Хүндэтгэлийн ёслол хэзээ болох вэ хэмээх арваннэгдүгээр бүлэг - 4/4

18 2 0
                                    

#ҮҮРД_ЧАМАЙГАА_ҮГҮЙЛЭН_САНАНА📍ТЭРГҮҮН ДЭВТЭР📍#ХҮНДЭТГЭЛИЙН_ЁСЛОЛ_ХЭЗЭЭ_БОЛОХ_ВЭ ХЭМЭЭХ #АРВАННЭГДҮГЭЭР_БҮЛЭГ - ТӨГСГӨЛИЙН ХЭСЭГ📍

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

#ҮҮРД_ЧАМАЙГАА_ҮГҮЙЛЭН_САНАНА
📍ТЭРГҮҮН ДЭВТЭР📍
#ХҮНДЭТГЭЛИЙН_ЁСЛОЛ_ХЭЗЭЭ_БОЛОХ_ВЭ ХЭМЭЭХ
#АРВАННЭГДҮГЭЭР_БҮЛЭГ - ТӨГСГӨЛИЙН ХЭСЭГ📍

         Маргааш нь Сяолю үнэхээр үд болтол унтлаа
Буурчийн газарт анир чимээгүй хүмүүс бүгд тэмцээн үзэхээр явсан байлаа. Сяолю гал зуухны хүмүүст төвөг удаж гал түлж хоол хийлгүүлэхгүй гээд гудамжны мухлагаас хоол авч идэхээр гарлаа.
Тэр нэг аяга загасны шөл гамбиртай авлаа. Цагаан өнгийн загасны шөлөнд ногоон сонгино цацсан нь шинэхэн бөгөөд амттайхан. Сяолю загасны шөлнөөс нэг аягыг идээд цадсангүй дахин тал аягыг нэмүүлэн идлээ.
Сяолю хоолоо идэж дуусаад сэтгэл тэнэгэр таатай сайхан. Хөгшид хана налан газарт суугаад нарлаж байхыг хараад Сяолю бас тэдний адил сууж аваад голын уснаа нааш цааш хөвөн явах завинуудыг нүдээ онийлгон харан наранд ээлээ.
Нэг завин дээр цэнхэр өнгийн хувцастай залуу эр бас нэгэн хөх өнгийн хувцастай залуугийн хамт цааш харан суугаад эргийн үзэмжийг таашаан явахыг тэр харлаа.
Танил дотно тэр төрхийг хараад түүнийг Жин болохыг Сяолю шууд танилаа. Жин түүнийг хараагүй гэдгийг мэдээд Сяолю түүнийг санаа зоволгүй сайтар ажиглан харлаа.
Жин гэнэт нааш эргэн түүний суугаа эргийн зүгт харлаа. Сяолю хөдөлсөнгүй, залхуутайяа суусаар, залхуутайяа түүнийг ширтэн харсаар. Сяолю Жин түүнийг олж харсан эсэхийг мэдэхгүй. Завь цааш холдон явж, цэнхэр хувцастай залуу эр алгуур нүдэнд харагдахгүй боллоо.
Тэр түүнийг Чишүй хотод ирснийг мэдэж байгаа. Тэр ч гэсэн түүнийг энд ирснийг мэдлээ. Гэхдээ одоо Чиншүй тосгонд байсан шигээ, чанга дуугаар Арвандолоо гэж даллан дуудмагц тэр хажууд нь ирэх аргагүй болжээ.
Сяолю тэнд хэр удаан сууснаа мэдэхгүй, ямар ч гэсэн хажууд нь нарлан суух хүмүүс хэд хэдэн удаа солигдлоо. Тэгж байтал нэгэн хүн дуу шуугүй ойртон ирж түүний хажууд суулаа. Танил дотно эмийн ургамлын намуухан зөөлөн үнэр тэр хүнээс үнэртэж байлаа. Сяолю түүн рүү харсангүй. Түүнийг харсан ч гэсэн тэр одоо өөр хүний хуурмаг дүрээр явж байгааг нь мэдэж байлаа. Сяолю нааш цааш сүлжин явах завинуудыг инээмсэглэн харан сууна. Түүний сэтгэлд хорьж дийлэмгүй баяр хөөр төрж байх шиг.
Хэсэг азнасны дараа,
- Хүн дагахаас айхгүй байна уу? гэж Сяолю аяархан дуугаар хэллээ.
