Цуглан суух хэцүү бутран тарах амархан хэмээх дөрөв дүгээр бүлэг 3/3

22 5 0
                                    

Сяолю эрэгт мацан гараад, шалба норсон хүн хашааны хаалгаа түлхэн гэртээ оров. Гал зууханд сууж байсан Арвандолоо түүний ирэхийг мэдээд түргэхэн гарч ирлээ. Сяолю түүн рүү харан инээмсэглээд,
- Халуун шөл байна уу? Уух юмсан.
- Байна.
Сяолю өрөөндөө ороод, хувцсаа тайлан биеэ хааш яаш арчсан болоод, цэвэр хувцас сольж өмсөөд, цэвэрхэн дулаахан хөнжилдөө шурган орлоо.
Арвандолоо аягатай халуун шөл барин орж ирэхэд Сяолю хөнжлөөрөө биеэ хулмайдаад хагас босон суув. Халуун шөлөө бага багаар оочлон уухад, түүний таван цул зургаан сав нь халуу дүүгээд ирлээ.
Арвандолоо алчуур аваад түүний үсийг арчих гэхэд Сяолю толгойгоо өргөөд нүдээ аньлаа.
Арвандолоо түүний хүзүү рүү анхааралтай хараад үнсэлтийн ором байхгүйд өөрийн мэдэлгүй инээмсэглэнэ. Арвандолоо түүний үсийг арчиж, хатааж дуусаад түүнээс гар салгамгүй санагдаж сам аван Сяолюгийн үсийг самнаж эхлэв.
- Чи намайг ингэж даврааж болохгүй, хэрэв би дасаж орхиод, харин чи яваад өгчихвөл, би яах болж байна? гэж Сяолю аяархан хэллээ.
- Би хаашаа ч явахгүй.
Сяолю инээмсэглэнэ. Амлалт өгдөг хүн мянган түмээрээ. Амлалтандаа хүрдэг хүн бол эрж сураад ч олдомгүй байдаг хорвоо. Хэрвээ тэр зөвхөн Арвандолоо бол магадгүй бүх зүйл амар хялбар байхсан. Гэвч тэр зөвхөн Арвандолоо биш.
Хуйчүнь домчийн газарт Сан Тянэр хэмээх нэгэн эмэгтэй хүн нэмэгдсэн боловч харахад бол онцын өөрчлөлт гараагүй мэт.
Хөгшин Мү урьдын адил гал хөсөө хариуцна, Сан Тянэр түүнээс хоол хийхийг заалгаж суралцана. Гэвч түүнд хоол хийх авяьасыг тэнгэр дутуу өгчээ. Шорлог өөрийнхөө хувцсыг өөрөө угаадаг хэвээр. Учир нь Сан Тянэр түүний хувцсыг угаахдаа гурав дараалан хувцсыг нь сүйтгэжээ. Тянэр Шорлог хоёрын шинэхэн амьдрал ийнхүү бүтэлгүйхэн эхлэлээ. Гэвч Тянэр ихэд хичээнгүйлэн суралцаж, Шорлог ч түүнийг гэх сэтгэл нь ид халуун янаг дээрээ яваа тул түүний бүхий л зүйлийг ойлгож уучлана. Хос хоёр бал бурам мэт халуухан, эвтэй найртайгаар өдөр хоногийг өнгөрөөнө.
Арвандолоо урьдын адил үг дуу цөөтэй хэвээр ч ажил төрлөө гавшгайлан хийнэ. Сяолю урьдын адил хааяа хааяа цоглог сэргэлэн байж, хааяа хааяа хүчгүй сулбайна.
Зуны нэгэн аагим халуун өдөр, бүгд халуунаас дайжин гэртээ бүгэцгээж гудманд ч хүн цөөтэй өдөр байлаа.
Домчид хандах хүн үгүйд Сяолю байшингийн сүүдэрт тухлаад, дэвүүрээр нүүрээ сэвүүрдэн гудмыг гөлрөн харж суулаа.
Нэгэн гоёмсог морь тэрэг гудамжаар өнгөрхөд, салхи гарч тэрэгний хөшгийг ярахад тэргэн дотор сууж байсан бүсгүйн төрх ил гарлаа. Сяолю хөөрхөн бүсгүй байна гэж бодон морь тэргийг яван өнгөртөл түүнийг дагуулан харлаа.
