Хүндэтгэлийн ёслол хэзээ болох вэ хэмээх арваннэгдүгээр бүлэг - 3/4

11 2 0
                                    

#ҮҮРД_ЧАМАЙГАА_ҮГҮЙЛЭН_САНАНА📍ТЭРГҮҮН ДЭВТЭР📍#ХҮНДЭТГЭЛИЙН_ЁСЛОЛ_ХЭЗЭЭ_БОЛОХ_ВЭ ХЭМЭЭХ #АРАВНЭГДҮГЭЭР_БҮЛЭГ - ҮРГЭЛЖЛЭЛ ХЭСЭГ📍

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

#ҮҮРД_ЧАМАЙГАА_ҮГҮЙЛЭН_САНАНА
📍ТЭРГҮҮН ДЭВТЭР📍
#ХҮНДЭТГЭЛИЙН_ЁСЛОЛ_ХЭЗЭЭ_БОЛОХ_ВЭ ХЭМЭЭХ
#АРАВНЭГДҮГЭЭР_БҮЛЭГ - ҮРГЭЛЖЛЭЛ ХЭСЭГ📍

Саялю Хайтанг татаж чирсээр сэллээ. Сэлж байхдаа тасралтгүй ахыгаа чанга хашхиран дуудсан ч хэн ч түүнд хариу өгсөнгүй. Сяолю Хайтанг аваад Анянь дээр буцаж очихоос өөр замгүй боллоо.
Түүнийг эргэн ирэхэд Анянь дэрсэн дунд атийн нуугдаж байлаа. Манан будан дунд тэр эргэн тойрноо сайн харж чадахгүй, шувуудын зэвүүн хашхирах дуу түүний зүрхийг үхүүлэн айдас төрүүлнэ.
Усанд хүн сэлэн ирэх чимээ дуулдахад тэр гартаа сүнсний хүчээ хуримтлуулаад урагш анхааралтай ширтэн нүд цавчилгүй харна. Цагаан манан дундаас аймшгийн амьтан шиг зүйл харлан түүний зүг рүү гэтэн ойртож харагдахад тэр айсандаа хамаг бие нь чичрэн салганалаа. Аймшгийн амьтан улам ойртон ирэхэд тэр аймшгийн зүйл харин Хайтанг мөрөн дээрээ тохсон Сяолю байлаа. Анянь санаа нь амарч догдлон нуугдсан газраасаа гаран гүйж,
- Сяолю гэж хашхирлаа.
Сяолю Аняний нулимстай нүдийг хараад өөрийнхөө анх удаагаа зэлүүд ууланд гадаа хоносон үеэ саналаа. Тэр үед Сяолю яг л одоогийн Анянь шиг айж түгшин сандарч байж билээ. Сяолю Анянний мөрийг алгадаад,
- Дажгүй зоригтой юм биш үү гэж түүнийг магтан өгүүллээ.
Анянь санаа нь зовон ичиж, хурдхан шиг айгаагүй царай гарган, - Ах яасан? Хайтан яачихсан юм бэ? гэж түүнээс асуулаа.
Сяолю Хайтанг газарт тавиад,
- Ар нуруундаа алган цохилт авсан байна. Хөлд нь нэг сум тусаж. Би байхад үхэхгүй ээ гэж түүнийг тайвшруулан хэллээ.
Сяолю Хайтангийн аманд нэг ерөндөг үрэл хийгээд Хайтангийн өмдийг цуу татан тайлах гэтэл Аняний нүүр нь улайж,
- Буцаж очоод эмчилж болохгүй юм уу?
- Ийм өтгөн манантайд чи буцаж очих замаа олох уу? Сум түүний амин газарт оноогүй боловч тэр Фанфөн авхайн тавьсан сумыг басаж ер болохгүй. Эртхэн эмчлэхгүй бол Хайтангийн хөл нь эмчилгээ авахгүй болох вий гэж санаа зовно.
- Гэхдээ, гэхдээ чи чинь эрэгтэй хүн шүү дээ.
Сяолю шуудхан Хайтангийн өмдийг цуу татан ханзлаад,
- Болохгүй бол түүнийг гэргий болгон авна даа!
Анянь бодолхийлж үзээд болохгүй ч юм алга гэж бодсон ч сэтгэлд нь таагүй санагдан,
- Хн! Чамд л сайн юм болж дээ!
