сяолю гэнэт эргэлзэн зогтуслаа.
Сяолю дэнлүүгээ барьсаар үүдэнд нь хэсэг зогсоод эргэн явлаа.
- Нэгэнт ирсэн хойно, яагаад орж ирж суухгүй байгаа юм бэ?
Шюань үүдэнд гарч ирээд Сяолюг араас нь харан зогсоно.
Сяолю алгуур эргэн хараад,
- Гэрэл гарч харагдаагүй тул, танайхыг эзгүй байна гэж бодлоо гэж инээмсэглэн хэллээ.
Шюань инээмсэглэн зогсоно. Тэр Сяолюгийн худал үгийг илчилье гэсэнгүй.
Сяолю Шюанийг даган явж урд өргөөг өнгөрөөд арын хашаанд нь түүнийг даган орлоо. Шюань хаанаас ийм чавганы мод зөөж авч ирсэн юм, хашааны голд нэгэн чавганы мод харагдана. Ид сайхан цэцэглэсэн модны анхилам үнэр хашаагаар нэг тархан үнэртэнэ.
Шюань Сяолюг тэрхүү чавганы модыг ажиглан харахыг мэдээд,
- Анянь харах дуртай. Анянийг харж байг гээд энд тарьсан юм хэмээлээ.
- Чи дүүгээ үнэхээр их хайрлах юм гэж Сяолю хэллээ. Тэр жил тоглоом болгон хэлсэн үг нь одоо бол гаргаж хэлэхэд зуун утга агуулсан мэт санагдана.
Тэр хоёр халуун ханзан дээр суун, Шюань түүний өмнө 5 жижиг тавагтай ногоо тавиад хажууд нь бас жижиг зуух галлан тавиад түүн дээрээ ваартай архи тавин халаалаа.
Хаалга цонх хоёр нээлттэй байлаа. Нээлттэй хаалга цонхоор будран орох цасан ширхэг, чавганы модтой хамт харагдаж таашаал төрөм гоо үзэгдэнэ.
Хоёул дуугүй суун архиа ууцгаана. Нэг нь хар сэжгээ тайлаагүй хэвээр тул худлаа дүр үзүүлэхээс залхана. Нэг нь харин сэтгэл дэх гашуун мэдрэмжээ дарж үл чадан хэлэх зүйлгүй сууна.
Энэ бол архины мухлаг дэлгүүр. Энд архинаас их юм байхгүй. Тэр хоёр архийг ус уух мэт ууцгаах тул удалгүй Сяолю архиндаа согтож эхлэн,
- Анянь намайг энд суун архи уухыг яаж зөвшөөрөө вэ? гэж инээмсэглэн асуулаа.
- Түүний архи даах чадвар үнэхээр сул. Ганц хундага архи уугаад л согтож орхидог. Одоо бол сайхан зүүд зүүдлэн унтаж байгаа байх гэж Шюань зальжин инээн хэллээ.
- Та нар бол хутагтууд. Их овгийн үр сад. Яагаад энэ Чиншүй тосгонд ирэн хатуу хөтүүг амсан яваа юм бэ?
- Яагаад гэдгийг нь чамайг мэдэж байгаа гэж бодсон юм.
- Шянлюг алах гэж үү? гээд Сяолю толгой сэгсрэн,
- Та нар шиг хүмүүс хүн алахдаа өөрсдийн гарыг хөдөлгөх шаардлага байхгүй.
Шюань юу ч хэлэхгүй инээмсэглэн сууна. Сяолю архитай хундагаа өргөн түүнтэй тулгаад,
- Хэл л дээ!
- Жинхэнэ шалтгаанаа хэлбэл итгэж үнэмших хүн гарахгүй байх.
- Би итгэнэ.
- За яахав! Чамд хэлье! Би дарс дарах аргийг өөрийн багшаасаа сурсан. Манай багш тэр бүр согтоод байдаггүй ч нэгэн удаа архи уугаад согтсон, тэгээд надад залуу цагийнхаа түүхийг ярьж өгсөн юм. Тэр үед багш маань овгийнхоо толгойлогч болоогүй байсан тэр үедээ энгийн хүний дүрээр Дахуанаар хэсүүчлэн явахдаа нэгэн жижиг тосгонд суурьшин сууж төмрийн дархан хийн амьдарч байсан гэсэн. Энгийн даруу амьдралаар амьдран хэсэг байсан гэнэ. Нэгэн өдөр нэг залуу эр түүн дээр ирж захиалга өгсөн гэнэ. Тэр түүний ажлыг хөхиүлэн дэмжиж, түүнд хамгийн хатуу архийг өргөн барьсан гэнэ. Тэгж багш маань насан туршийн цорын ганц анд нөхөртэйгөө анх танилцсан түүхтэй. Би түүний ярьсан энэ түүхийг марталгүй цээжиндээ хадгалсан. Бага байхдаа би өсөж том болоод энгийн хүний амьдралаар амьдран сууна гэж дандаа хүсдэг байсан. Магадгүй би тийм энгийн амьдрал дундаас сэтгэлийн андаа олох ч юм бил үү.
