Харанхуй болох нь харьж ир дээ хэмээх наймдугаар бүлэг-2/3

36 5 0
                                    

Морин тэрэг ямар нэгэн зүйлтэй мөргөлдөх шиг боллоо

Ups! Gambar ini tidak mengikuti Pedoman Konten kami. Untuk melanjutkan publikasi, hapuslah gambar ini atau unggah gambar lain.

Морин тэрэг ямар нэгэн зүйлтэй мөргөлдөх шиг боллоо. Эмэгтэйчүүдийн хашхирах, эрэгтэйчүүдийн дургүйцэн хараах нь гаднаас сонсогдоно.
Жин нууц оньсыг хөдөлгөхөд, хавтас нээгдэж Сяолю тэр хоёр доош уналаа. Жин Сяолюг тэврэн хурдхан тэрэгний дороос өнхрөн гараад Сяолюг түшин босголоо. Сяолю эргэн тойрноо харахад өөр олон хүн газар унасан байснаа босож ирцгээх тул тэд олноос онцгой содон харагдсангүй.
Тэдний хажууд байсан хоёр хамгаалагчийн нэг нь тэднийг хараад,
- Ганц бие засах гэж хэчнээн их уддаг юм бэ? Хурдхан тийш очиж тус болооч гэж уурсан хэллээ.
Жин Сяолю хоёр, морьдын хажууд очин хамгаалагчды цуваанд орон, олон хамгаалагчдын хамтаар ачаа барааг хамгаалан зогслоо.
Хуяа мөргөлдсөн морин тэрэгний эзэнтэй хэрүүл зарга хийж байна. Морин тэргэнд байсан Жин мөнгө гаргаж төлөхөд, Хуяа тэргээ залан цааш замд гарлаа. Морин тэрэгний араас хэд хэдэн хүн даган явахыг Сяолю харлаа.
Морьт тэрэгний цуваа танил дасал болсон буурчийн газарт буудаллаж амрахаар зэхлээ. Бүгд буун хоол унд болцгоож, цувааны ахлагч ачаа бараагаа буулган авалцаж өгөлцөж, тэндээс дахин өөр худалдаачдын ачаа бараа ачин хөдлөх боллоо.
Ажил хэргээ цэгцэлж дуусахад харанхуй болсон байлаа. Жин Сяолю хоёрт манаанд гарах үүрэг оногдлоо.
Зуны орой гадаа өнжсөн ч хүйтэн санагдахгүй аж.
Тосгон бүхэлдээ гүн нойронд автжээ. Тэнгэрийн одод тод гийн дээр гялалзана. Сяолю тэргүүн өргөн оддыг харж хэрвээ одоо гарт нь нэг нугасны хүзүү байсан бол сайхан мөлжихгүй юу гэж санаашран бодлоо. Түүнд зугтан яваа гэж ер санагдахгүй ажээ.
- Нойр чинь хүрч байвал, жоохон унтаад амарч ав гэж Жин түүнд хэллээ.
- Тосгоны гадна талд их л хөл хөдөлгөөнтэй байгаа байх даа гэж Сяолю аяархан хэллээ. Жуан Шюй түүнийг зугтсан гэж мэдээд гадуур түүнийг хайлгаж байгаа байх, гэтэл тэр Чиншүй тосгонд л байж байдаг.
- Маргааш үүрээр цуваа хөдөлж Гао Шин рүү явна.
Сяолю тэсэлгүй инээд алдлаа. Жуан Шюй яаж ч бодсон түүнийг Гао Шин рүү л очихгүй гэж зугтчихаад харин Гао Шин рүү хөдөлнө гэж төсөөлөхгүй байх.
- Би чамайг хамгийн шударга хүн гэж боддог байсан, гэтэл чи ийм зальжин хүн байжээ гэж Сяолю Жинд хэллээ.
- Маргааш их хүнд өдөр байх болно. Чи намайг налаад жоохон унтаад авахыг бод.
Сяолю оддыг харан түүнд хариу хэлсэнгүй. Гэтэл бүгтхэн дуу гаран,
- Би, бол Арвандолоо гэх дуу Сяолюд сонсогдлоо.
