Сэтгэлийн хөндүүрийг хэн мэднэ хэмээх арав дугаар бүлэг - 1/2

11 2 0
                                    

             Анянь Яруу дуут ордонд ирэхэд Жуан Шюй өргөөндөө байсангүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

             Анянь Яруу дуут ордонд ирэхэд Жуан Шюй өргөөндөө байсангүй.
Далайн гүний болор усанд гараа дүрэн зогсож байгаа Сяолюг олж хараад Анянь шууд явж очоод устай савыг нь хөмрөн асгалаа.
Сяолю арагш налан хөлөө ширээн дээр тавин суугаад юу ч болоогүй царай гарган ичгүүр сонжуургүй инээн байлаа.
Анянь түүнийг хөлөөс нь толгой, толгойноос нь хөл рүү нь дээш доош сонжин харж, энэ үхэж байсан ичгүүргүй золигийн юу нь тийм сайхан байна аа хэмээн бодно. Өчигдөр орой тэр хаан аав дээрээ очоод Сяолюгийн хэрхэн ичгүүр сонжуургүй аашилсныг аавдаа нэгд нэгэнгүй ховлон мэдүүлсэн. Хаан аав нь харин Сяолю түүнд муу санаж тэгээгүй, гэмтээж бэртээх санаа агуулаагүй гээд түүнийг дахин Сяолюд хэрэг төвөг тарьж болохгүй шүү гэж хэлсэн билээ. Анянд тун чиг гомдолтой санагдан Сяолю түүнийг хамаа намаагүй илсэн тухайг нь хүртэл уйлан байж хаан аавдаа мэдүүлэн хэлсэн. Түүнийг сонсоод хаан аав нь маш ихээр хилэгнэн уурлана гэж бодсон чинь харин аав нь уурлаагүйгээр үл барам харин ч их сонин инээмсэглээд түүнийг тайвшруулж, 
- Хэсэг хугацааны дараа би нэг зүйл зарлана. Тэр үед чи түүний хийсэн зүйлд эмзэглэхгүй болно гэж хэлсэн.
Анянь хаан аавынхаа ордон өргөөнөөс гаран явахдаа толгойд нь хаан аавынх нь хэлсэн үг эргэлдэн, хэсэг хугацааны дараа эмзэглэхгүй болно гэдэг чинь юу гэсэн үг вэ? Бүсгүй хүн яасан гэж өөрийг нь илсэн эрэгтэй хүнд эмзэглэхгүй болох юм бэ? Тэр бол ... илсэн тэр эрэгтэй хүн бүсгүйн эр нөхөр нь болсон цагт л эмзэглэхгүй болох байх.
Анянь өөрийгөө солиорох нь байна гэж бодлоо! Тэр өөртөө, ингэж таарахгүй, яавч ингэж таарахгүй! гэж дахин дахин хэлэвч, ------ Гэвч түүний хаан аав бол хүнийг ямар гэр бүлээс гаралтай, хэний удам хэний үр сад вэ гэдгийг нь огтхон ч чухалчилдаггүй хүн. Цагаан хаан ядуу гэр бүлээс гаралтай залуус, дорд муу чөтгөр шуламсуудыг тэтгэн дэмжсээр ирсэн, өөрийн дураар аашилдаг зантай хүн. Түүний аав хаан сэнтийд сууснаас хойш их хатан өргөмжлөөгүй. Сонсоход Цагаан хаан тухайн үед Гао Шиний ордны зөвлөлийн саналыг тэр чигт нь эсэргүүцэж, Гао Шиний өндөр дээд язгуур гаралтай овгоос хатан сонгоогүй харин уулын жижиг тосгонд барлагийн ажил хийдэг байсан түүний ээжийг ордонд авч ирсэн гэдэг. Одоо тэгэхээр өөрийг нь дорд муу гаралтай энгийн ардтай суулгах гэж байж тун чиг магадлалтай гэж Анянь бодно.
Анянь эргэж хөрвөөн бүтэн шөнөжин бодол болоод яаран сандран Жуан Шюй дээр ирж ахаасаа тусламж эрэх гэтэл ахтайгаа уулзаж чадсангүй харин Сяолюг олж харсан нь энэ.
Сяолю хэзээ Яруу дуут ордонд суудаг болоо вэ? Яагаад энэ тухай хэн ч түүнд хэлсэнгүй вэ? Яагаад Жуан Шюй Сяолюг энэ ордонд өөртэй нь хамт байхыг зөвшөөрөө вэ? Жуан Шюй арай аавынх нь бодлыг мэдэж байгаа ... тийм байна, тийм байна! Жуан Шюй ах бол хаан аавыг нь маш их хүндэтгэж, хаан аавынх нь үгэнд сайн ордог, хэрэв хаан аав нь түүнийг ... гэвэл Жуан Шюй ах ч гэсэн аавыг нь зөвшөөрөн дэмжиж таарна.
