Хүндэтгэлийн ёслол хэзээ болох вэ хэмээх арваннэгдүгээр бүлэг - 1/4

16 2 1
                                    

                Жу Рун овог бол Шэнь Нун овгоос салбарлан гарсан өндөр дээд овог

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


                Жу Рун овог бол Шэнь Нун овгоос салбарлан гарсан өндөр дээд овог. Жу Рун залуу ноёны эцэг бол тэнгэрийн дор алдар цуугаа цуурайлсан Жу Рун баатар. Шэнь Нун улс мөхсөний дараа Жу Рун залуу ноён Шар хаанд дагаар орж, Чишүй овгийн тэргүүний ганц охин Чишүй Сяо Ег эхнэр болгон авсан. Түүнээс хойш Жу Рун залуу ноён Шар хааны итгэлийг хүлээж түүний хамгийн итгэмжит сайд болоод, дотор газрыг захиран хариуцах  болсон юм. (Дотор газар бол урьд нь Шэнь Нун улсын эзэмшил нутаг байсан.)
Жу Рун залуу ноёныг угсаа гарал байр суурийг нь хүндэтгээд олон түмэн ил зэмлэн буруушааж чаддаггүй. Гэвч далдуур бол хүмүүс Жу Рун залуу ноёны талаар хэлэх ярих юм ихтэй байдаг байлаа. Түүний аав ээж нь Шэнь Нун улсын төлөө амь насаа зориулж дайнд тулалдаж амь үрэгдсэн. Гэтэл хүү нь Шар хаанд дагаар орж Шар хааны итгэмжит сайд болсон нь зарим нэгэн хүний дургүйцэл зэвүүцлийг төрүүлдэг.
Дайнаас хойш 100 жил өнгөрөхөд, Жу Рун залуу ноён, дээрэмчид хөлхөж, ард иргэд амьдран суух аргагүй болсон дотор газрыг төвшитгөн тайван болгож чадсан юм. Хэдий хөгжиж цэцэглэсэн сайхан газар болгосон гэж хэлж боломгүй ч, тэрээр үнэнч шударга хүмүүсийг улсын албан тушаалд тохоон томилж самуун хулгайг төвшитгөснөөр, ард иргэд өөрийн гэртээ эргэн ирж, ажил төрлөө айх аюулгүй эрхлэн явуулж, дотор газарт хөгжил дэвшил харагдаж эхэлсэн үе байлаа.
Сонсохнээ, Жу Рун овгийн залуу ноён хэзээ ч өөрийгөө Шэнь Нуны удам угсаа гэдгийг нуун хаацайлдаггүй, дотор газрын ард иргэдийн төлөө нэгэн сэтгэлээр зүтгэж, Шар хааны өмнө ч өөрийнхөө үзэл бодлыг нууж хаалгүй илэрхийлж чаддаг улс удирдах чадвартай нэгэн гэлцэнэ. Тэрээр дотор газрыг хөгжил цэцэглэлд хөтөлж, дайны хөлд нэрвэгдсэн ард иргэдийг гар газар хөл хөсөр амьдран суудаг болгох гэсэн чин зорилго өвөртлөн дотор газрыг хариуцан захирах болсон билээ. Энэ учраас тэр хэдийгээр олон түмэнд чичлүүлж дарамт шахалтад өртөж байсан боловч аажимдаа дотор газрын ард иргэд, язгууртан дээдчүүд түүнийг шүүмжлэн хардаж сэрдэхээ больж харин ч түүнийг их хүндэтгэн үздэг болсон билээ. Жу Руны үхэл бол төрсөн нутгаа хамгаалан, тулалдаж үхсэн, эх нутгаа гэсэн бахархам бахдалтай хэрэг. Түүний хүү Жу Рун залуу ноёнтны үйл хэрэг ч гэсэн нэгэн төрлийн бахдан бахархам үйл хэрэг, эх нутаг ард түмнээ гэсэн эгэлгүй хэрэг зориг биш гэж үү?
