Хүндэтгэлийн ёслол хэзээ болох вэ хэмээх арваннэгдүгээр бүлэг - 2/4

11 2 0
                                    

#ҮҮРД_ЧАМАЙГАА_ҮГҮЙЛЭН_САНАНА📍ТЭРГҮҮН ДЭВТЭР📍#ХҮНДЭТГЭЛИЙН_ЁСЛОЛ_ХЭЗЭЭ_БОЛОХ_ВЭ ХЭМЭЭХ #АРАВНЭГДҮГЭЭР_БҮЛЭГ - ҮРГЭЛЖЛЭЛ ХЭСЭГ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

#ҮҮРД_ЧАМАЙГАА_ҮГҮЙЛЭН_САНАНА
📍ТЭРГҮҮН ДЭВТЭР📍
#ХҮНДЭТГЭЛИЙН_ЁСЛОЛ_ХЭЗЭЭ_БОЛОХ_ВЭ ХЭМЭЭХ
#АРАВНЭГДҮГЭЭР_БҮЛЭГ - ҮРГЭЛЖЛЭЛ ХЭСЭГ

        Цаг орой болсон тул Жуан Шюй, Анянь, Сяолю гурав хаана очиж хоол идэхээ зөвшин ярилцлаа.
Тэр гурвын хэн нь ч буудалласан газартаа буцаж очихыг хүсэхгүй байсан тул Сяолю завь хөлслөөд голоор зугаацан явъя гэсэн санал гаргаад, арааны шүлсээ асгаруулан байж хэллээ.
-  Голын эрэгт суурьшин суудаг хүмүүс голын загас жараахайгаар амттай сайхан хоол хийж сурсан байдаг. Хэдүүлээ хоолны газар хайхаа ч больё. Нэг цэвэрхэн сайхан завь хөлслөөд завьчнаас загасны тор зээлэн авъя. Тэгээд голоос загас жараахай шүүрдэж гаргаад, янзалж болгоод завин дээрээ шарж идье. Загас шарах юухан байх вэ дээ. Голоос хясаа шүүрдээд түүнийгээ нээж байгаад нүүрсний цог дээр тавиад дээр нь жоохон архи хийгээд бас жоохон нунтаг гич асгаад өгвөл хясааны мах бага зэрэг халуун аагтай болж дахин дахин идмээр амттай сайхан болдог. Бас голын сам хорхой байна. эхлээд хатуу архинд сам хорхойгоо хийж хэсэг байлгаад, архинд сайн дэвтээж согтоож муужруулж байгаад чулуун тавцангаа улайстал нь халаагаад сам хорхойгоо халуун чулуун дээр шарж идэх юм бол сам хорхойны ам нь ангалзаад атиралдан шарагдаж, шарагдаж байхдаа хатуу архины үнэр хамар цоргиод, сам хорхойны өнгө нь хувираад улаан өнгөтэй болоод ирэхтэй зэрэг толгойг нь тастаж байгаад амандаа хийгээд сорвол аманд шинэхэн шүүс нь бялхаж ороод амттай гэж ярилтгүй... Сяолю шүлс нь урсаж гарах шахан ямар хоол хийхээ дүрслэн ярихад Аняний аманд шүлс дүүрэн хурдхан сам хорхой шарж идэхийг хүслээ.
Жуан Шюйгийн сэтгэлд хэлэхэд хэцүү ээдрээтэй бодол төрнө. Тэр одоо ингээд ярих нь хөгжилтэй сайхан сонсогдовч нарийн бодоод үзвэл ямар их зовлон бэрхшээлийг даван туулж байж ийм туршлагатай болсон нь нэхэн бодоход хэцүү санагдана. Тэр түүнийгээ нүүрэн дээрээ ил гаргалгүй харин Сяолюгийн ар дагз руу цохиод түүнийг шоолон инээж,
- Чи ёстой нээрээ үнэхээр хэрэг алгаа, идэхээс өөр зүйл мэддэг юм уу?
Анянь хошуу цорвойн тэднийг үл тоосон царай гаргана. Гэхдээ харц нь эргийн дагуу зогсож байгаа завинууд дээр эргэлдэнэ.