Анянь Сяолюг ширтэн харах царай олон өнгөөр хувиран, нэг бол шүд зуун, нэг бол мэгшин уйлна. Сяолю толгойгоо хазайлган түүнийг гайхан ажиж, энэ охин өнөөдөр яаж орхио вэ хэмээн харж байлаа.
Сяолю Анянь руу харан гараа даллан,
- Хөөе, чи зүгээр үү?
Анянь хоёр гараа нударгалан атгаад,
- Би зүгээр биш байна гэж хашхиран хэллээ.
Сяолю түүний нударгыг хараад,
- Чи битгий гар далайгаарай, өнөөдөр чи гар далайвал, би хариуг нь өгнө шүү.
Анянь уурлаж бухимдан хүрээлэн дотор урагш хойш алхлан, ямар арга хэмжээ авбал зохилтойг бодно. Одоо Сяолюг алчих уу? Гэхдээ эргэн тойронд хамгаалагчид байна. Бас нэг сонин залуу эр цонхны цаана сүүтгэнэн зогсож байна. Хаан аав, Жуан Шюй ах хоёрын сэрэмжтэй зангаар бол энэ ордон дотор түүнд хорон арга хэрэгжүүлэх боломж гарахгүй нь янз нь.
Анянь Сяолюгийн өмнө очин суугаад, хорсолтойгоор түүнд хандан,
- Би чамд хэлчихье. Би яагаад ч чамтай гэрлэхгүй! Чи хэрэв намайг эхнэр болгон авбал, би чамтай өдөр бүр зодолдоно! Өдөр бүр чамтай зодолдож чамайг нэг өдөр амар тайван байлгахгүй! Тэгээд хэзээ нэгэн өдөр чамайг зодож ална!
Сяолюгийн тархи манаран,
- Би ч гэсэн чамайг эхнэр болгон авах санаа алга!
Анянь баярлан,
- Нээрээ юу?
- Мэдээж!
- Би гүнж шүү!
- Гүнж болохоор чинь л, чамайг авахгүй гэж байна !
Анянь түүний хэлсэн үгийг сайн ойлгосонгүй. Гэхдээ тэр өөртэй нь суухгүй гэсэн бол боллоо. Анянь түүнд,
- Тэгвэл чи хичээж байгаад өөрийгөө муу харагдуул. Хаан аав чамайг үл тоож, болж өгвөл чамд дургүй болгохоор биеэ авч яв. Чи миний хэлснээр байж чадвал би чамайг уучилж өршөөе. Тэгээд чамд дахиж төвөг удахгүй.
Сяолю инээн,
- Болж байна. Хаан аав чинь чамайг яагаад ч надтай гэрлүүлэхгүй гэдгийг би батлан хэлье.
- Чи амлаж байна уу?
Сяолю огтхон ч эргэлзэлгүй гараа өргөн, бат итгэлтэйгээр,
- Би амлаж байна. Цагаан хааныг ямар ч байсан ван гүнжийг надад эхнэр болгон өгүүлэхгүй гэж амалж байна. Амлалтаа зөрчвөл тэнгэрээс таван аянга бууж намайг ниргэг!
Анянь бүрмөсөн санаа нь амарлаа. Тэр эргэн тойрноо анхааран хараад өөр хүн тэдэнд ойр байхгүйг батлан мэдээд, дуугаа намсган аяархнаар,
- Арван хэд хоногийн дараа Жу Рун овгийн залуу ноён намрын тэмцээн хийнэ. Энэ тэмцээнийг 10 жил тутамд нэг удаа хийдэг. Дахуаны залуус энэ тэмцээнд оролцож хоорондоо танилцдаг. Бас энэ тэмцээн дээрээс авьяас чадвартай залуусыг шалгаруулан авдаг. Тэмцээнд оролцохоор Дахуаны дөрвөн зүгээс олон овгийн залуус хүрэлцэн ирнэ. Хаан аав чамайг ингэж их таалж байгаа юм чинь, чамайг тэр тэмцээнд оруулж,  чамайг тэндээс танил талтай бол гэх байх. Тэр үед би бас тэнд очъе, тэгээд хоёулаа хамтарвал хаан аавыг чамд дургүй болгож дөнгөх байх.
