Өндөр уул өргөн уснаа энэхэн биеэ даатгахсан хэмээх тавдугаар бүлэг 1/3

14 5 0
                                    

Хөгшин Мү ногоо авахаар, Шорлог эм хүргэхээр явж, Тянэр Шорлогт хувцас эсгэж сурахаар гэртээ үлдсэн байлаа.
Домчид хандах хүн үгүйд Сяолю орон дээрээ хэвтэн унтаж байлаа. Нэг сэрээд харахад өвчтөн байхгүйд Сяолю толгойгоо нэг тоншиж аваад ингэж ялзарч хэвтэн өдөр хоногийг өнгөрөөж боломгүй гээд ямар нэгэн юм олж хийе гэж бодов.
Сяолю Шюаний архины мухлагт очиж архи ууя гэж шийдлээ.
Тэр нуруугаа үүрээд дуу аялан алхалсаар Шюанийд очлоо. Шюань түүнийг хараад халуун дулаанаар түүнийг угтаж,
- Лю ах, ямар архи уух вэ? гэж асуулаа.
Сяолю булангийн нэгэн ширээнд очиж суугаад, мөн л халуун дотноор,
- Шюань ах өөрөө мэдээд хийчих гэлээ.
Шюань түүнд нэг ваар архи авч ирээд, бас нэгэн жижиг тавагтай мөнгөн гүйлс самар дагалдуулан өглөө. Шяолю ийш тийшээ харан, самар цөмөн архиа ууна. Энэ үед өөдөөс харсан ширээнд нэгэн ганган гоёмсог хувцастай, хаалт алчуур унжуулсан том дэлбэгэр малгай өмссөн нэгэн залуу ноён сууж байхыг харлаа. Том малгай өмссөн учраас түүний царай нь сайн харагдахгүй. Биед нь үнэтэй цайтай зүүсгэл харагдахгүй боловч, тэрээр үйл хөдлөл нь эрхэмсэг яруу, боловсон цэх сууна. Харсан хүн өөрийн эрхгүй хүндлэх сэтгэл төрөхүйц хүн аж.
Сяолю толгой гилжийлгэн, "Чиншүй тосгонд хэзээ ийм эрхэм хүн ирээд орхив" хэмээн бодож байтал нэгэн сайхан төрхтэй хүн яаравчлан орж ирээд тэрхүү цэхлэн суух залуу ноёнтонд ёслоод түүний ард нь гаран зогсоход тэр орж ирсэн хүн бол эрэгтэй хүний маягаар хувцасласан Жин Е бүсгүй болохыг Сяолю танилаа.
Сяолю сая сэхээ аван, хурдхан доош харж самраа хичээнгүйлэн цөмж эхлэлээ.
Өөдөөс харсан тэр ширээний тавцан дээр бас нэг таваг самар байна. Тэр хүн нэг ч самар цөмөөгүй сууж байсан боловч, одоо харин тавгаас самар аван хальсалж эхэллээ. Хальсалж дуусаад өөрөө идэлгүйгээр самрын чөмгүүдээ нэг нэгээр нь тавагт эгнүүлэн өрнө.
Арвандолоо аяархан дуугаар нэгэн зүйл хэлэхэд, Жин Е мэхийгээд гарч явлаа. Тэр Сяолюд дөхөн ирж түүний хажууд зогсоод таваг дээр өрсөн самрын чөмгөө түүний урд тавилаа.
Хайтан урд өргөөнд гарч ирэн мухлаг дахь зочдод үйлчилнэ. Шюань лангууны ард суугаад, данс хөтлөнгөө Сяолю, Арвандолоо хоёрын зүг санаатай санаандгүй хяламхийнэ.
Хайтан гарч ирэн үйлчилж эхэлснээр архины мухлаг хөгжөөнтэй боллоо. Цөөнгүй эрчүүд архи авахаар мухлагт орж ирцгээлээ. Мөнгөтэй нэгэн нь архи худалдаж аваад мухлаг дотор суун ууна. Мөнгө муутай нь архиа барин гадаа гарч суугаад, Хайтанг харан архиа ууна.
Хэдэн аяга архи уусны дараагаар хэл үг нь ч их болцгооно.
Энд Чиншүй тосгонд өрнөсөн бүхий л шинэ соргог хэрэг явдал, сонирхолтой зүйлсийг бүгдийг сонсож болох аж. Сяолю өөрийн мэдэлгүй Шюанийг биширч, "Шюань ч энэ архины мухлагаа ёстой янзын сайхан ажиллуулж байна даа" хэмээн бодлоо.
- Та нарын наадхыг чинь ямар сүртэй хэрэг гэдэг юм бэ? Ойрд манай тосгонд харин жинхэнэ том хэрэг гарсан даа!
- Ямар хэрэг вэ? Сонирхуулаач хө!
- Би та нараас асууя, Шюань Юань, Шэнь Нун, Гао Шинээс гадна Дахуанд өөр ямар том овог байдаг вэ?
- Энийг хэн мэдэхгүй байсан юм бэ? Хамгийн томууд нь бол их дөрвөн овог. Чишүй овог, Шилин овог, Түшан овог, Гүйфан овог. Энэ дөрвөн том овгоос гадна, дотор газарт бас зургаан том овог гэж бий. Зургаан том овгийн доор бас бус дунд бага овгууд бий. Өмнөдийн Жинтянь овог, хойд зүгийн Фанфэн овог, ... гэхдээ эдгээр овгууд бол их дөрвөн овогт хүрэхгүй. Их дөрвөн овог бол ван ноёнтой эн зэрэгцэх том овгууд.