Шюань ярьж дуусаад Сяолюг харж,
- Чи миний ярьсанд үнэмшиж байна уу гэж асуулаа.
- Үнэмшиж байна.
- Яагаад? Миний хэлсэн энэ шалтгаан утга учиргүй мэт санагдахгүй байна уу?
- Би чамайг үнэнээ хэлж байна гэдгийг чинь мэдэрч байна.
- Гэхдээ би бол манай багш биш, би архины мухлаг ажиллуулж байгаа боловч яг энгийн хүн шиг амьдарч бол чадахгүй байна гэж Шюань санаа алдан өгүүллээ.
Сяолю инээмсэглэн түүнийг тайтгаруулж,
- Хүн бүр л таарах ёстой хүнтэйгээ таардаг шүү дээ. Та ч гэсэн энд олон зүйлтэй учирлаа.
Шюань өөрийгөө тохуурхан инээж,
- Тийм ээ, манай багшид лав хэн ч шидийн цох хэрэглээгүй.
Сяолю толгойгоо барин инээж,
- Та надад талархах хэрэгтэй юм байна даа.
- Яагаад намайг аварсан юм бэ?
Сяолю архи хийсэн аягаа өргөн,
- Би согтоогүй байна шүү, үг алдуулахад арай эрт байна гэж дургүйлхэн өгүүллээ.
- Би тэгвэл чамайг согтсоны дараа дахиад асууя гээд Шюань инээлээ.
Сяолю хуруугаа хоёр тийш нь хөдөлгөн,
- Тэгэх боломжгүй.
- Яагаад боломжгүй гэж?
Сяолю дахин гурван аяга архи угсруулан уугаад,
- Яагаад гэвэл ... би одоо унтлаа гэж хэлээд ширээ дэрлэн гүн нойрсон унтлаа.
Шюань түүнийг аяархан хөдөлгөн,
- Чиний архи даах чадвар чинь харин гайгүй сайн юм.
Шюань хаалга цонхоо хаагаад, толгой нь эргэж хөл нь хөнгөрөх шиг санагдан дахин хэдэн хундага архи уугаад ханзан дээрээ хэвтэн унтлаа. Шөнө дунд сэрэхэд нь Сяолю явчихсан байлаа. Ширээн дээр хүйтэн зууш, архины шавхруу л үлджээ. Шюань итгэж ядаж гайхан инээд алдлаа.
Хэд хоногийн дараа Шюаний өнгөрсөн жил нь дарж тавьсан чавганы архи нь бэлэн болжээ.
Шюань өдөр нь архиа зарж дуусаад, орой нь гэнэт Сяолютай уулзах хүсэл төрж хоёр ваар архи аван тэднийд ирлээ.
Сяолю түүнийг ирэхийг хараад хоромхон зуур гайхан гөлрөөд түүнийг урин дотогш орууллаа.
Сяолюгийн гэрт олигтой архи уух хундага байхгүй, тэднийхэн архи уухдаа бүгд л аяганд хийн ууцгаадаг. Сяолю хоёр жижиг аяга авч ирэн, энгийн үед иддэг нугасны хүзүү, тахианы сарвуу зэргийг холисон болоод архины даруулга болгон ширээнд тавилаа.
Тэр хоёр урьдын адил чимээгүй архиа ууцгаалаа. Нэг ваар архи ууж дуусах үед тэр хоёр бага зэрэг согтож ирлээ. Шюань түүнээс,
- Чи яагаад Чиншүй тосгонд ирсэн юм бэ?
- Дөрвөн зүгт хэрэн хэсүүчлэн явсаар энд ирсэн юм. Эндэх газар дажгүй таалагдаад энд үлдэж амьдрахаар шийдсэн юм.
- Чи есөн амьт Шянлютай ... сайн танил уу?
Сяолю толгойгоо барин хэсэг зуур бодсоны эцэст,
- Ийм асуултанд архи ууж байхдаа хариулахад тохиромжгүй.
- Тэгвэл дахиад хэдэн аяга урхи уучихаад хариулаарай.
Шюань түүнд дахин нэг том аяга архи хийж өгөхөд түүнийг нь уусны дараа, Сяолю,
- Би түүнээс айдаг, гэхдээ түүнд дургүй бол биш. Тэр бид хоёр өстөн дайснууд биш, мэдээж анд найзууд ч бас биш.
- Харамсалтай нь тэр хэтэрхий сэрэмжтэй юм. Үгүй бол би түүнтэй энгийн тайвнаар хамт суугаад архи ууж үзэхийг үнэхээр хүсэж байна гэж Шюань хэллээ.