Сяолю түүнийг ингэж хэлнэ гэж санасангүй. Анянь аргагүй л ван гүнгийн удам юм. Харахад гэнэн хонгор юм шиг хэр нь, багаасаа үзэж дуулсан бүхэн нь түүнийг Дахуанд болж байгаа үйл явдалд зөв үнэлэлт дүгнэлт өгдөг чадамжтай болгожээ. Тэр тэмцээнд их овгоос хүрэлцэн ирж оролцох залуус бол овгийнхоо гол хүч, магадгүй дараагийн овгийн тэргүүлэгч болох хүмүүс гэдгийг сайн мэдэж байна. Эдгээр хүмүүст тал алдах юм бол хэчнээн авьяас чадвартай байгаад ирээдүйд урагш алхахад хэцүү болох болно. Ийм байдалд орсон хүнд Цагаан хаан чухал хэрэг хариуцуулахгүй гэдгийг Анянь сайн мэдэж байна. Тэр бүхнийг орвонгоор нь эргүүлэх зөв арга сэдэж олжээ.
Сяолю Анянийг харан толгой дохиж,
- Чи их ухаалаг юм. Чамд одоо жоохон туршлага л дутаж байна. Зовлон бэрхшээлийг даван гарч байж туршлага суудаг. Туршлагатай болж байж амжилтад хүрдэг.
Гэтэл Анянь нэгд, хэн нэгэнтэй өрсөлдөх хэрэг байхгүй. Хоёрт амьдралд нь дутагдаж гачигдах зүйл байхгүй. Тэр яах гэж, юуны төлөө амжилтад хүрэх билээ? Сяолю гэнэт өөрийгөө шоолон инээлээ.
Анянь сэрэмжилсэн харцаар түүнийг харан,
- Чи надад дуртай болж болохгүй!
- Би чамд дуртай болохгүй гэж Сяолю хурдхан хариуллаа.
Анянь “Хн” гээд,
- Ингэж тохирлоо шүү. Хэрэв хаан аав чамайг тэр тэмцээнд оруулахгүй бол, би чамайг тэр тэмцээнд оруулах талаар хичээе. Юутай ч амлалтаа битгий мартаарай!
Арвандолоо цонхон доор сүүдэрт, Анянаас нуугдан зогсож байгаад Анянийг гаран явахыг хараад, тэр ойртон ирж Сяолюгаас,
- Чи үнэхээр Жу Рун овгийн залуу ноёны намрын тэмцээнд орно гэж үү?
Сяолю толгой дохиод,
- Жуан Шюй мэдээж тийшээ очих байх. Би түүнд хань болж тэнд очиж үзмээр байна. Хаан аав намайг эргэн ирснийг тэнгэрийн дор зарлан тунхаглана гэсэн. Тэр үед олон зүйлс одоогийнхоос огт өөр болох байх. Өөрийн дураар байх боломжтой байгаа дээрээ дураараа байгаад авъя!
- Жуан Шюй та хоёр их дотно уу?
- Би дотно эсэх тухай бодож байсангүй. Ямар ч гэсэн багадаа хэрэлдэж, зодолдоод, баяртай байхдаа ах гэж дуудаад, уур хүрэхээрээ Жуан Шюй гэж нэрээр нь дуудаж өссөн. Хамт тоглож, хамт инээж, нэг тогооноос хоол идэж, нэг хөнжилд унтдаг байлаа. Түүнийг шархадахыг харах надад их хэцүү байсан. Тэр үед би т үүний оронд  би шархадсан ч болоосой гэж хүссэн. Бусад хүн түүнийг үл тоомсорлон ярилцахыг сонсоод өөрийнхөө зовлонг мартан түүнд санаа зовсон. Ах маань эдгээр жилүүдэд амаргүй байсан байх. Түүний аав ээж нь эрт явчихсан. Манай ээж түүнийг өсгөсөн. Манай ээжийг нас барсны дараа тэр цор ганцаараа болсон. Тийм жоохон байхдаа л авга ах нарынхаа шахалт хавчлагаар Гао Шинд хүргэгдэн ирсэн. Шюань Юань бол түүний төрсөн нутаг. Гэтэл тэнд түүний гэсэн ямар ч эрх мэдэл байхгүй. Тэр одоо Гао Шинд гайгүй амьдарч байгаа мэт харагдаж, яг л ханхүүгийн ёсоор түүнд хандаж байгаа мэт боловч тэр яаж ч байсан хүний нутагт хоргодон байгаа хүн. Зарц шивэгчид хүртэл түүнийг үл тоомсорлож байна. Тэд түүнийг Цагаан хаанд дулдуйдан амьдарч байгаа өрөвдөлтэй нэгэн гэж харж байна. Ах бид хоёр бие биеэсээ хол хэтэрхий удаж. Би түүнийг юу туулан гарсныг нь огтхон ч мэдэхгүй. Би одоо бол аль болох л түүнд хань болон хамт байхыг хүсэж байна.
- Чи тэдний дэргэд хамт байхыг зөвшөөрч байна уу?