Чишүйгийн намрын тэмцээн бол Жу Рун овгийн залуу ноён дотор газрын хэргийг эрхлэн авснаас хойш түүний хариуцан зохион байгуулдаг болсон тэмцээн юм. Анхандаа бол Жу Рун залуу ноёнтон энэ тэмцээнээ цөөн овог гэр бүлийн дунд зохион явуулдаг байсан. Тэр энэ тэмцээнийг зохион байгуулснаараа дотор газрын язгууртан гаралтай залууст цочроо өгч тэднийг дотор газрын хязгаарлагдмал хүрээнээсээ гарч сэтгэн хараа юугаа тэлж тэнгэрийн гадна тэнгэр, давааны цаана даваа, хүнээс илүү хүн байдаг гэдгийг тэмцээнд оролцсон залуус ойлгон мэдэрч улмаар өөрийгөө хатамжлан ном эрдэмд шамдан суралцаж, хичээл зүтгэлтэй болоосой гэсэндээ тэмцээн зохион явуулж эхэлсэн билээ. Энэ тэмцээн нь амжилттай зохион байгуулагдаж олон хүний сэтгэлд нийцэн язгууртан овгийнхон тус тэмцээнд идэр бага залуусаа оролцуулах дуртай болсон билээ. Дахуаны өнцөг булан бүрээс энэхүү тэмцээнд оролцохоор улам олон овог гэр бүлийн залуус Чишүйд хүрэлцэн ирдэг болжээ. Сүүлд их овгийн язгууртан гэл бүлийн удам угсааны залуус ч олноор энэ тэмцээнд оролцдог болж Чишүйгийн намрын тэмцээн нь Дахуан дахь нэгэн том арга хэмжээ болжээ.
Энэхүү тэмцээний онцлог бол улс хамаарахгүй зөвхөн овог гэр бүл хоорондоо танилцан өрсөлддөг улсын хил хязгаарыг давсан тэмцээн уралдаан юм. Шар хаан, Цагаан хаан хоёр тэмцээн болох бүрд сайд илгээн энэ тэмцээнд зориулан арвин их шагнал хүргүүлдэг байлаа. Энэ нь бүр ч олон залуусын энэ тэмцээнд оролцох хүслийг бадраан өдөж урин далладаг.
Энэ удаад Цагаан хаан Рү Шөүг шагнал бэлэг хүргүүлэх багийн сайдаар томилон явууллаа.
Жуан Шюй тэр багт орон мэдээжийн хэрэг Сяолюг бас дагуулан явах боллоо. Анянь бас Цагаан хаанаас зөвшөөрөл аван Жуан Шюй Сялютэй хамт Чишүй рүү явах болжээ.
Сяолю, Жуан Шюйг мэдээж Чишүйгийн намрын тэмцээнд оролцож байсан байх гэж бодсон боловч Жуан Шюй түүнд энэ бол түүний анх удаа энэ тэмцээн рүү явж байгаа нь энэ гэв.
Сяолю хэсэг эргэцүүлэн бодоод учрыг нь ухаарлаа. Дахуаны олон олон их бага овог гэр бүл энэхүү намрын тэмцээн дээр цуглан уулздаг. Тэмцээнд орохоор ирсэн залуус бол мэдээж гэр бүл дотроо гарамгай чадвартай гэгддэг авьяаслаг залуус байж таарна. Их овгийн залуус энэ тэмцээнд өөрийн биеэр оролцохыг чухалчлахаас гадна тэмцээнд оролцохоос ч илүүтэйгээр энд ирж хүнтэй танилцаж ирээдүйн эрх нөлөөгөө батжин баталгаажуулахыг нэн тэргүүнд тавьдаг байж магад. Өмнө нь Жуан Шюй энэ тэмцээнд ирдэггүй байсан учир нь тэр тэмцээнд оролцох хүсэлгүйдээ биш харин Шюань Юаний тал бүрийн эрх мэдлийг атгасан хүч нөлөөтэй хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ татаж тэдэнд түүнийг устган хороох сэдэл төрүүлэхгүй гэсэндээ ирдэггүй байсан байх. Одоо бол тэр энд ирсэн нь хүний анхаарлыг татсан ч хамаагүй гэж бодсоных. Учир нь тэр нэгэнт буцан очихыг шийдсэн байгаа билээ.
Гао Шин бол ус ихтэй газар. Гол мөрөн ихтэй. Рү Шөү урьдын адил усан замаар явахаар болж усан онгоцонд суун дотор газар руу хөдөллөө.
Жуан Шюй, Сяолю Анянь хоёр нэг усан онгоцонд суувал хоорондоо таарахгүй эвдрэлцэн муудалцах вий хэмээн санаа нь зовж байсан боловч тэр хоёр харин хоорондоо тун таарамжтай явлаа. Хааяа тэр хоёрыг булан тохойд суун шивэр авир хийн суухыг нь  хараад тэр гайхан Сяолюгээс,
- Чи Анянийг яаж буулгаж авч чадаа вэ гэж асуулаа.
