Гуниг хурна гарц бас үгүй хэмээх есдүгээр бүлэг - 3/4

14 3 1
                                    

Цагаан хаан, Жуан Шюй хоёрыг ирэхэд Сяолю хамаг бие нь цус болчихсон хэдэн зарцад даруулан газар хэвтэж байлаа

ओह! यह छवि हमारे सामग्री दिशानिर्देशों का पालन नहीं करती है। प्रकाशन जारी रखने के लिए, कृपया इसे हटा दें या कोई भिन्न छवि अपलोड करें।


Цагаан хаан, Жуан Шюй хоёрыг ирэхэд Сяолю хамаг бие нь цус болчихсон хэдэн зарцад даруулан газар хэвтэж байлаа. Тэр тэмцэн тийчгэнэж, хоёр гараа өргөн толгой өргөн хатныг харах нүдэнд нь нулимс тунараад, намайг битгий орхин яваач гэж гуйн,
- Ээж, ээжээ ... гэж байхыг нь Цагаан хаан, Жуан Шюй хоёр олж харлаа.
Цагаан хааны бие нь татвасхийн цэх зогсож чадахгүй найган зогтусхийлээ.
Жуан Шюйгийн тархинд нэг утас тасрах шиг болж, галзуу араатан мэт тэнд байсан бүх хүнийг түлхэн холдуулж Сяолюг тэврэн аваад,
- Сяояо. Сяояо, тэр биш, тэр нагац эгч биш ... !
Жуан Шюй түүний аманд чихсэн гутлыг гаргаад бутартал нь базаж хаялаа. Сяолюгийн бүх бие нь дагжин, намрын хатсан навч мэт чичрэн байна.
- Ээжээ, ээж мөн байна. Ахаа, би түүнээс яагаад намайг хаян явсныг нь асуумаар байна. Би ээжийнхээ үгэнд ороогүй, сайн хүүхэд байгаагүй болохоор намайг хаян явсан юм уу? Би үгэнд нь орж байна. Би сайн, маш сайн охин байна....
Жуан Шюй толгойгоо Сяолюгийн хүзүүнд наан, нүднээс нь нулимс дусал дуслаар урсан гарлаа.
- Тэр нагац эгч биш, нагац эгч аль эрт дайнд тулалдаж үхсэн. Энэ хүн бол Жин Ань хатан, нагац эгчтэй их адилхан төрхтэй л хүн.
Сяолюгийн бие нь дагжин чичирч, зэрлэг араатан мэт архиран уйлна.
- Ээж намайг ирж авна гэсэн, ээж над дээр ирнэ гэсэн. Би ээжийг 70 жил хүлээсэн! Тэр ерөөсөө ирээгүй, намайг хаясан! Би ээжид гомдож буруутгахгүй, би зөвхөн түүнээс яагаад намайг хаясан юм бэ гэдгийг нь л асууж мэдмээр байна ...
Жуан Шюй түүнийг чанга тэвэрлээ. Яг л бага байхад нь, аав нь дайнд үрэгдэж, ээж нь амиа егүүтгэж үхсэний дараа олон олон шөнө тэр түүнийг чанга тэвэрдэг байсан шиг түүнийг чанга тэвэрлээ.
Сяолюгийн уйлах дуу бага багаар намжлаа. Гэхдээ түүний бие нь чичирхийлсэн хэвээр. Ахынх нь нулимс чимээгүй урсан түүний цамцны захны завсраар хүзүү рүү нь урсан орохыг тэр мэдэрлээ. Ах нь яг л хүүхэд байх үеийнх шигээ ямар ч хэцүү байсан зовлон гунигаа хүнд харуулдаггүй хэвээр ажээ. Сяолю хоёр гараараа Жуан Шюйгийн нуруугаар алгуур ороон хамаг хүчээрээ Жуан Шюйг энгэртээ тэвэрлээ.
Тэр хоёр хоёул юу ч ярихгүй, зөвхөн хоёр биеээ тэврэн, бие биеийнхээ цорын ганц түшиг тулгуур болон тэврэлдэн байлаа.