- Түшан овог бол Чинчюд нутагладаг, өнө эртнээс одоог хүртэл үе үеийн турш худалдаа арилжаа эрхэлсээр ирсэн том овог. Тэр овгийн худалдаа арилжаа Дахуаний өнцөг булан бүрд бий. Түшан овог эд хөрөнгө ихтэй учраас мөнгө зоосыг бол тоохоо больсон гэлцдэг юм. Бүр Шюань Юань, Шэнь Нуны эзэн хаад хүртэл тэднийхээс мөнгө зээлдэн авч байсан гэдэг. Жинхэнэ ёсоор улс гүрний дайтай баян чинээлэг гэдэг үг тэдэнд л тохирох буй за. Өнөөдөр та нарт ярих хэрэг явдал бол энэхүү Түшан овгийнхонд хамаатай хэрэг явдал юм.
- Яасан гэнэ вэ? Хурдан хэл, хурдан хэл, битгий хорхой хүргээд орхичих!
- Итгэж болохуйц хүнээс сонссон яриагаар бол Түшан овгийн хоёрдугаар залуу ноёнтон манай энэ Чиншүй тосгонд байгаа гэнэ дээ!
- Юу, арай үгүй байлгүй дээ?
- Гэснээс энэхүү Түшан овгийн хоёрдугаар залуу ноён бас л айхтар сүрхий хүн гэнэ дээ. Түшан овог энэ үедээ бол угсаа залгах хоёр л хүүтэй гэнэ. Нэг эцэг эхээс төрсөн ихэр ах дүүс. Гэхдээ олны ярилцахаар бол энэ хоёрдугаар залуу ноёнтон арга чарга гэж айхтар жигтэй, хар багаасаа ахыгаа алив бүрээр дарлан дээрэлхэж, гэрийнхээ бүхий л хэргийг гагц өөрөө шийддэг байжээ.
- Дахуан даяар, Шюань Юаньд ч тэр, Гао Шиньд ч тэр түүний худалдаа арилжааны сүлжээ хэрэн ороогүй газар гэж үгүй гэнэ. Та нар бодоод үз, тэд ямаршуу их эрх нөлөө, мөнгө хөрөнгөтэй байх нь вэ гээд? Энэхүү Түшан овгийн хоёрдугаар залуу ноён сураг сонсоход тун чиг царайлаг сайхан залуу байдаг гэнэ. Ятга хөгжим, шатар даам, бичиг үсэг, зураг хөрөг бүгдэд нь төгс боловсорсон, үг яриа нь тансаг, хөгжөөн хөөрөөтэй хүн байдаг гэнэ дээ. Хүмүүс түүнийг Чинчюгийн хамгийн сайхан залуу гэлцдэг аж. Хэчнээн олон язгууртан айлын охид авхайс түүнтэй гэрлэхийг хүсэж мөрөөдөж явдгийг тааж хэлэмгүй. Түшан овгийн настан эзэгтэй эндээс сонгож, тэндээс шилж баймаажин Фанфөн овгийн авхайг бэрээ болгохоор сонгож тогтжээ. Сонсоход, Фанфөн овгийн авхай бол хар багаасаа эцгээ даган олон газраар аялан явсан, мэдлэгтэй бол мэдлэгтэй, чадвартай бол чадвартай, цэцэг шиг сайхан төрсөн бүсгүй гэнэ. Тэгээд бас нум сумаар харвах нь гайхалтай гэнэ дээ.
- Гэтэл тэр Түшан овгийн том хүү бол өрөвдөлтэй гэж жигтэйхэн. Эхнэр болгон авсан бүсгүй нь жирийн нэгэн гэрийнх нь зарц, олны өмнө ч ил гаргамгүй бүсгүй байдаг гэнэ.
- Есөн жилийн өмнө гэнэ. Түшан овгийнхон хоёрдугаар залуу ноён, Фанфөн авхай хоёрын хуримийг хийхээр болж, хуримийн урилгаа хүртэл тараасан байтал яг хуримийн өмнөхөн Түшан овгийн тэр хоёрдугаар залуу ноёнтон гэнэт хүндээр өвдөж, хуримийн ёслолийг хойшлуулсан байна. Эдгээр жилүүдэд, Түшан овгийн хоёрдугаар залуу ноён бясалгал хийн биеэ илааршуулж, олны өмнө харагдхаа байсан тул гэр бүлийн ажил хэргээ ах нь эрхлэн явуулдаг болжээ.
- Тэр Фанфөн овгийн авхай ч гэсэн тун айхтар бүсгүй. Гэрийнхэн нь түүнийг ураглана гэж амласан амаа буцаа гэж олонтоо ятгасан ч тэр харин хуримын өмсгөлөө өмсөөд, Чинчюд хүрч очин Түшан овгийн настан эзэгтэйд, <<Би амьдадаа Түшан овгийн өргөөнд өтлөөд, үхсэний хойно Түшан овгийн бунханд мөнхрөхийг хүснэ>> хэмээн өчсөнд настан эзэгтэй ихэд уярч нулимсаа арчин түүнийг сонссон гэнэ. Эдгээр жилүүдэд Фанфөн авхай Түшан овогтынд амьдран суудаг болж, настан эзэгтэйд гэр бүлийнхээ ажил хэргийг захиран явуулахад нь тус дэм болж байгаа гэнэ.
- Фанфөн овгийнхны хэлж буйгаар бол Түшаны хоёрдугаар залуу ноён одоо нэгэнт эдгэрч илаарьшсан тул Түшан овог Фанфөн овогтой хуримын товоо хэлэлцэн, аль болох хурдхан хоёр залуугийн хуримыг нь хийлгэхээр ярилцаж буй гэнэ.