- Би бол үнэгний удам. Би л хүн мөрдөж мөшгөнө үү гэхээс намайг даган мөшгөж чадах хүн ховор.
Анх түүнийг Шянлюд баригдан явахад тэр түүнийг мөшгөн олсон гэдгийг Сяолю саналаа. Хоёр дахь удаад нь Жуан Шюй түүнийг барин шоронд хориход бас л тэр түүнийг хайн олсон. Тэр үнэхээр мөрдөж мөшгөхдөө сайн юм.
Сяолю түүнээс,
- Чи тэмцээн үзээгүй юм уу гэж асуулаа.
- Түшан овгийнхон хүнтэй тулалдаж тэмцэхдээ сайн биш. Түшан овгийнхон бол тэмцээний үеэр энд ирж худалдаа арилжаа ярилцаж авьяаслаг сайн хүн олж авахийг хичээдэг юм.
Сяолю нэмж юм хэлсэнгүй. Арвандолоо анир чимээгүй Сяолюд хань болон түүнтэй хамт наранд ээн суулаа. Сяолю түүний царай руу нэг ч удаа хараагүй ч гэсэн түүнээс үнэртэх эмийн ургамлын үнэрийг үнэртэн суухад сэтгэл нь нэг л амар амгалан таатай сайхан санагдана.
Жаргах нарны туяа голын мандалд тусан гийгүүлэхэд Арвандолоо аяархан дуугаар,
- Би явах боллоо, чи хэзээ буцах вэ гэж түүнээс асуулаа.
- Би ч гэсэн явах боллоо.
- Тэгвэл чи түрүүлээд яв.
Сяолюгийн сэтгэлд дулаахан долгион долгилох шиг болж,
- За гэж хэлээд, тэр босоод эргийн хөвөөг даган явсаар буудалласан газартаа буцан ирлээ. Нэг хүн түүнийг харцаараа үдэн үлдсэнийг мэдэж байгаа учраас ганцаараа явж байгаа хэр нь хүнтэй ханьсан яваа мэт ганцаардаж гуниглахгүй сэтгэл өег санагдаж байлаа.
Харин түүнийг харцаараа үдэн үлдсэн хүн бол холдон одох салалтын гунигийг л мэдрэн хоцорлоо. Арвандолоо дулаан сайхан мэдрэмжийг өөрөө хүртэх биш түүнд амтлуулахыг сонгожээ.
Сяолю таван хоног дарааллан амраад, тэмцээний сүүлийн өдөр болоход үнэхээр тэмцээн үзэхгүй гэж дахин татгалзах аргагүй болж, Рү Шөү Анянь хоёр түүнийг хүчээр дагуулан тэмцээний сүүлийн тулааныг үзэхээр хамт явцгаалаа.
Тэмцээн үргэлжилсээр, хамгийн сүүлд эрэгтэй эмэгтэй хоёр хүн цэц түрүү булаалдахаар  үлдлээ.
Эрэгтэйг нь Юй Жян гэдэг, Гао Шиний дөрвөн овгийн нэг Шихө овгоос ирсэн. Эмэгтэйг нь Шянь гэнэ. Их дөрвөн овгийн тэргүүн Чишүй овгоос ирсэн. Юй Жян хүүхэлдэй шиг гэнэн хонгор царайтай. Хөмсөг нүд нь тод, хүн хараад л түүнийг дотночлон сайн хандмаар байнга мишээн инээж байгаа мэт төрх царайтай залуу. Шянь бол хүйтэн төрхтэй урт гонзгой нүүртэй, амаа жимийн байхыг нь харсан хүн айсандаа нүүр рүү нь эгцлэн харамгүй хурц ширүүн харцтай. Тэр хоёрын тулааны арга бол хоёулаа усан махбодын бясалгалын хүчийг ашиглан тулалддаг. Юй Жян нь усны увидастай, харин Шянь бол усан махбодь тулааны мөсөн увдист аргатай.
Ус, мөс хоорондын тулааныг үзэхээр хүмүүс машид их догдлон тэдний тулалдахыг хүлээнэ. Зарим хүнд Юй Жян дотно таатай санагдан түүнийг ялаасай гэж хүснэ. Гэхдээ тэд Шянь айхтар хэрцгий тулааны арга хэрэглэх тул тэр тэмцээнд ялах магадлал илүүтэй ч юм шиг санагдана.
