Хүн өөрчлөгдөн холдож зам алсран уртасна хэмээх долоодугаар бүлэг -1/3

20 3 0
                                    

Хахир хүйтэн өвөл өнгөрч, дулаан хавар айлчлан ирлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хахир хүйтэн өвөл өнгөрч, дулаан хавар айлчлан ирлээ.
Батгатын хоёр дахь охины нэг насны ойн найрыг хийхээр болж, Сяолю идээ бурам аваад маргааш нь Чүнь Тао түүний охинд хүргэн өгье хэмээн амттаны мухлагаас амттан авахаар явлаа.
Амттанаа аваад мөнгөө төлөх гэтэл мөнгөө харин гэртээ орхин гарсан байлаа. Сяолю Шюань дээр очиж түр мөнгө зээлэн авъя хэмээн бодтол Жин түүний дэргэд ирэн амттаны мөнгийг өмнөөс нь төллөө.
Сяолю амттанаа түүний өвөрт хийгээд,
- Чи худалдаж авсан болохоор чи өөрөө ид! гээд явах гэтэл Шюань тэднийг харан,
- Сяолю, Арвандолоо хэмээн чанга дуугаар тэднийг дуудлаа.
Сяолю аргагүйдэж түүний мухлагт орлоо. Мухлагт Шюанээс өөр хүн байсангүй. Шюань ганцаараа архи уун, Вейчи оролдон сууна. Сяолюг суухад Жин түүний араас орж ирэн суулаа.
- Вейчи тоглох уу ? гэж Шюань асуулаа.
Сяолю саяхнаас Шюаниар заалган Вейчи тоглож сурсан тул хорхой нь хөдлөн,
- Нүүвэл нүүе гэлээ.
- Чамд хэлсэн юм бишээ. Би түүнд хэлж байна гэж Шюань Жинийг заан хэллээ. Сяолю бол Вейчи тоглохдоо ёстой муу. Удаан бодно, бас эргэж буцах дуртай. Шюань түүнтэй хэдэн удаа тоглоод, дахиж өөрийгөө тэгж зовоохгүй гэж шийдсэн билээ.
- Чи намайг басамжилж байгаа юм уу! гэж Сяолю дургүйцэн өгүүллээ.
- Тийм ээ, би чамайг басамжилж байна! гэж Шюань Сяолюг дорд үзэж байгаагаа огтхон ч нуулгүй илэрхийлээд, харин Жинд хандан даруу зан гарган,
- Яахав, нэг нүүх үү? Чамайг ятга, даам, бичиг, зурагтаа гойд сайн гэж олонтоо дуулсан. Харин тулж мэдэх завшаан тохиосонгүй иржээ.
Жин Сяолюгийн зүгт хажуу тийш харан,
- Түүнтэй Вейчи тоглох уу? гэж Сяолюгээс асуулаа.
- Чиний өөрийн чинь хэрэг, надад ямар хамаа байх билээ?
- Би чиний үгэнд орно. Чи тогло гэвэл тоглоно, хэрэггүй гэвэл тоглохгүй.
Сяолю баргар царай гаргахыг хичээсэн ч уруул нь өөрийн эрхгүй мушилзан, хэсэг зуур чимээгүй боллоо. Жин түүнийг нухацтай ширтэн харсаар.
Шюань хуруугаараа ширээний тавцанг цохиж,
- Хөөе, хөөе ... би та хоёрыг сайн харьцаатай гэж мэднэ л дээ, гэхдээ ... .
- Хэн тэрэнтэй сайн харьцаатай юм бэ? гэж Сяолю муухай аашлан хариу өгүүллээ.
- Бид сайн харьцаатай. Чамд хамаагүй гэж Жин аядуу хэллээ.
Тэр хоёр хоёул Шюанийг харна. Гэхдээ Сяолю хөмсгөө зангидан ууртай ширтэх бол  Жин харин даруухан дөлгөөн харна.
Шюань инээд алдан, зөвхөн Сяолюд хандан,
- Сайн харьцаатай байна уу, муу харьцаатай байна уу, юутай ч тэр зөвхөн чиний үгээр болно гэнэ. Түүнийг надтай нэг тоглуулчих. Би түүний алдар цууг олонтоо сонссон. Харин түүнтэй тоглож үзэх завшаан тохиол гарч байсангүй.