- Сураг сонсоход Түшан овгийн хоёрдугаар залуу ноён манай Чинчю тосгонд байгаа гэлцэх юм. Хоёрдугаар залуу ноёнтон гэр бүлийнхээ ажил хэргийг гартаа авах гэж байгаа байх.
Цуглан суусан олон Түшан овгийн хоёрдугаар залуу ноён ба түүний ах хоёрын хооронд ойрын хугацаанд өрнөж таарах халз дайралцааныг зөгнөн хэлэлцэж, эцэст нь хэнийх нь гарт Түшан овгийн эрх мэдэл очихыг таамаглаж ядан олноороо ам амандаа шуугилдаж гарлаа.
Сяолю таваг дээр үлдсэн самрыг эргэлдүүлж тойруулан, нэг бол самрыг цэцэг хэлбэрт оруулан, нэг бол саран хэлбэрт оруулан өрж тавина.
Түүний хажууд зогсох хүний бие нь хөшин, гар дахь самар нь бяцлагдан аажмаар бутарлаа.
Сяолю нэг аяга архи уугаад, инээд тодруулан түүн рүү дөхөөд,
- Хөөе, чиний нэрийг хэн гэдэг юм бэ? Дараа уулзахдаа танихгүй царайлж, мэнд ч мэдэхгүй зөрөх нь зохисгүй санагдана. Надад нэмж 10 цөс өгсөн ч би одоо чамайг Арвандолоо гэж дуудаж зүрхлэхгүй нь! Арвандолоо гэж дуудвал чи тоодоггүй юм гэхэд чиний тэр сүйт бүсгүй чинь намайг харваж орхино биз.
Арвандолоо хөшсөн хэвээр, гараа чанга атгахад, хэтэрхий чанга атгасандаа гарын үеүд нь цайран харагдана. Сяолю,
- Чи надад хэлэхгүй байсан ч эрт орой би өөр нэгэн хүний амнаас сонсох л болно. Би чамайг өөрөө надад нэрээ хэлээсэй гэж хүсэж байна.
Хэсэг зуур өнгөрсний эцэст, Арвандолоогийн амнаас арай хийн "Түшан Жин" гэдэг нэр гарлаа.
- Түшан ... яаж бичдэг юм бэ?
Жин архинд хуруугаа дүрээд зурлага татаас татан нэрээ Сяолюд бичиж өглөө. Сяолю инээд алдан,
- Чиний тэр удахгүй гэрлэх сүйт бүсгүйг чинь хэн гэдэг юм бэ? гэж залгуулан асуулаа.
Жиний гар нь ширээн дээр хөшөөд дахин хөдөлсөнгүй.
Сяолю инээмсэглэн,
- Зургаан жил. Би чамайг зургаан жил тэтгэлээ. Чи манайхыг зургаан жил түрээснээс чөлөөл. Үүнээс хойш бид хоёр харилцан өргүй боллоо! гэж хэлээд Сяолю босон явах гэтэл Жин түүний тохойноос барин авлаа.
Сяолю тохойгоо татан авах гэж хэд хэд оролдсон боловч, Жин гараа тавьсангүйд Сяолю анх удаа "Жирийн үед амар амгалан байдаг Арвандолоо үнэндээ маш их хүчтэй, хэрэв тэр хүсвэл өөрийг нь бол хялбархаан эрхшээлдээ оруулах байж" хэмээн бодов.
Шюань тэдэн дээр ирээд
- Лю ах явах нь уу? гэж инээмсэглэн асуулаа.
- Тийм ээ, явъя. Танд хийх ёстой арвин их ажил байна. Надад бас миний жижигхэн домчийн газар байна. Явахгүй ямар энд наалдаад суугаад байлтай нь биш? Чиний тэр бусад ажил хэрэгт чинь би угаасаа тус болж дийлэхгүй.
Жин гарын хүчээ сулруулахад, Сяолю гялсхийн түүний гараас мултран Шюаньд тооцоогоо төлөөд дуу аялан архины мухлагаас найгалзан гарлаа.
Түшан овгийн хоёрдугаар залуу эзэн ирсэн сургаар Чиншүй тосгон бүүрч их хөл хөдөлгөөнтэй болж, тосгоны алдар цуу улам цуурайтлаа.
Хүн бүр Түшан овгийн хоёрдугаар бага ноёны тухай ярилцацгаана. Гахай нядлагч Гао овогт хүртэл архи барин Хөгшин Мү дээр ирж, баярласандаа тосон нүүр нь туяаран гэрэлтээд баруун голын гудамд байх мухлагууд бүгд Түшан овгийнх хэмээн тун чиг бахархан ярина. Шорлог, Тянэр хоёрын хувьд тэдгээр хүмүүс бол тэнгэрт түгэх одод мэт хүршгүй оршихуй тул юу ч сэжиглэсэнгүй. Хөгшин Мү харин хар аван Сяолюг ажиглан харна. Сяолю харин юу ч болоогүй мэт байх тул сэтгэл нь амарлаа. Тийм байх боломжгүй, яаж ч байсан Арвандолоо байж таарахгүй!
Сяолю голын эрэгт очихоо байсан тул, хашааны хаалгаа сайтар түгжиж аваад эмийн ургамал хатаадаг тавцан дээрээ хэвтээд одот тэнгэрийг харж тэнгэрт түгсэн оддыг нэг нэгээр нь тоолон хэвтэж байлаа.
Гурван мянга гурван зуун хорин долоо ...
Цагаан өнгийн цас бударч, тэнгэрээс зөөлөн хаялан орлоо. Сяолю өөрийгөө баярлан хөөрөхийг мэдрээд инээдээ бушуухан нууж нүдээ анилаа.
Шянлю дээрээс түүнийг харан,
- Унтаж буй дүр бүү эсгэ. Сяолю гараараа чихээ дараад
- Би унтчихсан, юу ч сонсохгүй байна.