Эрэг дагуу цөөнгүй завь зогссон байна. Сяолю туршлагатай нүдээр нэг ширвэж хараад л эрэгт завиа байрлуулсан байдал төрхөөс нь шинжиж байгаад завьчин нь ямар ааш араншинтай хүн болохыг тааж мэдлээ. Тэгээд тэр цэвэрхэн арчилгаатай нэг завийг сонгоод завьчин эхнэр нөхөр хоёртой завь хөлслөх үнэ хөлсөө тохирлоо. Бас тэднийг хоёр лонх хатуу архи бас бус ногоо жимс авчруулахаар явууллаа.
Дөрвүүлээ нийлж завин дээр гарцгаан, Жуан Шюй Анянь хоёр зэрэгцэн суугаад Сяолюгийн үйл хөдлөл бүрийг алдалгүй ширтэн харна.
Хайтан юу ч хийхгүй байгаадаа санаа нь зовнин Сяолюд туслах гэсэн боловч Сяолю түүнийг саад хийнэ гэж тээршээн түүнийг Аняний хажууд очиж суу гэж хэллээ. Сяолю завьчнаас загасны тор аваад завины сүүл хавьцаа зогсож байгаад голын ус руу анхааралтай харж байгаад тороо усанд тавилаа. Тороо татан авахад хэдэн ширхэг загас, жижигхэн голын сам хорхой бас хэдэн ширхэг хавч тортой хамт орооцолдон гарч ирлээ.
Сяолю хатуу архиа жижиг хувинд хийгээд, хавчаа дотор нь хийн дараад хажуудаа тавилаа. Тэгээд 3 ширхэг зоодой загас ялган аваад завьчны эхнэрт янзлуулахаар өгөөд бусад загасыг нь түүнийг ав гэж өглөө. Сяолю эмийн ургамал шиг хэдэн зүйл гаргаж ирээд янзалж бэлэн болгосон загасаа амтлан дарлаа.
Анянь түрүүн Сяолюгийн хэлсэн үгийг марталгүй,
- Голын хясаа барина гэсэн чинь яасан бэ гэж түүнээс асуулаа.
Сяолю гадна хувцсаа тайлаад Аняньд,
- Бид нар голын хясаа барьж идэж чадах уу үгүй юу гэдэг чамаас л шалтгаална даа.
- Надаас шалтгаална аа?
Сяоль нуур руу заан,
- Чи тэр хавийн  усыг түр зуур хоёр тийш нь болгон хувааж чадах уу? Тийм том ангал гаргах хэрэггүй, жижигхэн ангал гаргахад л болно.
- Чадалгүй дээ?
Анянь эрх танхил боловч түүний сүнсний хүч нь сул биш. Тэр гараа усны мандалд тавихад ус хоёр тийш ярагдан, ангал гарч дундаас нь нуурын ёроолын чулуу ил гаран харагдлаа. Сяолю бүсэлхийндээ хулсан сагс бэхлээд ус руу үсрэн ороод Аняний усыг нь яран хуваасан хэсэг рүү сэлэн очлоо. Тэр нуурын ёроолд очоод хясаа тэмтрэн түүсээр хулсан сагсаа дүүртэл хясаа дүүргэж авлаа.
Анянь анх удаа өөрөө идэх юмаа барьж байгаа тул сэтгэл нь хөөрөн хүзүү сунган Сяолюг харж,
- Тэнд байна, тэнд нэг том хясаа байна.
Сяолю Аняний заасан газар руу очин харахад үнэхээр нэг том чулууны доор томоос том хясаа байхыг олж харлаа. Тэр нэг гартаа хясаа барин нэг гараараа сэлсээр завин дээрээ буцан ирлээ.
Сяолю бэхний тавиур шиг том хэмжээтэй дунг Аняний өмнө тавиад,
- Энийг чи барьсан гэсэн үг. Шарж болохоор нь чи идээрэй гэж хэллээ.
Анянь нүүр дүүрэн мишээн инээж тэсгэлгүй түүнээс,
- Хэзээ шарж болох вэ хэмээн асуулаа.
Завьчны эзэгтэй гал түлж бэлэн болгосон байлаа. Жуан Шюй Сяолюг жижиг тулганы  хажууд суулгаад завьчны гэргийгээс цэвэрхэн алчуур асууж аваад эхлээд Сяолюгийн үсийг арчин хатааж,
- Хүйтэн байна уу? Хэдэн балга архи уучих гэж хэллээ.
Хайтан хурдхан архи аягалан Сяолюд өгөхөд Сяолю түүнээс нь хоёр балгахад бие нь сайхан дулаацаад ирлээ. Тэр гараа савчин, - Хөдөлье, хөдөлье, гараа хөдөлгөе, халуун хоол идэхээр бие ч халаад дулаацна!
Дөрвүүлээ тулга тойрон суугаад хясаа шарж эхэллээ. Анянь эхэндээ хясаа шарж чадахгүй эмээн байснаа удалгүй сонирхол нь төрөн Сяолюг дуурайн хясаан дээр амтлагч цацаж байгаад шарж эхэллээ. Барьсан хясаа нь үнэхээр тийм сайхан амттайгийнх уу аль эсвэл өөрийн гараар барьсан болохоор тэр үү Аняньд хэзээ ч ийм амттай сайхан хясаа идэж байгаагүй мэт санагдана.
Сяолю хясаа идэн хэсэг суухад түүний хувцас ч бараг хатаж гүйцлээ. Тэр түрүүн  дарсан гурван загасаа гаргаж ирэн бадамлянхуаны навчаар ороогоод тулганы нэг талд тавилаа.
Дөрвүүлээ инээлдэж ханиалдан идэж суусаар нэг мэдэхэд сар орой дээр мандан гарлаа.
Нуурын мандалд зугаацан яваа завь, усан онгоцнуудтай тэд хааяа таарна. Тэдний хэн нь ч гэсэн тэдэн шиг хөөр баяртайгаар сарыг таашаан тулга тойрон суугаад сархад зооглон таатай үгс хэлэлцэн явсангүй.
Шарсан загасны сайхан үнэр алсад хүртэл үнэртээд, зарим хүн сайхан үнэрт татагдан тэдэн дээр ирж үнэхээр хүссэн байдалтайгаар,
- Бидэнд наадхаа худалдахгүй биз? Бид өндөр үнээр худалдаж авъя хэмээн тэднээс асууна.
Сяолю хариу хэлж амжаагүй байтал Анянь,
- Бидэнд өөрсдөө идэх хэмжээний загас л байна гэж тэдэнд хариулан явлаа.
Жуан Шюй Сялюд,
- Тэдний ингэж асуух нь аргагүй. Чи чухам ямар амтлагчаар  загасаа амталсан юм бэ? Анянь бид хоёр шиг загас идсээр залхсан хүмүүст хүртэл чиний шарсан загас чинь салахын аргагүй сайхан амттай санагдаж байна.
Сяолю хэхэ инээн,
- Миний нууц жор, гадагш задруулахгүй.
Энэ тухайд бол Сяолю худал гайхуулж байгаа хэрэг огтхон ч биш. Түүний тархинд тэнгэрийн доорх тоолж барамгүй хүний хүсэл мөрөөдөл болсон эмийн ургамал, эм найруулах тун жор агуулагдаж байдаг. Гэхдээ тэр эмнэхүйн ухааны араас хөөцөлддөггүй, харин эмийн ургамлын онцгой амт үнэрийг нэгд нэгэнгүй мэдэх тул ямар хоолонд алийг нь хэрэглэвэл амттай хоол болохыг сонирхон туршдаг байсан билээ. Яваандаа тэр олон гайхам сайхан амтыг олж мэдсэн тул түүний хийсэн хоолны гал нь сайн таараагүй байдаг ч амт нь бол үнэхээрийн хорвоод хосгүй сайхан амттай болдог байсан билээ.
Нуурын дээгүүр өтгөн манан хөшиглөн татаж, урдах бараа харагдахтай үгүйтэй болж усан завь манан дотор орлоо. Завьчны гэргий өөр завьтай мөргөлдүүзэй гээд завин дээрээ нэмж хэдэн дэнлүү асаан тавилаа. Бусад завинууд дээр ч гэсэн дэнлүү олноор асаасан нь манан дунд гэрэлтэн харагдаж яг л одод түгсэн тэнгэрээр аялан байгаа мэт санагдуулна.
Сэвшээ салхи ятгын дууг тээн авч ирэн, салхины чимээнд хааяа тод хааяа бүдэг аялгуу дуулдана. Будантан цагаарах манан дунд ятгын эгшиг аялгуулан сонстож хааяа нам болон хааяа уянгалан эгшиглэнэ. 10 бээрийн тоорын цэцэгс салхинд найган бүжих мэт аялгуу сайхан хөгжимдөх аж. Намдуу сонстохдоо лийрийн мод цэцгээ гөвөн санаашран мэлмэрэх мэт.
Сарны туяан дор ятгын аяз сонсох нь саатан үлдэм яруу тансаг бол манан будан дунд ятгын эгшиг сонсох нь бүр ч илүү таатай сайхан. Харамсалтай нь сонссоор сонссоор нөгөө ятга дарж байсан хүний суусан хөлөг алгуур холдон явж ятгын эгшиг улам алсран Сяолю Анянь хоёр харамсан дуу алдлаа. Сяолю санаа алдан,
АЯЗЫГ НЬ СОНСОЖ ХАНААГҮЙ БАЙТАЛ
ЭГШИГ НЬ АЛСРАН ХОЛДЛОО гэж шүлэглэлээ.
- Чи л сонсмоор байгаа бол түүнийг ирүүлэхэд ядах юм юу байх вэ гэж Жуан Шюй хэллээ.
- Та арай чанга дуугаар түүнийг дуудан ирүүлэх гэсэн биш биз дээ, би болхи толхи хүн ч гэсэн ингэх нь ёсонд үл нийцнэ гэдгийг мэдэж байна гэж Сяолю гайхан түүнээс асуулаа.
Анянь Хайтанг бяцхан түлхэхэд, Хайтан яаравчлан биедээ авч явдаг боодлоо гарган түүн дотроос өдөр худалдаж авсан лимбийг гаргаж ирэн арчиж цэвэрлээд Жуан Шюйд өглөө. Анянь Сяолюд,
- Аав хөгжим тоглохдоо сайн. Ялангуяа ятга хөгжим сайн тоглодог. Аав ахад өөрөө хөгжим тоглохыг зааж өгсөн. Ахын хөгжим тоглох чадвар тэр Чинчюгийн залуу ноён Түшан Жинд хүрэхгүй ч гэсэн тун муугүй тоглодог шүү гэж хэллээ.
Жуан Шюй лимбийг амандаа ойртуулаад үлээж эхэллээ. Саяны дууг лимбээрээ тоглолоо. Гэхдээ бага зэрэг өөрчлөн тоглолоо. Саяны аяз нэг сонстон нэг холдож байсан болохоор сонсож чадсан аязаа яг адил тоглон сайн сонсогдоогүй хэсгийг нь өөрөө зохион лимбэдлээ. Урьдын тоглосон ая Жуан Шюйгийн шинээр зохиосон аялгуутай хоршин хослоод нийцэж нийлэх гэж жигтэйхэн. Жуйн Шюй түрүүний сонссон аянд хөнгөн зугаа нэмэн хөөр хөгжөөнтэй лимбэднэ.
Сяолю шиг хөгжим дуу мэддэггүй хүнд хүртэл аялгууг нь дагаж найган, магтан сайшаамаар сайхан сонстоно. Ятга дарж байсан хүнд бүр ч сайхан санагдаж гайхан таашаасан бололтой хөлгөө эргүүлэн буцаж ирлээ. Ятгын дуу дахин сонстон лимбэний эгшигтэй хослон дуулдлаа. Тэр хоёрын хослон тоглох хөгжийн аялгуу нь адилхан юм шиг хэр нь огт өөр. Тэр хоёр хоорондоо өрсөлдөх хэрнээ бие биеэ даган хөөцөлдөх мэт хоршин аялгуулж, будант цагаан манан ятгын эгшиг, лимбэний айзмын газар тэнгэр болох мэт. Тэд нэг бол есөн цагаан тэнгэр рүү элэн халин дүүлж, нэг бол цэнхэр далайн усанд тоглон наадаж, удалгүй ятгын эгшиг лимбэний аязад дарагдан түүнийг даган хослон эгшиглэж нуур нугас шиг эвлэлдэн нийллээ.
Аняний сэтгэл улам улмаар эвгүй болж тэр гэнэт гараа өргөн лимбэнээс барьж авахад Лимбэний дуу гэнэт тасалдлаа. Жуан Шюй харин уурласангүй Анянийг зөөлөн харан,
- Яасан бэ гэж түүнээс асуулаа.
Гэнэт лимбэний дуу тасалдсан ч ятгын эгшиг эгшиглэсээр байлаа. Яагаад гэнэт тасалдаж орхив гэж лимбэ тоглож байсан хүнээс шалгаан асуух мэт аялгуут эгшиг зогсохгүй сонстоно.
Анянд сэтгэл санаа нь хөрвөлдөн ядрах мэт санагдан, хатуу ширүүн өнгөөр,
- Би сонсмооргүй байна гэж хэллээ.
Сяолю толгойгоо нугдайлгаад инээдээ даран байж идэвх зүтгэлтэйгээр хавчаа идэн суулаа.
Ятгын дуу хэсэг сонстоод лимбэний ая дахин дуугарч хариу түүнд өгсөнгүйд огцом хүчтэй хөдөлгөөнөөр ятгын утсаа дарахад ятганы нэг утас нь чивчрэн тасарч ятгын дуу сонстхоо байлаа.
Жуан Шюй нэг хавч аваад хавчны махыг нямбай салган авч хавчны хуягт хийгээд хэдэн дусал цуу дусаан Аняний урд дөхүүлэн тавилаа. Анянь тэр даруйд нь баярлан инээгээд хөөр баяртайгаар амандаа жижиг жижгээр хийн амтархан идлээ.
Жуан Шюй бас нэгэн хавч аваад хуягийг нь салган Сяолюд өгөх гэхэд Сяолю амандаа хавчны хөл хийсэн хэвээр,
- Хавч идэхдээ өөрөө махыг нь салгаж идэж байж л хавч идсэний хэрэг гардаг юм гэж бувтнан хэллээ.
Жуан Шюй хавч идэх дургүй тул хавчны махаа Аняний өмнө тавилаа. Анянь Сяолюгийн авалгүй үлдээсэн зүйлийг авахдаа тийм ч дуртай биш байсан ч юм хэлсэнгүй.
Сяолю нэг загас аваад Жуан Шюйд өгөөд,
- Амсаад үз дээ гэж хэллээ.
Жуан Шюй бадамлянхуаны навчийг нээхэд тансаг сайхан үнэр хамар цоргин гарч, Анянь Хайтан хоёр ч яаран дөхөж загас авлаа. Навчийг задлан нээхэд сайхан үнэр нь 10 бээрт тархан үнэртлээ. Хайтан гурван ширхэг л загас байхыг хараад санаа нь зовж идэхгүй гэхэд, Сяолю,
- Надаас нэрэлхээд яах вэ, би тэгээд ч ийм сайхан амттай хавч идэж байна гэж тэр хэллээ.
Сяолю тэгж хэлэнгээ архинд согтсон нэг сам хорхойг халж улайссан чулуун тавцан дээр тавилаа. Сая хорхой шарагдах шажигнасан дуу гарч, цагаан утаа суунаглан согтуу сам хорхой дээш доош үсрэн цовхчиж архины таатай үнэр шинэхэн сам хорхойны тансаг үнэртэй холилдон дөрвөн зүгт тархлаа.
Холоос нэгэн дуу гарч,
- Хөөе, тэнд байгаа завиныхан, та нар наад шарсан зүйлээсээ нааш нь өг. Хэрэв амт нь манай авхайн сэтгэлд нийцвэл та нарт өндөр шан өгнө.
Тэр бол анхны тэдний шарсан зүйлд санаа тавьсан хүн биш байлаа. Гэхдээ бусад хүмүүс тэдэнд ёсорхог хандаж тэднээс гуйн асуусан. Энэ зарц бүсгүй харин тэдэнд тушаан өгүүллээ.
- Мөнгөтэй байхаараа яадаг юм, өгөхгүй! гэж Анянь дургүйцэн өгүүллээ.
Хайтан ч гэсэн дээрэлхүүлдэг хүн биш,
- Манай авхай “Мөнгөтэй байхаараа яадаг юм, өгөхгүй” гэж хэлж байна гэж хариу хашхирлаа.
Усан онгоц тэдэн дээр хөвөн ирэхэд харин өдөр харсан тэр нарийхан цэцэг шиг хэлбэртэй цоо шинэ усан онгоц байлаа. Онгоцны хажуу хөндөл дээр нэгэн зарц бүсгүй зогсоод Анянь тэд нарыг хараад эвгүй юм боллоо гэж бодсон ч чин сэтгэлээсээ биш өнгөөр тэднээс уучлалт гуйн,
- Нуурын дээр өтгөн манан татаад, сая сайн харагдсангүйд завины эзэгтэй байна гэж андуурч хамаа намаагүй асуучихлаа. Та нарт төвөг удаж наад загасыг чинь авах гэсэн юм. Үнээ өөрсдөө хэл.
Анянь өдрийн тэр авхайг санан бүр ч дургүй нь хүрэн Хайтан руу харц өглөө. Хайтан түүнийг зарц бүсгүйтэй тоож ярилцахгүй гэж байгааг нь ойлгоод босож зогсож байгаад мэхийн ёслоод, дөлгөөн сайхан инээн байж,
- Үнэ хэлэх ээ, бидэнд одоогоор үнэ хэлэн наймаа хийх шаардлага алга. Хэрэв та нар юмаар сольж авъя гэвэл бид харин зөвшөөрч болох юм. Бидний хүссэн зүйлийг та нарт байгаа эсэхийг харин мэдэхгүй юм? гэж хэллээ.
Тэр зарц охин Хайтанг сонжин хараад, бардамнан гайхуулж,
- Энэ Дахуанд манайд байхгүй зүйл тун ховор доо. Чи юу хүссэнээ шууд хэл!
Хайтан улам ялдам инээн,
- Хэтэрхий сайн зүйлийг авна гэж хэлж чадахгүй ээ. Ариун газрын Тангү рашааны Фусан мод бол галгүй байхад ч өөрөө халдаг. Бид тэр модноос нэг багцыг авахыг хүснэ. Үлдсэн согтуу сам хорхойгоо шарж болгох гэсэн юм.
Сяолю гараараа нүүрээ дарж байгаад чимээгүй хөхрөн инээлээ. Дахуанд хүмүүс Фусан модны тухай ярихдаа хурууны өргөн нарийнтай зүйрлэн хэлэлцдэг. Анх удаа л багц гэж хэмжин ярих хүнийг сонслоо. Гэхдээ Дахуанд ингэж хэлж чадах хүн Анянаас өөр хэн байж чадах билээ.
Зарц бүсгүй Хайтанд чадуулснаа мэдээд уурлаж бухимдан,
- Чи надаар тоглоом тохуу хийнэ гэнэ ээ?
- Чи л өөрөө хүссэнээ хэл гэж хэлсэн. Яахаараа би чамаар тоглоом тохуу хийсэн болдог билээ? Дараагийн удаад ам нээхээсээ өмнө эхлээд сайн бодож бай. Салхи гараад хэлийг чинь огтолж орхихоос хичээж яв гэж Хайтан инээн хэллээ.
Зарц бүсгүйн нүүр нь час улайн шууд л гар зөрүүллээ. Тэр хэдэн усан бөмбөг шидэхэд Хайтан ч ёс болсонгүй гараа саван хөдөлгөж усан бөмбөгийг буцаан явууллаа. Зарц бүсгүй усанд оногдон норсон тахиа шиг болоод,
- Чаддаг юм бол та нар наанаа байж байгаарай, битгий зугтаарай гэж гутарч зовсон өнгөөр хэлээд цааш эргэн явлаа.
Удалгүй, өдөр тэдний харсан нил ягаан өнгийн хувцастай бүсгүй бас нэгэн усан улаан өнгийн хувцастай үзэсгэлэнтэй бүсгүйн хамт усан онгоцны тавцан дээр гарч ирлээ. Улаан өнгийн хувцастай бүсгүй бол танихгүй хүн биш Фанфөн И Ин байлаа.
Сяолю сандран завины хөндий рүү шахан сууж сүүдэрт орон нуугдлаа. Жуан Шюй түүний хажууд суугаад биеэрээ түүнийг халхлаад эргэж тэдэн рүү харалгүйгээр,
- Чиний таньдаг хүн үү? гэж түүнээс асуулаа.
Сяолю аяархан дуугаар Жуан Шюйд,
- Улаан хувцастай эмэгтэй бол Фанфөн И Ин. Вэн Сяолюгийн энэ царайг зөвхөн Чиншүй тосгоны хүмүүс л мэднэ. Чиншүй тосгонд амьдрал эрэн ирсэн хүмүүс голцуу аргагүй шалтгаантайгаар тэнд амьдран суудаг тул тэд тэндээсээ явах нь бараг үгүй. Тиймээс Сяолю хэзээ ч өөрийг нь хүн таньчихна гэж санаа нь зовдоггүй байлаа. Тэр энд Фанфөн И Интэй таарна гэж ёстой санасангүй.
Тэр нил ягаан хувцастай бүсгүй хүйтэн царайлан, тэднийг зэмлэн,
- Та нар ямар ёсгүй хүмүүс вэ. Зарц маань та нараас идэх юмаа худалдаач гэж хүссэн. Хүсэхгүй бол татгалзахад л болох байхад элдвээр дооглон тохуурхаж загнан зандрах чинь юу вэ?
Анянь босоод,
- Дооглон тохуурхаж загнан зандрах гэж юу гэсэн үг юм бэ? Хэн нь эхэлж ёсгүй аашилсныг яагаад асуухгүй байгаа юм бэ? Хэн нь эхэлж их үг хэлж, хэн нь эхэлж гар далайсан юм бэ?
Ягаан хувцастай бүсгүй Анянийг таниад,
- Ямар эзэнтэй байна тийм зарцтай байдаг. Асуултгүй би хэн нь эхэлж ёс алдсаныг харж мэдлээ гэж уурсан өгүүллээ.
Аняний уур буцлан,
- Өөрийнх нь онгоц муу байсан байхад хүнээр бас хэлүүлэхгүй санаатай? Чи өөрийгөө хэн гэж бодоов? Би хэлнэ за, нэг муу янбий онгоц л байна даг!
Ягаан хувцастай бүсгүй уурандаа гар далайх гэснээ ямар нэгэн зүйлээс болгоомжлох аятай уураа хүчээр дарлаа. Гэхдээ ингээд өнгөрөөчхөж чадахгүй царай нь хувиран зогсоно.
Фанфөн И Ин уяхан дуугаар,
- Сайн дүү минь, энэ хэрэг надаас л боллоо. Би сайхан үнэр үнэртээд санамсаргүй амсах юм сан гэж хэлж орхилоо. Миний санасныг биелүүлж надад авч өгч амсуулах гээгүй бол чи хэрхэн энэ дорд хүнд уураа барах билээ. Надаас болсон хэрэг учраас би өөрөө зохицуулъя. Ингэвэл дараа нь танай аав, ах хоёр мэдсэн ч гэсэн танд тохоон таныг буруушаан зэмлэж чадахгүй.
Фанфөн И Ин Анянь Хайтан хоёр руу эргэхдээ түүний царай хүйтэн шүүдэр шиг болон хувирлаа. Тэр,
- Та нар одоо даруй уучлал гуй, тэгэхгүй бол би та нарт найр тавихгүй гэж мэд!
Анянь тэр жил Дахуан даяар алдар цуу нь түгсэн есөн амьт мангасан толгойт Шянлю, Сяолю хоёрт баригдахдаа хүртэл айж мэгдээгүй хүн одоо хэрхэн түүнээс айх билээ? Анянь хүйтэн инээмсэглэн,
- Болж байна. Би чамайг хэрхэн яаж найр тавихыг чинь харья.
Завьчин түүний гэргий хоёр байдал бишидсэнийг хараад хэрэг төвөгт орохоос айн ус руу үсрэн орлоо.
Фанфөн И Ин гараа ширвэхэд түүний ханцуйнаас богино сумнууд нисэн гарч тэр чухам алдаж харвав уу аль эсвэл манан татаад харааг нь солийлгов уу түүний тавьсан сумнууд ихэнх нь Жуан Шюйг чиглэн ирлээ.
Жуан Шюй түүнийг Фанфөн И Ин гэдгийг мэдсэнээс хойш сүнсний хүчээрээ Анянь Хайтан хоёрыг хамгаалсан. Анянь Хайтан хоёр зүгээр өнгөрлөө. Тэр бас Сяолюг суманд өртөх бий гэж айн арай хийн тэр сумнуудаас зайлан бултаж чадлаа.
Амьсгаа ч авч амжаагүй байхад, дахин нэг эгнээ богино сум нисэн ирлээ. Гэхдээ энэ үед Анянь Хайтан хоёр сэхэл авсан тул тэр хоёрын сүнсний хүч сул биш, Фанфөн И Ин хэрэв үнэхээр тэр хоёр руу сум харвасан ч тэд өөрсдийгөө хамгаалж бүрэн чадахтай боллоо.
Завины биед цөөнгүй сум зоогдлоо. Фанфөн И Ин аргагүй л Фанфөн овгийн гарамгай харваач, ийм жижигхэн ханцуйны нумаар харвасан хэр нь завинд сум тусахад чанга чимээ гаран завь хоёр салан, доош живж эхлэн завин дээрх дөрвөн хүн усанд унан орлоо.
Жуан Шюй, Анянь бас Хайтан Гао Шинд өссөн. Усан дотор бол гэртээ байгаа юм шиг аюулгүй байх болно гэж Сяолю баярлан бодлоо. Тэд эсрэг талийн завийг хөмрүүлдэггүй юм гэхэд усан хамгаалалт хийж бүрэн чадна гэж бодлоо. Гэтэл тэр Жуан Шюй, Анянь хоёр усанд сэлж чаддаггүйг олж харлаа. Хайтанд усанд норсон тахиа шиг болон дээрэлхүүлсэн зарц бүсгүй баахан зарц дуудаад хүч нийлүүлэн усанд унасан Хайтанг зодож байхыг бас харлаа. Хайтан нөгөө талын зарц нарт хоргоогдон Анянийг авран хамгаалах аргагүй болсон байлаа.
Сяолюд Фанфөн И Иний суманд оногдох аюулыг сөрөн Жуан Шюй, Анянь хоёрыг аврахаас өөр арга зам үлдсэнгүй. Жуан Шюй усанд сэлж чадахгүй ч гэсэн сандарч тэвдэлгүй сүнсний хүчээрээ хоёр хөлөө мод болгон хувиргаад усны мандал дээр хөвөн байлаа. Анянь харин сандарч мэгдэн өөрийгөө ус яран хуваах чадалтай гэдгээ ч мартан усанд хахаж цацан харсаар байтал живэн одох гэж байлаа.
Жуан Шюй Сяолюд,
- Намайг битгий хайхар, Анянийг авар гэж тэр хэллээ.
Сяолю Анянийг эхэлж аврахаас өөр аргагүй боллоо.
- Та болгоомжтой байгаарай.
Анянь дээр сэлж очиход Анянь эр эм хүмүүс хамаагүй ойртож болохгүй гэдэг ёсыг ч умартан түүний биеэс наймаалж шиг зууран зүүгдлээ. Сяолюгийн сүнсний хүч Анянаас сул дорой тул тэр Аняньд чирэгдэн нуурын гүн рүү живэн доошиллоо. Гэхдээ тэгсний хүчинд түүний ар нуруу руу харван ирсэн хоёр ч сумнаас бултаж чадлаа. Сяолю хамаг хүчээрээ Аняний ар хүзүү рүү цохин түүнийг ухаан алдууллаа. Тэгээд Анянийг аван яаран тэндээс зугтлаа. Тэр нэг амиар сэлсээр эрэгт ирэн дээш мацан гарлаа. Тэр эргийн хөвөөнд ядарч туйлдсандаа тасралтгүй хүндээр амьсгаадан хэвтэнэ.
Сяолю Аняний хамрын доор чимхэн дарахад Анянь сэргэлээ.
- Би явж Жуан Шюйд туслах хэрэгтэй байна. Чи ганцаараа зүгээр үү?
Манан өтгөн суунаглаж юу ч харагдахгүй, эргэн тойронд аймшгийн амьтан нүүгэлтэн байх мэт. Аняний бүхий л бие нь чичрэн байвч өөрийгөө дайчлан тэсвэрлэж толгойгоо дохилоо. Сяолю түүний хацрыг зөөлөн цохиод,
- Сайн нуугдаарай, юу ч болж байсан битгий гарч ирээрэй.
Сяолю эргэн нуурын усанд орон Жуан Шюйг хайхаар явлаа.
Өтгөн манан дунд урдахь чиг харагдахгүй байвч Сяолю бол энэ байтугай аймар тэнгэрийн байдалтай олон таарч явсан билээ. Тэр сэлсээр тэдний усанд унасан газарт ирлээ. Гэтэл усан дээр хов хоосон, юу ч байхгүй байлаа.
Сяолю итгэл алдалгүй дахин дахин сэлсээр Жуан Шюйг хайсаар.
Удаан хайсан боловч тэр Жуан Шюйг олсонгүй. Харин усны мандалд хөвөн явах Хайтанг олж харлаа. Түүний зүүн хөлд сум тусаад ухаан алдан хөвөн явна. Сяолю дахин тэсвэрлэж чадсангүй, нуугдах ч хүсэлгүй болж, чанга дуугаар :
- Ахаа, ахаа ... гэж хашхиран дуудлаа.

Хятад кино ярилцъя бүлгээс дараагийн хэсгүүдийг уншаарай

Үүрд Чамайгаа Үгүйлэн СананаWhere stories live. Discover now