Анянь тэднийг гайхан харж амандаа аяархан,
- Жуан Шюй ахаа гэж хэллээ.
Жуан Шюй харин чулуун хүн болон хувирсан мэт нэг ч хөдлөхгүй толгойгоо Сяолюгийн хүзүүнд наасан хэвээр царайных нь хувирал харагдахгүй түүнийг тэврэн сууна.
- Хаан ааваа, тэр, тэд нар ... гэж Анянь хэллээ.
Хаан аав нь түүнд гэнэт 100 насаар хөгширчихсөн мэт харагдлаа. Хаан аав нь ээжийнх нь шадар шивэгчинд,
- Хатныг өргөөнд нь хүргэж өг. Түүнийг амраа гэж ядарч туйлдсан өнгөөр тушаан хэллээ.
Шивэгчин бүсгүй мэхийн ёслоод, хатан, Анянь хоёрыг сугадаж дэмнэн хүчээр шахуу аван гарлаа.
Анянь алмайрч бас айна. Түүний ертөнц нуран унаж дахиж хэзээ ч өмнөх шигээ болохгүй үүрд өөрчлөгдөх зөн татан гэхдээ яагаад гэдэг учрыг нь олохгүй байлаа. Тэгээд тэр санаа нь зовнин эргэн эргэн Жуан Шюй рүү харсаар гарлаа.
Ордон доторх хүмүүс бүгд хурдхан гарцгааж, өргөөнд зөвхөн Цагаан хаан Арвандолоо хоёр л үлдлээ.
Удаан тийн байсны эцэст Жуан Шюй алгуур тэргүүн өргөн Сяолюг ширтэн харахад түүний харц нь тунгалаг болж ямар ч уйлсан шинжгүй болсон байлаа.
Түүний уйлсан нь тэр хоёрын хоорондох бас нэгэн нууц болон үлдлээ. Сяолюгийн зүрх нь сугаран гарах гэж байгаа мэт хүчтэй цохилон Жуан Шюйгийн асуусан харцнаас далдичин харц бурууллаа.
- Чи сая намайг ахаа гэж дуудсан, одоо дахиж гүрийгээд нэмэргүй болсон гэж Жуан Шюй хэллээ.
Сяолю инээмээр болсон ч инээж чадсангүй, уруул нь л чичирхийлэн хөдөлнө.
- Сяо Яо гэж Жуан Шюй түүнийг аяархан дуудлаа.
Урт удаан хугацааны турш сонсоогүй энэ нэрээ сонсоод Сяолю алмайрч бас айн эмзэглэлээ.
Жуан Шюй дахин түүнийг дуудаж,
- Сяо Яо, би Жуан Шюй, нагац ах чинь байна. Чи намайг ахаа гэж дуудаач дээ.
Сяолю тэдний бага байхдаа анх уулзсан учралаа эргэн саналаа. Тэр үед түүний ээж, Жуан Шюйгийн ээж бүгд амьд байсан. Ээж нь түүнд,
- Сяо Яо, чи ахынхаа үгэнд сайн орж байна шүү гэж инээмсэглэн хэлэхэд Жуан Шюйгийн ээж бас,
- Жуан Шюй, чи дүүгээ эхэлж бодож байна шүү гэж нүүр дүүрэн инээмсэглэн хэлсэн сэн. Тэр хоёр харин өөд өөдөөсөө духаараа ширтэн харсан. Жуан Шюйгийн ээж амиа егүүтгэж, ээж нь дайнд тулалдаж амь үрэгдэж ... тэр хоёр л үлдсэн.
- Ах аа би ирлээ гэж Сяолю аяархан хэллээ.
Жуан Шюй инээх гэсэн боловч инээж чадсангүй.
Арвандолоо тэгэхэд л урагш гаран нам дуугаар,
- Сяолюгийн гар нь гэмтжээ гэлээ.
Жуан Шюй сандарч мэгдэн,
- Эм, шарханд түрхэх эм гэлээ.