- Би тэдэнтэй хамт байхыг зөвшөөрч байна. Гэхдээ би бол эрх дураараа байгаад сурчихсан хүн. Би Гао Шиний гүнж болохыг хүсэхгүй байна. Гэвч миний хаан эцэг, өвөө, Жуан Шюйгийн занг бодоод үзсэн ч гэсэн ... Анянь шиг гэнэн хонгор зантай хүн хүртэл тэдэн шиг хүмүүстэй шууд тулбал өөрөө л хохирол амсах болно гэдгийг мэддэг. Сяолю санаа алдаад үргэлжлүүлэн,
- Би гарч ирээгүй байсан бол бас нэг өөр байх сан, гэтэл одоо би энд ирчихлээ. Тэд одоо намайг яагаад ч буцан Вэн Сяолю болохыг зөвшөөрөхгүй. Би өмнө нь зугтаад байдаг байсан учир бол зөвхөн зүрхэндээ тээсэн гомдлоос болсон юм биш, харин энэ хаалгаар яван орвол тэндээс дахин гарах нь тэнгэрт авиран гарахаас ч хэцүү гэдгийг мэдэж байсан учраас юм.
Арвандолоо Сяолюг ширтэн хараад,
- Хүн өөрийнхөө хаана төрөхийг сонгон шийдэж чадахгүй. Хэдий хүсэхгүй байвч хүлээн авахаас өөр арга байхгүй.
Арвандолоо аяархан инээхэд түүний инээмсэглэл нь дулаан өнгөөр туяаран харагдлаа.
- Сэтгэл зүрхэндээ гэрэлт саран агуулан байхад, өөрчлөлт хувирлууд сарны өмнүүр хөшилдсөн үүлс шиг бөөгнөрч өтгөрөн бүүдийн сааралтавч эцэст нь үүлс нүүхэд гэрэлт саран буцан тодрон гардаг билээ хэмээн Арвандолоо өгүүллээ.
Сяолю өөрийнхөө зүрх рүү заагаад,
ГЭРГИЙ МИНИЙ СЭТГЭЛД ХАР БЭХ Л ТУНАРАН ДҮҮРНЭ,
СЭТГЭЛТ ТЭР МИНЬ ГЭРЭЛТ САРАНГ АГУУЛАН БАЙВАЛ,
СЭТГЭЛ ДЭХЬ САРНЫ ГЭРЭЛТ ТУЯАГААРАА
ГЭРГИЙ МИНИЙ ЗҮРХИЙГ ҮҮРД  ГИЙГҮҮЛЭН БАЙГААСАЙ
гэж үнэнээсээ хэлж байгаа аль эсвэл хөнгөн тоглож байгаа нь  мэдэгдэмгүй шүлэглэн өгүүллээ.
Жуан Шюй орж ирэн,
- Та хоёр юу ярьцгааж байна? Анянь ирээд яваа юу? Тэр чамайг зовоогоогүй биз?
Сяолю хачин нухацтай инээмсэглэн,
- Намайг зовоогоогүй, бид их сайхан ярилцсан гэж хэллээ.
- Багш, өвөөд, бас Хаш уулын Ван ахайтанд захиа илгээсэн. Чи ч гэсэн өөрийгөө онцгой байр суурьтай хүн гэдгээ мэдэж байгаа. Багш, өвөөтэй зөвшилцөөд, болж өгвөл Ван ахайтны зөвшөөрлийг авсны дараа л чамайг эргэн ирснийг тэнгэрийн дор зарлан тунхаглана. Тиймээс багш бид хоёр зөвшилцөөд чамайг хэн гэдгийг одоохондоо олноос нууя гэж шийдлээ гэж Жуан Шюй уучлал гуйсан өнгөөр хэллээ.
Сяолю аяархан дуу алдаад,
- Ван ахайтан гэж тэр хөгшин шулам, бас тэр өмхий шувуу Ле Яан, тэнэг А Би! Ле Яан намайг алах байх даа!
Жуан Шюй түүнийг зэмлэн,
- Бүү зоргоороо ярь! Өвөө хүртэл Ван ахайтанд хүндэтгэлтэй ханддаг! Бас, А Би одоо аршид сууж гараад нэгэнт хүний төрхийг олсон, одоо түүнийг Би гүн гэж дууддаг. Түүнд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.
Сяолю Хаш ууланд байсан үеэ нэхэн дурслаа. Ле Яан бол галт шувууны омгийн шувуун шулам. Хүн төрхт бие нь бол арваан настай хүүхэд шиг байсан. Ле Яан хүн төрхөд орох тун дургүй, ууртай ширүүн гэж жигтэйхэн шувуун шулам байсан. Хичээл сургуулилт сайн хийхгүй залхуурахад нь тэр үргэлж түүнийг тоорын цэцэрлэгээр нэг хөөн, хошуугаараа чанга тоншдог байсан. А Би бол жигүүртэй үнэг омгийн шулам. Тэр хүн төрхөө арай олоогүй байсан. Гэхдээ тэр бол их ухаантай, зан ааль нь ч дөлгөөн сайхан. Ле Яан түүнийг тонших гэхэд А Би үргэлж түүнийг хаацайлан хамгаалдаг байсан. Энэ олон жил уулзаагүй явах хооронд А Би хүн төрхөө олсон байжээ. Ле Яан харин өндөр болж өсөө болов уу.