Шянлю гараараа дохиход, салхи гарч түүний хэвтэж байсан тавцанг хийсүүллээ. Тэгээд тэр бөхийн Сяолюг ширтэн харна.
Сяолюд нүүрэн дээр нь хоёр ширхэг хурц иртэй хутга зөрөлдөх мэт мэдрэмж төрөв. Тэр тэссээр, дахин тэссээр, тэвчсээр, бас дахин тэвчсээр байсан ч эцэст нь тэсгэл алдран ... нүдээ нээгээд
- Ноёнтон та уулан дахь ажлаа эрхлэлгүй, миний энэ жижиг хашаанд ирэх ямар хэрэг гараа вэ?
- Чиний дэргэдэх тэр залуу чинь Түшан овгийн хүн мөн үү?
Сяолю чин үнэнчээр нүдээ дүрлийлгэн гялалзуулж,
- Хэнийг хэлж байна? Батгат? Шорлог?
- Чамд уг нь аятайхан хандаж байя гэж бодсон юм. Гэтэл чи яаж ийж арга олон хүзүүг чинь хугалах хүслийг өдөөх юм. Шянлю хоёр гараараа Сяолюгийн толгойн хоёр талаас нь бариад алгуур доош суухад, одот тэнгэрийн туяан дор түүний соёо нь уртсаж яг л зэрлэг адгуусны соёо мэт болон хувирлаа.
- Чи улам бүр л гадна төрхдөө анхаарахаа больж байна шүү. Түрүүчийн удаад чөтгөрийн нүдээ харуулсан. Энэ удаад араа соёогоо харууллаа. Би чамайг чөтгөр гэдгийг чинь мэдэж байгаа ч, сэтгэлдээ мэдэх нэг хэрэг, нүдээр харах бол бас өөр хэрэг. Чи бол бидэн шиг хүмүүсийг мэднэ шүү дээ. Хутагт байна уу, хүн байна уу бүгд л гадна төрхөд дурлаж, дотоод гоо үзэсгэлэнг огтхон ч тоодоггүй төрөл гэдгийг. Хоол идэхдээ хүртэл харагдах байдлыг чухалчилж, эхнэр авахдаа ч гэсэн царайлаг сайхныг нь сонгодог. Танай чөтгөр шулмууд шиг зөвхөн хангалттай тарган, хангалттай нялх, хангалттай том байхад л болдог юм биш. ...
Шянлю соёогоо буцааж хэвд нь оруулаад, Сяолюгийн хацрыг зөөлөн цохилон
- Чи ойрд дахиад л уйдаж эхлээ юу?
- Хэтэрхий ухаантай хүмүүс бүгд эрт үхэцгээдэг юм! Гэхдээ чи бол хүн биш чөтгөр болохоор ... бүр л эрт үхэх байх даа!
Шянлюгийн гар Сяолюгийн хүзүүг базаад, базсан хүчээ жоохон нэмэгдүүлэн,
-Тэр залуу, нөгөө чиний надаас байнга нуудаг тэр залуу Түшан овгийн хоёр дахь хүү мөн үү?
Сяолю "Би хэрвээ биш гэж хэлсэн ч чи итгэхгүй юм байж" гэж бодон,
- Тийм гэлээ.
- Сайн байна гээд Шянлю түүнийг тавилаа.
Сяолю түүнийг инээхийг хараад бие нь зарсхийв.
- Би түүнтэй сайн танил биш, хэрэг байвал чи өөрөө түүнийг эрж оч.
- Би түүнтэй бүр ч танил биш, би чамтай илүү сайн танил.
Сяолю хэхэ гэж хуурай инээн,
- Чөтгөр шулам шог яриа хүүрнэхдээ муу юм!
- Ойрын өдрүүдэд их халж, ууланд халдварт өвчин гарсан. Яаралтай эм хэрэгтэй боллоо. Түшан Жинийг бидэнд тус болж эм олж өг гэж хэл.
Сяолю сандран босож суугаад,
- Юуны учир чамд туслах ёстой гэж? Чи өөрийгөө хэн гэж бодоо вэ!
Шянлю түүнийг инээвхийлэн харж,
- Би чамайг идчихэж чадах болохоор.
- Би түүнийг эрж очсоноос чамд идүүлсэн нь дээр.
Шянлю үнэн хэлж буй, худал нь хэлж буй нь мэдэгдэмгүйгээр,
- Чи Түшан овгийн том хүүг ямар хүн болохыг мэдэх үү? Есөн жилийн өмнө, тэр Түшан Жинийг хуримынх нь урд өдөр гэнэт алга болгож чадсан хүн. Хэрвээ би Түшан овгийн том хүүд хандан надад эм олж өг хариуд нь би хүн алж өгье гэвэл Чинчюгийн тэр сайхан залууд амьд үлдэх боломж хэр байгаа гэж бодож байна?
Сяолю араа шүдээ хавиралдуулан байж,
- Шюань Юаний шагналын зарын хамгийн эхэнд чи бичигдсэн байдаг нь аргагүй юм байна. Би яг одоо чиний толгойг тушаагаад шагналын мөнгө авмаар санагдчихлаа.
Шянлю чанга хөхрөн, гэнэт түүний нүүрэнд ойртон, үгээ зөөн,
- Би есөн толгойтой, чи хутгаа сайн хурцлахаа мартав гэж шивнэн хэллээ.
Сяолю түүнийг цоо ширтэнэ. Тэр хоёрын амнаас гарах амьсгал ч бие биедээ мэдэгдэм ойрхон байлаа.
Нэг хормын дараа Сяолю,
- Тэр хэрэв чамд тусалбал тэрэнд ямар ашигтай байх юм гэж асуулаа.