Цагаан хааны шадар дагуул аль эрт оточ дуудуулан эм тан бэлдүүлээд өргөөний гадна чимээгүй хүлээж байснаа Жуан Шюйгийн дуудахыг сонсоод яаран орж ирлээ. Төмпөн, устай данх, алчуур, эм барьсан олон хүн ээлж дараалан орж ирцгээн удалгүй Сяолюгийн гарын шархыг цэвэрлэн боож гүйцлээ.
Жуан Шюй Сяолюг дэмнэн өндийлгөхөд Сяолю газар ширтэн урагш алхахаас цааргалан зогсоно. Жуан Шюй түүнийг аяархан түлхэн Цагаан хааны өмнө аваачаад өөрөө арагш хэд ухран Арвандолоотой зэрэгцэн зайдуу зогслоо.
Сяолю толгой гудайн гараа харан чимээгүй зогсоно.
Цагаан хаан эхэлж ам нээн,
- Чи намайг энд ирүүлэх л гэж албаар Анянийг уурлуулан түүгээр өөрийгөө хүнд шийтгүүлсэн биз дээ? Би хүрээд ирчихлээ. Чи яагаад юу ч дуугарахгүй байна вэ?
Сяолю Анянийг албаар уурлуулж, Анянаар өөрийгөө хүнд шийтгүүлсэн нь үнэхээр л Цагаан хааныг энд ирж энэ бүхнийг хараасай гэж хүссэндээ тэгсэн. Сяолю хэлэхэд хэцүү адармаатай бодлоор энэ бүхнийг хийсэн. Тэр Цагаан хааныг энэ хэрэгт хэрхэн хандахыг нь харахыг хүссэн. Ийм юм болоход тэр хэнд нь тусалж, хэнийх нь талд орохыг харахыг хүссэн. Тэгээд бүгдийг элэглэн дооглож, тохуурхан шоолохоор бэлтгэж байсан. Гэтэл Жин Ань хатны ирсэн нь түүний төлөвлөгөөг нураалаа.
Энэ эмэгтэй бол Сяолюг хоол идэж чадахгүй болтол нь гуниглуулан гомдоож байсан эмэгтэй. Сяолю тоолж барамгүй олон удаа түүнийг ээжээс нь яг юугаараа илүү байсан юм бол гэж төсөөлөн боддог байсан. Гэхдээ түүнийг ээжтэй нь ийм адилхан төрхтэй байх юм гэж огтхон ч төсөөлж байгаагүй билээ. Ядахад тэр хөх цэнхэр өнгийн хувцас өмсөөд, хальт харахад бол яг л ээж шиг нь харагдсан. Одоо бол түүнд нууцхан төрж байсан уур хилэн, гомдол хорсол, гуниг гутрал нь бүгд арилан үгүй болж, харин ч гэмшил зовнил төрөн байлаа. Сяолю сөхрөн суугаад амнаасаа дулаан сайхан үг гаргах гэж хичээсэн боловч хэлэх гэсэн үг нь хоолойд нь тулаад гарахгүй, толгойгоо газарт хүргэн хүчлэн мөргөж, бас дахин мөргөж, бас дахин ...
Цагаан хаан тонгойн суугаад түүний тохойноос өргөлөө. Сяолю юм хэлж чадахгүй хэвээр уруулаа хазлан байна.
- Энэ 200 жилд олон хүн чамд янз бүрийн зүйл хэлж ярьж байсан байх. Би ч гэсэн чамд хэлэх үгсээ боддог байсан. Чамайг алга болсноос хойш би үргэлж чамайг хайж олсны дараа чамд хэлэх үгээ бодон төсөөлдөг байсан. Анхандаа бол чамайг эрж олоод чамд ямар үлгэр ярьж өгч чамайг баярлуулах вэ гэж боддог байсан. Дараа нь бол чамайг яаж тайвшруулж сэтгэл санааг чинь өргөх вэ гэж боддог болсон. Түүний дараа бол чиний юу ярихыг сонсож, чамайг ямар хүн болсныг мэдэхийг хүсдэг болсон. Дараа нь чиний бага байсан үеийг чинь дурсан санаж, ааваа ааваа гэж дууддаг байсныг чинь бодон суудаг болсон. Эцэст нь би чамайг амьд л байгаасай. Амьд мэнд л байвал бусад нь хамаагүй гэж боддог болсон. Сяо Яо ... Цагаан хаан гараа өргөхөд хоосон агаарт усны дуслууд гарч ирэн усан дуслууд хоорондоо нийлэн бүрэлдэж бүргэдийн дүрстэй болоод Сяолюг чиглэн нисэн ирлээ. Тэгээд Сяолюгийн урд очмогцоо нөгөө бүргэд том бар болон хувираад баяртайгаар дээш доош үсрэн наадлаа.