Сяолю Хайтангийн хөлөөс сумыг нь хүчлэн суга татаж гаргаад Аняньд,
- Хурдхан өөрийнхөө сайн эмийг гаргаад ир гэж хэллээ.
Анянь фусан модоор хийсэн жижиг лонх гаргаж ирээд Сяолюд өгөөд,
- Дотор нь фусан цэцэг дэвтээсэн Тангү рашаан байгаа гэв.
Сяолю рашааныг Хайтангийн хөлийн шарх дээр асгахад рашаан шархны харласан махыг алгуур идэн, цаанаас нь шинэ цэвэрхэн мах ил гарч ирлээ.
Анянь бас нэгэн хаш лонх гаргаж ирэн Сяолюд өгөөд,
- Дотор нь далайн гүний болор агуйн ус, бас увдист өвсөөр хийсэн гэрлийн урсгалаар нисэн бүжигч үрэл байгаа.
Сяолю гурван үрэл дараалан бяцлахад үрэл хэдэн зуун ширхэг хөх ягаан өнгөтэй усны дусал болон хувирч, бүжиглэн нисэлдэх цох хорхойнууд шиг Хайтангийн шарх дээр эргэлдэн нисэлдсээр шарханд шингэн ороход шархнаас урсан гарах цус тэр дороо зогслоо.
Сяолю Хайтангийн шархыг боогоод,
- Болчихлоо гэж хэлэв.
Анянь санаа нь зовнин,
- Ах яасан бол? гэнэ.
Сяолю толгой сэгсрэн,
- Мэдэхгүй, бид одоо аль болох хурдан буудалласан газартаа эргэн очоод Рү Шөүгаар түүнийг хайлгах хэрэгтэй.
Сяолю Хайтанг үүрээд Анянд явцгаая гэж хэллээ.
Анянь хөл нь энд тэнд гишгэлэн Сяолюг даган явлаа.
Өтгөн манан дунд урдах зам сайн харагдахгүй, нуурын эргийн зам халтиргаа гулгаа ихтэй, алхам гишгэм бүртээ юун дээр гишгэлэн яваагаа мэдэхийн арга үгүй. Биеэ хөвчлөн удаан явсан Анянь их ядарч байлаа. Гэтэл сүнсний хүч сул Сяолю хүн үүрэн яваа хэр нь алхам бүр нь хүчтэй тэнцвэртэй, ядрахыг үл мэдэн явна. Манан яаж ч өтгөн байсан Сяолюгийн харах хараанд нөлөөлөхгүй байгаа мэт. Сяолюгийн тийн итгэл төгс алхан явах нь Аняньд нөлөөлж Анянь ч гэсэн түүнээс санаа зовон шүдээ зуугаад Сяолюгээс хоцрохгүй түүнийг даган явлаа. Могой мурилзан явах чимээ сонстсон ч Анянь шүдээ зуугаад нэг ч удаа айсан дуу гаргасангүй.
Сяолю налуу газарт ирээд манан доторх руу,
- Завьчин гуай хоёр дахин их хөлс төлье, Чишүй хотод хүргээд өгөөч гэж хашхиран хэллээ.
Гэтэл манан дундаас дуу гаран тэдэнд хариу өгч,
- За, түр хүлээгээрэй гээд улаан өнгийн гэрэл аслаа.
Сяолю Анянийг дагуулан улаан гэрлийг зүглэн явлаа. Хэсэг зуур явсны дараа эрэг дээр  нэгэн завь зогсож байхыг тэд олж харлаа.
Анянь завинд суугаад сэтгэл нь сая амран биеэ суллахад түүний хөл нь сулран бөгсөөрөө газар пад хийн уналаа. Тэгээд тэр Сяолю руу харан,
- Чи энд завь зогсож байгаа гэж яаж мэдсэн юм бэ? гэж гайхан түүнээс асуулаа.
Сяолю Хайтанг газарт зөөлөн буулгангаа,
- Өчигдөр бид урсгал сөрөн нуурт хүрч очсон. Тэгэхдээ би энд нэг завь зогсоод гал түлэн хоол хийж байхыг харсан юм.
Анянь гайхан түүнд итгэхгүйгээр,
- Ганц хараад л тогтоочихсон хэрэг үү? Чи биднийг ийм аюулд өртөнө гэж урьдчилан мэдээгүй биз дээ.