Шянлю алгуур Сяолюгээс холдож зай аваад,
- Уулан дахь ажил гайгүй байх үед би хааяа хөлсний алуурчин хийдэг. Бас ч гэж алдар цуутай хөлсний алуурчин. Хэрэв Түшаны том ах надад санал тавибал би саналыг хүлээж авахгүй. Харин тэр өөрөө Түшан овгийн ахыгаа алуулахыг хүсвэл би тавьсан саналыг нь хүлээж авч болох юм.
- Тэр дөнгөж саяхан гэртээ буцаж харьсан. Гэр бүлийнхээ хөрөнгө мөнгө, хүн хүчийг дураар захирч чадахгүй байж мэднэ.
- Чи түүнийг дэндүү дутуу үнэлж байна! Хэсэг эм төдий, түүний хувьд бол үнэхээр хэрэг биш. Түшан овог ямар ч наймааг хийдэг. Тэр жил түүний гараар дамжин Шэнь Нунд худалдаалсан зүйлс энэнээс хэд дахин илүү аюултай байсан.
- Чи тэгээд яагаад энэ удаад ч гэсэн Түшан овогтод шууд хандаж, хэрэгтэй эмээ худалдаж авахгүй байгаа юм бэ? гэж Сяолю асуухад.
Шянлю хүйтнээр,
- Мөнгө алга... гэж хариуллаа.
Сяолю инээд алдахыг хүсэвч Шянлюг уурлах болов уу хэмээн айж, дээш өлийн оддыг таашаан харах мэт царай гаргалаа.
- Чи бол чөтгөр, Шэнь Нун чамд хамаагүй. Ингэх үнэ цэнтэй гэж үү?
Шянлю инээгээд,
- Чи уйдаагаа гаргах гэж бүлэг тэнэгүүдэд санаа тавьж болж байхад, би уйдаагаа гаргаж ажил хэрэгт орооцолдож болохгүй гэж үү?
- Тийм дээ, урт удаан уйтай амьдрал дунд, ямар нэгэн ажил олж худлаа үнэн завгүй байсан нь дээр гэж Сяолю инээмсэглэн хэлээд,
- За за, явъя. Түүн дээр очъё гээд газраас босон урд өргөө рүү явах гэтэл Шянлю түүнийг захнаас нь татан буцаагаад,
- Тэр голын эрэг дээр байгаа хэмээв.
Сяолю, Шянлю хоёр урд хойноо орон голын эрэг рүү явцгаав.
Жин хөлийн чимээ сонсоод баяртайгаар эргэсэн боловч, тэр даруйд Сяолюгийн ардах цасан цагаан хувцастай, бардам ихэрхүү хүнийг олж харлаа.
Шянлю голын эрэгт очоод, гараа ардаа аван алсын бараа харан зогсоно.
Сяолю Жин хоёр өөд өөдөөсөө харан зогслоо. Сяолю бага зэрэг эвгүйрхэн хоосон ханиагаад,
- Чи ойрд сайн байгаа юу?
- Сайн
- Жин Е сайн уу?
- Сайн
- Лан...
Шянлюгийн хүйтэн харц өөр рүү нь хяламхийхэд Сяолю хурдхан шиг,
- Нэг ажил гараад, би чамд төвөг удах хэрэгтэй боллоо.
- За
- Надад хэсэг эм хэрэгтэй байна.
Шянлю нэгэн хуйлмал бичиг гаргаж өгөхөд, Сяолю түүнийг нь тосож аваад Жинд өгөн,
- Энэ дээр бүгдийг тодорхой бичсэн байгаа.
- За
- Эмийг Чиншүй тосгонд ирэхээр чи надад мэдэгдээрэй. Шянлю очиж авна.
- За
"Энэ хэргийг ингэж яриад л бүтчихлээ гэж үү? Ийм амархан болчих байсан гэж үү?" Сяолю түүнд хандан,
- Надад мөнгө байхгүй, чи мэдэж байгаа биз дээ?
- Чи, мөнгө төлсний хэрэггүй гэж Жин харц буулган хэллээ.
Сяолю дахин нэмж юу хэлэхээ мэдэхгүй Шянлюг харахад, Шянлю толгой дохив.
- За тэгвэл .... баярлалаа. Би, би хэлж дууслаа гэж Сяолю Жинд хандан хэллээ.
Жин хөлөө зөөж ядан алхаж, Сяолюгийн хажуугаар гарахад, оройн салхин дунд түүний,
- Цаашид, баярлалаа гэж хэлэх хэрэггүй гэж бүгтхэн саарал хоолойгоор хэлэх нь сонсогдлоо.
Сяолю хэсэг чимээгүй зогсоод, Шянлюд,
- Би явж унтлаа, үдэж өгч чадахгүй нь! гэхэд Шянлю түүний захнаас татан түүнийг буцааж,
- Намайг эмээ гар дээрээ аваагүй цагт чи хаашаа ч явахгүй, надтай хамт байх болно хэмээв.
Өдөн бөмбөг нисэн ирэхэд Сяолю түүний нуруун дээр гаран юу ч тоохгүй байх мэт инээн,
- Тэгсэн ч яах вэ, саяхан би нэг шинэ төрлийн хор найруулсан, яг туршиж үзэх хэрэгтэй байсан юм гэлээ.
Өдөн бөмбөг тэднийг нуруун дээрээ суулган ниссээр аглаг ууланд хүрэхэд Сяолю нүдээ аниад Шянлюд сануулан хэлж,
- Чи сайн бодсон биз, би гэдэг хүн бол өвдөхөөс их айдаг хүн. Аймхай, өөрийн гэсэн үзэл бодолгүй. Хожмын нэг өдөр Шюань Юань намайг барьж орхивол би шууд л бүгдийг илчилнэ шүү гэлээ.