Сяолю Фанфөн И Интэй таарахаас болгоомжлох ч төрхөө өөрчлөхийг үнэхээрийн их үзэн ядах тул Анянийг дуурайн унжлагатай малгай өмсөн ирлээ. Иймэрхүү тохиолдолд Анянь биеэ нуун халхавч алчуур унжуулсан малгай өмсөн явдаг билээ.
Тэмцээн болох газарт ирээд Сяолю олон хүн түүнтэй адил халхавч малгай өмссөн байхыг хараад санаа нь амарлаа.
Тэмцээн яг эхлэхийн өмнө Жуан Шюй нэгэн халхавч малгай өмссөн бүсгүйн хамт орж ирэхийг тэр харлаа. Сяолюгийн толгой өвдөх мэт болж Жуан Шюйг хараагүй царайллаа. Анянь харин босож зогсоод гараараа хүчлэн даллаж,
- Ахаа гэж дуудлаа.
Жуан Шюй тэр бүсгүй хоёр олон хүний дундуур шахцалдан явсаар тэдэн дээр хүрч ирлээ. Анянь тэгэхэд л тэр бүсгүйг хэн байж болохыг таагаад, дайсагнасан өнгөөр түүн рүү харан,
- Ах аа, энэ хэн бэ гэж Жуан Шюйгээс асуулаа.
Жуан Шюй инээмсэглэн тэднийг танилцуулж,
- Энэ бол миний дүү охин, Анянь. Шинь Юэ, чи ч гэсэн түүнийг Анянь гэж дуудаж болно. Энэ бол Шэнь Нун Шинь Юэ.  Анянь, чи түүнийг Шинь Юэ гэж дуудаж бай. Бас энэ бол ... гээд Жуан Шюй Сяолюг нүдээрээ хайхад тэр хэзээ ч юм алга болсон байлаа.
Жуан Шюй байхгүй учир Рү Шөү өөр хэн нэгэн хүнд Анянь, Сяолю хоёрыг даатган үлдээж чадахгүй, сүүлийн тэмцээнийг үзэхээр зориуд тагттай тавцан сонгож тэндээ Анянь, Сяолю хоёрыг дагуулан ирсэн.
Жуан Шюй Шинь Юэг дагуулан ирэхийг нь хараад Рү Шөү хурдхан зугтан зайлж, Сяолю ч гэсэн нууцаар холдон явж Рү Шөүгийн араас даган гарсан.
Тэр хоёр амжилттай тэндээс зугтан гараад хоёр биедээ нударга атган мэхийн ёслоод бие биеэ бишрэн харлаа.
Энэ бол энэхүү намрын тэмцээний сүүлчийн тулаан. Үзэгчид энэ тулааныг үзэхээр олноор хуран ирсэн байлаа. Тиймээс сул суудал олж сууна гэж саналтгүй.
Сяолю,
- Жуан Шюй бидний суудлыг эзэлчихлээ. Тэр Шэнь Нун авхайн суудал мэдээж хүнгүй хоосон байгаа байх хоёулаа тэнд нь очиж сууя гэж юу ч бодолгүй хэлэхэд, Рү Шөү түүнийг эсэргүүцэн,
- Анянь Чишүй овгийн суудалд сууж байхыг минь харвал намайг ална гэлээ.
Сяолю гараа хаялаад явахаар завдан,
- Би үзэхээ болилоо, харьж унтах минь.
Рү Шөү түүнийг татан зогсоогоод,
- Эргэж очоод хаан надаас Сяолюг яаж халамжлан анхаарав гэж асуух юм бол би чамайг буурчийн газарт 6 хоног унтууллаа гэж хэрхэн хэлэх билээ? гээд Рү Шөү, Шэнь Нун, Шюань Юань, Шилин, Түшан, Жинтянь ... эдгээр овгуудын алиных нь ч суудалд суухад зохимжгүй юм байна гэж дотроо тунгаан бодоод, аргагүйн эрхэнд Сяолюг дагуулан Хөх луу овогт хуваарилагдсан суудалд ирээд тэнд суухаар боллоо. Хөх луу овгийн хэдэн идэр залуус тэднийг хараад бүгд баяр хөөртэйгөөр инээлдэн, хоорондоо шахалдан сууж Рү Шөү, Сяолю хоёрт жижигхэн зай гарган өгч тэднийг суулгалаа.