Морь тэрэг үнэт эдлэлийн дэлгүүрийн урд зогсход, тэр бүсгүй алгуур тэрэгнээс буулаа. Дэлгүүрийн эзэн Юй Шэнь хаалган дээрээ угтан тосоод хүндэтгэлтэйгээр түүний амрыг эрнэ. Юй Шэнь бол Чиншүй тосгонд нэлээн нэр хүндтэй хүн. Үнэт эдлэлийн дэлгүүрийн ашиг орлого их гэдэгтээ биш, харин энэ гудамны дэлгүүр мухлаг тэр чигтээ түүний гэрийн өмч харьяа учраас тэр энэ гудмандаа эзэн мэт нэр нөлөөтэй. Хуйчүнь домчийн газрын байр ч гэсэн түүнийх. Хөгшин Мү жилдээ нэг удаа үнэт эдлэлийн дэлгүүрт очин байрны түрээсээ түүнд гардуулан төлдөг билээ.
Чиншүй тосгон харахад бол цацсан элс мэт замбараагүй санагдавч, үнэндээ бол хаа хамаагүй асгаж орхисон элс шиг биш. Юй Шэнь хэдий яам тамгын газраас томилсон албаны эрхэм биш боловч түүний нэр нөлөөгөөр Чиншүй тосгоны дүрэм журам зохицуулагдаж явдаг гэхэд хилсдэхгүй. Тодорхой шалтгааны улмаас чухам Юй Шэнь л Чиншүй тосгоны эзэн ван мэт байж бүх хүн түүнийг хүндэтгэн харьцдаг билээ.
Тиймээс тэр хүн өөр нэгэн хүнд мэхийн ёслоод, ёслох ёслохдоо бүр хүндэтгэлтэй нь аргагүй бөхийн ёслохыг хараад гудамжинд байсан хүмүүс бүгд гайхаж хоцров. Хүмүүс энэ талаар яриа өрнүүлхийг хүсэвч элдэв дэмий үг хэлэлцхээс бас айна. Тэднийг үргэлжлүүлэн хараад байхыг хүсэвч харж бас чадахгүй бүгд царай нь сонин болцгоож тэр өдрөөс хойш гудамж тэр аяараа хувьсан өөрчлөгдлөө.
Сяолю гайхахаас гадна, энэ хэрэгт бас гойд анхаарал хандуулна. Хуйчүнь домчийн газар бол түүний хорь гаран жил амьдран суусан орон гэр. Тэр цаашид ч гэсэн энд үргэлжлүүлэн амьдран суухыг хүснэ. Сяолю эргэн тойрны хөрш, саахалтынхандаа аюулын дуртай тул, энэ газарт томоохон өөрчлөлт гарахыг хүсэхгүй байлаа.
Дараа өдөр нь Юй Шэнь зарим нэгэн дэлгүүр мухлагаа буцааж хураан авах болж байна гэсэн мэдээ тархлаа.
Хөгшин Мү - Ай хэмээн санаа алдаж, сүнс сүүдэргүй нэгэн болж орхив. Шорлог Тянэр хоёр ч сэтгэл нь үймэн сандрана. Гахай нядлагч Гао хаанаас сонссон байгаа юм, хов жив дуулаад тэдэнд хэлэхээр зориуд гүйн ирлээ. Голтой ойр байрлах Хуйчүнь домчийн газрыг Юй Шэнь эзэн хураан авах санаатай байгаа гэж тэр сонсчээ.
Хөгшин Мү уурандаа бачуурч хараал ерөөл урсгана. Анх түүнийг энэ газрыг түрээслэн авах үед эндэх газар бол ердөө нэг хаягдсан зэлүүд газар байсан. Бүхий л хүчин зүтгэлээ гарган байж энэ газрыг тордож босгосон билээ. Гэтэл одоо энэ Чиншүй тосгоны хагас эзэн ванг тэр яаж ч сөрөх аргагүй байдалд орж, Хөгшин Мү шөнөжин унтаж ч чадахгүй санаашрахаас өөрийг хийж үл чадна.
Сяолю усанд дуртай, эндээс холдмооргүй байгаа тул тэр Чиншүй тосгоны хагас эзэн ноён Юй Шэньтэй уулзаж ярилцхаар шийдлээ.