- Би ч гэсэн тоглоно гэж Сяолю нүдээ эргэлдүүлэн хэллээ.
- За яахав, чи тогло, тэр зааг гэж Шюань аргагүйдэн зөвшөөрлөө.
Шюань Вейчиний нэг чулуу аван Жин рүү харлаа. Жин аяархан дуугаар Сяолюд  аль нүдэн огтлолд нүүхийг заахад Сяолю түүний заасан нүдэнд чулуугаа тавин нүүлээ.
Шюань инээмсэглэн даган нүүлээ.
Хэдэн нүүдлийн дараа Шюань Жиний алдар цуу хий хоосон зүйл биш болохыг мэдлээ. Мухлагт хүн ирж архи авах гэхэд Шюань түүнд үйлчлэхээс төвөгшөөн, нэг дагуулаа үүдний гадна суулгаад түүнд хэнийг ч дотогш бүү оруул хэмээн тушаалаа.
Нэг нүүдэл, нэг нүүдлээр явсаар удалгүй Шюань инээмсэглэхээ больж өргөө  анхааралтай харж эхэллээ. Архины андтай учрахад мянган хундага ч багаддаг, Вейчиний өрсөлдөгчтэй таарах нь амьдралд олон тохиодоггүй гэж хүмүүс хэлэлцдэг билээ. Шюаний Вейчи тоглох эрдмийг Шар хаан өөрөө түүнд зааж сургасан. Анх Вейчи сурч эхлэсэн цагаас нь л түүний өрсөлдөгч нар нь алдарт жанжин, ухаант сайдууд байсан. Тиймээс тэр одоо Вейчи тоглохдоо ихэнх тохиолдолд өөрийн тоглох чадварын 3 хувийг л ил гарган тоглодог болсон. Гэтэл тэр өнөөдөр аажмаар өөрийнхөө бүх чадварыг дайчлан тоглолоо. Шюаний нүүх ээлж болоход тэр өөрийгөө ёстой сайхан нүүдэл хийлээ гэж бодон Жиний хариу нүүдлийг догдлон хүлээн суулаа. Жин Сяолюд нэг үг хэлэхэд Сяолю харин толгойгоо сэгсэрч өрөг дээрх нэг нүдийг заан,
- Би энд нүүвэл зүгээр гэж бодож байна.
Жин инээмсэглэн огтхон ч эсэргүүцэхгүйгээр,
- Тэг, тэнд нүү.
Сяолю баярлан өөрийн нүүдлийг хийлээ. Шюань хашгирах шахан,
- Би чамайг нүүдлээ буцахыг зөвшөөрч байна. Чи дахин нүү.
- Би бодчихсон. Энд л нүүнэ.
Шюань Жин рүү дүрлийн харж,
- Чи дахиад сайн бод доо хэмээн түүнийг ятган гуйлаа.
Сяолю төвөгшөөн,
- Чи ямар ядаргаатай юм бэ? Намайг өмнө нь нүүсэн нүүдлээ буцах гэхэд болохгүй гээд зөвшөөрдөггүй байсан хэр нь одоо болохоор эргэж буц, эргэж буц гээд байгаа чинь ямар учиртай юм бэ?
Шюаний цээж бөглөрөн энэхүү гомдлоо хэрхэн гаргахаа мэдэхгүй боллоо. Яг л гоё сайхан торго дурданг найдлага хөөр дүүрэн дэлгэн харахад дотор талыг нь харин хулгана мэрэн нүх гаргасан байхыг олж харах шиг мэдрэмж түүнд төрнө. Шюань өөрийн нүүдлээ хийн сэтгэл дотроо хэдэн нүүдлийн дараа гарцаагүй энэ өргийн ялах ялагдах тодорхой болно гэж сэтгэн суулаа.
Жин Сяолюгийн чихэнд хэдэн үг хэлэхэд, Сяолю түүний заавраар нүүлээ.
Шюань гайхан аяархан дуу алдаж, хулганад идүүлж нүх гарсан торгоо урам хугаран харан байснаа нүх нь гэхдээ торгоны захдаа байх тул хувцас эсгэхэд бол саад болохгүй юм байна гэдгийг олж мэдэх шиг баяртай мэдрэмж төрлөө. Шюань хэсэг зуур бодоод өөрийн нүүдлийг хийлээ.