- Та Аняньтай ... зүгээр л ах дүүгийн харьцаатай юу? гэж Сяолю түүнээс асуулаа.
Шюань аяархан инээн,
- Ийм асуултыг архи ууж байхад асуухад харин яг зохимжтой юм гэлээ.
Сяолю түүнд нэг том аяга архи хийж өгөхөд Шюань түүнийг нь хөнтрөн уугаад гэнэт харц нь гөлийн хэсэг зуур юу ч дуугарсангүй. Сяолю түүнд дахин нэг том аяга архи хийж өглөө. Шюань нэг амиар түүнийг нь уугаад биедээ авч явдаг хаш чулуун зүүсгэлээ тайлан түүнээ нээж дотроос нь нэгэн жижигхэн үслэг цагаан бөмбөлөг гарган ирлээ. Цав цагаан цасан бөмбөлөг мэт зүйлийг сэгсрэхэд тэр зүйл нь томрон хувирч цагаан өнгийн үнэгний сүүл болон хувирлаа.
- Энэ миний дүүгийн хайртай эрдэнэ. Бид салах тэр үед тэр надад үүнийгээ өгсөн юм. Надад түр зуур л өгч тоглуулна гэж хэлсэн. Тэр түр зуур нь нэгэнт 300 жил болжээ!
Шюань цагаан үнэгний сүүлээ зөөлөн илж,
- Дүү маань миний нагац эгч, багш хоёрын минь охин. Би нагац эгчдээ дүүгээ сайн харж хамгаалж байх болно гэж амлалт өгсөн. Гэвч би амлалтдаа хүрээгүй. Дүү маань их бага байхдаа алга болчихсон юм. Хүмүүс бүгд түүнийг үхсэн гэлцдэг. Гэхдээ би өчүүхэн төдий найдлага тээн түүнийг амьд байгаа, над дээр буцаж ирээд үнэгний сүүлээ надаас нэхэж авахыг нь хүлээдэг юм. Анянь бол манай багшийн охин. Би түүнийг хайрлан энхрийлдэг нь дүүгээ хайрлаж чадаагүй хайраа нөхөх гэсэн хэрэг.
Сяолю архиндаа согтсон мэт духаа барин суугаад, архитай аягаа дээш нь өргөхдөө нүдний үзүүрт тунарсан нулимсаа нууцаар арчин авлаа.
Шюань үнэгний сүүлээ дахин жижиг бөмбөлөг болгон хувиргаад хаш зүүсгэлдээ буцаан хийгээд биедээ далдлан хийлээ. Тэр аягаа архиар дүүргээд Сяолютай тулгаад нэгэн амиар хөнтрөн уулаа.
2 ваар архи дуусаж, хоёул согтон унтлаа. Шөнө дунд Сяолю сэрэхэд Шюань явчихсан байв.
Сяолю дахин нойр нь хүрсэнгүй, нүдээ нээсэн хэвээр үүр цайтал алмайран хэвтлээ.
Өвөлжингөө Сяолю Шюань хоёр, гурав тав хоногийн зайтай хамт архи уун суудаг боллоо.
Анхандаа тэр хоёрын яриа онц чухал зүйл үгүй дэмий голдуу сэдэвтэй байсан бол аажимдаа Шюань Сяолюг хагас үнэн хагас худлын хооронд жинхэнэ найзаа гэж үзэх болж, бүр Сяолюгээс хор хэрэглэх аргыг жинхэнээсээ гуйн заалгаж эхэллээ.
Сяолю Шюаньд үнэн сэтгэлээсээ хандан, хор тайлах аргаас эхлээд төрөл бүрийн хордуулах аргыг бүгдийг түүнд чадлынхаа хэрээр нарийн сайн тайлбарлан өгдөг болов. Хорноос хамгаалах ойр зуурын жижиг хэрнээ үр дүнтэй аргуудыг ч бас түүнд сайтар тайлбарлан зааж өглөө. Заримдаа Сяолю түүнд хандан,
- Шянлю чамайг алахыг хүсч байгаа. Тэр хэдийгээр Чиншүй тосгон руу цэрэг илгээн дайруулахгүй ч гэсэн Шэнь Нуны журамт цэргүүд бол энд нэгэнт хэдэн зуун жил суурьшин амьдарсан туршлагатай дайчид. Чи аль болох эртхэн эндээс явсан нь дээр гэж үнэн сэтгэлээсээ түүнд анхааруулж зөвлөдөг байлаа.
Шюань түүнийг чин сэтгэлийн сайн андаа гэж бодон түүнд хандаж, түүнд илүү их ойртон дөхөх гэхэд Сяолю харин ойлгоогүй мэт тэнэг дүр эсгэн инээн өнгөрөөдөг байлаа.
Тэр хоёр уусан үедээ хөгжилдөн баясаж, сэрүүн үедээ салан явдаг жирийн нэгэн хамтдаа архи ууж, хоол иддэг архины анд мэт байцгаадаг байлаа.