Энэ бол Сяолюгийн бага байхдаа хамгийн дуртай байсан тоглоомуудын нэг нь. Тэр өдөр бүр сайд нарын өглөөний хэлэлцүүлэг дуусах үеэр ордны шатан дээр суугаад хүзүү сунган нүдээ томруулан аавыгаа хүлээн суудаг байсан. Ядарч туйлдаж ганцаардсан царайтай цагаан хувцастай хүн ордноос гарч ирэхэд нь тэр баярлан үсэрч босоод шат алгасан гүйж, ааваа гэж чанга дуудан дэгдэн гүйсээр аавынхаа энгэрт тэврүүлдэг байсан. Аав нь тэгэхэд чанга чанга инээн нэг гараараа түүнийг өргөн тэврээд нэг гараараа түүнд янз бүрийн амьтан хувирган харуулдаг байсан.
Сяолю Цагаан хааны энгэрт тэврүүлээд, нүднээс нь нулимс урсан гарлаа.
Цагаан хаан охиноо энхрийлэн тэврэн зогсоно. 300 жилийн гэрэл сүүдэр охиных нь инээд хөөрийг нулимс болгон хувиргасан ч гэсэн охин нь ямар ч гэсэн өөрт нь эргэн ирлээ. Сяолю эхэр татан,
- Тэд нар ... тэд нар таныг намайг хаясан гэж хэлсэн. Та яагаад намайг Хаш уулнаас очиж аваагүй юм бэ?
Цагаан хаан түүний нурууг аяархан цохилон,
- Тэр жил би Хаш ууланд чам дээр очихгүй удсан шалтгаан нь чиний 5 авга ах эсэргүүцэн босож, айхтар хэрэг дэгдэж байсан тул чам дээр очиж чадаагүй. Баруун талд дайн байлдаантай, ордонд нууц хуйвалдаан, аллага байнга гарч байсан. Би ганцаараа тэр бүхнийг зохицуулан давж чадахгүй хэмээн айж, чамд осол эндэл учрах бий гэж айгаад Ван ээжээс чамайг харж харгалзаж өгнө үү гэж гуйсан. 5 вангийн тэмцлийг дарсны дараа чамайг очиж авъя гэж төлөвлөж байлаа. Чамайг ганцаараа хаш уулнаас буугаад алга болно гэж үнэхээр санасангүй. Ингэнэ гэдгийг мэдэж байсан бол би аюул осолтой байсан ч хамаагүй чамайг дэргэдээ байлгаж байхгүй яав даа.
- Та миний аав мөн үү гэж Сяолю эхэр татаж уйлан асуулаа.
Цагаан хаан Сяолюгийн нүүрийг өргөн түүний нүд рүү харж байгаад, товч бөгөөд тодорхойгоор,
- Би чиний аав мөн, чи намайг аав гэж дуудахгүй байгаа ч гэсэн би хэзээд чиний аав мөн гэж хариуллаа.
Сяолю тэгэхэд л сая санаа нь амран, инээж бас уйлан байж,
- Ааваа... ааваа гэж яаран хэллээ.