Сяолю оддыг харсаар юм хэлэхгүй л байлаа. Хэсэг зуурын дараа тэр нүдээ аниад толгойгоо бага зэрэг хажуулдуулан Арвандолоогийн мөрийг зөөлхөн наллаа.
Арвандолоо түүнийг цочоогоод холдуулчих болов уу хэмээн айж өчүүхэн төдий ч хөдөлж чадахгүй цэх зогсоно. Сяолюгийн амьсгаа нь дарагдаж тайван болсны дараа л Арвандолоо сая толгойгой бага зэрэг хажуулдуулан Сяолюг урин дөлгөөн харцаар харлаа.
Үүрээр, Сяолю Арвандолоо хоёр хамгаалагчдын цуваанд орон тэдэнтэй хамт Чиншүй тосгоноос гаран урд зүгийг чиглэн явлаа.
Тэдний бодож байсанчлан замд хориг саад тавин, замаар өнгөрөх хүмүүсийг нарийн шалгаж байлаа. Шалган өнгөрүүлэхийн наана урт цуваа дараалан зогсжээ.
Сяолюгийн ард нь зогсож байсан хүн,
- Ямар хэрэг гарсан юм бол? Шюань Юань, Ган Шин хоёр тал хоёулаа давхар давхар шалгаж байдаг гэж хэлэхийг сонслоо.
- Шэнь Нуны журамт цэргийн армитай л холбоотой байх. Сонсохнээ урд шөнө Чиншүй тосгонтой залгаа ууланд гал дүрэлзэж, хар хувцастай хүмүүс ууланд орох гэсэн хүмүүсийг баривчлан шалгаж байсан гэнэ.
- Ай хөөрхий, арай дахиад байлдахгүй байгаа даа?
- Ай, мэдэхгүй дээ. Үгүй л байгаасай.
Хүлээсээр, Сяолюгийн шалгуулах ээлж боллоо. Шалган өнгөрөөх  цэрэг түүнээс эхлээд хаанаас хаа хүрч явааг нь лавлан асуулаа. Нэгэн хутагт бүсгүй гартаа цэцгэн артай зэсэн толь бариад замд гаран яваа хүн бүрийг тэр толиндоо харуулан шалгаж байлаа.
Нэгэн шулам тэр толинд харахад жинхэнэ төрх нь толинд тусч, бас нэг хүн өөрийн төрхөө өөрчлөн явсан нь илэрч, тэд саатуулагдаж байцаагдахаар үлдлээ.
Сяолю хүмүүсийн хамт урагшилсаар, түүний ээлж ирэхэд номхон томоотой зогсон шалгуурт орохоор хүлээлээ. Тэр хутагт бүсгүй цэцэгтэй зэс тольдоо Сяолюг харан шалгахад, толин доторх Сяолюгийн төрх огтхон ч өөрчлөгдсөнгүй. Хутагт бүсгүй гараар дохин түүнийг явахыг зөвшөөрлөө.
Арвандолоо тэрэгний арал дээр суун явсаар морин тэрэг хутагт бүсгүйн хажууд ирэхэд сая тэрэгнээс үсрэн бууж, хэв журамтайгаар толины өмнө ойртон толинд харлаа. Бүсгүй толь руугаа нэг хараад түүний арын хүнд хандан,
- Дараагийнх нь, хурдал! хэмээн хэллээ.
Шалгалтыг даваад Сяолю, Арвандолоо хоёр бие бие рүүгээ хараад, юм хэлсэнгүй цуваанд орон цааш үргэлжлүүлэн явцгаалаа.
Шалганаар нэвтрэн цаг алдсан тул ачаа барааны цувааг хамгаалах ахлагч,
- Хурдал, бүгд хурдан хөдөл, ууланд чөтгөр шулам байгаа. Тэнгэр харанхуй болохоос урьтаж хотод орцгооё, үгүй бол чөтгөр шулмын хоол болох болно шүү гэж бусдыгаа яаруулан шавдуулна.
Тийн явсаар, орой гэхэд цуваа Гао Шинтэй залгах нутагт орж ирлээ.
Замын хоёр талаар өндөр хадан хясаа үргэлжилж, хадан хясааны голд нэвтрэх хаалт байна. Тэрхүү боомт хаалт нэг хүн хамгаалахад түмэн хүн нэвтэрч үл чадам сайн байрлалд байрлажээ. Гао Шиний цэргүүд хаалтын аманд эгнэн зогсоод орж гарах хүмүүсийг шалгана.