**********************************************************************

📌Орчуулагчийн тайлбар.

🪅Пансан унжлага
鲛绡
Домогт гардаг загасан хүний нэхсэн материалаар хийсэн тусгай өмсгөл хувцас. Усанд ороод нордоггүй, нимгэн сиймгэр пансан материал. Ордны бүжигчин авхай нарын өмсдөг хувцас. Гэхдээ номын энэ хэсэгт өрөөнд хувцас тавьсан биш ийм материалтай хөшиг унжуулсан байсан болов уу гэж таамаглаад пансан унжлага гэж орчуулсан болно. Загасан хүний нэхсэн материалаар хийсэн хувцас тавьсан байлаа гэлтэй нь биш. Гэхдээ кинон дээр нээрээ нэг цэнхэр хөхдүү өнгөтэй хувцас гараад байсан бил үү? За тийм байсан ч гэсэн пансан унжлага гэдгээрээ л явья. Хэрвээ үг бүрийг яг үгээр нь орчуулбал Алтан загасны үлгэр, Алтан загасны үлгэр биш болох байсан билээ.

🌸Мэлрэг /жасмин /
茉莉

🌺Том навчит мэлрэг цэцэг
素馨 Xu sin

🌷Арилд цэцэг. Цахилдгийн төрөлд багтдаг
剑兰 Jian lan / gladiolus

💐Ороонго сарнай
麝香藤 Shèxiāng téng / Musk Vine Grove, Kentucky

🍃Сарнайн бут
朱瑾 Zhūjǐn / Hibiscus

🪷Замбага
玉桂 Yù guì / Cinnamomum cassia
Синамоныг толин дээр шанц, шанцай гэж бичсэн байсан боловч нэг л биш юм шиг санагдаад болдоггүй. Шанцай чинь яншуй биш бил үү? Ногоон салбагар навчтай. Нэг газар замбага гэж бичсэн байсан тул түр замбага гэж орчууллаа.

🥀Хилэн гадил
红蕉 Musa coccinea
Хилэн банана нь 1.3 метр өндөрт хүрдэг, нэг настайдаа цэцэглэдэг олон наст өвслөг ургамал юм.

🌼Дөлөн од цэцэг
阇婆Dū pó / Jacquard liatris
Одоогийн Индонез хавьцаа байрлах арлийн эртний нэршил бололтой. Энэ нь бас тэр үед тэндээс зөөвөрлөгдөн ирсэн цэцгийг бас энэ нэрээр нэрлэдэг байсан байна.
Одоогоор бол 阇提花Dū tíhuā гэж нэрлэдэг цэцгийн эртний нэршил бололтой.

🌹Сарнай
薝卜 Zhān bo / Gardenia jasminoides
Сарнай цэцгийн нэгэн төрөл бололтой.

📜Алтан хундаганд дарс дүүргэж уйтгар гунигаа үлдэн хөөе!
Арз хорзыг хөнтрөн ууж зовлонт орчлонг мартан үдье!
我姑酌彼金罍,维以不永怀!
我姑酌彼兕觥,维以不永伤!
Шүлэглэлт номонд гардаг шүлгээс ишлэжээ.

Хятад кино ярилцья бүлгээс зохиолын дараагийн хэсгүүдийг уншаарай.

Үүрд Чамайгаа Үгүйлэн СананаWhere stories live. Discover now