Сяолю энэ хэргийг гойд чухалчилж, аятайхан хувцаслаж бэлдээд гарах гэтэл Арвандолоо түүнийг энэ хэрэгт их анхаарч байгааг нь анзаараад яах гэж зэхэж буйг нь мэдэхгүй ч түүнийг гарахад араас нь даган хамт явлаа.
Сяолю үнэт эдлэлийн дэлгүүрт очин Юй Шэньтэй уулзах зөвшөөрөл хүсэхэд, Хуйчүнь домчийн газрын домч уулзах зөвшөөрөл хүссэн гэж сонсоод Юй Шэнь хүн явуулан тэднийг урин дотогш орууллаа.
Тэд арилжаа наймаа эрхлэн явуулдаг урд өргөөг өнгөрөөд арын хашаанд нь орлоо. Хашааны том жижиг нь бол жирийн нэгэн хэмжээтэй. Гэвч сайхан засаж тохижуулсан байх тул жинхэнэ хэмжээнээсээ илүү цэлгэр том харагдах аж. Урсах горхи дээгүүр жижиг гүүр тавьж, хиймэл уулс сүндэрлүүлээд, модны мөчир сараалжлан, усанд нь загас хөвөн наадна. Хулсан зам мушгиран, замыг даган явахуйд хоёр хүн давхарласны дайтай өндөр усан цутгалан хуахуа цутгаж, түүнээс цацрах усан бөмбөлөгүүд сувдран нисэлдээд аагим зуны халууныг үдэн хөөх мэт таатай.
Цэцгээр чимэглэсэн өргөөнд ороход, Юй Шэнь хоймортоо суугаад, Сяолюд мэхийн ёслоход, Арвандолоо ч түүнийг амрыг мэдлээ.
Юй Шэнь суусан хэвээр гараар дохин тэднийг бас суухыг урьлаа.
- Юй эзэнтнийг зарим дэлгүүр мухлагаа буцаан авах гэж байгаа хэмээн сонсоод тань дээр зорьж ирлээ хэмээн зорин ирсэн хэргээ тайлбарлав.
Юй Шэнь дээр залрах хүмүүсийн гаргадаг хүйтэн хөндий боловч товч бөгөөд тодорхой өнгөөр,
- Тийм ээ, танай Хуйчүнь домчийн газрыг бас буцаан авах санаа байна.
Сяолю түүнд тал засан инээж,
- Хаашдаа л өөр хэн нэгэнд түрээслүүлж таарна шүү дэ. Миний санаагаар бол бидэнд үргэлжлүүлээд түрээслүүлчихгүй юу, түрээсийн төлбөрийн тухайд бол бид дахин ярилцаж болно. Түрээс нэмсэн ч асуудалгүй.
Юй Шэнь Сяолюг түүнтэй мөнгөний талаар хэлэлцэж байгааг инээдтэй зүйл гэж үзэн, бага зэрэг мушийн, харахад ёсорхог боловч нүдэндээ тодрох үл тоомсорлолыг нууж дийлэлгүй,
- Ганц нэг мухлагийн түрээсийн мөнгө байтугай, энэ гудамны бүх дэлгүүр мухлагийн түрээсийг нийлүүлсэн их мөнгөний тухайд байсан ч надад чухалтай биш.
Сяолю арилжаа наймаа хийдэг төрлийн хүн биш тул, энэ үгэнд нь тулгамдан хариу хэлж эс дийлэн, хэсэг бодлогоширсний эцэст арай хийн,
- Юй эзэн тэгээд манай мухлагийг буцааж аваад оронд нь юу ажиллуулах гэж санах юм? хэмээн асуулаа.
- Чи бол Чиншүй тосгонд хорь гаран жил амьдарсан хүн. Би чамд үнэнийг өгүүлье. Би бол жирийн нэгэн зарц барлаг төдий хүн. Манай эзэн ноён бол их баян хүн. Нэг дэлгүүр мухлаг байтугай, Чиншүй тосгоны бүх дэлгүүр хоршоог тэр чигт нь хэрэггүй дэмий хоосон байлгасан ч хотойх зүйл үгүй баян хүн. Байраа түрээслэх эсэхийг түүний хүсэл зоргоор л шийдэх болно хэмээн Юй Шэнь хэлээд дахин тэдэнтэй ярих зүйл байхгүй боллоо гэж үзээд доод хүндээ зочныг үдэн гарга гэж хэллээ.