Тэр үед тэр өөрөө юу ч ойлгож мэддэггүй жоохон байжээ. Ван ахайтан, Ле Яан хоёрыг муу муухай гэж боддог байж. Гэхдээ сүүлд нь тэр өөрийнхөө хүчээр олон удаа үхлийн аюулаас мултран гарахдаа л тэдний түүнийг гэсэн сэтгэлийг ойлгосон билээ. Хэрэн хэсэж явахдаа тэр буцан явъя гэж бодоогүй биш бодсон. Тэд магадгүй түүнийг нүүргүй,  гаж жижигхэн амьтан гэж тээршээхгүй байсан байх. Гэвч зориг орон буцъя гэж шийдэх үедээ тэр торонд хоригдчихсон. Тэгээд 30 жил хараалгаж зүхүүлэн хамаг биеийнхээ сүнсний хүчийг алдсаны дараа тэр өөрийгөө хэзээ ч дахин урьдын адил болохгүй болсон гэдгээ мэдээд үргэлжлүүлэн хэрэн хэсэн явахаас өөр зам үлдээгүй билээ.
- Ле Яан, Би гүн тэд нар ирэх болов уу? гэж Сяолю асуулаа.
- Хэрвээ Ван ахайтан тэдэнд хэлбэл, тэд мэдээж хамгийн түрүүнд ирэх болно гэж Жуан Шюй хэллээ.
Сяолю санаа алдаад,
- Уулзалгүй ийм удсаны дараа дахин уулзана гэхээр хүсүүштэй юм шиг хэр нь айдас төрөөд байх юм.
Жуан Шюй түүний толгойны ар руу хуруугаараа няслаад,
- Хэзээнээс ийм хартай гомдомхой болчихсон юм бэ? Багш орой бид нартай хамт оройн зоог барина гэсэн. Чиний тухай ... би бүгдийг түүнд хэлсэн.
Орой, Цагаан хаан яруу дуут ордонд ирэн Сяолю, Жуан Шюй, Арвандолоотой хамт хоол идлээ.
Энэ удаад Сяолю аятайхан төрхтэй байж, хэв журамтай сууж байгаад хоолоо идлээ. Гэвч тэр урьд өмнө нь л ёс журам дагадаггүй эрх дураараа хүүхэд байсан, 200 жил өнгөрөхөд өмнө нь сурсан жоохон ёс дэгийг ор тас мартсан тулд түүний байдал нь хачин авцалдаагүй харагдах аж.
Арвандолоо түүний хажууд суугаад түүнд үе үе сануулан заана. Жуан Шюй бол түүний энэ байдлыг огтхон ч тоохгүй нүүрэндээ мишээл тодруулан Сяолюг өөрийгөө эвгүй байдалд оруулахыг нь хүлээнэ.
- Та яг бага байсан шигээ адилхан муу ах хэвээрээ байна гэж Сяолю дургүйцэн өгүүллээ.
Жуан Шюйгийн харц гунигтай мэт болсон ч нүүрэндээ мишээл тодруулсан хэвээр,
- Чамайг дээрэлхэхгүй өөр хэнийг дээрэлхэх билээ?
Цагаан хаан түүнийг инээмсэглэн хэсэг хараад, -Зүгээр ээ, чи жирийн үед хоолоо яаж иддэг вэ, одоо тэгж л ид.
Сяолю хөөрхөн инээж,
- Хаан аав л надад сайн байна. Тэгээд тэр нуруугаа бөхийлгөн, ханцуйгаа шамлаж аваад идэж гарлаа.
Хоол идэж дуусаад, Цагаан хаан Сяолюд,
- Өнөөдөр сартай сайхан шөнө байна. Надад хань болоод хэсэг яваач.
- За. Сяолю Цагаан хаантай хамт Яруу дуут ордноос гараад И Чин цэцэрлэгийн зүгт алхан явцгаалаа.
И Чин хүрээлэнд 3 зүйл хамгийн их байдаг. Ус, сонин жигтэй ургамал, нисдэг амьтан жигтэй адгуус энэ гурав. Олны ярихаар бол И Чин хүрээлэн бол үүний өмнөх эзэн хаантны хамгийн таашаадаг газар нь байсан. Тэр энүүгээр алхан явах их дуртай байсан гэлцдэг. Сяолю түүнийг бага байхад ээж нь түүнийг дагуулан энд ирж их тоглуулдаг байсныг санаж байна. Хааяа энд ирээд бүтэн өдөржин болно. Ээж нь ном уншиж, тэр харин усанд орж жигүүртэн амьтадтай тоглон байдаг байсан. Ачлалт ордон хэтэрхий том. Энэ ордны олон газарт Сяолю очиж байгаагүй. Тэр эндхийн хоёр газрыг л хамгийн сайн мэднэ. Нэг нь түүний ээжийн өргөө Зи Шин өргөө, нөгөөдөх нь бол энэ И Чин хүрээлэн.