Цагаан хаан инээгээд Сяолюг түшин босгоод түүнд цав цагаан алчуур гарган өглөө. Сяолю хурдхан тэр алчуурыг аваад нулимсаа арчлаа. Гэвч нүд нь байн байн нулимсаар дүүрч уйлаад л баймаар санагдана. Хэдэн зуун жил хурааж хуримтлуулсан нулимсаа нэг дор уйлан гаргах гэсэн шиг уйлаад л баймаар санагдана. Гэхдээ тэр уйлахгүй байхыг хамаг хүчээрээ хичээлээ.
Жуан Шюй мишээл тодруулан тэдэн дээр ирэхэд, Арвандолоо түүнийг даган хамт ирлээ.
Сяолю уучлал эрсэн харцаар түүн рүү харан,
- Би, би ... гээд түүнд тайлбарлан хэлэх гэсэн боловч юунаас эхлэн тайлбарлахаа мэдэхгүй гацлаа.
Цагаан хаан толгой сэгсрээд,
- Тэр бол Түшан овгийн үнэгний гэр бүлийн хүн. Түүний санаж сэтгэх нь чамаас илүү. Анхандаа тааж мэдээгүй ч гэсэн дараа нь чамайг хэн болохыг аль хэдий нь мэдсэн байх учиртай.
Сяолю гашуунаар инээн, <<Тийм дээ, Цагаан хаан, Жуан Шюй хоёр бол эелдэг сайхан ааштай хүмүүс биш. Тэд дахин дахин тэсвэрлэн өнгөрөөх тийм хүн Дахуан даяар тийм олон биш.>>
Арвандолоо Цагаан хаанд хоёр гараа урдаа барин хүндэтгэн ёслолоо.
Цагаан хаан түүнээс,
- Түшан Жин гэж чи юу? гэж асуулаа.
Арвандолоо,
- Би мөн гэж ёслон өчлөө.
Цагаан хаан түүнд хандан алгуур удаанаар,
- Би чамайг Фанфөн овгийн авхайтай сүй тавьсан гэж санаж байна. Эсвэл би буруу санаж байна уу? гэж түүнээс асуулаа.
Арвандолоогийн духанд хөлс чийхран,
- Үгүй гэж хөшин хариуллаа.
- Чи сүй тавиагүй юм уу? Эсвэл би буруу санаж байгаа юм уу?
- Тийм ээ, Хаантан та,  буруу, санаагүй.
Сяолю тэднийг харж тэвчилгүй,
- Ааваа! гэж аяархан дуугаар хэллээ.
Цагаан хаан Арвандолоог нухацтай хянуур ширтэн нэг хараад Сяолюд хандан,
- Ээжийн чинь суудаг байсан өргөөнд одоо би сууж байгаа. Чи хэрэв тийшээ нүүж очихыг хүсвэл би ордны түшмэлд хэлж бага зэрэг засуулахад л болно. Би өөрөө урьдны өргөөндөө нүүн очиж сууж болно. Хэрэв чи өөр өргөөнд суухыг хүсвэл өөр өргөөнд суусан ч болно. Энд угаасаа олон олон хүн суудаггүй сул орд өргөө байгаа.
- Үгүй ээ, хэрэггүй. Би Яруу дуут өргөөнд л сууя. Ахтай ч ярих юм их байна.
Жуан Шюй хөөрөн баярлаж бас хажуугаар нь зовнино. Тэр Цагаан хааныг хараад,
- Би ч гэсэн чамтай хамт байхыг хүсэлгүй яах вэ. Гэхдээ чи буцаад эмэгтэй биедээ орвол, надтай хамт нэг ордонд байх чинь ёсонд үл нийцнэ.
- Би ... гээд Сяолю юм хэлэх гэснээ үг нь аман дээрээ тээглээд Цагаан хаан, Жуан Шюй хоёрыг ээлжлэн хараад хэлэх гэсэн үгээ буцаан залгилаа. Дараа нь хэлье дээ.
Цагаан хаан,
- Тэгвэл эхлээд Яруу дуут өргөөнд сууж бай, тэнгэрийн доор зарлан мэдүүлэх цаг ирэх үед дахин өөр өргөө сонгон суухад оройтохгүй.