Шянлю юм хэлсэнгүй.
Сяолю тэгэхээр нь шулуудаж өдөн бөмбөлгийн хүзүүгээр тэвэрч аваад унтаад өглөө.
Зүүрмэглэн унтаж байхдаа өдөн бөмбөлөг доошилж эхлэхийг мэдрэв.
Шянлю түүнийг татан босгож, бүргэдийн нуруунаас буугаад, -Нүдээ нээ хэмээн тушаалаа.
-Үгүй! Шяолю түүний гарыг барин, нүдээ тас аниад,
- Би чамд хожмын нэг өдөр намайг алах шалтгаан өгөхгүй!
Шянлюгийн гар нь түрхэн бадайрч, Сяолю хүйтнээр инээв.
Шянлю нисэх мэт түргэн явж, Сяолю түүний гараас зуурсан хэвээр бүдчиж тээглэн даган явна. Цэргийн хуаранд ороход,
- За, хуаранд ирчихлээ, энд олон байр байгаа. Чи л өөрөө хамаагүй явахгүй бол эндэх хаана байрлалтайг мэдэх боломж чамд огт гарахгүй гэж Шянлю хэллээ.
Сяолю нүдээ нээхэд, аглаг модон дунд байрлах модон байрнууд харагдав. Зарим байр нь том, зарим нь жижиг, гэхдээ хэлбэр нь бүгд ижил аж. Ингээд харахад үнэхээр газрын баримжаа үл мэдэгдэнэ. Ойр хавьд нь өндөр өндөр модод битүү ургасан байх нь яг л хязгааргүй ойн далай мэт уудам харагдана. Ойр хавиар тандан явахгүй л бол хаана ирснээ үнэхээр олж мэдэмгүй ажээ.
Шянлю нэгэн модон байранд ороход, Сяолю түүнийг даган орлоо. Дотор ороод эргэн тойрноо сонирхон ажиглахад дотроо тун чиг энгийн аж. Нэг нарийхан ортой, орны урд талд амьтны арьс зүйж хийсэн дэвсгэр харагдана. Орны хөлд нэг болхи хийцтэй банзан авдар тавьжээ. Хувцас хунараа агуулдаг бололтой. Арьсан дэвсгэр дээр хоёр ширээ байна. Нэгэн дээр нь албан бичиг өрж, нөгөө дээр нь цайны төсөр хэрэгсэл тавьжээ.
Цэргийн хуарангийн гол чухал тэргүүн хүн гэх хэр нь, өдөр хоногийг ийм борог зүдүү өнгөрөөж байгааг нь хараад Сяолю нууцхан санаа алдаад "Энэ чөтгөр юуны төлөө гэж ингэн ингэн явдаг байна аа" гэж бодов.
Гадаа өчүүхэн ч аниргүй болж, тэнгэр тас харанхуй боллоо. Яг л нойрсож унтдаг цаг. Шянлю мэдээж орон дээрээ унтаж амарна. Сяолю шууд өөрөө мэдэж нэг бүтээлэг олж нөмрөөд, арьсан дэвсгэр дээр атиралдан хэвтээд тэр шөнийг өнгөрөөлөө.
Хоёр дахь өдөр, өглөө үүрээр Шянлю гарч явахад, Сяолю түүний орон дээр гараад үргэлжлүүлэн унтлаа.
Гадаанаас үе үе жигд уухайлах дуу сонсогдоно. Анх сонсоход сонирхолтой мэт байснаа, сонсоод удах үед Сяолю өөрийгөө дүлий байсан ч болоосой хэмээн хүсэж эхэлээ.
Өдөр бүр, жилээс жилд, нэгэн хэвийн цэргийн сургуулилтыг удирдан хийлгэх нь харахад хэдий уйтгартай ч, чухам энэхүү уйтгартай сургуулилт л цэргүүдийн зоригийг мохоолгүй хүчтэй байлгаж, урмыг нь ирлэдэг. Гэхдээ тэдний ингэж тэсвэрлэх нь үнэндээ утга учиртай зүйл гэж үү? Цэрэг эрс бол нутаг усаа бүрэн бүтэн байлгаж, ард иргэдээ хамгаалахыг ариун зорилгоо болгодог. Гэтэл тэд одоо аглаг ууланд нуугдаж бүгээд, бүрэн бүтэн авч үлдэх нутаг ус ч үгүй, хамгаалж хаацайлах ард иргэд ч үгүй болсон байлаа.
Сяолюд гэнэтхэн Шянлюг зарим нэг талаар хүндэтгэх сэтгэл төрлөө. Чөтгөр шулам бол төрөлхөөсөө элдэв хэв журамд баригдалгүй, эрх дураараа хэсүүчлэн явдаг төрөлтөн. Шянлюгийн бардам ихэрхэг байдлаас харахад тэр бол бүр ч хэрийн зүйлийг тоодоггүй баймаар. Гэтэл тэр бардам ихэмсэг зангаа хойш тавиад магадгүй өөрийн сэтгэлдээ бол хамгийн үл тоомсорлодог зүйлээ өдөр бүр дэг журамтайгаар хийж гүйцэлдүүлж байдаг.
Шянлю цэргүүдийг сургуулилж дуусаад, модон байрандаа эргэн ирэв.
Сяолю ширээний ард суугаад, дур мэдэн цайлж эхэллээ. Цайны саванд нэг сонин зүйл байна. Сяолю Шянлюг хөөрхий амьтан үнэхээр зутруу амьдрах юм аа гэж бодон, тэр сонин зүйлийг огтхон ч тоолгүйгээр усан дотор шидээд цай шиг юм чанаж уулаа.