Жин Сяолюгийн чихэнд аяархан нэг зүйл хэлэхэд Сяолю толгой сэгсэрч,
- Чинийх болохгүй ээ, би тэр нүдэнд нүүмээр байна.
- За. Тэнд нүүх чинь зөв. Жин урьдын адил хөнгөн инээмсэглэж, Сяолюгийн хэлсэн бүхнийг бүрэн дэмжинэ. Сяолюг яг л Вейчигийн гарамгай авьяастан хүн мэт, нүүдэл бүр нь гойд уран болохоос аймшигтай муу биш мэт аяглана.
Сяолю Шюаньд гайхуулан чулуугаа өөрийн сонгосон нүдэнд тавин нүүлээ.
Шюаньд дөнгөж саяхан торгон дээрх хулгана идсэн нүхийг торгоны хажуу ирмэгт байж хэмээн баясан харж байснаа, бас нэг өөр газартаа дахин нэг нүх байхыг нь олж харах мэт болов. Тэр Сяолюд хандан,
- Би чамд нүүдлээ буцан, дахин нүүхийг зөвлөе гэлээ.
- Буцахгүй гэж Сяолю түүнийг эрс эсэргүүцэн ширтэнэ.
Шюань аргагүйдэн өөрийн нүүдлийг хийлээ.
Жин Сяолюгийн хажууд суун түүнд аяархан дуугаар тоглохыг нь зааж өгч, Сяолю түүний зааснаар нүүдлээ хийнэ. Шюань гэрлийн хурдаар үргэлжлүүлэн нүүнэ. Жин дахин заавар өгч, Сяолю нүүнэ. Шюань нүүнэ ... гурван нүүдлийн дараа Шюань хулганын нүх дахин ирмэгт шахагдан гарсан байхыг олж харлаа. Тэр сэтгэлдээ маш их гайхахын хажуугаар хөөрөн баярлана.
Жин аяархан нэг зүйлийг хэлэхэд, Сяолю дахин толгой сэгсэрч өөрийн бодлыг тулган,
- Тэнд тавья хэмээлээ.
- Тэг тэг.
Сяолю дахин нүүлээ. Шюань дахиж юм хэлэхээс ч залхан үргэлжлүүлэн нүүлээ. Одоо тэр зөвхөн, Жин энэ завхарсан өргийг хэрхэн гайхамшигтайгаар аврахыг л харахыг хүсэж байлаа.
2 цаг өнгөрсний дараа нэг тоглолт дуусаж, Жин хожигдлоо.
Хожсон Шюаньд дотор бачуудам хэцүү санагдаж, хожигдсон Жин харин инээмсэглэн баяртай сууна.
- Миний нүүсэн тэр хэдэн нүүдлээс болоод чи хожигдчихов уу? гэж Сяолю Жинээс асуулаа.
- Үгүй ээ, чи сайн нүүсэн. Би л буруу нүүдэл хийчихлээ.
Сяолю баярлан инээж, Шюань арга барагдан гараараа толгойгоо түшин сууна.
Сяолю тэнгэрийн өнгийг хараад, орой болох дөхсөн байсанд нүүрэндээ мишээл тодруулан инээж,
- Хожсон хүн нь хоолоор дайлна шүү. Хойд гудамжинд шинээр нэгэн шарсан махны гуанз нээгдсэн гэсэн. Бүгдээрээ тийш очиж хоол идэцгээе.
- За гэж Жин хурдхан хариуллаа. Шюань түүнийг харж, Жин Сяолютай хамт байхдаа тархин дотор нь “Үгүй” гэдэг оршдоггүй байх гэсэн хар төрлөө.
Шюань өөр рүүгээ заан,
- Би зөвшөөрөөгүй байна шүү гэхэд, Жин түүнийг харж ихэд хичээнгүйлэн гуйсан өнгөөр,
- Хожигдсон нь даая. Танд баярлалаа гэж хэллээ.
Шюань инээд алдах хүслээ даран байж Сяолюг нэг хараад,
- За тэгье хэмээлээ.
Гурвуулаа архины мухлагаас гараад гудамж захлан хоорондоо ярилцан хоолны гуанз руу явцгаалаа. Үнэндээ бол Сяолю Шюань хоёр хэрэлдэж муудалцан, Жин тэр хоёрыг сонсон явлаа. Сяолю баярлаж хөөрөн далан долоон юм ярьж, Жиний харцанд инээд тодрон явцгаана.