Сяолю толгой гудайж санаа алдан удаанаар алхална. Хэрэв арга чарга хайж, хорон санаа сэдье хэмээвээс арга сийлж бас болохсон. Гэтэл байр нь хүний мэдлийнх байдаг. Эзэн нь  байраа буцааж авна хэмээх нь аргагүй тэнгэр газрын ёсон тул тэр яах ч аргагүй болж мухардлаа.
- Зогс гэсэн эмэгтэй хүний дуу гэнэт дээд талын өргөөнөөс гарлаа.
Сяолю томоотой зогсоод тэргүүн өргөн дээш харахад тэр нэгэн өдөр морь тэргэнд сууж байсан хөөрхөн бүсгүй харагдлаа.
Арвандолоо харин зогсолгүй үргэлжлүүлэн урагшаа явсаар. Тэр бүсгүй сандран хэдэн алхам гүйгээд, шатан дээрээс шууд нисэн бууж ирлээ. Нисч буугаад Арвандолоог тэврэн авч, нулимс асгаруулан байж, - Залуу ноён... залуу ноёнтоон хэмээнэ.
Арвандолоо цэх шулуун хэрнээ хөшин зогсоод, арагш үл харна. Бүсгүй түүний өлмий дор уйлан унаж, - Бүгд залуу ноёнтныг үхсэн гэлцэнэ. ... бид харин итгээгүй! Есөн жил болжээ! Есөн жил өнгөрхөд ... тэнгэр намайг харж үзэж боол надад таныг эрж олох завшааныг олгожээ!
Бүсгүйн уйлах дууг сонсоод Юй Шэнь дайран гарч ирээд бүсгүйг Арвандолоогийн өлмийд сөгдсөн байхыг хараад тэр ч бас даган сандран сөгдөж суулаа.
- Залуу ноён минь, та юунд үг хэлэхгүй байна вэ? Би Жин Е шивэгчин чинь байна шүү дэ. Та мартчихсан гэж үү? Бас Лан Шян шивэгчин байна. Та биднийг урьд нь намуун шөнийн анхилам цахирмаа гэж дооглон нэрлэдэг байснаа санаж байна уу ... Юй Шэнь, настан эзэгтэйд хурдан захидал илгээ, хоёрдугаар залуу ноёныг оллоо гэж бич. ... Залуу ноёнтон минь, та арай настан эзэгтэйг ч мартаж орхисон биш биз дээ...
Арвандолоо Сяолю рүү эргэж харахад тэдний хоорон дахь хэдхэн алхмын зай одоо бол тэнгэр газрыг зааглах зааг мэт алс хол санагдан Арвандолоогийн харц нь гунигаар дүүрлээ.
Сяолю түүн рүү алтан нарны цацраг мэт мишээн инээж, алхам алхмаар ойртон очоод, ямар нэгэн юм хэлэх гэсэн боловч жирийн үед гаргадаг ам хэл нь гүйцэгддэггүй байдал нь ор тас алга болж, харин бүүр илүү чангаар инээхийг хичээж, энэ явдлыг огт тоохгүй байгаа мэт гараа хаялан, - Чи гэр орны асуудлаа аажуу цэгцэл, би явлаа! гэж инээн хэллээ.
Сяолю Хуйчүнь домчийн газраа эргэн ирэв.
Шорлог, Сан Тянэр хоёр түрээслэх өөр байр хайхаар явжээ. Хөгшин Мү өөр зүйлд анхаарал хандуулах тэнхэлгүй, чулуун довжоон дээрээ санаа алдан сууна.
Сяолю Хөгшин Мүгийн хажууд суугаад, хашааны гаднахыг чимээгүй харна.
Хөгшин Мү алмайрсан байдалтай,
- Хорь гаран жил энд амьдарчээ, үнэхээр сэтгэл хоргодох юм даа гэлээ.
Сяолю бас алмайран,
- Зүгээр дээ, бид энд хэдий удаан суухыг хүснэ төдий удаан сууж болно. Түрээс төлөхгүй гэсэн ч хэнбугай ч бидэнд үг хэлэхээсээ өнгөрсөн.
Хөгшин Мү алмайран хэсэг азнаад гэнэт түүний юу хэлснийг ухааран,
- Чи Юй эзнийг ятгаж дийлээ юу?