Шянлю ор налан арьсан дэвсгэр дээр суун Сяолюг шоолохоор бэлдэх мэт жуумалзан сууна. Сяолю цайг амандаа ойртуулахдаа нүдээ сүүмийлгэн нэг зогтуссан боловч, юу ч болоогүй мэт тоохгүй царай гарган аягатай цайгаа ууж дуусгалаа.
- Би одоо чиний хэлж байсан чамд янз бүрийн сонин хачин юм зөндөөг хүчээр өгч идүүлдэг байсан гэсэн үгэнд чинь итгэлээ гэж Шянлю хэллээ.
- Би хэзээ ч худал зүйл ярьдаггүй, би зөвхөн хэрэгтэй хэрэггүй дэмий зүйлс л ярьдаг хүн дээ гэж Сяолю мишээн өгүүллээ.
- Би цай ууж дуусаад саванд нь хорхой шумуул хөөдөг эм гээд нэг юмыг хийж орхисон юм. Нэгэн төрлийн адгуус амьтны ялгадсаар хийдэг юм гэнэ билээ.
Сяолюгийн царай нь хувирсан боловч өөрийгөө хүчлэн төв царай гарган сууна. Шянлю аяархан инээлээ. Үнэн сэтгэлээсээ инээд нь хүрч буй нь илт.
Сяолю түүний хүйтэн царай дахь харц нь хаврын харзны ус хайлах шиг дулаан туяа цацруулахыг харан гөлрөөд яг тэр мөчийг үүрд өөртөө үлдээхийг хүслээ.
Гаднаас нэгэн цэрэг орж ирэн,
- Шянлю жанжин, дахиад хоёр цэрэг амсьгал хураалаа гэж мэдээллээ.
Шянлюгийн инээмсэглэл нүүрэн дээрээ царцаад, гялсхийн босоод гарч явлаа.
Сяолю хэсэг тээнэгэлзсэний эцэст үүдэнд очин гадагш харлаа.
Хэсэг газрыг цэвэрлээд түүдэг босгон голд нь хоёр цэргийн амьгүй биеийг тавьжээ.
Шянлю тийш дөхөж очиход, хэдэн зуун цэрэг хүндэтгэм бөгөөд гашуудалтайгаар эгнэн зогссон байлаа. Шянлю эхлээд 3 хундага архи өргөөд, бамбар аван түүдгийг ноцоов.
Гал дүрэлзэн аслаа. Галын дөлөн дундаас цэргүүдийн царай тодрон харагдана. Цэрэг эрсийн нар салхинд гандаж гундсан царайнд байнга үхэлтэй нүүр тулан явсаар гөлийчихсөн баргар төрх илэрцгээнэ. Гэвч тэдний баргил хоолойгоор дуулах дуунаас хамгийн гунигтай өнгө сонстоно.
🎶ЭНЭХЭН АЛД БИЕЭ УРСАХ ГОЛ, УУЛС ХАНГАЙДАА ЗОРИУЛАХ НЬ ЭНЭ НАСНЫ МИНЬ ХҮСЭЛ БИЛЭЭ
🎶НЭГЭН ӨДӨР АМЬСГАЛ ХУРААХ ТЭР ҮЕД, СҮНС МИНЬ САЛХИНЫ АЯСААР ОДОХ БОЛНО
🎶АЛДСАН АЛЬ ОНОСНОО ТЭР ҮЕД ДЭНСЛЭН БАРААД АМАР ТАЙВАН НОЙРСОЖ ЧАДАХ БОЛОВ УУ?
🎶МЯНГАН ЖИЛ, ТҮМЭН ОН ӨНГӨРӨХӨД НЭР АЛДАР МИНЬ ЦУУРАЙТАХ ЭСЭХИЙГ ХЭН ХЭЛЖ МЭДЭХ БИЛЭЭ
Цэргүүдийн дуулах нь жигд биш, энд хоцорч, тэнд түрүүлэн дуулна. Сяолю тэдний дуулахыг сонсоход, энэхэн алд биеэ гол ус, уулс хангайдаа зориулах нь энэ насны минь хүсэл билээ, нэгэн өдөр амьсгал хураах тэр үед, сүнс минь салхины аясаар одох болно, алдсан аль оносноо тэр үед дэнслэн бараад амар тайван нойрсож чадах болов уу, мянган жил, түмэн он өнгөрөхөд нэр алдар минь цуурайтах эсэхийг хэлж хэн мэдэх билээ гэсэн мөртүүдийг цэргүүд энд тэнд нь оруулан өөр өөрийнхөөрөө дуулах аж.
Төр барих хаан Шэнь Нуны газар нутгийг эзэрхийлэн булаан авсан нь үнэн. Шэнь Нун улс одоо нэгэнт мөхөж үгүй болсон. Ард иргэдийн хувьд бол амар жимэр амьдарч л байвал, хэн тэдний эзэн хаан байх нь тэдэнд тийм чиг чухал зүйл биш билээ. Зарим хүмүүс бүр одоогийн төр барих хааныг урга ухаант, ачлал буянт хаан хэмээн магтан дуулцгааж эхэлсэн. Хэн ч одоо эдгээр бууж өгөлгүй тэсвэрлэн тэмцэх цэргүүдийн алдсан оносныг дэнсэлж, мянган жил, түмэн он өнгөрсний дараа хэн ч тэдний унаж боссон түүхийг дурсан санахгүй болно.