Гэнэт нэг хүн "Зам тавь" гэж чанга дуугаар хашхирахад тэр гурав олны дунд орон замын хажууд шахагдан зогслоо.
Маш гоёмсог тансаг нэгэн морь тэрэг ойртон ирлээ. Тэргэнд өлгөсөн хөшиг маш онцгой содон харагдаж байлаа. Хөшиг дээр нь ямар ч цэцэг навч хатгаагүй, ямар ч нисдэг амьтан явдаг адгуусыг дүрслээгүй, харин алтан өнгийн нум сумыг хөшиг дээрх хатган урлажээ. Морь тэрэгний араас тэнхлүүн сайхан 8 залуу эр дагалдан явна. Тэд бүгд морь унаад, ар нуруундаа нум сум үүрсэн байх нь тэднийг харсан хүмүүст эрхгүй айн хүндэтгэх сэтгэгдэл төрүүлнэ.
Жирийн үед хамгийн зориг зүрхтэй байдаг ялтан дээрэмчин хүртэл тэднийг чимээгүй харан зогсоно. Урт гудман дахь хүмүүс хормын зуурт дуугаа намсган, хоорондоо аяархан дуугаар шивнэлдэн ярьцгаалаа.
Жин тэр морин тэргийг хармагцаа нүүрэн дэх инээмсэглэл нь алга болж, харцаа буулган хөшин зогтуслаа.
- Ямар гээч хүн бэ? Харахад их л айхтар хүн бололтой гэж Сяолю хэллээ.
Шюань Жин рүү нэг хараад юм хэлэлгүй зогсоно.
- Яагаад хөшиг дээрээ нум сумны дүрс хатгасан юм бол? гэж Сяолю асуулаа.
- Тэр бол Фанфөн овгийн сүлд тэмдэг. Фанфөн овог удам дамжсан нум сум харвах нарийн аргатай. Хүмүүсийн хэлцэхээр бол тэдний өвөг дээдэс од харван унагадаг эрдэм чадалтай байсан гэлцдэг. Фанфөн овгийн хүн бүр зэмсэг дээрээ нум сум дүрслэх эрхгүй. Хаана ямар нум сум дүрслэх, том дүрслэх үү жижиг дүрслэх үү гээд чанга хатуу журамтай. Энэ нум сумны дүрснээс харахад бол морин тэргэнд яваа хүний харвах эрдэм чадвар маш сайн гэдгийг илтгэнэ хэмээн Шюань өгүүллээ.
- Тосгоны дээрэмчид хүртэл тэднээс айх нь аргагүй юм байна гэж Сяолю сайшаан хэллээ. Хэлж дуусаад Фанфөн гэдэг овог нэг л чихэнд танил санагдан арагш эргэн Жин рүү харлаа.
Жиний байгаа байдлыг хараад Сяолю гэнэт учир шалтгааныг ухааран хурдхан буцаж эргэлээ.
- Тэр Түшан овгийн хараахан ураглаагүй байгаа хоёрдугаар эзэгтэй нь үү? гэж Шюаниас аяархан асуулаа.
- Тийм байх.
Цонхондоо Фанфөн овгийн нум сумтай сүлд хатгасан хөшиг унжуулсан, сүйхний хажуу бөөрөнд нь Түшан овгийн есөн сүүл бүхий сүлдтэй сүйх тэргэнд Түшан овгийн хоёрдугаар залуу ноёны сүйт бүсгүй Фанфөн авхайгаас өөр хэн залран явах билээ.
Сүйх тэрэг гудмаар яван өнгөрч хүмүүс дахин хөдөлгөөнд орж эхлэхэд тэр гурав харин зогссон хэвээр байлаа.
Сяолю инээд алдан Жинд хандан,
- Чиний сүйт бүсгүй чинь ирснээс хойно, та хоёрын учралд бид хоёр саад хийгээд яах вэ? Баяртай! гэж хэлээд Сяолю Шюанийг дагуулан явлаа.
Жин байрандаа үлдэн, тэднийг урт гудамж ороон явж харагдахгүй болтол араас нь харан зогсоно.