- Тийм гэх үү дээ.
Хөгшин Мү тэнгэрт хандан залбирч, - Тэнгэр бурхандаа баярлалаа.
- Та санаа амар бай. Би танд заавал хань болж үлдэх болно. Таныг асарч тэтгэсээр эцсийн замд тань үднэ. Би таныг үхэн үхтэл хамт байж, таныг ганцааранг тань гансруулан уйдааж, түших тулах хүнгүй үлдээхгүй. Харин хэн надад үхтэл минь хань болно доо ... хэмээн Сяолю гансран өгүүллээ.
Хөгшин Мү түүнийг хүчтэй сэгсрэн,  -Дахиад л дэмийрч эхлэв үү!
- Хөгшин Мү, та л найдвартай хүн юм даа!
Хөгшин Мү түүний толгойг илээд, - Манай Сяолю сайн хүн, бурхан тэнгэр чамайг харж үзэж л таараа гэлээ.
Сяолю инээмсэглэн хамаг хүчээрээ Хөгшин Мүгийн мөрийг алгадаад,  –Явж ажлаа хийе дээ гэлээ.
Орой, хоолны үеэр Тянэр Арвандолоо харагдсангүйд гайхан,  – Арвандолоо хаачаа вэ? гэж асуулаа. Хөгшин Мү, Шорлог хоёр Сяолюг ширтэнэ.
Сяолю инээмсэглэн байж,  –Тэр явчихсан, хойшид хоол хийхдээ түүний хувийг хийж байх хэрэггүй.
Хөгшин Мү санаа алдан, - Явсан нь ч болж дээ, Би бас түүний хэрэгт байнга санаа зовинож байх хэрэггүй боллоо.
Шорлог, Тянэр хоёр юу ч хэлсэнгүй. Хоолоо үргэлжлүүлэн иднэ. Арвандолоо хэт цөөн үгтэй тул Шорлог бол түүнийг байна ч гэж анзаардаггүй байсан тул тэрний явсныг дуулаад элдэв юм ч бодсонгүй. Тянэр энд ирээд удаагүй байсан тул түүнд бүр ч хамаагүй байлаа.
Орой, Сяолю чулуу шигтгэн зассан жижиг жимийг даган явж, тариалангийн талбайг өнгөрөөд голын эрэгт очин салхилав.
Тэр голын хөвөө даган аажим алхана.
Нэг хүн түүнийг даган алхана. Сяолю алхаагаа түргэсгэхэд, тэр бас түргэн алхана. Сяолю алхаагаа удаашруулхад тэр бас даган удаан алхана.
Усны давалгаа эргийг цохилон, сэвшээ салхи хаанаас ч юм тариан түрүүний сайхан үнэрийг зөөн ирнэ. Явсаар явсаар Сяолюгийн сэтгэл санаа аажмаар тайвширлаа.
Сяолю дороо зогсход, тэр ч бас зогслоо.
Сяолю эргэн харахад, Арвандолоо чимээгүй зогссоор. Тэр урьдын адил ёрог даавуун хувцсаа өмсчээ. Гэхдээ хараажаар хувцсыг нь угааж, бас үнэртэн хувцсанд нь шингээжээ.
- Надад чиний биен дэхь үнэр таалагдахгүй байна гэж Сяолю хэллээ.
Арвандолоо толгой гудайна. Сяолю инээмсэглэн, - Надад эмийн ургамлын үнэр илүү таалагддаг. Дараагийн удаад над дээр ирэхэд чинь би чамд хатаасан эмийн ургамалтай үнэрт уут өгье.
Арвандолоо тэргүүн өргөхөд, нүдэнд нь одод түгсэн мэт гялалзан гялтганана.
Сяолю инээмсэглэн үргэлжлүүлэн алхахад Арвандолоо хурдхан хэд алхаад түүнтэй зэрэгцэн ирж мөр зэрэгцэн алхлаа.
Түүнээс хойш орой бүр Арвандолоо энэ ёрог даавуун дээлээ өмсөөд, голын эрэгт Сяолюг хүлээж зогсдог боллоо.
Хоёулаа элдвийг хүүрнэн хамт алхаж, Сяолюг ядраад унтхаар гэр рүүгээ явахад нь  Арвандолоо буцдаг байлаа.