Ачлалт ордонд эргэн ирээд, Сяолю дандаа И Чин хүрээлэнд ирдэг байсан. Гэхдээ тэр нэг ч удаа хүрээлэн дотор орж байгаагүй. Ачлалт ордон аль хэдийнээ өөр эзэгтэйтэй болсон. Сяолю бүх зүйл өөр болсон байх вий гэж айж, бүх зүйл өөр болсон байвал түүний сэтгэлийн гүнд сийлэгдэн үлдсэн тэр дурсамж нь хуурамч дурсамж болон хувирах юм шиг санагдан айж байлаа.
Сяолю Цагаан хааныг даган хүрээлэн дотор орон аажим алхан явлаа. Түүний хамар нь шархирч нүднийх нь аньсага чийгтэнэ. Бүх зүйл яг хэвдээ байна. Яг л, тэр дөнгөж өчигдөрхөн энд байж байгаад явсан мэт бүх зүйл огт өөрчлөгдөөгүй байлаа.
Хос бичиг өлгөсөн саравчны дэргэд ирэхэд Сяолю гэнэт урагш гүйн саравчинд ороод баганын хажууд доош суугаад нарийн сайн ажиглан харлаа. Баганын дотор талд хоёр ширхэг дэглий шувууг эв хавгүй зуржээ. Сяолю сэтгэл догдлон түүнийг заан,
- Ааваа, та хар даа, миний зурсан зураг байж байна!
- Энэ, бас энэ, энэ ч бас байна! Багана дээр 3 ширхэг хөндлөн зураас байна. Энэ бол түүнийг жоохон байхад аав нь түүнийг баганад наалдуулан зогсоогоод өндрийг нь хэмжиж хуруугаараа татаж үлдээсэн зураас байлаа. Сяолю тэгэхэд би ийм өндөр болно, танаас ч өндөр болно гээд гараа дээш өргөн, аавынхаа өргөсөн гараас ч өндөрт гараа өргөж үзүүлдэг байсан.
Саравчийг хэд хэдэн удаа засварласан бололтой. Гэвч энэ зурааснуудыг нандигнан хадгалан үлдээжээ.
Цагаан хаан багананын дэргэд доош суугаад, багана дээр зурсан зургийг инээмсэглэн харж,
- Энэ бол чиний гайхуулан зурсан зураг шүү дээ. Чи надад ааваа энэ зургийг хэзээ ч арилгаж болохгүй гэж хэлсэн биз дээ. Бас оёж хатгаж сураад аавдаа дэглий шувуу хатгасан алчуур урлаж өгнө гэж хэлсэн.
Сяолю огцом хөдөлгөөнөөр Цагаан хааныг тэврэн авлаа. Тэд уулзаж бие биеэ таньсан боловч, түүнд одоог хүртэл өөрийн гэртээ иргэн ирсэн юм шиг санагддаггүй байлаа. Тэр одоо, яг энэ мөчид л гэртээ эргэн ирлээ гэж бодогдлоо.
Сяолюгийн нулимс нь бөмбөрөн урсаж, Цагаан хаан түүний нурууг зөөлөн цохилон байлаа. Түүнийг сэтгэлээ онгойтол уйлаг гээд, он удаан жилийн турш амссан зовлон бэрхшээл, гомдол гутралаа бүгдийг нь уйлан гаргаг гээд тэр түүнийг битгий уйл гэж аргадаж ятгасангүй. .
Сяолю уйлаад л байлаа, уйлаад л байлаа. 300 жилийн турш хураасан нулимсаа нэг дор урсган гаргах гэсэн мэт уйлаад л байлаа. Уйлж дуусаад тэр өөрөө ч өөрөөсөө ичиж зовлоо. Тэгээд тэр эхэр татсан хэвээр,
- Уг нь би уйланхай биш л дээ гэж хэллээ.
Цагаан хаан,
- Битгий ичиж зов, ичиж зовох ёстой хүн нь би. Охин нь уйлах бол эцэг хүний эндэгдэл.
Сяолюгийн нулимс дахиад л урсан гарах гээд, Сяолю алчуураар нүүрээ даран байлаа. Хэсэг хугацаа өнгөрсний дараа тэр толгойгоо өргөөд,
- Би одоо нулимс дуслуулахгүй ээ гэлээ.
Сяолю Цагаан хааныг татан босгоод, тэр өөрөө багана налан зогсоод,
- Ааваа, дахиад миний өндрийг хэмжээд өгөөч гэлээ.
Цагаан хаан түүний толгойн оройгоор хэмжин дахин хуруугаараа нэг зураас татаад, түүнийг шоолон,
- Чи өсөөд л, өсөөд л ийм их өссөн хэр нь ааваасаа өндөр болоогүй л байна.
Сяолю инээн хэлээ гаргаад, баганаас жоохон холдоод баганан дээрх зураасыг харж байснаа гэнэт царай нь барайн,
- Энэ миний жинхэнэ өндөр мөн эсэхийг ч мэдэхгүй юм. Бүгд худал хуурмаг санагдана. Тэр удаад Жуан Шюйд өөрийнхөө тухай ярихдаа тэр гадаад төрхдөө аль хэдийн дасчихсан, нүүр царайгаа санахгүй байгаагаа нэг их тоохгүй байгаа юм шиг тоомжиргүй ярьсан. Гэвч энэ мөчид тэр анх удаа өөрийнхөө санаа зовнилыг ил гарган айж байна гэдгээ хэллээ.
Цагаан хаан түүний духан гараа тавиад духыг нь иллээ. Удалгүй түүний духан дээр тоор цэцгийн хэлбэртэй толбо тодрон гарч ирлээ. Цагаан хаан түүнд,
- Чиний гадаа дүр төрх өөрчлөгддөг нь чи ямар нэгэн гаж сонин өвчин туссаных биш, харин чиний биен дотор хосгүй ховор “Төрх хадгалагч цэцэг” гэдэг тэнгэрийн зэмсэг байгаа учраас юм. Тэр зэмсэг бол хүний хүссэн ямар ч төрхийг хадгалан үлдээх чадалтай тэнгэрийн зэмсэг юм.
Сяолю гайхан Цагаан хаан руу харж,
- Тэнгэрийн зэмсэг ээ? Гаж сонин өвчин туссан биш юм уу? Тэр тэнгэрийн зэмсэг надад байгаа учраас би өөрийнхөө дүр төрхийг хүссэнээрээ өөрчилж чадаж байсан хэрэг үү? Яагаад миний биен дотор тийм тэнгэрийн зэмсэг хийсэн байдаг билээ? Түүний нүд нь гэнэт гялалзан гялтганаж,
- Тэр зэмсгийг биеэс минь гарган авчих л юм бол, би өөрийнхөө жинхэнэ төрхийг олж авч чадах нь ээ! Би дахиж өөрчлөгдөөд байхгүй болж болох нь ээ!
- Тийм ээ.
Сяолю баярлан дуу алдаж,
- Аав аа, та түүнийг гаргаад өгөөч! Би дахиж өөр хүний дүрд орон явахыг үзэн ядаж байна. Би царай зүс муутай, муухай царайтай байсан ч хамаагүй. Би нүүргүй хэр нь хуурамч гоо сайхан байхыг хүсэхгүй байна.
Цагаан хаан хуруугаараа цэцгэн хэлбэртэй толбо дээр дарахад тоор цэцгийн хэлбэртэй толбоноос улаан өнгийн гэрэл цацран гарлаа. Хоёр хүний цусаар тамгалсан болохоор хоёр хүн хамт байж тайлах хэрэгтэй юм байна.
- Одоогоор би үүнийг гаргаж авч чадахгүй нь. Гэхдээ аав нь чамд амлая. Чиний жинхэнэ дүр төрхийг буцаан сэргээж болно.
Сяолю хурдхан өөрийн жинхэнэ төрхийг сэргээхийг хүсэвч, Цагаан хааныг хүчгүйдүүлж байгаа хэрэгт учир шалтгаан байж л таарна гэж бодоод харин ч Цагаан хааныг тайтгаруулан,
- Хамаагүй ээ, ийм олон жил хүлээж болсон юм чинь дахиад жоохон хүлээхэд яах ч үгүй.
Цагаан хаан Сяолюгийн духан дээрх тоорын цэцэг хэлбэртэй толбыг ширтэн харах харцанд нууцхан гуниг хурах шиг боллоо. Тэр гараа дахин өргөн духыг нь илэхэд  толбыг харагдахгүй боллоо.
Сяолюгийн сэтгэл дэх бул хар чулууг аваад хаячихсан мэт болж, аавтайгаа дахин дотно болсноор өөрөө ч шал өөр хүн болчих шиг санагдлаа.
Тэр Цагаан хаанд олон зүйл ярьж өглөө. Тэгээд сүүлд нь зориг орон,
- Ааваа би Гао Шиний ван гүнж болохгүй байж болох уу? Би таны охин болохгүй гэж байгаа юм биш ээ. Би зүгээр л гүнж болмооргүй байна.
- Болохгүй.