Энэ үед Жин Е яарч сандран гүйн ирж,
- Ашгүй таныг оллоо. Залуу ноёнтон минь, та одоо харьж оч. Та хоёр 10 жил уулзалдаагүй. Фанфөн авхайд танд ярьж хэлэх зүйл зөндөө байгаа байх хэмээлээ.
Жиний харц нь бүүдийж алгуур удаан алхлан явна.
- Эдгээр жилүүдэд залуу ноён танаас ямар ч сураг ажиг байхгүй байхад учир начрыг мэдэх хүмүүс Фанфөн авхайг сүйгээ цуцал гэж олон хүн ятгасан. Гэтэл тэр огтхон ч тэдний үгэнд оролгүй, таныг эргэж ирэхийг хүлээн Чинчюд байсаар байсан. Настан эзэгтэйг ач хүүгийнх нь гэргий ёсоор асарч хандан, эзэгтэйд хань болон уйтгар гунигийг нь хуваалцан, ажил төрөлд нь тус болж ирсэн. Залуу ноён таныг Чиншүй тосгонд амьдран сууна гээд гэртээ эргэж очихгүй гэхэд тань настан эзэгтэй маш их уурлахад Фанфөн авхай л таны төлөө үг хэлдэг байсан. Одоо ингээд өөрөө тань дээр зорин ирлээ хэмээн Жин өгүүлэн хэллээ.
Жин юу ч хэлэхгүй хэвээр алхана. Жин Егийн сэтгэл санаа хязгаагүй ихээр уймран гайхна. Залуу ноёнтон өмнө нь яриа хөөрөө нь хөгжилтэй хүн байсан. Гэтэл 9 жил алга болоод эргэн ирэхдээ дуу шуугүй хүн болон хувирчээ. Жин Е өмнө нь хүн явуулан  эдгээр жилүүдэд юу болж өнгөрснийг тандуулсан. Залуу ноён нь Хуйчүнь домчийн газарт 6 жил амьдарсан. Түүнээс өмнөх 3 жилийн хугацаанд хаана юу хийж явсан нь мэдэгдэхгүй. Гэтэл залуу ноёнтон нь энэ тухайд огт ам нээдэггүй. Настан авхай захиандаа 3 жилийн турш хаана байсныг нь онцгойлон асуусан боловч тэр хариу захиандаа юу болсныг мартсан, санахгүй байна л гэсэн байсан. Захиандаа Хуйчүнь домчийн газарт дагалдан хийн эмнэхүйн ухаан сурч байхад нь ухаан санаа нь эргэн ирж өнгөрснийг эргэн санасан хэмээн дурдсан байсан. Жин Е бусад хүмүүсийн адилаар их ноёнтон л ямар нэгэн зүйл хийсэн гэж боддог байсан ч залуу ноёнтон энэ талаар юу ч үл өгүүлэх тул хэн ч илүү хөдөлгөөн хийж олон юм ярьж чаддаггүй байлаа.
Жин Е хааяа хуучны залуу ноёнтноо дурсан санагалздаг байлаа. Хуучны залуу ноёнтон бол ажил хэргээ удирдан явуулахдаа төлөв төвшин бас арга ухаантай, хувиараа харьцахдаа бол эелдэг халамжтай хүн байсан. Одоо гэтэл огт өөр хүн болжээ. Юуг ч хайхрахгүй, юунд ч санаа тавьдаггүй хүн болон өөрчлөгдөж. Гэвч юутай ч залуу ноёнтон нь эрүүл саруул эргэн ирсэн.
Хаалган дээрээ ирэхэд Жин дороо зогслоо. Жин Е ч түүнийг ойлгож байлаа. Энэ хоёр аль хэдийн сүй тавьсан хэдий ч үнэндээ бол өмнө нь нэг ч удаа хоорондоо уулзаж байгаагүй хүмүүс. Ор танихгүй хүмүүс гэж хэлж болно.
- Фанфөн авхай нум сум харвах дуртай, залуу ноён та өмнө нь зэвсгийн загвар хийц зохион урлах дуртай байсан. Фанфөн авхай тэнгэрийн доорх олон газраар аялан явах дуртай хүн. Ноёнтон та ул уус зураглах дуртай. Фанфөн авхай хойд нутгийн хөгжөөнтэй дуу хуурыг таалдаг, ноёнтон та лимбэ үлээн түүнд хойд нутгийн ая тоглож өгч байж болно. Аа тийм, бас Фанфөн авхай Вейчи тоглохдоо гарамгай сайн, түүний ах нь хүртэл түүнийг дийлж бардаггүй. Ноёнтон та түүнтэй хамт Вейчи тоглож ... .