Рү Шөү Сяолюг татан суулгаад,
- Чишүй овгийн Шянь мөсөн тойрог үүсгэн тулалдах нь гарцаагүй. Юутай ч удахгүй энд аймар хүйтэн болно, бүгдээрээ шахалдаад суувал ядаж даарахгүй гэж инээн хэллээ.
Сяолю нэг талаараа нэг хоёр зуун настай залууд шахан, нэг талаараа Рү Шөүд эрээлэлгүй наалдан суулаа. Олуулаа ингэж хөөрч хөгжин сууж тэмцээн үзэх нь түүнд харин ч гоё санагдана.
Тэмцээн эхлэхэд нэг залуу эр сэмээрхэн лонх архи гарган Рү Шөүд өгөхөд, Рү Шөү түүнээс нь нэг балгаад Сяолюд өглөө. Сяолю лонхтой архинаас нэг том балгаад,
- Нугасны хүзүү байсан бол ч гэж амандаа бувтнан өгүүллээ.
Рү Шөү инээдээ дарж ядан,
- Энэ бол их чухал тэмцээн. Энэ тэмцээн бол бүхэл бүтэн овог гэр бүлийн бахархал бардамналд нөлөөлөх онц чухал тэмцээн. Энгийн нэгэн гудамжны үзүүлбэртэй зүйрлэмгүй. Та нар хүндэтгэлтэй хандах хэрэгтэй гэж анхааруулан хэллээ.
Тэнд суугсад инээдээ даран,
- Шихө овгийн хөгшин биднийг архи уусныг мэдвэл буцаж очоод хаанд хов мэдүүлэх нь гарцаагүй гэлцэн хөөрөлдөцгөөнө.
Тулааны талбарт гал гарсан тэмцэл өрнөж усны эсрэг мөс өрсөлдөн тулалдлаа. Рү Шөүгийн хэлснээр Шянь мөсөн тойрог үүсгэн, харах тавцан тэр чигтээ будран буух цасанд дарагдан гэнэт хахир хүйтэн өвөл шиг хүйтэн боллоо.
Удаан тэнд суугаад Сяолюгийн сүнсний хүч бага тул хүйтнийг тэсвэрлэхээ байж чичрэн дагжиж эхэллээ. Рү Шөү Сяолюгийн гарыг атган сүнсний хүчээ түүний биед шилжүүлэн оруулахад Сяолю сая дулаацан даарахаа болилоо.
Сяолю түүнд баярлалаа гэж хэллээ.
Рү Шөү тэр үед сонирхолтой тэмцээнийг анхааран үзэж байсан тул түүний хэлсний хариуд инээмсэглэх төдий болон хариуллаа.
Тэр тэмцээнийг хэсэг анхааран хараад Сяолюгийн сүнсний хүч сул тул тэмцээний нарийн ширийнийг хараад ойлгож чадахгүй байх гэж бодоод биеэрээ түүн рүү налан ойртож байгаад, Сяолютэй толгойгоо нийлүүлж байгаад тэмцээний нарийн ширийнийг Сяолюд тайлбарлан хэлж өглөө.
- Шянь одоо тулааныг гартаа авсан байна. Юй Жяны усан илд түүний нөлөөнд автаад давшилт нь удааширлаа. Одоо бол тэр хоёр хоёул болгоомжлон зогсож тулаан хараад байх зүйлгүй сонирхолгүй байгаа мэт ч үнэндээ бол байдал маш ноцтой байна... Юй Жян ч гэсэн тулааны тойрог үүсгэж эхэллээ. Тэр Шяньтай шууд эгц тулаагүй ч ... одоо харахад бол тулааны талбар мөсөөр битүү хучигдсан мэт харагдаж байвч үнэндээ бол мөсөн доор ус урсан ...
Сяолю түүний тайлбарлахыг сонсон толгой дохин суулаа. Удалгүй хүмүүс яагаад тэмцээн тулаан үзэх дуртай байдгийг ойлгон мэдэрлээ. Дээд хутагтын тулааны үйлдэл хөдөлгөөн бүр нь уран нарийн, ийм өндөр зэрэглэлийн тэмцээн үзээд олон зүйл сурч авч болдог юм байна.
Сяолюд гэнэт нэг хүн түүнийг тасралтгүй ажиглан харж байгаа юм шиг мэдрэмж төрөн нэгэн зүгт зөнгөөрөө харахад эрхэм зочдын суудалд урдуураа хөшиг унжуулсан хэсэгт ард нь хэн байгаа нь харагдахгүй байлаа. Сяолю хажуудаа суугаа Рү Шөүгаас,
- Тэр хэний суудал вэ аяархан асуулаа.