Жуан Шюй үнэхээр Сяолюг Гао Шинд ирнэ гэж бодоогүй бололтой, эндхийн харуул хамгаалалт урьдынхаасаа хатуу чанд биш хэвийн явагдана. Хэдэн хутагт цэргүүд л өндөр хэрмэн дээр зогсон доор явах хүмүүсийг ширвэн харна.
Сяолю Арвандолоо хоёр цувааныхантайгаа хамтаар боомтын  хаалтыг саадгүй нэвтрэн орлоо.
Зам аажмаар хөл хөдөлгөөнтэй болон, тэд хөгжиж цэцэглэсэн гудмаар орон явцгаалаа. Цувааны ахлагч илт санаа нь амран нэг том амьсгал аваад цуваанд хамт яваа хүмүүсээ шавдуулахыг больж хүмүүс ч яриа хөөрөөтэй болцгоов.
Тэнгэр харанхуй болох үед цуваа хотын хаалгаар орж ирлээ. Цувааны ахлагч сайн мэддэг замаараа орон танил буурчийн газартаа очлоо.
Хоол идэх үед Сяолю халуун ус бэлдүүлж аваад, сэтгэл тайван халуун усанд хэвтэн оров.
Сяолю хувцсаа өмсөн гарч ирэхэд, Арвандолоо усанд ороод гарч ирсэн байв.
Арвандолоо алчуур аван түүний үсийг хатаан арчиж өглөө.
- Бид ингээд амжилттай зугтаж чадав уу? гэж Сяолю түүнээс асуулаа.
- Анх боомтоор нэвтрэн ороход, бидний ойролцоо сүнсний хүч маш өндөр хутагт байсан. Би түүнд мэдэгдэх бий гэж айн, өөрсдийн аураг бүрэн түгжсэн. Тиймээс тэд биднийг мэдсэн эсэхийг хэлж мэдэхгүй байна.
- Эндхийг харж хянадаг Ган Шиний цэргийн ангийн тэргүүн хутагт байх гэж Сяолю хэлсэн ч сэтгэлдээ санаа нь зовнин мэгдлээ.
- Хэн ч байсан гэсэн, юу болохыг харзнан хүлээе. Чи одоо сайхан унтаж амар гэж Арвандолоо хэллээ.
Сяолю ч гэсэн сайн унтаж амарч байж л ямар нэгэн хэрэг гарахад түүнийг даван туулах хүч зоригтой байхаа мэдэж байлаа.
Шөнө дунд нэгэн чимээ гарахад, Сяолю сэрж хурдхан өндийн бослоо.
Тэр Арвандолоог газарт ус хутган цацаж, орны хажууд хувингийн талаар ус хийж тавиад, бас аяганд ус хийн өрөөний 4 буланд тавьж байхыг олж харлаа. Үүнийг хийж дуусгаад Арвандолоо Сяолюгийн урд суун,
- Хутагт цэргүүд буурчийн газрыг бүсэлжээ. Тэдний дунд асар өндөр сүнсний хүчтэй хоёр хутагт байна. Би нэгийг нь ч тулалдаж дийлэхгүй.
Сяолю аяархан инээн,
- Хэрвээ үнэхээр ингээд амжилттай зугтан оргож чадсан бол, би Жуан Шюйд урам хугарах байлаа. Тэр ч тэгж байгаад гайгүй сайн чадвартай юм аа.
- Би чиний урмыг хугалчихсан уу? гэж Арвандолоо асуулаа.
- Битгий дэмий юм ярь. Чи миний урмыг хугалаагүй. Жуан Шюй хоёр улсын хүчээр бид хоёрыг нэхсэн. Чи бол ганц өөрийн хүчээр надад тусаллаа. Бид энэ хүртэл зугатаж чадсан нь л өөрөө гайхамшигтай хэрэг.
- Чи Цагаан хаантай уулзахгүй байхыг хэр их хүснэ вэ? гэж Арвандолоо түүнээс асуулаа.
Сяолю бодож байгаад,
- Үхсэн ч уулзахыг хүсэхгүй байна.