Сяолю их л нууцлагаар инээн,
- Нууц гэж хариуллаа.
Замын турш тэд тэмцээнд оролцох гэж яваа олон хүнтэй таарлаа. Гао Шиний их 4 овгийнхон голдуу арван хэдүүлээ нэг усан онгоцонд суун явцгаана. Жижиг овгууд бол харин гурав таваараа нэг жижиг завинд суун явцгаана. Зарим нэгэн овгоос бол бүр ганц нэгхэн залуус тэмцээнд оролцохоор явж байлаа.
Жуан Шюй Рү Шөүтай мэндлээд усан онгоцноос буун жижиг завинд суун тусдаа усан онгоцны араас даган явлаа. Сяолю Анянь хоёр мэдээж Жуан Шюйтэй цуг явахаар болж, Анянь бас Хайтанг дагууллаа.
Хүмүүс тэднийг хараад тэднийг жижиг овгоос гаралтай залуус, тэмцээнд оролцохоор явж байна гэж харна. Завь эрэгт ирэн түр буудаллах үед хүмүүс тэдэн дээр ирж үг яриа үүсгэнэ. Жуан Шюй ч тэдэнд халуун дотноор хандан явсаар дотор газар хүрэх замдаа тэд олон шинэ танилтай боллоо.
Чишүйд ойртох тусам голын усан дахь завь, усан онгоц улам олон болж ирлээ. Ашгүй Жу Рун залуу ноёны томилсон хүмүүс эрэг дээрээс тэднийг зохицуулан байсан учир урагш хэдий удаан явж байгаа ч ямар нэгэн саад бэрхшээлгүй урагшилж байлаа.
Чишүйгийн нутаг дэвсгэрт ороход гол улам өргөн болон голын хоёр талаар тариалангийн талбай харагдаж эхэллээ. Тариа хураах цаг таарсан тул тариалангийн талбай бүхэлдээ алтан шар өнгөөр гялалзан гийж харахад яг л алтан өнгөтэй нуур мэт шаргалтан шаагина. Тариаланчид тариан талбайдаа нуруу бөхийлгөн ажиллаж, үхэр тэрэг урагш хойш зөрөлдөн хураасан тариагаа зөөж байгаа нь харагдана. Намрын тариа хураалтын ажил ид өрнөн байна.
Голын салхи тариалангийн талбай дээгүүр сэвшин үлээхэд тариан түрүү намалзан найгахыг хараад Сяолюгийн сэтгэл санаа даган баясаж, Анянь хүртэл завины толгойд зогсоод,
- Эрэгт байгаа хүмүүс их баяр хөөртэй харагдаж байна хэмээн инээмсэглэн хэлж явлаа.
Жуан Шюй эргийн дагуух үзэмжийг хараад түүний царайнд гунигтай төрх гялсхийгээд харин уруулд нь инээмсэглэх өнгө тодорлоо.
Сяолю тэсэлгүй түүнээс,
- Яагаад ийм сонин байгаа юм бэ гэж асуулаа.
Жуан Шюй аяархан дуугаар,
- Жу Рунаас болж аав минь үхсэн. Эцгийн амь насны өстөнтэй нэгэн тэнгэрийн дор хамт байх аргагүй гэдэг. Жу Рун залуу ноён өвөөд дагаар орох тэр үед би Шюань Юаньд байсан. Жу Рун залуу ноёныг амьд үлдээх эсэх шийдвэрийг өвөө надаар гаргуулсан. Надад Жу Рун залуу ноёныг алж хороох боломж байсан. Гэвч би тэр боломжийг ашиглаагүй. Өнөөдөр ингээд харахад сэтгэл минь нэг талаар тайвшран миний гаргасан шийдвэр зөв байж гэж бодогдох боловч нөгөө талаар өөрийн эцэг эхдээ эндэж осолдож байгаа мэт ... гээд Жуан Шюй Ай! гэж аяархан санаа алдлаа.
- Чиний сонгосон замд өршөөл энэрэл байж болох ч хувийн өс хонзон байж үл болно. Нэгэнт шийдсэн бол одоо өөр илүү зүйл бодох хэрэггүй. Нагац ах эгч ч чиний сонгосон замыг дэмжих байсан.
- Жуан Шюй инээмсэглээд гуниглангүй өнгөөр,
- Би ойлгож байна гэж хэллээ.
Завь явсаар, зам дагуух өнгө үзэмж өөрчлөгдсөөр. Урд эрэгт, ногоорон харлах ой модод үргэлжилнэ. Хойд эрэгт харин ганц ч өвс ургамал харагдахгүй цөлийн аястай газар нутаг хойд зүгт хараа алдам үргэлжлэн харагдана.
Анянь гайхан тэднээс,
- Чишүй усны ундарга арвин хэр нь яагаад ийм цөлөрхөг харагдаж байгаа юм бэ? Чишүйгийн хоёр эрэгт хавар зун хоёр улиралд бороо их орж, өвөлдөө цас их унадаг. Тэгсэн хэр нь яагаад ингэж их цөлжсөн юм бол?
Жуан Шюй анх удаа Чишүйд ирж үзэж байгаа нь энэ. Сяолю Дахуанаар хэрэн хэсэж явсан боловч Чишүй бол Жи Жөүтэй хиллэдэг газар. Тэр Жи Жөүд ирэхээс зайлсхийн явдаг байсан тул тэр Чишүйд хэзээ ч ирж байгаагүй билээ. Тэр хоёр Аняний асуусныг мэдэхгүй байлаа.
Тэдний завьчин харин Чишүйд олонтоо ирж байсан тул,
- Хөгшин миний мэдэхээр бол олон жилийн өмнө эндэх цөл газар байгаагүй. Хэзээнээс гэдгийг мэдэхгүй энэ газар нутаг цөл газар болон хувирсан. Хүмүүсийн хэлэлцэхээр бол цөлийн дунд хэсэг газарт тоорын төгөл байдаг гэсэн. Тоорын төгөлд нэгэн үзэшгүй муухай шуламс байдаг гэлцдэг. Тэр шуламс л энэ газрыг халуун зуух шиг газар болгон цөл газар болгон хувиргасан гэж ярьцгаадаг юм. Тэр шуламс их ганг авч ирсэн тул хүмүүс түүнийг ган гачиг дууддаг чөтгөр шулам гэж нэрлэдэг.
- Хутагт овгоос тэр шуламсыг даран устгахаар цэрэг дайчлан илгээгээгүй хэрэг үү? гэж Жуан Шюй завьчнаас асуулаа.
- Цөс ихтэй хутагт овгийн залуу хутагт нар чөтгөр шулмыг устгахаар тийш очиж байсан гэдэг. Гэхдээ энэ цөл бол их хачирхалтай газар. Дотогш явах тусам тэсэхийн аргагүй халуун болж тийш зорьсон хүмүүс тоорын төглийг олж очихоос өмнө халуунд харангадаж үхэхээ дөхдөг гэсэн. Тэгээд тэд хурдхан буцахаас өөр аргагүй болдог гэнэ билээ. Тэр шуламс энэ цөлд суудаг ч гэсэн тэр хэзээ ч хүнд хор хүргэж байгаагүй. Үнэхээр тийм шулам байдаг эсэхийг ч хүмүүс яг таг сайн мэддэггүй юм. Тийм болохоор ард иргэд түүнийг нэг их тоон авч хэлэлцдэггүй, тэгсээр хэн ч энэ яриаг тоохоо больсон.
Анянь,
- Ямар зэвүү хүрэм хэрэг вэ! Энд уг нь ногоорон харагдаж байх ёстой байсан. Нэг муу шуламсаас болж ийм болсон байна. Харамсалтай нь голын хойд тал Шюань Юаний мэдлийн нутаг. Хэрвээ Гао Шиний газар нутаг байсан бол би заавал хаан аавд хэлж байгаад хүн томилон явуулж тэр шуламсыг устгуулах байсан юм.
Сяолю цөл рүү хараачлан,
- Энэ тийм ч муу шуламс биш бололтой гэж хэллээ.
Анянь дургүйцэн Сяолюг харахад Жуан Шюй түүнд тайлбарлан,
- Чи сая эндэх газар бол Чишүйд ойрхон, усны ундарга ихтэй, хавар зуны хоёр улиралд бороо их орж, өвөлдөө цас их унадаг газар гэлээ. Ийм их ус чийгтэй газарт мянган бээрийн цөл бий болжээ. Чи бодоод үз, энэ шуламс хэрвээ өөр газрыг сонгосон бол тэнд энэнээс ч илүү аймшигтай байдал үүсэх байсан. Тэгэхээр тэр шуламсад хүн амьтан хорлоё гэсэн санаа байгаагүй гэсэн үг.
Аняньд Жуан Шюйгийн хэлсэн үг зөв зүйтэй санагдавч гэхдээ л энэ шуламсыг устгаж үгүй хийх хэрэгтэй гэж санагдана. Гэвч тэр, багаасаа аав, Жуан Шюй хоёрын үгэнд ороод сурчихсан болохоор нэмж юм хэлсэнгүй дуугүй боллоо.
Завь дахин урагшаа хэсэг явахад хойд эрэг дагуу хэсэг бусаг модод харагдаж эхэллээ. Удалгүй ногоон модод улам их болон, жимст төгөл гарч ирлээ. Модонд ургасан жимснүүд, улаан, шар өнгөөр алаглан, харахад тун сайхан. Хүмүүс энэ сайхан үзэмжийг хараад саяны ярьсан шуламсын тухай яриаг мартацгаалаа.
Орой болоход завь алгуур хурдаа саан, эргийн зогсоолыг чиглэн хөвлөө. Тэнд олон завь зогссон харагдана.
Жуан Шюй Сяолю нар усан онгоцон дээр гарахад хөлгийн ажилчид чанга дуугаар дохио өгөн усан онгоцоо боомтод оруулан зогс гэж заасан газарт онгоцоо зогсоолоо.
Албаны хүн ирж Рү Шөүг тосон авлаа. Усан онгоцноос буусан багт Гао Шиний гүнж, Шюань Юаний ханхүү байгаа боловч Жуан Шюй Анянь хоёр нууц нэрээр явж байгаа тул хэн ч тэднийг анхаарч үзсэнгүй.
Тэдэнд зориулж бэлдсэн албан буудаллах газарт тэд ирэн амарлаа. Рү Шөүд хийж гүйцэтгэх албан үүрэг байгаа тул Анянь Жуан Шюй хоёрыг дагалдан явах боломжгүй.
Рү Шөү бол Цагаан хааны авга ахын хүү, Цагаан хааны шавь. Цагаан хаан өөрөө гардан сургасан итгэлтэй хүн нь гэж хэлж болно. Тэр Анянь Жуан Шюй хоёрыг дотно сайн гэдгийг мэдэх тул Анянаас эндэх аяллаа хэрхэн төлөвлөж байгааг нь асуулгүй харин шууд Жуан Шюйгээс энэ хэд хоногт юу хийх гэж төлөвлөж байгааг нь асуулаа.
Жуан Шюй түүнд,
- Эхлээд нэг хоног сайхан амарч өнжинө. Маргааш энэ хавиараа  гарч гадуур зугаална. Нөгөөдөр тэмцээн эхлэхээр бид нар мэдээж тэр тэмцээнийг үзэж сонирхоно. Чи бидэнд санаа тавьсны хэрэггүй.
- Тэмцээнд орохоор ирж байгаа залуус бол бүгд язгууртан овгоос гаралтай чадвартай залуус. Зарим нэг нь хэт бардам зантай байж мэднэ. Хэрэв та тийм хүнтэй таарвал тоохгүй байгаарай. Аль болох хэрэг төвгөөс зайлсхийгээрэй. Бид бол тэмцээнд үзэх гэж ирсэн. Тэмцээнд оролцох гээгүй. Хүнтэй маргалдаж хэрүүл зодоон үүсгэх хэрэггүй. Хэрэв цаад хүн чинь ёсгүй аашлах юм бол надад даатгаарай. Би зохицуулна.
Жуан Шюй түүний энэ үг үнэндээ бол Аняньд хандсан үг гэдгийг нь анзаарч,
- За хэмээн инээмсэглэн хариуллаа.
Анянь бага байхаасаа л Рү Шөүг таньдаг байсан. Хэрэв удам судар хөөвөл тэр хоёр бол үеэлийн хүүхдүүд болно. Тэр хоёр бие биеийнхээ ааш занг сайн мэддэг. Анянь хошуугаа мурилзуулаад Рү Шөүд хандан,
- Чи л мундаг ажил хэрэг хийдэг, бид нар бол тэнэг амьтад, болсон биз?
Рү Шөү Жуан Шюй рүү харан арга баран инээгээд шадар дагуулаа дагуулан Жу Рун залуу ноён өөрт нь зориулан бэлтгэсэн хүлээн авах ёслолд оролцохоор явлаа.
Маргааш нь, Сяолю Анянь хоёр хэлж тохирсон юм шиг хоёулаа үд болтол унтлаа. Тэднийг босоход нар дээр хөөрсөн байлаа. Жуан Шюй хаашаа явсан юм мэдэхгүй алга.
Сяолю Анянь хоёр өрөөний хоёр захад суугаад хоолоо удаан иднэ. Хоолоо идэж дуусаад Анянь,
- Хөөе, чи яах ёстойгоо мэдэж байгаа биз гэж хэллээ.
- Мэдэж байгаа. Би андгай тангараг өргөсөн. Чи санаа амар бай. Хаан аавыг тань чамайг надад эхнэр болгон өгүүлэхгүй гэж Сяолю сандран өгүүллээ.
Тэр хоёр дахин алгуур удаан цай уун сууцгаалаа. Жуан Шюй сая л нэг юм эргэн ирж, Анянь түүнээс,
- Ахаа, та хаашаа яваад ирээ вэ гэж хошуугаа унжуулан асуулаа.
Жуан Шюй мишээн инээж,
- Гадуур гарч энэ хавиараа явж чамайг хаашаа дагуулж очиж тоглуулах вэ гэж харж яваад ирлээ.
Анянь эгдүүтэй инээж, Сяолю нүдээ эргэлдүүллээ. Жуан Шюйгийн энэ ам уу, амтат бурам шиг таатай үгсийг үнэгүй юм шиг л амнаасаа урсгах юм. Түүний хуурч байгаад зарсан хүн ч түүнд талархаж түүнийг хамгийн сайн хүн гэж талархан бодохоор сайхан аашлах юм.
Жуан Шюй Сяолю түүнийг дооглон ажиж байгааг анзаараад түүний дагз руу цохиод,
- Явцгаая гэж хэллээ.
Жуан Шюй Сяолю хоёр Анянь Хайтан хоёрыг дагуулан буурчийн газраас гаран явлаа. Дахуаний газар бүрээс хүмүүс ирсэн тул гадуур хүмүүс дүүрэн хөлхөлдөнө. Угаас том биш Чишүй хот бүр ч шахцалдаантай болжээ.
Чишүй хот дундуур Чишүй голын салаа мөрөн урсан өнгөрдөг. Тиймээс хуурай газраар энд ирсэн хүмүүс завинд суун голоор явахыг илүүд үздэг. Харин Жуан Шюй тэд нар бол усан замаар ирсэн тул усан онгоц завинд суухаас уйдаж гадуур алхаж явахаар шийдлээ.
Жуан Шүй энэ хоёр зуун жилд Гао Шиний өнцөг булан бүрд очиж үзсэн. Харин Шюань Юаний эзэмшил нутгийг бол тэр сайн мэдэхгүй. Тиймээс тэр явж байгаа газраа маш нарийн ажиглан харж явлаа. Анянь анх удаа дотор газарт ирж байгаа биш боловч харин анх удаа энүүгээр аялан явж байгаа учир түүнд их сонирхолтой санагдан хөөрөн баясан явна. Энгийн ардын охид бүсгүйчүүдийн эдэлж хэрэглэж байгаа жижиг зүйлс ч түүний анхаарлыг татаж сонирхон харна. Жуан Шюй Анянийг дуртай байгааг анзаараад түүнд зориулан хэдэн мөнгөн бугуйвч авч өглөө. Анянь түүнээс нь хоёр бугуйвч сонгоод Хайтанд өгөхөд, Хайтан баярлан хөөрч тэр хоёр бугуйвчаа гартаа зүүн хөөрч догдлон явцгаалаа.
Сяолю хоёр зуу гаруй жил хэрэн тэнүүлчилсэн. Түүнд үзэж хараагүй зүйл юу байх билээ. Түүнд эндэх шал сонирхолгүй санагдаж байлаа. Харин ашгүй энд төрөл бүрийн идэх юм зарж байна. Тэр тэднээс худалдаж аваад энд тэнд сууж идэнгээ тэднийг хүлээнэ. Тэр холоос Жуан Шюйг ажиглан байлаа. Жуан Шюй үе үе түүнийг харна. Тэр хоёр хоорондоо олон юм ярихгүй боловч аль аль нь сэтгэл санаа нь тайван сайхан аз жаргалтай байлаа.
Амттай идэх юм таарвал Сяолю түүнээс ахиухан худалдан аваад Жуан Шюй Анянь хоёрт өгөхөд Анянь бохир заваан гэж голоод өгснийг нь идсэнгүй. Хайтан ч гэсэн идэхгүй байлаа. Жуан Шюй харин том хазан амтархан иднэ.
Анянь, Жуан Шюй тэр хоёрыг амтархан идэхийг хараад горьдож шүлс нь гоожиж өөрөө бас идмээр санагдах боловч дөнгөж сая идэхгүй гэж хэлчхээд одоо иднэ гэхээр ичгүүртэй санагдан юм хэлж чадахгүй боловч үе үе Жуан Шюй Сяолю хоёр руу харна.
Цагаан хаан Жуан Шюйг бодсондоо тэр үү Сяолюд Анянь нүдэнд дулаахан харагдан Аняний тэр жоохон охины маягтай зан ч муухай гэж тээртэй санагдсангүй. Сяолю Хайтангаас нэг цэвэрхэн алчуур аваад идэх юмныхаа гадна талын өнгийг хуулан аваад Аняньд өгөөд,
- Нэг амсаад үз дээ. Дотор талынх нь хэсэг ердөө ч бохир заваан биш гэж түүнийг аргадан хэллээ.
Анянь маяглан идэхгүй гэх боловч Сяолю түүнийг аргадан гоё үгс хэлэхэд Анянь "За яах вэ, чи гуйж байгаа бол би идсэн ч яах вэ, гэхдээ би горьдсон юм биш шүү" гэсэн царай гарган дуртай дургүй царайлан хажуугаас нь нэг хазлаа. Гудамжны хоол хэзээд онцгой сайхан амттай байдаг. Ордны ямар ч сайн тогооч ийм амтыг гарган адилхан амттай хийж чадахгүй билээ. Амттай зүйлд охид угаасаа дуртай. Аняньд гудамжны хоол шууд л таалагдлаа. Анянь идэж эхлэхэд Хайтан ч бас түүнийг даган элдэв амттан идэж Сяолюгийн санал болгосон амттаныг бүгдийг идэж үзлээ.
Тэр дөрөв идэж уугаад сэтгэл санаа нь сайхан зугаалан явцгаана.
Үдээс хойш тэд үхэр тэргэнд суугаад Чишүй хотоос гарч дотор газрын хамгийн том усан зогсоол гэгддэг газрыг үзэхээр явцгаалаа. Энэ усан зогсоол бол Чишүй овгийн эзэмшил газар. Чишүй овог өөрийн хийсэн энгийн усан онгоцыг бол Дахуаны олон овог гэр бүлд хамаагүй зарж худалддаг. Харин олны дунд ярилцахаар бол Шар хаан Чишүй овогтой нууц хэлэлцээ хийсэн, хэлэлцээнд зааснаар бол хамгийн сайн усан онгоцнуудыг зөвхөн Шар хаанд худалдана гэж заасан хэмээдэг. Цагаан хаан хүн илгээн сайн усан онгоц захиалан хийлгэх гэсэн боловч Чишүй овгийнхон түүнд татгалзсан хариу өгсөн гэж хүмүүс ярилцдаг.
Усан онгоц урлан хийх арга их нарийн. Усан онгоц хийх арга бол гэр бүлийн нууц байдаг. Хэн ч Чишүй овгийн усан онгоц хийдэг газарт нь орж үзээгүй. Гэхдээ олон хүн тэдний хийсэн усан онгоцны алдар цууг нь сонсон энэ усан зогсоолыг зорин ирдэг билээ. Энд ирж усан онгоц хийх аргыг нь нууцаар суралцах гэсэн биш зүгээр л эндээс буцаж гэртээ хариад хөрш танилууддаа бардамнан гайхуулж,
- Би өөрийн нүдээр Чишүй овгийн хийсэн усан онгоцыг харсан гэж хэлэх гэж хүмүүс ийшээ ирцгээдэг байлаа.
Жу Рун залуу ноёны санал болгосноор Чишүй овог олны өмнө шинэ хийсэн онгоцоо усанд зогсоолд тавьж харуулдаг байлаа. Олон хүн ирж түүнийг нь харснаар Чишүй овгийн усан онгоцны алдар цуу улам цуурайтан алдартай болно бас зорин ирсэн хүмүүсийн сониуч занг ч хангана.
Сяолю тэд нарыг энд ирэхэд нар жаргах дөхсөн байсан учир голын хөвөөгөөр олон хүн байсангүй хүмүүс энд тэнд хоёр гурваараа зогсон жаргах нарны туяан доорх голын үзэмжийг таашаан харцгааж байлаа.
Сяолю Жуан Шюй хоёр Анянь Хайтан хоёрыг дагуулаад дураар зугаалан явж байлаа. Гэнэт усанд онгоц тавих дуу гарлаа. Ийм орой болсон хойно усан онгоц усанд тавина гэж бодоогүй тул тэд эргийн захад зогсоод усан онгоцыг сонирхон харцгаалаа.
Усан онгоцны зогсоолын том хаалга нээгдэн нэгэн том биш усан онгоц алгуур хөдөлж ус руу орлоо.
Сяолю усан онгоцны сайн мууг хараад мэдэхгүй. Түүнд зөвхөн энэ онгоцны хэлбэр хийц л их соньхон харагдана. Толгой хэсэг нь хавчиг нарийн, ард хэсэг нь өргөн дэлбэгэр. Дэлгэрч амжаагүй урт нарийн цэцэг шиг хэлбэртэй онгоц байлаа. Энэ онгоцыг захиалж хийлгэсэн эзэн нь магадгүй бүсгүй хүн байх.
Анянь харин олон сайн усан онгоц харж явсан болохоор тэр усан онгоцыг хараад үл тоомсорлон,
- Чишүйгийн усан онгоц ердөө л энэ үү, тийм ч гайхаад байхаар сайн юм биш байна.
Нил ягаан өнгийн хувцас өмссөн нэгэн бүсгүй тэдэн рүү эргэн, ойртож ирээд Анянийг ширтэн,
- Энэ онгоцны юу нь болохгүй байна? гэж түүнээс асуулаа. Тэр бүсгүй цагаан арьстай, цовоо цолгиун харцтай, нүдний уг нь дээш өргөгдсөн бүйлс хэлбэртэй нүдтэй. Инээхгүй байсан ч дур булаам сайхан бүсгүй байна.
Анянь тэр бүсгүйг хараад, онгоц руу заан,
- Энэ онгоцыг бүсгүй хүний санаанд нийцүүлэх гэж урласан бололтой. Гэхдээ хэлбэр хийц нь гаж сонин юм. Энэ одоо ямар цэцэг юм бэ? Хурд хүч, гадаад хэлбэр хоёрт хоёуланд нь анхаарч чадахгүй бол аль нэгийг нь л сонгох хэрэгтэй байдаг юм. Энэ онгоцыг хийхдээ аль алийг нь анхаарах гээд алийг нь ч бүрэн дүүрэн гүйцэтгэн хийж чадаагүй юм байна.
Ягаан хувцастай бүсгүй түүнд,
- Чи ийм онгоцтой болохыг хүссэн ч чамд олдохгүй гэж тэр хүйтнээр хэллээ.
Анянь уурлан түүнд хариу өгөх гэхэд ягаан хувцастай бүсгүй түүнд хариу хэлэх боломж олголгүй эрэг дээрээс шууд нисэн тэр усан онгоцон дээр буулаа. Тэгээд тэр Анянь руу эргэн харж түүнийг тоомжиргүй ширвэн харлаа.
Анянь энэ ягаан хувцастай бүсгүй бол энэ онгоцны эзэн хүн байна гэдгийг ойлголоо. Тэгээд тэр түүнээс ч хүйтнээр,
- Хэмхэрхий нэг онгоц л байна. Юуг нь гайхуулсан юм гэж хэгжүүн өгүүлэв.
Цаг орой болсон тул Жуан Шюй, Анянь, Сяолю хаана очиж хоол идэхээ зөвшин ярилцлаа.

📍📍Орчуулагчийн тайлбар.
☘️Чишүй Сяо Е
赤水小叶 Chi Shui Xiao Ye
Овог нь Ухаа (Улаан) ус. Нэр нь Жижиг навч.
🌾Рү Шөү
蓐收 Ru Shou
Домогт гардаг намрын улиралын бурхан. Түүнийг Цагаан хааны дагуул гэдэг, бас зарим домогт Цагаан хааны хүү ч гэж бичсэн байдаг. Түүнийг баруун зүгийн бурхан ч гэх нь бий.

Хятад кино ярилцъя бүлгээс дараагийн хэсгүүдийг уншаарай

Үүрд Чамайгаа Үгүйлэн СананаWhere stories live. Discover now