- Яагаад болохгүй гэж? Сяолю хошуугаа унжуулан ууртайгаар Цагаан хаан руу дүрлийн харж чаддаг болжээ.
- Яагаад гэвэл чи бол миний охин. Би бол Гао Шиний хаан.
Сяолю гялс царайгаа хувиргаж өрөвдөм царай гарган, Цагаан хааны тохойноос бариад гарыг нь савлан хөдөлгөж,
- Гэхдээ гүнж байна гэдэг чинь хэцүү шүү дээ. Хоол идэхдээ хүртэл хэв ёс дагана. Гараад явахдаа хүртэл ёс журам баримтална. Эцэст нь хурим маань хүртэл улсын хэргийн золиосонд явна шүү дээ. Би үнэхээр ван гүнж болмооргүй байна аа!
- Ичиж зовохоосоо урьтаж ёс журамтай байх хэрэгтэй. Хэв журам сурахад буруудах зүйл байхгүй. Хуримын тухайд гэвэл, би чамайг хэнд золиос болгон өгнө гэж чи бодож байна?
Сяолю амаа ангайн гайхаж,
- Би ч гэсэн таныг намайг хэнд золин өгөх гэж байгааг мэдэхгүй,юутай ч, юутай ч ....
Цагаан хаан Сяолюг нухацтай харан,
- Би бол хаан эзэн, чи бол миний охин. Чи бол заавал Гао Шиний ван гүнж болох хэрэгтэй. Энэ бол улсын хэв журам, ойлгов уу?
- Ойлгохгүй байж болох юм уу гэж Сяолю толгой гудайн бувтналаа.
Цагаан хаан Сяолюгийн толгойг илээд, хоолойд нь гуниг илрэн,
- Би бол эгэл жирийн нэгэн эцэг хүн биш. Надад хийж гүйцээх ажил хэрэг маш их байна. Би улсынхаа ард иргэдэд санаа тавих үүрэгтэй. Би энгийн нэгэн эцэг хүн шиг өөрийн охиндоо байнга санаа тавьж, үргэлж хажууд нь байн хамгаалж өмгөөлж чадахгүй. Миний охиндоо өгч чадах хамгийн сайн хамгаалалт бол миний сүр хүч. Чи Гао Шиний ван гүнж болж байж л улсын сүрээр хамгаалуулж чадна. Ямар ч хүн чамд халдахаасаа өмнө эзэн хааны уур хилэнг тэсвэрлэн давж чадах уу гэдгээ эргэцүүлэн сайн бодох хэрэгтэй болно. Сяо Яо, эцэг хүний үүргээ биелүүлээгүй аавын чинь чамд өгч чадах цорын ганц зүйл бол энэ. Битгий эсэргүүц, тэгэх үү?
Сяолюд нулимс нь дахин гарах гэж байгаа юм шиг санагдан, хурдхан нэг том амьсгаа аваад,
- Ааваа би гүнж болохыг зөвшөөрч байна гэлээ.
- Гүнж болох нь дан муу зүйл ч бас биш шүү. Ядаж л эрх сүрээрээ далайлгаж, хүн дээрэлхэж дураар аашлан, хүссэн бүхнээ өөрийн болгож авч чадна гэн Цагаан хаан инээмсэглэн түүнд хэллээ.
Сяолю нүдээ анивчин,
- Ааваа, та үнэн сэтгэлээсээ намайг сургамжилж байна гэж үү?
Цагаан хаан баясан инээлээ. Түүний нүдний үзүүрийн нарийн үрчлээснүүд тэнийх нь түүний сүр хүчийг огтхон ч үл доройтуулах аж.
- Би ингэж их зовж зүдрэн байж улсын эзэн хаан хийх хэрэг өөр юу байх билээ? Би өөрөө юу ч хийж чадахгүй. Нэгд тийм цаг зав байхгүй. Хоёрт би нэг л өөрийгөө дураар нь тавих юм бол, сайд нар минь намайг ухаангүй эзэн хаан гэж зүхэх болно. Би үнэхээр ухаангүй хаан эзэн болох юм бол чи харин юу ч хийж чадахгүй болно. Би юу ч хийж чадахгүй учраас чи бол харин бүхнийг хийж чадах болно. Хэн намайг цэцэн мэргэн хаан бол гэсэн юм. Надад хангалттай сүр хүч, эрхэм алдар байна. Юу ч болж байсан би дааж чадна.
Сяолю гайхан мэлэрч, бас тэсгэлгүй баярлан инээд алдлаа. Аавтай байх мэдрэмж ямар гоё юм бэ! Хүчтэй чадалтай аавтай байх мэдрэмж бүр ч гайхалтай гоё юм.

Хятад кино ярилцъя бүлгээс үргэлжлэлийг уншаарай.

Үүрд Чамайгаа Үгүйлэн СананаWhere stories live. Discover now