Бууж өгөөд, толгой бөхийн мэхийх төдийд, тэд эелдэг ялдам гэргийтэй, өхөөрдөм хөөрхөн үрстэй болох боломжтой. Бүүр хааны хүртээсэн баян тансаг амьдралаар амьдран суух ч боломжтой. Гэвч тэд өөрийн итгэл үнэмшлээ алдалгүй, хэдий нь олон хүн алдуурч орхисон үнэт зүйлээ хамгаалан тэсэх аж. Энэхүү итгэл үнэмшлийнхээ төлөө амиа өгөхөөс ч үл буцах зориг шийдвэрийг тэд нэгэнт гаргацгаажээ.
Түүхийн хүрд нэгэнт урагш хөдөлсөн байхад, тэд харин урьдын байрандаа үлдээд, тэрэгний урд хоёр гараа өргөн зогсож хөдөлсөн тэргийг хүчээр зогсоох гэж оролдох аж. Тэд бол цаг хугацаа мартаж орхисон хүмүүс байлаа. Тэд цагийн урсгалыг сөрөхийг хичээх боловч нэгэнт хөдөлсөн цаг тэднийг өөрсдийг нь хайр найргүй нухчин дарж, хамаг ясыг нь үйрүүлж дуусах нь нэгэнт ойлгомжтой болжээ.
Сяолю тэднийг тэнэг байна гэдгийг харж ойлгож байлаа. Тэдний тэнэглэхийг хараад бүр өрөвдөх сэтгэл ч төрнө. Гэвч тэднийг бас хүндэтгэн хайрлахаас өөр аргагүйд хүрч байлаа.
Энэ мөчид тэр өмнө нь тэр Шянлюд тоглоом наргиан болгон Гүнгүний ажил үйлс бол утга учиргүй зүйл, Шянлю түүнээс урваж, төр барих хаанд дагаар орсон нь дээр гэж хэлэхэд Шянлю асар их уурссан учрыг гэнэт ойлголоо. Энэ хорвоод зарим нэгэн хүсэл зориг няц дарагдаж, бут цохиулдаг боловч хүний хүсэл зоригийг хэзээд шоолон дооглож болохгүй билээ!
Шянлю алгуур буцан ирэхэд түүний хойно гунигт дуу сонсогдсон хэвээр үлдлээ.
Сяолю хаалга налж зогсоод түүнийг харахад цагаан үс цагаан хувцас нь цусан өнгөөр шингэх нарны туяан дунд нүд цоргим харагдана.
Шянлю Сяолюгийн урд ирээд хүйтэн царайндаа тохуурхал цухалзуулан зогсоно. Чухам, хүний хорвоог тохуурхаж байгаа юм уу, эсвэл өөрийгөө тохуурхаж байгаа аль нь болох нь үл мэдэгдэнэ.
Сяолю гэнэт түүнд мэхийн ёслоод,
- Би өмнө хэлсэн үгэндээ уучлал эрье гэж хэллээ.
Шянлю царайгаа хувиргалгүй байр луугаа явж ороод, -Хурдхан эм олж авч чадвал, тэднийг ядаж хэдэн өдөр торгоох сон. Тэд бол цэрэг эрс, үхсэн ч гэсэн дайны талбарт, хааны цэргүүдтэй тулалдаж үхэх ёстой хүмүүс гэлээ.
Сяолю буланд чимээгүй суугаад Жинийг жинхэнээсээ хурдхан эм олж өгөөсэй гэж хүсч эхэллээ.

***********************************************************************

• Цэргүүдийн дуулсан дууны үгийг яруу найрагч Тао Юань Миний "Үхэгсдэд зориулсан эмгэнэл " найраглалаас авав.
/Зохиолч/

📌Орчуулагчийн тайлбар.
🫒Мөнгөн гүйлс самар
白果 Bai Guo
Махчилан орчуулбал цагаан үр гэсэн үг.
[Ginkgo Nut - Мөнгөн гүйлс самар
Уушгины үйл ажиллагааг сайжруулж, цэргүй хий ханиалгыг дарж, тархины судасны үйл ажиллагааг нэмэгдүүлнэ.]
Amu нэртэй facebook хуудсаас иш авав.
🍁Шилин
西陵 Xi Ling
Өрнөд бунхан эсвэл өрнөд овоо гэсэн үг.
Домогт дурдсанаар бол энэхүү овог нь Шюань Юань хааны өмнөх эхнэрийн овог аймаг юм. Шилин хатан хүр хорхойгоор даавуу торго нэхэж, хувцас хийх аргыг нээсэн гэдэг.
🦊Түшан
涂山 Tu Shan
Бичигт уул эсвэл зурагт уул гэсэн үг.
Эртний нэгэн домог үлгэрт Түшан овгийн 9 сүүлт цагаан үнэг бүсгүйн дүр гардаг. Түүнээс хойш 9 сүүлт үнэгний овгийг Түшан гэж бичих нь их болжээ.
🐦Гүйфан
鬼方 Gui Fang
Сүнс дагагч эсвэл сүнсний талыг баримтлагч гэсэн үг.
👑Жинтянь
金天
Алтан тэнгэр гэсэн үг.
Хятад домогт гардаг таван их хааны нэг, өрнөдийн эзэн хаан Жинтянь. Baidu хайлтаас харахад өрнөд буюу баруун тэнгэрийн эзэн гэсэн байна. Зохиолч харин энэ хэсэг дээр Жинтянь овгийг урд зүгт амьдран суудаг овог гэсэн байна.
🌳Чинчю
青丘 Qing Qiu
Махчилан орчуулбал Хөх гүвээ, Хөх намхан уул, Хөх дов гүвээ гэсэн үг.
Хятад түүх домогт гардаг 9 сүүлт үнэгний амьдран суудаг газар нутгийн нэр.

Хятад кино ярилцья бүлгээс зохиолын дараагийн хэсгүүдийг уншаарай.

Үүрд Чамайгаа Үгүйлэн СананаWhere stories live. Discover now