Рү Шөү түүний заасан зүг рүү нэг ширвэн хараад,
- Түшан овгийн суудал гэлээ.
Сяолю хэсэг чимээгүй болоод гэнэт инээд алдан,
- Чи ямар намайг 15 жилийн турш эрэгтэй хүнтэй харилцаж, эрэгтэй хүнтэй юм ярьж болохгүй гэдэг андгай өргүүлсэн биш гэж өөрөө өөртөө өгүүлэн хэллээ.
- Чи сая юу гэсэн бэ гэж Рү Шөү түүнээс асуухад Сяолю түүн рүү харж инээгээд,
- Юу ч гээгүй, чи үргэлжлүүлэн тэмцээнээ тайлбарла гэж түүнд хэллээ.
Рү Шөү толгойгоо Сяолютэй нийлүүлсэн хэвээр тэмцээн үзэнгээ Сяолюд юу болж байгааг тайлбарлан хэлж өгнө.
Юй Жян Шянь хоёр хүчээ үзэн тулалдахаас гадна бас ухаанаа уралдуулна. Өндөр чадвартай тэр хоёрын тулаан үнэхээрийн үзүүштэй сайхан өрнөнө. Эцэст нь Шяний сүнсний хүч нь шавхагдан барагдаж ухаан алдан унаж, Юй Жян ч гэсэн хүнээр түшүүлэхгүйгээр тавцан дээр тэнцэн зогсох аргагүй болсон байлаа.
Юй Жян сүнсний хүчний чадвартаа дулдуйдаж л Шянийг арай хийн ялан дийллээ.
Тэмцээн болсон тэнхим даяар сайшаан магтах дуу хүрхрэн сонстлоо. Хөх луу овгийн зарим нэг залуус жирийн үед Шихө овогтой хэрүүл маргаан хийн гар зөрүүлэх үе ч гардаг. Одоо харин тэд бүгд дуу нийлүүлэн “Юй Жян, Юй Жян” гэж уухайн дуу хадуулж Юй Жяны ялалтад чин сэтгэлийн угаас баярлан бахархацгаалаа.
Рү Шөү өөрийн байр суурийг бодсон ч гэсэн тэдэн шиг хөөр баяраа ил гаргаж чадахгүй намба заан сууна. Гэхдээ түүний нүд нь гэрэлтэн гялалзана.
Сяолю Юй Жяныг амаргүй даваа даван ялахыг нь хараад, эргэн тойрны хүмүүсийн хөөр баярт автан тэр ч бас гараа дээш өргөн даллаж хүмүүсийг даган уухайлан түрлээ. Тэнхим дүүрэн уухайн дууг сонсоод түүний сэтгэлд гэнэт гунигт бодол зурсхийн орж ирлээ. Хэрэв тэр сүнсний хүчээ алдаагүй байсан бол тэр ч гэсэн хүмүүсийн өөрийг нь бахдан уухайлах дууг сонсож чадах байсан болов уу?
Сяолю ийм бодол орж ирмэгц яаран толгойгоо сэгсрэн энэхүү бодлоо таягдан хаяхыг хичээлээ. Тэр өөртөө би одоо сайн л явна гэж ятган өгүүллээ.
Рү Шөү Сяолюд,
- Өнөөдөр Аняний царайг харж сэтгэл зовохгүй байж болохтой боллоо гэж хэлэхэд Сяолю бас инээн, 
- Одоо явцгаая. Тэднийг хүлээж яах юм бэ гэлээ.
Тэр хоёр босоод хүмүүсийн дунд орон алгуур урагшлан явлаа. Хүмүүс одоо ч гэсэн сэтгэл нь хөөрөн чанга чанга ярьцгаан, урдах замаа ч харахгүй түлхэлдэн явцгааж  байсан тул нэг талаар түүнийг хамгаалах гэж нөгөө талаар олон хүний дунд бие биеэсээ төөрөн явах бий гэж болгоомжлон Рү Шөү нэг гараа Сяолюгийн мөрөн дээр тавин явлаа.
Хүндэт зочдын суудал зассан асраас гарч ирсэн хүмүүс дунд Рү Шөүг таньдаг хүн цөөнгүй байлаа. Тэд түүнтэй мэнд мэдээд түүнийг цаашлуулан,
- Энэ жил Гао Шиний дөрвөн овгийн залуус өнгөтэй байлаа. Та авч ирсэн шагналаа задлах ч хэрэг алга. Буцаагаад аваад яв гэлцэнэ.
Рү Шөү инээмсэглэн тэр хүмүүстэй юм ярилцан явлаа.
Их дөрвөн овгийн хүмүүс гарч ирэхэд олон түмэн бүгд тэднийг хүндэтгэн зам тавилаа.
Овог гэр бүлийг чухалчилдаг намрын энэ тэмцээнд дөрвөн овгийг төлөөлөн ирсэн хүмүүс овог гэр бүлийнхээ хүч чадлыг харуулахаас гадна, бас өнө эртнээс улбаатай тасран алга болоогүй удмаа угсаагаа гайхуулан харуулдаг билээ. Тэр бол хүний бие махбодод үеэс үед удам залган оршдог амьдралыг тэтгэх чухал зүйл билээ. Улс гүрнийг дахин цогцлоон байгуулж эсвэл устган үгүй хийж болдог. Харин удам угсаа бол тасралтгүй үргэлжлэн явж, үе бүр дээрээ өргөжин дэлгэрч, үүрд арилахгүй уламжлан явдаг мөнхийн зүйл билээ. Тиймээс овог гэр бүлийн бахархал бол улс орны бахархлаас ч илүү хүчтэй байдаг билээ.
Чишүй овог, Шилин овог, Түшан овог, Гүй Фан овгийн хүмүүс ээлж дараалан гарч ирлээ. Жин, Фанфөн И Ин хоёр мөр зэрэгцэн гарч ирлээ. Тэд Рү Шөүгийн хажууд ирэхэд Фанфөн И Ин алхаагаа удаашруулаад инээмсэглэн Рү Шөүтэй мэнд мэдлээ. Жин Рү Шөүг анхааран харж харц нь Сяолюгийн мөрөн дээр тавьсан Рү Шөүгийн гаран дээр тусна. Тэр амаа жимийгээд үг хэлсэнгүй Рү Шүөтэй зөвхөн толгой дохин мэндэллээ.
Сяолю Фанфөн И Ин түүнийг таньж орхихоос эмээн Рү Шөүг татан түүнийг дагуулан чихэлдсэн олны дунд орон явлаа. Тэр хоёр олон хүн дундаас сугаран гараад сая санаа нь амран амьсгаа авлаа. Рү Шөү Сяолюг тавиад түүнд хандан,
- За ямар санагдав, дэмий ирсэн биш байгаа биз гэж инээн хэллээ.
Сяолю бас инээн түүний мөрийг алгадан тэд яг л сайхан харьцаатай ахан дүүс шиг байлаа.
- Чи санаа амар бай, хаан хэрэв асуувал би чамайг сайн магтаж өгөх болно гэж Сяолю Рү Шөүд хэллээ.
Рү Шөү Сяолюгийн занг мэддэг болоод түүнийг инээмсэглэн зэмлэж,
- Чи өөрийгөө бүр их юманд бодох шив гэв.
Жуан Шюй Анянийг дагуулан тэдэн дээр ирээд эхлээд Сяолю рүү ширтэн хараад дараа нь Рү Шөү рүү харан,
- Та хоёр ямар хурдан зугтдаг юм бэ, хаашаа зугтаад алга болчхов? гэв.
Рү Шөү инээгээд хариу хэлсэнгүй.
Аняний инээмсэглэн байгаа нь харваас сайхан зантай байна.
Анянь Сяолюд аяархнаар,
- Чи хаашаа гүйгээд явчхав? Чи тэр Шинь Юэгийн царайг харсан ч болоосой. Ёстой нэг бах ханалаа.
- Чи түүнтэй муудалцаагүй биз.
- Үгүй. Тэр бол ахын зочин. Би ахыг эвгүй байдалд оруулъя гэж бодсонгүй. Тэгээд ч тэр намайг хэн гэдгийг мэдэхгүй байгаа болохоор надад гоё байсан.