Жуан Шюй баярлан Цагаан хаанд мэхийн ёслоод,
- Багш танд талархлаа.
Цагаан хаан Сяолютэй дахин удаан хамт байхыг хүсэх хэдий ч Сяолюд цаг хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгон, цаашид угаасаа хамт байх цаг зөндөө гарна. Тэр ч гэсэн яарахгүй байгаа гэж сэтгэн зохицуулах чухал ажил хэрэг байгаа гээд тэднийг орхин түрүүлэн явлаа.
Цагаан хааныг явсны дараа л Сяолюгийн хөвчрөн чангарсан бие тэнийн тавирч санаа нь амарлаа. Цагаан хаан бол түүний хамгийн ойр дотнын хүн. Багад нь түүнийг яаж эрхлүүлэн хайрладаг байсныг тэр сайн санаж байна. Гэвч хэдэн зуун жилийн гэрэл сүүдэр тэдний дунд хөндөлсөн, тэр түүнд ойртон дотносохыг хэдий их хүсэвч, балмагдан сандарч, бас айж эмээх сэтгэл төрөн биеэ барина.
Жуан Шюй Арвандолоо Сяолю хоёрыг дагуулан Яруу дуут өргөөндөө буцах замд Арвандолоо замын турш бодлогошрон чимээгүй явж байлаа.
Жуан Шюй зарц дуудаж ирүүлэн Сяолюг угаалга үйлдэж хувцсаа солиход туслууллаа. Сяолю биеэ цэгцэлж дуусахад оройн зоог бэлэн болсон байлаа.
Сяолюгийн гар нь шархтай, савх барих боломжгүй тул Арвандолоо түүнд хоол савхдан өгөх гээд гараа дөнгөж сунгахад, Жуан Шюй түүнээс урьтан,
- Миний дүү, энд чи анхааран үйлчлэх хэрэггүй гэж хэллээ.
Арвандолоо уурлаж ундууцсангүй, сэтгэлдээ нэгийг бодон анир чимээгүй сууна.
Жуан Шюй аяга бариад Сяолюд хоол идүүлэх нь их л сурцтай харагдана. Анх удаа ингэж байгаа биш бололтой. Сяолю гайхан түүнээс,
- Та хэзээ ингэж гар нь шархадсан хүнийг халамжилж байгаа вэ?
- Өмнө нь би нэрээ нууж цэрэгт элсээд 10 жил энгийн цэрэг явсан. Цэргийн ангид зарц шивэгчин гэж байхгүй, шархадвал цэргүүд бие биеэ л халамжилдаг. Би өөр цэргийг халамжлан асарч байсан, өөр цэрэг ч намайг асран тойглож байсан.
- Тэгээд л та ... та харин их олон зүйл хийж явжээ. Энгийн ард иргэн шиг л харагддаг байсан нь аргагүй юм.
- Өвөө, багш хоёр хоёул намайг юм үзэж нүд тайлж ав гэсэн. Надад өөр хийх онц чухал зүйл байх биш, олон л юм үзэж тууллаа!
Хоол идэж дуусаад, амаа зайлсны дараа, зарц гар угаах ус авчран өглөө. Жуан Шюй пис хийн инээд алдан, гар угаах усыг аваад Сяолюгийн амны тушаа аваачин түүнд уулгах гэсэн дүр үзүүлэн,
- Уух уу? Ууж ханахгүй бол минийхийг ч гэсэн ууж болно шүү.
Сяолю түүнээс зугатан, хаха инээнэ. Арвандолоо бас инээлээ. Жуан Шюй Сяолюг хуруугаараа дохин,
- Чи нээрээ, багш л чамайг тэвчиж чадах юм!
300 жилийн урт удаан хугацаа өнгөрчээ. Магадгүй цусан холбоотой болохоор тэр үү, эсвэл аль аль нь бие биеэ сэтгэлдээ нандигнан хайрладгийнх уу тэр хоёрын хооронд ямар ч зай завсар гараагүй мэт, юунд ч үл сатааран бие биеэ тохуурхан хөөрөн инээлдэцгээлээ.