Арвандолоо Сяолюгийн гар дээр нэгэн үнэгний хэлбэртэй хаш унжлага тавиад,
- Хэдийгээр би тэдэнтэй тулалдаж дийлэхгүй ч гэсэн, тэднийг түр энд уяж чадна. Миний уналга зүүн хойд зүгт байгаа. Чи ингээд зүүн хойд зүг рүү зугт. Энэ хаш үнэгийг өргөж үзүүлээд, үнэгний дууг дуурайн чимээ гаргавал уналга минь чам дээр ирэн чамайг авч явах болно.
Сяолю Арвандолоогийн гарыг бариад,
- Тэд чамайг алах уу?
- Би бол Түшан Жин, Цагаан хаан өөрөө энд байсан ч намайг алах эсэхээ сайн эргэцүүлж бодох хэрэгтэй болно. Бусад толгойлогч тэргүүн нар бол өөрийн дураар аашилж чадахгүй.
Сяолю инээн,
- Тэгвэл би чамайг орхиод зугатлаа шүү.
Арвандолоо түүнийг мөрөөр нь тэврэн, хоолой нь чичирхийлэн байж,
- Надад өөрийн жинхэнэ төрхөө харуулаач.
Сяолю инээмсэглэн толгой сэгсэрч,
- Үгүй гэлээ.
Арвандолоо түүнийг ширтэн харахад, түүний харцанд хязгааргүй их гуниглал тодорч, эндээс гарах л юм бол Сяолю дахин тэс өөр хүн болон хувирч алга болохыг, Сяолю хэрвээ Сяолю биш болох л юм бол тэр дахиж түүнийг хэзээ ч олж харж чадахгүй болно гэдгийг тэр мэдэж байлаа.
Сяолю Арвандолоог ширтэн харж, 
- Чи Цагаан хааныг сөрөн,  дургүйцлийг нь хүргэх эрсдэлд өөрийгөө оруулан байж, намайг ганцаараа зугтан одохыг зөвшөөрч байна гэж үү?
Арвандолоо толгой дохив.
Жуан Шюйгийн дуу гарч,
- Вэн Сяолю, үтэр түргэн гарч ир! Чи дахин зугтвал би чиний нохойн хөлийг хуга цохино!
- Тэдний цэргийн дүрд хувираад зугт гэж Арвандолоо түүний чихэнд шивнэлээ.
Арвандолоо усыг хувилган утаа манан үүсгэж, тэр өөрөө Сяолюгийн төрхтэй болон хувирч, цонхны урд очоод, цонхоо түлхэн нээж онгойлголоо. Жуан Шюй,
- Чи одоо эсэргүүцэлгүй гарч ир, тэгвэл би чамайг бага зовоох талаар бодож үзье.
Утаа манан өрөөнөөс алгуур гадагшлан, улам өтгөрөн бүүдийж төөрүүлэх тойрог болон хувирлаа. Буурчийн газар бүхэлдээ утаа мананд бүрхэгдэн юм үзэгдэхгүй боллоо.
Жуан Шюй уурлан цухалдаж тойргийг нэвтэл гэж тушаал буулгалаа.
Сяолю Арвандолоогийн өгсөн хаш үнэгийг барин утаа манан дунд ажралгүй замаа олон явна.
Тэр Жуан Шюйгийн нэг дагуул болон төрхөө өөрчлөөд хэнд ч мэдэгдэлгүйгээр буурчийн газраас гаран явлаа.
Сяолю зүүн хойд зүгийг чиглэн гүйлээ. Тэр гартаа барьсан хаш үнэгээ өндөрт өргөхөд нэгэн том тогоруу шувуу нисэн ирж буув. Сяолю түүний нуруунд авиран гарахад тогоруу түүнийг аван зүүн хойд зүгийг чиглэн нислээ. Сяолю сэтгэл нь нэн зовнин байн байн арагш харна.
Жуан Шюйгийн дуу тэнгэрт хаврын цахилгаан мэт хадан сонстож,
- Вэн Сяолю чамтай хамт байгаа хүн бол Арвандолоо. Би 10 ширхэг Арвандолоог алж үгүй хийсэн ч тийм сүртэй хэрэг болохгүй.
Сяолю уртаар санаа алдаад, <<Ёстой нэг хүйтэн сэтгэл гаргаж нүүр буруулж чадах хүн юм даа. Сэтгэл нь хүйтэн, арга нь хортой. Шар хаан түүнд дуртай байдаг нь аргагүй юм.>> хэмээн бодов.
Сяолю буцаж Вэн Сяолю төрхдөө хувираад, уналгаа залан буцан нислээ.
Удаан ч ниссэнгүй өөрийг нь тосон ирэх Жуан Шюйтэй таарав. Түүний ард баригдаж хоригдсон Арвандолоо харагдана.
Нэг дагуул нь урагш нисэн ирэхэд Сяолю бууж өгөн түүнд баригдлаа. Жуан Шюй Сяолюг ширтэн харж,
- Түүний хоёр хөлийг хуга цохь гэж тушаал буулгалаа.
Дагуул хамгаалагч нь Сяолюгийн хоёр хөлийг өшиглөхөд  Сяолю тэсэхийн аргагүй өвдөн газарт гулдайн уналаа.
- Түүнийг торонд хорь.
Сяолю торонд түлхэгдэн орлоо. Тэр Арвандолоогийн хажууд мөлхөж очоод,
-Арвандолоо, Арвандолоо гэж дуудлаа.
Арвандолоо нүдээ тас аниад ухаангүй хэвтэнэ.
Сяолю түүнийг шалган үзээд санаа нь амарлаа. Арвандолоо ганц биеэр өндөр сүнсний хүчтэй хоёр хутагттай тулсан тул түүний сүнсний хүч барагдан ухаан алджээ. Дотор шарх авсан боловч амь насанд нь бол аюулгүй шарх аж.
Сяолюгийн хөл нь маш их өвдөн зовуурилна. Тэр Арвандолоод наалдан аяархан дуугаар өөрөө өөртэйгөө ярьж,
- Ингэж их зовж зүдрэн байж зугтаад ч зугтаж чадахгүй гэдгээ эрт мэдсэн бол анхнаасаа зугтах хэрэггүй байж. Гэхдээ хэрвээ зугтаж зайлаагүй бол би чамайг миний хүслийг биелүүлж өгөх болно гэдгийг хэрхэн мэдэх билээ? Гэвч би одоо яах вэ? Чи хэрвээ надад тусална гэж амлаагүй бол хэчнээн сайн байх байсан бэ? Тэгсэн бол би хоргодох сэтгэлээ түс тас орхиж чадах байсан. Хэрвээ сая бүслэгдэхэд чи намайг ганцаарыг минь зугтаалган явуулаагүй байсан бол хэчнээн сайн бэ. Сан Тянэр нэг эрэгтэй хүнд бүхнээ даатган эр хүнээс аврал энэрэл хүссэн. Гэвч үнэн хэрэгтээ бол эрэгтэй хүн түүнийг авран хамгаалж угаасаа чадахгүй. Эрэгтэй хүн түүнд хэдэн дусал бал бурам л өгч чадна. Тэгээд нэг төрлийн зовлонг нөгөө төрлийн зовлон болгон сольж түүнд өгнө. Амьдрал Сан Тянэрийн хувьд бол асаж буй гал шиг зүйл. Өдөр бүр Сан Тянэр тэр галд шарагдан зүдэрдэг. Эрэгтэй хүн түүнийг хамгаалан тэвэрч түүнийг зовлонгоос ангижруулсан мэт боловч үнэндээ бол түүнийг галд шарагдан зүдрэх зовлонгоос ангижруулаад харин эр хүн түүнийг хэзээ хаян одож дахин галд түлэгдэх өөр нэгэн айдас дунд түүнийг татан оруулсан. Энэ хоёр айдсын аль нь илүү хэцүү вэ? Магадгүй ихэнх эмэгтэйчүүд айдастай ч гэсэн эр хүний тэвэрт байхыг илүүд үздэг байх. Гэхдээ би бол тийм замыг сонгохгүй! Би бол өдөр бүр халуун галд шарагдан байсан ч хамаагүй, өөрийн эрх дураар байхыг хүснэ. Зовлон зүдүүр нүүрлэн ирэхэд тархи минь сэтгэж, хоёр гар минь чөлөөтэй хөдлөх боломжтой байгаасай гэж би хүснэ. Харин эр хүний тэвэрт байвал түүнийг гараа тавих вий хэмээн айж би өөрөө хоёр гараараа түүнээс зууран авах болно. Түүний өгсөн хэдэн дусал бал бурамд хоргодон тархи минь сэтгэхээ болихоос би айна. Үнэндээ бол Сан Тянэрийг аварсан хүн бол Сан Тянэр өөрөө юм. Тэрнээс биш эр хүн түүнийг аварсан юм биш. Сан Тянэрт боломж олгосон би гэдэг хүн байсан. Гэтэл хэн надад боломж олгож, хэн намайг хүссэнээр минь байлгах юм бэ. Тэнгэр бурхан, хутагт хувилгаад хүний хүслийг биелүүлж өгдөг гэдэг. Гэтэл хэн тэдгээр тэнгэр бурхад, хутагт хувилгаадын хүслийг биелүүлж өгөх юм бэ? Хараажаар тийм юм байдаггүй юм байна! Би хатуу нягт бүрхүүл дотроо нуугдан байх нь л хамгийн аюулгүй зүйл юм байна гэж боддог. Би энэ насандаа хангалттай их зовж зүдэрсэн. Би дахин зовж, дахин шархдаж .... .
Нэг өдөр нэг шөнө өнгөрөхөд Сяолю Арвандолоо хоёр Ү Шэнь ууланд хүргэгдэн ирлээ.
Жуан Шюйгийн тушаалаар тэр хоёрыг Ү Шэнь уулын бэлд байх лууны ясан шоронд хорилоо. Сяолю гашуун инээн, <<Миний зугтсан нь Жуан Шюйгийн уурыг үнэхээр их хүргэж дээ. Энэ Лууны ясан шорон бол хүн бүр хоригдоод байдаггүй газар.>> хэмээн бодлоо.
Шоронгийн харгалзагч нар Сяолюд их муухай бүдүүлэг хандана. Түүнийг хөл нь хугарсан гэдгийг мэдсээр байж албаар түүний хөлийг нэмж өшиглөнө. Харин ухаангүй байгаа Арвандолоог бол доромжилж зүрхлэхгүй түүнийг зөөлөн өргөн шоронд орууллаа.
Жуан Шюй түүнийг Сяолюг оргоход тусалсан гэж их уурлан, Арвандолоод зохих шанг нь хүртээж түүнд Шюань Юаний ханхүүгийн сүр хүчийг үзүүлэхийг хэдий хүсэвч, ямартай ч тэр бол Түшан овогт болохоор түүнийг хорьж чадавч дээрэлхэн доромжилж арай чадахгүй ажээ.
Шоронгийн харгалзагч нар шоронгийн хаалгыг чанга саван хаахад, Сяолю хоёр гараараа хүчлэн тулаад Арвандолоогийн хажууд мөлхөн очиж түүнийг дургүйцэн хэд цохиод биед нь наалдан хэвтэв.
Шоронд хав харанхуй, юу ч үл харагдана.
Сяолю нүдээ анин хэвтэхэд хөл нь улам улам өвдөн зовоох хэдий ч тэр аажмаар зүүрмэглэн унтлаа.
Сяолюг сэрэхэд хэдий хэр цаг өнгөрсөн нь мэдэгдэхгүй, үхэл мэт тас харанхуй ноёлж цаг хугацаа хүртэл царцан зогссон юм шиг байлаа. Түүний гарыг нэг хүн атган байгааг мэдрээд тэр гараа хөдөлгөхөд, Арвандолоогийн дуу сонсогдож,
- Сяолю чи сэрчихсэн үү? гэлээ.
- Сэрлээ, удаан хэвтээд бие жоохон эвгүй байна.
Арвандолоо өндийгөөд Сяолюг түшин суулгалаа. Тэр Сяолюгийн хөлийг хөдөлгөхөд Сяолю өвдсөндөө дуу алдав. Арвандолоо түүнийг тэврээд,
- Чи бэртэж гэмтээ юу?
- Аанха.
- Хаанаа гэмтсэн бэ?
- Хөлдөө.
Арвандолоо түүний хөлийг илэхэд Сяолюд хөлийнх нь өвдөх мэдрэмж хамаагүй гайгүй болох шиг санагдлаа. Тэр сандран дуу алдаж,
- Чи өөрөө шархтай байгаа. Сүнсний хүчээ битгий дэмий алд.
Арвандолоо түүний хэлэхийг тоохгүй, дахин түүний нөгөө хөлийг илэх гэхэд, Сяолю дургүйцэн,
- Үгэнд ор гэлээ.
Арвандолоо юу ч хэлэхгүй, түүний гар нь Сяолюгийн хөлийг илнэ. Сяолюгийн хөлийн өвчин аажмаар намдлаа.
Арвандолоо Сяолюг түшин, өөрийгөө налуулан тухтай суулгалаа.
Арвандолоо Сяолюгээс,
- Чи Цагаан хаантай уулзахгүй гэдэг нь Цагаан хаан чамтай уулзаад чамайг ална гэдгээс айсандаа тэр үү?
Цагаан хаантай уулзахгүй хэмээн зугтсан шалтгааныг нь тандах гэсэндээ Арвандолоо түүнээс шалгааж асуугаагүй, харин Цагаан хаан Сяолюг яг яах гэж байгаа гэдгийг мэдэх гэсэндээ л асууж байгааг нь Сяолю ойлгож байлаа. Цагаан хаан яах гэж байгааг мэдэж авч байж л тохирсон арга бодож олж, Сяолюгийн амь насыг хамгаалж чадна. Сяолю хоромхон зуурт бодолхийлээд,
- Цагаан хаан намайг алахгүй хэмээлээ.
Тэр ингэж зугтан гүйснээр Жуан Шюй түүнийг буруугаар ойлгосон байж таарна. Цагаан хаан өмнө нь өөрийнхөө 5 дүүг хороон алсан. Бас Тавдугаар вангийн хүүхдүүдийг алж устгасан. Цуу яриагаар бол Тавдугаар вангийн үр удам зугтаж зайлан ардын дунд холилдон амьдарч яваа гэлцдэг. Жуан Шюй бараг л түүнийг Тавдугаар вангийн үр удам гэж эндүүрэн бодож байгаа байх.
Арвандолоо санаа нь үл амран, Сяолюд хандан,
- Энэ хорвоод хамгийн адармаатай хэрэг ачир дээрээ хамгийн хялбар байх нь бий. Бүх зүйл эрх ашиг гэдэг хоёр үгнээс холдож чаддаггүй. Үнэндээ бол бүгд л худалдаа арилжаа байдаг. Шар хаан, Цагаан хаан аль нь ч байсан би тэдэнтэй хэлэлцээ хийж болно гэж бодож байна.
- Би Цагаан хаантай уулзахыг хүсэхгүй байгаа нь өөр учир шалтгаантай. Арвандолоо, чи миний аюулгүй байдалд санаагаа  бүү чилээ. Цагаан хаан намайг алахгүй гэдгийг би баталж хэлье.
Сяолю ийн нухацтай хэлэхэд Арвандолоо сая санаа нь амарлаа.
Сяолю тэсэлгүй нүүрэндээ мишээл тодруулан инээмсэглэлээ. Магад хорвоогийн бүх л хүн хүн өөрт нь санаа тавихад баярлан хөөрдөг биз ээ.
Луут шоронг уулын бэлд барьсан тул, дотогш ямар ч гэрэл гэгээ нэвтрэхгүй, олон түмэн жилийн харанхуй ноёлсон энэ газарт амьдралын баяр баясал өчүүхэн ч үгүй, үхэл мэт анир чимээгүй байна. Шоронгийн доторх өрөөнүүд нь хаалттай хавчиг, орчлон тэр чигтээ сөнөн сүйрчихсэн мэт өчүүхэн ч дуу чимээ үл сонстоно.
Арвандолоо Сяолюг тэврэн, Сяолю түүний зүрхний цохилтыг чагнан хоёул чимээгүй суулаа. Ганган хээнцэр гадаах орчлон, хорвоод хоргодож болох бүхэн, ашиг сонирхол, хүсэл зоригоос бүрэн тусгаарлагдсан энэхүү үхэл мэт анир чимээгүй орчинд, бүсгүй залуу хоёрын харилцаа хамгийн энгийн амархан болж, зөвхөн тэр хоёр л хорвоо ертөнцөд оршин байх мэт байлаа. Сяолю түшиж тулах хүнтэй болсон шиг санагдан, сэтгэл санаа нь харин ч амар амгалан байлаа.
Сяолю,
- Хоёулаа хаашаа ч гаралгүй, эндээ л үлдэж болохгүй гэж үү?
- Болж байна.
- Юу болж байна гэж?
- Эндээ л үлдье.
- Юу нь болж байгаа юм бэ?
- Зөвхөн чи бид хоёр байна.
Сяолю аяархан инээлээ. Энэ хорвоод, хүн байгаа орчноосоо болж л алив хэрэг адармаатай болдог. Аглаг ууланд хослон амьдарсан настан буурлууд олон байдаг бол, хээнцэр сайхан газарт бол салан одоцгоодог учрал илүү олон тохиодог болохыг Арвандолоо мэддэг юм байна.
- Арвандолоо, чи надад талархдаг болохоороо л ингэж байна уу?
Арвандолоогийн бие нь хөшөөд, түүнд хариу хэлэлгүй удаан суулаа. Сяолю түүнд улам шахаж наалдан суугаад, гараа түүний зүрхэн тушаа наахад түүний зүрхний цохилт улам түргэн цохилж, зүрх нь цээжин дотроосоо сугаран гарах нь уу гэмээр хурдан цохилох нь мэдрэгдлээ.
Сяолю зөөлөн дуугаар түүнээс,
- Би чиний амийг аварсан. Чамайг авраад 6 жил чамайг тэтгэн харлаа. Гэвч энэ удаад чи ч гэсэн надад хариу тусыг хангалттай хүргэлээ. Бид эндээс гарсны дараа, бид хоёрын хооронд жинхэнээсээ өгөө аваа байхгүй боллоо. Чи санаа амар бай. Би дахиж чамд хандаж, төвөг удахгүй. Чамаас холын холд холдон ...
Сяолюгийн амыг Арвандолоо гараараа даран түүний үгийг цааш нь хэлүүлсэнгүй. Сяолю амандаа бувтнаад юм хэлэхийг хүссэн боловч, Арвандолоо гараараа түүний амыг дарсан хэвээр түүнийг үг хэлүүлсэнгүй. Сяолю дүрсгүй зан нь хөдлөн, хэлнийхээ үзүүрээр түүний гарын алганд жирвэгэнүүлэн хүрэхэд, Арвандолоо цахилгаанд цохиулсан мэт мэгдэн гараа хурдхан татан авлаа. Сяолю ч гэсэн өөрөөсөө цочин, амаа хагас ангайн хөшиж, нүүр нь халуу оргин час улаан боллоо.
Хоёул чимээгүй болон хөшин сууцгаана.
Хэсэг хугацаа өнгөрсний дараа, Арвандолоогийн сөөнгө хоолой сонстон,
- Би чамаас холдохгүй гэлээ.
- Яагаад. Яагаад надаас холдохгүй юм бэ? Надад ач санан тус хүргэх гэсэн юм уу? Би чамайг надад хангалттай тус хүргэсэн. Одоо надад ач санах хэрэггүй гэж хэлээд байгаа биз дээ.
Арвандолоо түүний асуусан яагаад гэдэг асуултад хариулсангүй. Тэр зөвхөн,
- Би чамаас холдохгүй гэж зөрүүдлэн хэллээ.
- Чи надтай нэг насаараа хамт байх гээд байгаа юм уу?
Арвандолоо хоромхон зуур чимээгүй болоод, нухацтай хэр нь намуухан дуугаар,
- Нэг насаараа гэж хэллээ.
Сяолю санаа алдан,
- Би эрэгтэй хүн. Чамд сонин санагдахгүй байна уу? гэж түүнээс асуулаа.
Энэ удаад харин Арвандолоо өчүүхэн төдий ч азналгүй,
- Чи бол эмэгтэй хүн гэлээ.

Хятад кино ярилцъя бүлгээс дараагийн хэсгүүдийг уншаарай.

Үүрд Чамайгаа Үгүйлэн СананаTempat cerita menjadi hidup. Temukan sekarang