Урьд нь Чиншүй тосгонд байхдаа Анянь түүнийг тэгж их үзэн ядаж байсан хэрнээ Жуан Шюй түүнийг өөрт нь битгий төвөг бол гэхэд Анянь үгэнд нь орж түүнд ердөө гай тариагүй болохыг нь Сяолю эргэн саналаа. Гао Шиний хүмүүс Жуан Шюйг юу ч гэж харж байсан хамаагүй Анянь бол хэзээ ч Жуан Шюйг дорд үзэж байгаагүй. Жуан Шюйг үнэхээр их хүндэлдэг. Сяолю энэ тухай бодоод сэтгэл нь сатаарч Анянийг алмайран харлаа. Анянь Жуан Шюйг дуурайн Сяолюгийн духыг тогшоод,
- Хөөе, юу бодоод байгаа юм бэ гэв.
Сяолю инээмсэглээд,
- Чамайг бодож байна гэлээ.
- Би чамд анхааруулсан шүү, надад сайн болж болохгүй гээд Аняний царай нь хувиран өөрийнхөө толгойг цохиод бухимдсан өнгөөр,
- Аяа, би хамгийн чухал зүйлийг мартчихсан байна!
Уг нь Чишүйгийн тэмцээнийг ашиглаад Сяолюгээр буруу зөрүү хэрэг өдүүлэн хаан аавынхаа түүнийг Сяолюд бэр буулган өгөх гэсэн санааг тасалдуулна гэж тооцсон шүү дээ. Гэтэл Шинь Юэ гарч ирж, ах нь шархдаад Шинь Юэгийн гэрт түр сууснаас болоод, түүний сэтгэл нь үймрэн Сяолюгийн хэргийг мартаж орхисон байна.
- Би чамд амлалт өгсөн. Чи санаа амар бай. Танай аав яагаад ч чамайг надад эхнэр болгон өгөхгүй гэж Сяолю нухацтайгаар хэллээ.
Эдгээр өдрүүдэд Анянь Сяолюг ямар хүн бэ гэдгийг жоохон гадарладаг болсон.  Сяолю харахад бол инээж ханиан юуг ч тоохгүй юу ч хамаагүй царайлан явдаг хэр нь цагаа тулахаар найдаж болохуйц хүн байна гэж Анянь бодох болсон билээ. Сяолю ингэж амласнаас хойш Анянь санаа амран дахин энэ тухай дурсахаа болилоо.
Буудалдаа эргэн ирээд Сяолю Жуан Шюй дээр очин түүнээс,
- Шарх чинь ямархуу байна гэж асуулаа.
Жуан Шюй шархадсан мөрөө зөөлөн алгадаад,
- Өвдөхөө байсан, гэхдээ саадгүй хөдөлж бол чадахгүй байна гэлээ.
Сяолю түүний тохойноос өргөөд шархыг нь сайн шалган хараад, - Чишүй овог сайн эмчтэй юм. Та сайхан амарч тэнхэр гэлээ.
Сяолю явах гэхэд Жуан Шюй түүнийг татан зогсоогоод,
- Чиний санааг дэмий чилээчихлээ, чи надад уурласан уу гэж түүнээс асуулаа.
Сяолю эргэн түүний хажууд суугаад,
- Чи намайг уурлахгүй гэдгийг мэдэж байгаа гээд Сяолю хуруугаараа түүний мөрөнд зөөлөн хүрэн
- Амь нас нь хутганы ирэн дээр ирсэн байхад ямар ч хүн өөрийгөө шархдуулж жүжиг тавьдаггүй юм гэв.
- Түрүүний удаа Чиншүй тосгонд суманд өртсөний дараа би хүн явуулан Фанфөн И Инийг нарийн сайн шалгуулсан. Түүнд хоёр шадар зарц бүсгүй байдаг. Нэг нь Фанфөн овогт хүмүүжсэн үхэх тангарагтай хамгаалагч. Тэд бас усан онгоцон дээр байсан. Хэрэв бид хариу тулалдсан бол Фанфөн И Ин нэг зарцаа золионд гаргаад биднээр түүнийг алуулах байсан. Тэгсэн бол Шэнь Нун Шинь Юэ уураа барьж чадалгүй биднийг алах тушаалыг хамгаалагчдадаа өгөх байсан. Тэгвэл хэрэг явдал ноцтой болно. Тиймээс би түүний аргад орсон дүр эсгэн ганц Фанфөн И Ин байсан ч гэсэн биднийг гарах гарцгүй болгож байгаа дүр үзүүлсэн. Фанфөн И Ин зөвхөн намайг л алах зорилготой, Анянийг оролдох гээгүй болохыг нь мэдээд чамайг эхлээд Анянийг авар гэсэн юм. Та хоёр аюулгүй болоод би ганцаараа үлдвэл зугтан гарахад харин ч амар болох байсан. Би уг нь шархадсан дүр эсгээд нуурын ёроолд нуугдъя гэж бодсон. Фанфөн И Ин заавал нэхэн алах гэж байгаагаа ил тод илчлэн харуулж болохгүй. Тэр харин ч Шэнь Нун Шинь Юэг ятган тэндээс хурдан холдон яваад зарцдаа нууц тушаал өгөн намайг үнэхээр үхсэн эсэхийг шалгуулна гэж би бодсон. Тэгвэл би амархан мултран гарч болох байсан. Гэтэл харин Шинь Юэ гэнэт нуурын усанд үсэрч орон намайг аварсан.
- Надад талархсаны хэрэггүй. Би хэрэв ятгын аяз сонсоно гээгүй бол та лимбэ тоглохгүй байсан. Та лимбэ тоглоогүй бол Шинь Юэн таныг сонирхон анхаарахгүй байсан гэж Сяолю инээн өгүүлэхэд Жуан Шюй дургүйцсэн өнгөөр,
- Чамд талархана гэнээ? Хэрэв би ятгатай нь хоршин лимбэ тоглон түүнийг нааш нь ирүүлээгүй бол тэр бидэнтэй таарахгүй, ийм явдал ч гарахгүй байх байсан.
Сяолю түүний хэлснийг эсэргүүцэн,
- Хн, хэрэв бид түүнтэй таараагүй бол та хэрхэн яаж Чишүй овгийн хүнтэй ойртон нөхөрлөх билээ. Энийг чинь гай таарсан ч аз болох гэдэг юм.
Жуан Шюй сөрөн хэлэх үггүй болж,
- За за би чамд талархлаа гэлээ.
Сяолю гэнэт санаа алдан, сэтгэл хямарсан байдалтай,
- Би зүгээр л хувь тавилан гэдэг их сонин байх юм гэж бодлоо. Ийм олон гэнэтийн учрал тохиох ч энэ бүгд тулан ирэх төгсгөл рүү л хөтөлнө. Шэнь Нун овог Чишүй овог бол таны заавал өөрийн талд татах ёстой овгийнхон. Гэтэл хувь заяаны учралаар ингэж таарах гэж сонин юм.
- Чи нээрээ, харахад бүгдийг нэвт ойлгож байгаа юм шиг хэр нь үнэндээ бол зүүд зүүдэлдэг жаахан охин хэвээрээ байх юм? Жуан Шюй Сяолюгийн духыг няслаад,
- Жинхэнэ гэнэтийн учрал гэж байдаггүй юм. Болох ёстой юм л болдог юм. Шэнь Нун овог, Чишүй овог миний талд зогсох эсэх нь гэнэтийн учралаас огт хамаарахгүй. Харин би тэдэнд юу өгч чадах вэ гэдгээс л шалтгаална. Ийм тохиол учрах эсэх нь огт хамаагүй. Учрал тохиолдол бол зүгээр л нэг цэвдэг хүйтэн мөсний гадуур ороосон сиймгэр нимгэн панс шиг төдий д зүйл.
- Аяа, ах та арай л дэндүү сэрэмжтэй байх юм, арай л хүйтэн юм ... Сяолю хэлэх үггүй болоод өөрийгөө шоолон,
- Би зүүд зүүдэлдэг хэвээрээ байсан юм уу? Ашгүй дээ гэлээ
Жуан Шюй түүнийг энхрийлэн харж толгойг нь илбэлээ.

📍Орчуулагчийн тайлбар
🪶Юй Жян
禺疆 Yu Jiang
Хятадын эртний домогт гардаг далайн бурхан. Зарим домогт салхиний бурхан гэсэн байх нь ч бий. Хүн толгойтой загасан биетэй эсвэл хүн толгойтой жигүүртэн шувуун биетэйгээр дүрсэлдэг.
🌞Шихө
羲和 Xi He
Хятадын эртний домогт гардаг нарны бурхны нэр
🌂Шянь
献 Xian
Хүндэтгэх өргөх гэсэн утгатай үг.

Хятад кино ярилцъя бүлгээс дараагийн хэсгүүдийг уншаарай

Үүрд Чамайгаа Үгүйлэн СананаWhere stories live. Discover now