Сяолю намуухан инээмсэглэн,
- Байнга аюул осол дунд амь сөрөн явбал алив бүхнийг анзаарч тогтоож байхгүй бол болохгүй. Анзаарч тогтоох юм бол чамд амьд үлдэх боломж нэгээр нэмэгдэнэ гэсэн үг. Албаар түүнийг тогтоогоогүй ч гэсэн сурсан зангаараа анзаараад харчихсан байдаг юм.
Анянь Сяолюг хараад юм хэлсэнгүй.
Завьчин Сяолютай зөвлөн,
- Үүр цайх нь. Нар мандахаар манан арилна. Жоохон хүлээж байгаад хөдлөх үү гэж түүнээс асуулаа.
Сяолю түүнээс,
- Та багаасаа энд өссөн үү?
- Өвөг дээдэс минь бүгд л Чишүйд төрж Чишүйд үхэцгээсэн дээ.
- Эндээс уруудаад дан урсгал даган явна. Усны урсгал тогтуун байх шиг байна. Бид эсвэл урсгал даган хөвөн явъя. Тэгээд манан арилахаар хурдаа нэмье. 3 цагийн дотор Чишүйд хүрч чадвал би танд дахин мөнгө нэмэн төлье.
Завьчин хэсэг бодолхийлээд,
- За гэж хэллээ.
Завьчин завин дээрээ хоёр гэрэл нэмэн тавиад өөрөө завины толгойд зогсоод эргэн тойрноо анхааралтай харан явлаа.
Завь урсгал даган ойролцоогоор нэг цаг тогтуун хөвсний дараа манан алгуур арилж эхлэн зарим газар алаг цоог харагдаж эхлэлээ. Завьчин сэлүүрдэн хурдаа нэмлээ. Манан будан арилж эхэлснээр завь улам улам хурдан хөвж, манан бүрэн арилж алга болохоос өмнө тэд Чишүй хотод орж ирлээ.
Буудалласан газрын өмнө талд гол харагдаж байсан. Сяолю завьчинд замчлан явсаар завьчин завиа шууд буудлын өмнө авч залуурдаж ирэн зогсоолоо.
Завь зогсоолд бүрэн зогсож гүйцээгүй байхад Анянь чулуун шатан дээр үсрэн буугаад яарч сандран буудлын хаалгыг цохилоо. Сяолю завьчинд хөлсийг нь төлөөд Хайтанг үүрэн эрэгт гарлаа.
Хаалга нээсэн буудлын зарц Анянь Сяолю хоёрын зутарсан царайг хараад хурдхан хүн явуулж Рү Шөүг дуудууллаа.
Рү Шөү босоод ид угаалга хийж байснаа Хайтанг шархадсан гэж дуулаад тэр угаалга хийхээ больж яаран сандран гүйн гарч ирлээ. Анянийг шархдаж гэмтээгүй зогсож байхыг хараад тэр сая санаа нь амран Аняньд хандан,
- Чи байгаа газарт тайван байна гэж байхгүй гэж би мэдэж байсан юм аа. Хэрэг явдал жижиг үү том уу гэж л байхаас хэрэг төвөг гарахгүй байна гэж алга юм даа гээд тэр хойно зогсох зарц бүсгүйд үүрэг өгөн,
- Хайтанг өрөөнд нь оруул. Эмч дууд гэв.
Анянь Рү Шөүтай цэц булаалдахтай манатай,
- Жуан Шюй ах алга болчихлоо гэж хэллээ.
Рү Шөүгийн сая тэнийсэн хөмсөг дахин атирч мурийн,
- Юу болсныг надад нэгд нэгэнгүй хэл гэлээ.
Анянь тэд урд өдөр нь орой болохын өмнөхөн тэр нил ягаан хувцастай бүсгүйтэй таарснаас эхлээд орой түүнтэй дахин таарч хэрэлдэж муудалцсан хүртэлх бүхий л явдлыг өгүүлэн хэллээ. Сяолю Анянийг бүгдийг ярьж дуусахыг нь хүлээж байгаад,
- Сум тавьсан хүн бол Фанфөн И Ин гэж хэллээ.
Рү Шөү,
- Тэр тэнд байсан гэнэ ээ!
Анянь сандран тэднээс,
- Тэр тийм их нэртэй цуутай хүн юм уу? Би яахаараа сонсож өнгөрөөгүй байдаг билээ?
Рү Шөү түүнд,
- Чинчю залуу ноён Түшан Жиний сүйт бүсгүй гэж хэллээ.
- Тэр байсан гэнэ ээ! Анянь ширээ алгадан босон ирж,
- Би Түшан овогт очиж тэднээс асууя. Тэд Гао Шиний газар нутаг дахь бүх худалдаа арилжаагаа хаалгахыг хүсээ юу?
- Фанфөн авхай сум харвасан боловч, тэр бол нөгөө бүсгүйн төлөө л та нартай муудалцсан. Энэ хэргийг сөхөн ярих юм бол та нар тэр бүсгүй хоорондын хэрэг явдал болно. Тэгээд ч та нар өөрсдийгөө хэн гэдгийг хэлж дурсаагүй. Тэд та нарыг таньж мэдэлгүй шархдуулсан гэвэл тэднийг зэмлэн буруушаах аргагүй хэрэг байна хэмээн Рү Шөү өгүүллээ.
- Одоо хэний бурууг хайх нь чухал биш. Харин Жуан Шюй хаана байгааг олж мэдэх хэрэгтэй байна гэж Сяолю бас хэллээ.
Рү Шөү, Сяолю Анянь хоёр хандан,
- Фанфөн авхай гэдгийг нь мэдэж байгаагаас хойно тэр бүсгүйг хэн байсан гэдгийг хурдан олж мэдэж болно. Тэр бүсгүйг олчихвол ханхүү хаана байгааг мэдэж болно. Энэ хэргийг надад даатга. Та хоёр халуун усанд ороод сайхан амарч ав.
Анянь өрөөндөө очихоор явахад, Сяолю эргэн буцаж хаалганы хажууд Рү Шүөг тосон хүлээлээ.
Рү Шөү түүнийг хараад зогслоо. Тэр Сяолюг хэн гэдгийг нь мэдэхгүй ч Цагаан хаан түүнийг замд гарахын өмнө дуудан ирүүлээд зам зууртаа Сяолюг сайн анхааран халамжилж яваарай гэж зориуд захин хэлсэн билээ. Рү Шөү ёсорхог эелдгээр түүнээс,
- Ноёнтон та надад ямар нэгэн зүйл хэлэх гээ юу? гэж асуулаа.
Рү Шөү бол Гао Шиний сайд хүн. Зарим нэгэн зүйлийг түүнд шууд хэлэх нь зохимжгүй тул,
- Фанфөн авхайгаас болгоомжлоорой, надад тэр сайн найзынхаа төлөө л ингэсэн гэж бодогдохгүй байна. Тэр Анянь Жуан Шюй хоёрыг хараад таньсан байх гэсэн хар надад төрөөд байна гэхээс өөр зүйл хэлж чадсангүй.
- Би анхааралдаа авлаа. Мэдээ гармагц би хүн явуулж ноён танд мэдэгдэмз.
Сяолю Рү Шөүг мэхийн хүндэтгээд баярлалаа гэж түүнд хэллээ.
Сяолю усанд ороод гарч ирсний дараа түүний нойр нь хүрэхгүй байлаа. Жуан Шюй, Фанфөн И Ин, Түшан Жин, Шянлю ... бүх хүн түүний нүдний өмнүүр жирэлзэн харагдах шиг болж, эргэцүүлж бодсоор байтал түүний толгой хагарах гэж байгаа мэт өвдөн шархирлаа.
Сяолю өөрийгөө санаагаа дэмий зовоож, хэрэггүй зүйл бодож тамираа барж байгааг мэдээд, ингэж байхаар сайхан унтаж амраад Рү Шөүгаас мэдээ хүлээж байгаад Рү Шөүтэй хамтран цаашид яах ийхээ төлөвлөе гэж шийдээд нэг эмийн үрэл гарган идээд, эмийн нөлөөнд автан ухаан балартан унтлаа.
Унтаад сэрэхэд үд болсон байлаа. Сяолю хоол идэхээр гараад Анянийг цонхны дор алмайран гөлийн сууж байхыг олж харлаа. Түүний нүд нь гархилаад өглөөнөөс хойш огт унтаагүй шинжтэй.
Сяолю ширээнд суугаад толгой бөхийн юм идэж эхэллээ. Анянь түүнийг уурсан том харж,
- Ах чамд муу хандаагүй. Тэр одоо сураг ажиггүй алга болсон байхад чиний хоолойгоор хоол давж орж байна гэж үү?
Сяолю арга барагдан түүнээс,
- Идэхгүй, унтахгүй байвал тэр буцаад ирэх юм уу?
- Хүйтэн сэтгэлтэн гэж Анянь түүнийг зүхлээ.
Сяолю түүнийг бухимдалтай байгааг мэдээд элдэв юм хэлсэнгүй өөрийнхөө хоолыг идэн суусаар.
Анянь цонхоор харан хэсэг байзнаад,
- Би ядаргаатай байна уу? Хэрэв би дураар аашлаагүй бол өчигдөр орой маргаан гарахгүй байлаа гэж тэр нам дуугаар хэллээ.
- Хэрэг төвөг удах чинь хөөрхөн бүсгүйн онцгой эрх дарх. Эмэгтэй хүн хэрэг тарихгүй бол эрэгтэй хүн хэрхэн мундаг сүртэй харагдах билээ? Өчигдрийн хувьд бол чи байгаагүй ч гэсэн хэрүүл маргаан хаашдаа үүсэх байсан.
- Нээрээ гэж үү?
- Тэгэлгүй яахав, би ч гэсэн тийм онгироо зарцад шарсан загасаа яагаад ч худалдахгүй байсан.
Аняний сэтгэл арай аятай боллоо. Сяолю түүнээс,
-Гэхдээ чи чинь Гао Шиний хүн, яагаад усанд сэлж чаддаггүй юм бэ? гэж асуулаа.
Анянь хулган байж,
- Ээж минь их аймхай, тэр намайг их зовж байж төрүүлсэн. Намайг усанд эндэх вий гэж айгаад намайг ердөө усанд сэлүүлдэггүй байсан. Тэгээд багадаа сэлж сураагүй. Сүүлд том болоод усанд орохоос ичээд сураагүй юм. Тэгээд ч би усанд сэлэх угаас дургүй тэгээд л сэлж суръя гэж бодоогүй. Анянь яагаад сэлж сураагүй тухайгаа дахин нэмж тайлбарлан хэлэх гэтэл гаднаас Рү Шөү орж ирэн тэдний яриаг тасалдууллаа.
Анянь хурдхан босоод,
- Ахыг олсон уу? гэж түүнээс асуулаа.
Рү Шөү Сяолюд мэхийн ёсолсны дараа,
- Жуан Шюй вантан ямар ч аюул осолд өртөөгүй сайн байгаа. Та хоёр түүнд санаа зовсны хэрэггүй.
-Тэр хаана байна?
-Чишүй овгийн өргөөнд.
Анянь үл ухан гайхаж,
- Яагаад Чишүй овгийн өргөөнд байдаг билээ?
- Өчигдөр та нартай маргалдсан тэр авхай бол Шэнь Нун Шинь Юэ. Бага ноён Жу Руны охин. Одоогийн Чишүй овгийн тэргүүний зээ охин, ирээдүйн Чишүй овгийн тэргүүний охин дүү болох бүсгүй.
Аняний царай зэвхийрэн сонин болж уураа хаашаа гаргахаа мэдэхгүй ширээн дээр байсан аяга тавгийг бүгдийг ширвэн унагалаа.
Рү Шөү Сяолю хоёр царай нь хувиралгүй сэтгэл түвшин зогсоцгооно.
- Ямар сонин юм бэ? Энэ Шэнь Нун Шинь Юэ бүсгүй Шэнь Нун овгийн шууд угсаа хэр нь яагаад түүний ах нь Чишүй овгийн ирээдүйн тэргүүн болдог билээ? гэж Сяолю аяархан асуухад Рү Шөү бас аяархан дуугаар түүнд хариулан,
- Бага ноён Жу Рун,  Чишүй овгийн тэргүүний ганц охин Чишүй Сяо Ег эхнэр болгон авсан. Чишүй овгийн тэргүүн, бага ноён Жу Руны хадам эцэг болохоос гадна бас түүний авга ах болно. Тэр бага ноён Жу Рунд их тус дэм үзүүлсэн. Бага ноён Жу Рун түүнийг төрсөн эцэг шигээ үздэг. Бага ноён Жу Рун өмнө нь Чишүй овгийн ахлагчид ам андгай өгөн хожим хэрэв хүү охинтой болбол нэг хүүгээ заавал Чишүй овгоор овоглоно гэж түүнд амласан гэдэг. Хожим нь Чишүй авхай луу, галт шувуу ураг тээж эрэгтэй эмэгтэй ихэр хүүхэд төрүүлсэн. Хүү нь төрсөн цагаасаа л Чишүй овгийн ирээдүйн тэргүүн болох нь тодорхой болж Чишүй овгийн тэргүүний дэргэд өсөж хүмүүжсэн юм. Өчигдөр та нарын харсан тэр усан онгоцыг Шэнь Нун Шинь Юэ авхай өөрөө зургийг нь гаргаж, ах нь түүнд хийж өгсөн гэсэн.
Сяолю нам дуугаар үргэлжлүүлэн түүнээс асууж,
- Шэнь Нун авхай тийм том гэр бүлээс гаралтай юм бол бид түүнд осолдсон байхад Жуан Шюй яагаад түүний өргөөнд байж байдаг билээ?
Рү Шөү санаа алдаад нам дуугаар түүнд ийн хэллээ.
- Би ч гэсэн мэдэхгүй байна. Би зөвхөн ханхүү ямар нэгэн аюул осолд өртөөгүй байгаа гэж л хэлж чадна.
Анянь ширээ цохин, дуу алдаж,
- Чи түүнтэй өөртэй нь уулзсан юм уу? Тэд нар түүнийг аюулгүй байгаа гэхээр л аюулгүй болчихдог юм уу?
- Би мэдээж санаа амралгүй заавал Жуйн Шюйтэй өөртэй нь уулзана гэсэн. Чишүй овгийн хүмүүс ч надад төвөг удалгүй намайг түүнтэй шууд уулзуулсан. Вантан мөрөндөө сум харвуулаад бас нуурын гүнд нэлээн удаан живсэн тул түүний царай нь жоохон тиймхэн байсан. Гэхдээ бусдаар бол ямар ч асуудалгүй. Вантан өөрөө надад санаа амар бай гэж хэлээд намайг эхлээд буцан яв, тэр шархаа эдгэсний дараа эргэж ирнэ гэж хэлсэн.
Анянь,
- Тэд нар мэдээж ахыг хэн гэдгийг нь мэдсэн байх. Тэгээд Шар хаан манай аав хоёрт эндэгдэл болуузай гээд найр тавин долигонож байгаа байлгүй гэж хүйтнээр ёжлон өгүүллээ.
Рү Шөүгийн уруул нь хөдлөөд нэг зүйл хэлэх гэснээ азнан болилоо. Анянь дахин ширээ цохиж,
- Хэлэх гэсэн юм байвал шуудхан хэл! гэлээ.
Рү Шөү хамрынхаа үзүүрийг илэн, аяархан дуугаар ийн өгүүллээ.
- Миний харахад тэд вантны хэн болохыг мэдэхгүй байх шиг. Вантан өөрийгөө Цагаан хааны холын садны хүн гэж хэлсэн байсан. Тэд түүнийг Гао Шиний дөрвөн овгийн нэг Хөх луу овгийн удам угсаа гэж үзэж байх шиг байсан.
Цагаан хааны эхийн тал бол өндөр дээд Хөх луу овгоос гаралтай. Рү Шөү ч гэсэн Хөх луу овгийнх. Тэр бол Цагаан хааны үеэл дүү, Цагаан хааны жинхэнэ ёсны хамаатан хүн билээ.
Анянь дахин уурлан ширээ цохиж, амаа ангалзуулан нэг юм хэлэх гэсэн боловч юу гэж хэлэхээ мэдэхгүй хэсэг алмайраад гэнэт огцом босон ууртайгаар өрөөнөөс гаран явлаа.
Сяолю Рү Шөүгаас,
- Фанфөн авхайтай таарсан уу гэж асуулаа.
- Таарсан. Би чухам түүнээс л та нартай маргалдсан авхай бол бага ноён Жу Руны залуу эзэгтэй гэдгийг мэдсэн. Фанфөн авхай тун их ёсорхог найрсаг байсан. Тэр надаас уучлал эрэн та нарыг Цагаан хааны томилон илгээсэн хүмүүс гэж мэдээгүй гэж надад хэлсэн. Гэхдээ хэтэрхий ёсорхог найртай байсан болохоор би харин ч түүнийг ... гээд Рү Шөү толгой сэгсрэн,
- Ямартай ч дараа вантанд түүнээс болгоомжилж яв гэж сануулан хэлье. Ил жаднаас сэргийлэх амархан, далд сумнаас хамгаалах хэцүү. Фанфөн авхай бол Дахуанд нэг хоёрт орохуйц нууц зэвсэг хэрэглэхдээ гарамгай хүн.
- Тухайн үеийн байдлаас харахад Фанфөн авхай мэдээгүй дүр эсгэж байгаад Жуан Шюй вантанг цааш нь харуулъя гэж төлөвлөсөн нь тодорхой. Гэвч гэнэт ямар нэгэн юм болоод Шэнь Нун авхай түүнийг хориглож, Жуан Шюй вантанг аварсан байх гэж Сяолю хэллээ. Сяолю Шэнь Нун авхай өрөвч зөөлөн сэтгэл гаргаж Жуан Шюйг аварсан гэж бодохгүй байлаа. Иймэрхүү эрх мэдэл атган төрсөн авхай, ноёд бага залуу наснаасаа л хүний үхэл амьдралыг шийдээд дасчихсан байсан. Тэдэн шиг хүмүүс өчүүхэн дорой хүний амь насыг чухал зүйлд боддоггүй билээ. Тэднийг хүйтэн сэтгэлтэй гэж байгаа юм биш, зүгээр л тэдний төрж өссөн орчин тэднийг ийм байдалд дасгачихсан байдаг. Яг л мөнгөтэй хүний хувьд мөнгө нэг их чухал зүйл, өлсөж өлбөрч үзээгүй хүн хоол хүнс ямар чухал гэдгийг мэддэггүйтэй адил.
Рү Шөү аяархан хоёр ханиалгаад,
- Үнэндээ, би хүн явуулж яг юу болсныг тандуулсан.
Сяолюд түүний тэгж хэлэх нь сонин жигтэй санагдсангүй. Чишүй шиг ийм овгийг Цагаан хаан хараанаасаа гадуур байлгана гэж байхгүй. Яг жинхэнэ нууц нарийн хэргийг тандаж мэдэхгүй байж болно. Гэхдээ үүн шиг маргаан мэтгээн болоод өнгөрсөн хэргийг бол юу болоод өнгөрсөн тухайг нь олж мэдэхэд хэцүү биш байх учиртай.
Рү Шөү түүнийг чимээгүй харах Сяолюгийн төлөв төвшин царай, өөрөө эхэлж асуулт тавихгүй байхыг нь хараад сэтгэл дотроо түүнийг их тоон Цагаан хаан Жуан Шюй хоёр түүнийг өөр нүдээр харах нь аргагүй юм байна гэж дотроо бодлоо. Тэгээд тэр,
- Хэрэг гарах үед завин дээр байсан зарцын хэлснээр бол, завин дээр байсан дагуулууд бага ноён Жу Руны гаргасан журамд баригдаад намрын тэмцээний үеэр хэрэг төвөг тарьж чадахгүй, хамаагүй хөдөлж болохгүй байсан. Гэхдээ тэд нууцаар Фанфөн авхайд тусалсан. Вантан усанд сэлж чадахгүй болохоор тэдэнд дийлдэн Фанфөн авхайн суманд оногдсоны дараа усанд живэн алга болсон гэнэ. Шэнь Нун авхай уг нь тэндээс холдон явах тушаал буулгасан боловч энэ үед нуурын мандалд нэгэн лимбэ хөгжим хөвөн гарч ирсэн гэнэ. Шэнь Нун авхай тэр лимбийг хараад, зарцын хэлснээр бол авхай зогтусан гайхаад гэнэт усанд үсрэн орж вантныг нуурын гүнээс авран гаргасан гэнэ.
Сяолю хоёр гараараа эрүүгээ бариад гайхсандаа алмайран мэлэрлээ.
Рү Шөү түүнийг хэсэг хараад түүнээс,
- Чи юу бодож байна гэж асуулаа.
Сая Анянь нуурын дээрх ятга хөгжим лимбэтэй хоршин тоглосон тухай түүнд хэлээгүй боловч Рү Шөү тэр тухай мэдсэн аятай байлаа. Сяолю Рү Шөүд юу болсон тухай нарийн сайн ярьж өгөөд,
- Би тэр Шинь Юэ авхайг ятга сайн тоглодог болов уу гэж бодож байна. Хэрвээ Шэнь Нун Шинь Юэ, Жуан Шюйтэй хослон хөгжим тоглосон хүн мөн бол тэр лимбийг хараад Жуан Шюйг аварсан гэдэг нь үнэний ортой байж магадгүй юм.
- Түүнийг хөгжим сайн тоглодог эсэхийг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ язгууртан овгийн залуус их бага ямар нэгэн хэмжээгээр хөгжим тоглож сурсан байдаг.
Сяолю инээмсэглээд суниан дээш босоод,
- Би явж дахиад унтлаа гэж хэлээд хаалгаар гаран явах гэснээ гэнэт нэгэн зүйл санасан бололтой,
- Түшан овгийн тэр Фанфөн авхай ирсэн үү гэж түүнээс үгийн далимд асууж байгаа өнгөөр асуулаа.
- Жин ноён бас ирсэн байна билээ.
Сяолю тоосон өнгөгүйгээр,
- Аан гэж хэлээд өрөөнөөс гаран явлаа.
Өглөө эм уун нойроо хүчээр хүргэн унтсан тул сайн амарч чадаагүй. Үдээс хойших энэ унтлага бол харин сайхан бөх нойрслоо. Сяолю унтсаар оройн хоол идэх болоход сая сэрэн бослоо. Өдөржин унтаж бас хөдөлгөөн хийгээгүй болохоор хоол идэх дур хүрэхгүй байсан тул оройн хоол идсэнгүй нэг таваг жимс аваад гудамжинд сууж байгаад жимсээ идлээ.
Намрын сэрүү орсон боловч тийм их хүйтрээгүй, намрын салхи таатай үлээн найртай сайхан мэдрэмж төрүүлнэ.
Анянь бас хоол идэх дур хүрэхгүй Сяолюг жимс амтархан идэхийг нь хараад өөрөө бас нэг таваг жимс авч ирэн түүнээс зайдуу суугаад жимсээ идлээ.
Сяолю түүний харлаж хөхөрсөн нүдний уутыг харахад, тэр харваас үдээс хойш унтаж амраагүй бололтой.
- Шивэгчин бүсгүйд хэлээд исгэлэн чавганы яс хандлуулж уу, араас нь нэг аяга хонины сүү уучих. Тэгвэл шөнө сайхан унтаж чадна.
Анянь жимсээ идсээр юм хэлэхгүй сууна.
Рү Шөү тэдэн дээр ирээд,
- Өнөөдрийн үдийн тэмцээн ёстой сонирхолтой боллоо. Та хоёр маргаашийн тэмцээнийг үзэх үү? Аль овгийн тэмцээнийг үзмээр байна надад хэлчих би зохицуулъя гэж инээмсэглэн тэдэнд хэллээ.
Анянь хэсэг бодоод,
- Тэгье, Гао Шиний дөрвөн овгоос Чишүй овогтой хийх тэмцээн байна уу? Би очиж үзмээр байна.
Рү Шөү,
- Байх нь ч байгаа шүү гэж арга барагдан инээмсэглэн хэллээ.
Сяолю сүнсний хүчээ алдсанаас хойш иймэрхүү алалцаж талалцсан зүйлд огт сонирхолгүй болсон тул Жуан Шюйд хань болон тэмцээн үзэх хэрэггүй боллоо гэж бодон дотроо баярлан байсан тул хурдхан гараа савчин,
- Би өдөр хэтэрхий их унтчихаж, өнөө шөнө их орой болтол сэрүүн байх нь тодорхой. Маргааш үдээс хойш л сэрнэ байх. Та нар явж үзэцгээ, намайг битгий анхаар гэлээ.
- Намрын тэмцээн 6 хоног үргэлжилдэг. Маргааш үзэхгүй байсан ч дахиад 4 хоногийн тэмцээн байгаа. Тэмцээн хойшлох тусмаа л илүү сонирхолтой болно. Чи маргааш сайхан унтаж амар, яарсны хэрэггүй гэж Рү Шөү хэллээ.

📍Орчуулагчийн тайлбар
🌸Шинь Юэ
馨悦 Xin Yue
Тансаг сайхан үнэр алсын алсад тархан үнэртэнэ гэсэн утгатай.
👫Луу, галт шувуу ураг
龙凤胎
Эрэгтэй эмэгтэй ихэр ураг. Хятадад эр хүнийг луугаар, эм хүнийг галт шувуугаар төлөөлөн хэлдэг.

Хятад кино ярилцъя бүлгээс дараагийн хэсгүүдийг уншаарай.

Үүрд Чамайгаа Үгүйлэн СананаWhere stories live. Discover now