Өдөр хоног урьдийн хэвээр үргэлжлэн, зөвхөн тэдний яриа арай өөр өнгө аястай болов.
Сяолю түүнээс чамд өмнө нь хэдэн шивэгчин бүсгүй байсан бэ гэж асуудаг боллоо.
- Хоёр.
-  Чи яг хэр их мөнгөтэй юм бэ?
- .....
- Чи тэр үед ... мөнгө хөрөнгө булаалдсанаас болсон уу?
- Тийм.
-  Жин Е хөөрхөн үү, Лан Шян хөөрхөн үү?
-  ...
- Миний чамд зааж байсан эмийн ургамлуудын тухай санаж байна уу?
- Тийм.
- Сайн санаад, битгий мартаарай, тэдгээр ургамлууд бол харахад энгийн юм шиг хэрнээ, жоохон өөр зүйл нэмэхэд л тэнгэрийн хутагт байна уу, чөтгөр шулам байна уу бүгдийг нь хордуулж чадахуйц хүчтэй.
-  За.
-  Чи тэр есөн толгойт шулам Шянлю шиг есөн амьтай биш, хамаа намаагүй зүйл идэж уухаас сэрэмжилж байгаарай.
- За.
-  Жин Е хөөрхөн үү, Лан Шян хөөрхөн үү?
- ...
- Хамгийн ойрын хүн хамгийн аюултай байдаг юм, чи санаа талбиж анзаарч байгаарай.
- За.
- Бас ... нэг бол гар хумхин чимээгүй, юу ч мэдээгүй мэт царайл, харин хэрэв хөдөлвөл нэг мөсөн гар далайж, өвсийг үндэстэй нь сугалах мэт зүйл дуусгах хэрэгтэй. Өр зөөлдөж болохгүй.
Арвандолоо чимээгүй болж юм хэлсэнгүй.
Сяолю санаа алдан,- Хэрэв яагаад ч сөргөлдөж дийлэхгүй бол буцаад ир дээ, эм тариалхад минь тусалж байна биз. Юутай ч би чамайг өлсгөхгүй тэжээгээд байж чадна.
Арвандолоогийн харцанд ус мөрөн долгилон түүндээ Сяолюг хаман авах мэт түүнийг ширтэн харна.
📍Орчуулагчийн тайлбар
Таван цул зургаан сав эрхтэн
五脏六腑
[Таван цул эрхтэн Иньд (Арга орч.)харяалагдана. Амин чухал бодисыг хадгалах үүрэгтэй.
1. Элэг
2. Дэлүү
3. Уушиг
4. Зүрх
5. Бөөр
Зургаан сав эрхтэн Янд (Билиг Орч.) харяалагдана. Шим тэжээл болон усыг зөөвөрлөх болон цуглуулах үүрэгтэй.
1. Ходоод
2. Цөс
3. Нарийн гэдэс
4. Бүдүүн гэдэс
5. Давсаг
6. Сан жао (Sanjaio)]
Solongo Mass гэдэг ID-нэрээр хятадын уламжлалт анагаах ухааны талаар мэдээ мэдээлэл оруулдаг хуудсаас авсан болно.
[Таван цул зургаан сав эрхтний талаар мэдэхэд илүүдэхгүй зүйлсийн талаар товчхон дурдахад
Элэг, дэлүү, уушиг, зүрх, бөөрийг дорно дахины анагаах ухаанд таван цул эрхтэн гэж нэрлэнэ.
Харин ходоод, гэдэс, олгой, давсаг, цөс, самсай буюу үржлийн эрхтнийг зургаан сав эрхтэн хэмээн үздэг ажээ.] энэ хэсгийг Yoga with Oyuna хуудсаас авав. Энэ хуудсанд цааш нь Таван цул зургаан сав эрхтний тухай зөндөө их агуулга оруулсан байсан. Та бүхэн сонирхвол хаягаар нь орж сонирхоорой.
🩸Жин Е
静夜 Jing Ye
Намуун шөнө гэсэн үг
🩸Лан Шян
兰香 Lan Xiang
Цахирмаа цэцгийн анхилуун үнэр.

Хятад кино ярилцья facebook group-д нэгдэн зохиолын дараагийн бүлгүүдийг уншаарай.

Үүрд Чамайгаа Үгүйлэн СананаWhere stories live. Discover now