Харанхуй болж, шивэгчин гудамжны дэнлүүг асаалаа.
Гурван хүн хаш тохойвч тохойлдон, сүрлэн суудал дээр суугаад архи уун хөөрөлдөнө.
Арвандолоо анир чимээгүй хэвээр, Сяолю түүнрүү үе үе харан сууна.
Жуан Шюй архитай хундагаа тавиад хувцсаа солиод ирье гээд босон явлаа. Дотогш ороод гарч ирэлгүй удаан алга боллоо. Сяолю Арвандолоо хоёрт ярих боломж олгох гэж тэднийг орхин явсан нь илт.
Сяолю Арвандолоог түүний хэн болохыг таамагласан гэдгийг мэдэж байлаа. Гэхдээ таамаглаж мэдэх нэг хэрэг өөрийн нүдээр харах өөр хэрэг. Сяолю ч гэсэн Арвандолоо түүнийг Цагаан хааны охин, Шар хааны зээ охин биш байгаасай гэж хүсэж байсныг нь мэдэж байлаа. Яг л тэр ч гэсэн түүнийг их дөрвөн овгийн нэг Түшан овгийн залуу ноёнтон биш байгаасай гэж хүсэж байсан шиг. Гэвч, сонголт хийж болдоггүй цорын ганц зүйл бол өөрийнхөө хаана төрөхийг сонгож болдоггүй явдал билээ.
Сяолю Арвандолоод,
- Надаас асуух зүйл байвал асуу, надад хэлэх зүйл байвал хэл.
- Үнэндээ бол, би чамайг хэн ч байсан хамаагүй чи бол чи гэдгийг мэдэж байна. Гэвч зарим нэгэн зүйл улам л төвөгтэй болж байгааг ч бас мэдэж байна.
Сяолю хөмсгөө өргөн, Арвандолоог хараад,
- Яасан? Чи айчихсан уу?
Арвандолоо түүнийг инээмсэглэн харж,
- Би үргэлж айж байсан. Хүнд хүсэл мөрөөдөл төрөхөд санаа зовох зүйлс хүсэл мөрөөдлийг даган ирдэг. Хайрлан дурлах сэтгэлтэй хамт айж эмээж, зовних ч бас дагалдан ирдэг. Айхгүй байвал харин ч сонин.
Галын дөлийн шаргал туяан дор Арвандолоо дулаахан, тайван харагдана. Түүнийг хараад Сялюгийн сэтгэл ч дагаад тайвшрах мэт санагдана.
- Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна гэж Сяолю инээн хэллээ.
Арвандолоо хундагаа оролдон,
- Цаашид, би чамайг ямар нэрээр дуудаж байх вэ? Хэзээ чиний жинхэнэ төрхийг харж болох вэ гэж инээмсэглэн түүнээс асуулаа.
- Миний аав бол Цагаан хаан, ээж бол Шар хааны охин Шюань Юаний гүнж. Миний нэр бол Гао Шин Жю Яо. Духан дээрээ тоор цэцгийн тамгатай төрсөн учраас манай аав ээж хоёр намайг Сяо Яо гэж дууддаг. Тоорын цэцэг дэлгэрлээ гэдэг мөртөөс авсан, үржин дэлгэрч, дэлбээлэн ургаасай хэмээн бэлгэдэж энэ нэрийг өгсөн юм гэнэ билээ. Одоо бол чи Сяолю гэж дуудсан хэвээр л бай!
Сяолю түүний эхний асуултад л хариуллаа. Арвандолоо түүний дараагийн хариултыг нэлээд удаан хүлээсэн ч Сяолю түүний хоёр дахь асуултад хариу өгсөнгүй.
Жуан Шюй тэдэн дээр ирэн,
- Сяо Яо, энэ өргөөнд одоо бид гурав л байна. Би чиний жинхэнэ төрхийг хармаар байна гэж хэллээ.

Хятад кино ярилцъя бүлгээс дараагийн хэсгүүдийг уншаарай.

Үүрд Чамайгаа Үгүйлэн Сананаजहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें