Цуглан суух хэцүү бутран тарах амархан хэмээх дөрөвдүгээр бүлэг - 1/3

46 6 0
                                    


Намрын сүүл сарын үдээс хойш бол бүтэн өдөр дундах хамгийн тааламжтай сайхан цаг билээ.
Домчийн газарт хүнгүй үеэр Сяолю бадамлянхуа цэцгийн далбагар навчаар нүүрээ бүтээгээд эмийн ургамал хатаадаг сүрлэн тавиур дээр дээш харан хэвтэх дуртай. Хоёр гараа чихний дагуу дээш нь сунгаад, хоёр хөлөө нийлүүлэн өлмийгөө жийж аваад биеэ нэг шугамд тэнийлгэн, хөл гараа хоёр тийш хязгааргүй сунаж байна гэж төсөөлөн хэвтэх тэр дуртай. Хамаг чадлаараа шөрмөсөө сунгаад, бүлээн нарны илчинд ээгдэн, бадамлянхуаны сайхан үнэрийг тааланхан хэвтэх нь эгээ л амтат дарс хүртээд, дарсны аагь амт чөмөг ясанд нь хүртэл шингэж орон алгуураар согтон бие нь дотроосоо халах мэт аятай таатай санагдана.
Тэр Батгат, Шорлог хоёрыг өөр шиг нь ингээд наранд ээж бай гэж ятгадаг байсан боловч, тэр хоёр гэгээн цагаан өдөр тийнхүү нарлаж хэвтэх нь ичгэвтэр хэрэг гэж үзэх тул түүний ятгалгад ордоггүй байлаа. Тиймээс энэ сайхан таашаалаа Сяолю орь ганцаараа гунигтайяа эдлэн хэвтдэг байлаа.
Сяолю суниаж ханаад дээш өргөсөн гараа буулган нүүрэн дээрх бадамлянхуаны навчаа аваад хашаан доторхыг хартал Арвандолоо эмийн ургамал хэрчиж буй нь харагдлаа.
Батгат охинтой болсноос хойш бараг л гахай нядлагч Гао гуайнд амьдардаг болсон. Шорлог уг нь овоо ажил төрөлд тусалдаг байснаа, ойрын гурван сард тэр байнга гадуур сэлгүүцэж, юу хийгээд явдаг нь мэдэгдэхгүй болсон. Домчийн газарт ганц Арвандолоо гэрээ сахин үлддэг болжээ. Гэсэн хэдий ч Сяолюд өмнөх ажил нь урьдхаас ихэссэн гэж ер санагдахгүй, харин ч санаа амар зав зай ихтэй байдаг болжээ. Гэнэт ямар нэгэн ажил санаанд нь ороод, хийе гэтэл харин Арвандолоо хэдийнээ хийчихсэн байдаг болжээ.
Сяолю тавцан дээр хөлөө ачиж суугаад, бадамлянхуаны навчаа тэргүүн дээрээ тавиад, Арвандолоог хичээнгүйлэн ажиллахыг харна. Арвандолоо доош харан эмийн ургамал хэрчиж дуусаад, хэрчиж жижиглэсэн хатаасан ургамлаа эмийн хайрцагт хийж, хайрцаг дүүрсний дараа дахин өөр эмийн ургамал аван үргэлжлүүлэн хэрчинэ.
- Арвандолоо
Арвандолоо хэсэг зогсоод, тэргүүн өргөн Сяолюг чимээгүй харлаа.
- Аа... гээд Сяолю толгой сэгсрэн, - Юу ч бишээ гэлээ.
Арвандолоо доош харан үргэлжлүүлэн ажиллана.
- Арвандолоо
Арвандолоо дахин ажлаа зогсоож, энэ удаад харин Сяолю рүү харалгүй харин түүний зүгт биеэ бага зэрэг хазайлган анхааралтайгаар юу гэхийг нь чагнана.
- Чи хэсэг амар!
- Би ядраагүй ээ гээд Арвандолоо үргэлжлүүлэн ажиллана.
Сяолю толгой дээрх навчаа аваад, Арвандолоог ажиглангаа бадамлянхуаны дугуй навчийг алгуур алгуур таслан, нарийн нарийн болгож цуулан хуваалаа. Хөгшин Мү Шорлог хоёр түүнийг Арвандолоод уурлаж байна гэж ялгаж харж мэдэхгүй ч, Арвандолоо бол мэдэхийн дээдээр мэдэж байлаа. Эхэндээ Арвандолоо түүнээс уучлал эрэн өршөөл хүсэх гэсэн боловч Сяолю албаар юу ч болоогүй мэт царайлдаг байсан. Харин түүнд улам бүр ёсорхуу ханддаг байв. Арвандолоо ч удалгүй дахиж тэр тухай дурсахыг больж, зүгээр л түүнийг сүүдэр мэт дагалдан явж, өмнө нь гурван хүний хийдэг байсан ажлыг ганцаар хийдэг болжээ.
- Арвандолоо...
Арвандолоо тэргүүн өргөн Сяолюг харахад, Сяолю түүнийг яах гэж дуудсанаа ч өөрөө мэдэхээ больж, уруулаа хазлан байснаа гэнэт хөмсөгний үзүүрээ өргөн мишээж, хажуу талаа алгаараа цохин
- Чи наашаа хүрээд ир дээ, би чамд нэг гоё юм зааж өгье хэмээв.
Арвандолоо гар дахь ажлаа орхиод, Сяолюгийн хажууд ирлээ.
Сяолю буцаж хэвтээд, түүнд биеэрээ зааварчилж үзүүлэн, Арвандолоог бас хэвтүүлээд, түүнийг өөр шиг нь төрхөө алдан хэвтүүлж наранд ээлгэлээ. Арвандолоо аргагүй л өөрийнх нь бодсончлон Батгат Шорлог хоёр шиг дургүйлхэлгүй ямар ч эргэлзэнгүйгээр түүнийг дуурайн хэвтээд наранд ээнэ. Сяолю нүдээ онийлгон вааран хөх тэнгэрт хөвөх буман цагаан үүлсийг ажиглан харж сэтгэл тэнийн санаа алдлаа. Биен дээр нь ээх нар бол өнөө л нэгэн нар, дээр нь тэрийн хэвтсэн хулсан тавцан бас өнөө л нэгэн тавцан. Гэсэн хэдий ч хоёулаа хамт наранд ээх нь яагаад ч юм бэ ганцаараа наранд ээхээс илүү таатай санагдана.
Сяолюг зүүрмэглэн унтах гэтэл, -Хоёр дахиа дахиж тийм зүйл болохгүй хэмээн Арвандолоо гэнэт хэлэв.
Сяолю гайхан нүдээ нээж,
- Айн? гэлээ.
- Ямар ч шалтгаантай байсан би дахиж хэзээ ч чамайг надад түшиглэх гэхэд чинь алга болж орхин явахгүй.
Сяолю нойрноос бүрэн сэргэж, гэнэт энэ хугацаанд өөрийнхөө уурлан бухимдаж байснийг үнэндээ шал дэмий зүйл байж ээ хэмээн бодов. Гэтэл хөөрхий Арвандолоо сэтгэл нь зовниж хийсэн хэргээ энэ урт хугацаанд эргэцүүлэн бодож явсан байх нь. Сяолю босож суугаад, толгойгоо маажин худлаа инээж нэг юм олж хэлэх гэсэн боловч, гэнэт Хөгшин Мү гүйн орж ирээд Сяолюг дагуулан гарч гүйх гэлээ.
- Гутал, гутлаа өмсөөгүй байна гэм!” гээд Сяолю яарч сандран байж гутлаа өмсөөд, хаалгаар гарснаа гэнэт арагш харан,
- Хамт явъя! гэж Арвандолоод хэллээ.
Сяолю Хөгшин Мүд чирэгдэн замын турш хурдлан гүйсээр, Арвандолоог араас нь ирж буй эсэхийг харах ч сөхөө гарсангүй.
Гудамжны эхэн хүртэл гүйгээд, Шюаньтай мэнд мэдэх гэхэд Хөгшин Мү түүнийг чаргуулдан хэсэг архины торхны араар орж нуугдлаа. Хөгшин Мү Шюань рүү гараар занган дохиход Шюань түүнийг ойлгож толгой дохилоо.
Нэг хүн түүний ард ирж зогсоход, Сяолю эргэж ч харалгүй Арвандолоог ирснийг мэдлээ. Сяолю Арвандолоо уруу эргэж харан инээдтэй царай гаргаад, биеийн байрлалаа өөрчлөн, юуг ингэж мөшгөж буй бол гэж таамаглаж ядан инээд нь хүрэн зогсоно.
Шюань чангаар хэд найтаахад, Хөгшин Мү тэр даруй сэрэмжилсэн дүрд орж, Сяолю ч дагаад торхтой дарснуудын завсраар самбаачлан хулгайн нүдээр хараачилна.
Гурван дууч эмс намс намс хийн алхан ирж аядуу намуу дуугаар Шюанд хандан ямар архинаас хэдэн жинг худалдаж авахаа ярилцана. Архиа авч дуусаад хоёр хүүхэн нь хурдхан буцахад, харин нэг нь алгуурлан ард нь хоцров.
Сяолю "Ер ямар сүрхий хэрэг гарсан юм бол доо" гэж бодолхийлэн уйдах маягтай тэднийг харж зогстол, Хөгшин Мү гэнэт түүнийг нударлаа. Сяолю тэгэхэд л сая Шорлог гэнэт хаанаас ч юм гарч ирэн ард үлдэж хоцорсон тэр дууч эмтэй зэрэгцэн алхан алхсаар ....алсран далд орохыг харлаа.
Хөгшин Мү Сяолюг чирэн дахин жооргонон гүйж, баруунтаа нэг, зүүнтээ нэг эргэсээр, нэгэн жижиг гудам уруу орлоо. Шорлог тэр дууч эмтэй харанхуйд зогсоод хоорондоо аяархан дуугаар ярилцана. Ярьсаар ярьсаар, нэг мэдэхэд тэр хоёр нийлж аваад амтат чихрийн утас ээрч эхэллээ.
Сяолю мишилзэн тэднийг нууцаар харж, Хөгшин Мү харин нүүр нь хөхрөөд, урам нь хугаран шаналж царай нь барайв. Сяолю хажуу тийш харан Арвандолоог анзаартал, Арвандолоо цэв цэх зогссон хэрнээ харц нь гутлын өлмий дээрээ тогтож, яаж ч байсан энэ ёсгүй зүйлийг өөрийн нүдээр харахгүй гэсэн мэт байлаа.
Амтат чихрийн утас ээрч буй хоёр харин улам бүр барьцалдан, эмэгтэй нь хана налж зогсоод амьсгал нь дээрдэн гиншиж эхэллээ. Хөгшин Мү тэдэн рүү дайран очиж болиулахыг хүсэвч, ийм эвгүйцэм үйлд хэрхэн хандах аргаа үнэхээр олж ядан,
- Чи л учрыг нь ол гэж Сяолюд хэлээд бухимдан цааш явж одлоо.
Сяолюд Хөгшин Мүг анхаарч байх сөхөө байсангүй. Арвандолоог л дооглон харж зогсоно.

Үүрд Чамайгаа Үгүйлэн СананаWhere stories live. Discover now