Жин өргөөнд ороход зарц нар түүнд зэрэг зэрэг юу болсныг тайлагнан хэллээ. Улаан хувцас өмссөн залуу авхай зарц бүсгүйгээрээ түшүүлэн өрөөнөөсөө гарч ирлээ. Тэрээр өндөр чилгэр нуруутай, будаагүй хэр нь өтгөн хөмсөгтэй, тодруулаагүй мөртлөө улаан уруултай аж. Тэрээр уяхан сайхан хөдөлгөөнөөр аядуу мэхийн ёслолоо. Жин харин харц буулган, хөндий хүйтэн ёсорхуу байдлаар хариу мэхийлээ.
Хоолны газарт, Шюань Сяолю хоёр мах идэж архи ууцгаана. Шюянь Сяолюгээс,
- Чи түүнийг хэрхэн тэтгэн аварсан юм бэ? хэмээн асуулаа.
- Энэ талаар таныг судлаагүй гэвэл би л лав итгэхгүй гэж Сяолю түүнийг ширтэн хэллээ.
- Тийм ээ, хүн явуулж шалгуулсан. Гэхдээ чи Батгат Шорлог хоёрыг сайн сургасан байна билээ. Тэд нар юу ч илчилж хэлээгүй. Шорлогийг согтоож унагасны дараа ч тэр зөвхөн түүнийг их хүнд шархадсан байсныг нь чи авран гэртээ авч ирсэн л гэж хэлсэн. Ямар шархтай байсныг нь ч нарийн хэлж яриагүй.
- Үнэндээ бол Шорлог үг хэлээ цэгнэсэн юм биш. Тэр үед түүний шархыг би ганцаараа эмнэн эдгээсэн болохоор Шорлог угаасаа юу ч мэдэхгүй байсан юм хэмээн Сяолю инээмсэглэн хэллээ.
- Түүний дуу хоолой нь бүдэг сөөнгө сонстдог, энэ нь бас тэр үеэс үлдсэн шархнаас болсон уу?
- Та яагаад түүний тухай байнга яриад байгаа юм бэ?
- Түшан овгийн худалдаа арилжаа Дахуан даяар хэрэн сүлжсэн байдаг. Тэр Түшан овгийн ирээдүйн байр суурь ямар байхад чухал нөлөөтэй хүн. Тэр бол Түшан овог ирээдүйд миний дайсан болох уу, эсвэл анд нөхөр болох уу гэдгийг шийдвэрлэх гол хүн.
-Та тэгвэл түүнтэй өөртэй нь холбоо тогтоохыг хичээ! Надад үүнийгээ ядаргаа болон ярих ямар хэрэг байна?
- Тэр чиний үгийг сонсдог.
Сяолю хөхрөн инээж,
-Та Вейчи тоглохыг овог угсааны чухал том хэрэгтэй эн зэрэгцүүлэн зүйрлэж байгаа юм уу? Тэр миний үгийг сонсдог гэнээ. Би түүний амийг аварсанд тэр надад ач санадаг. Тэгээд л миний үгэнд орж болохуйц зүйл дээр бол миний үгийг сонсдог юм.
Шюань санаа алдаад дотроо бодож байсан төлөвлөгөөгөө орхихоор шийдлээ. Сяолюгийн хэлсэнчлэн, 6 жилийн ачлал энэрэл Жинийг Сяолюд олноос онцгойлон хандуулдаг байж болох юм. Гэхдээ Жин бол Сяолюгийн төлөө Түшан овгийн ирээдүйн байр суурийг сонгон шийдэх хүн яагаад ч биш байж таарна.
- Та хурдхан эндээс яваа. Шянлю хэзээ ч гарч ирж магадгүй шүү гэж Сяолю хэллээ.
Шюань хундагаа өргөөд, нүдэнд нь бардамнал тодорч,
- Чи Шянлюг айхтар мундаг гэж бодох чинь зөв. Гэхдээ чи намайг хэтэрхий сул дорой гэж бодож болохгүй.
Сяолю нударгаа атган түүнээс уучлал эрж,
- За, за, за! Та мундаг.
- Ганц ганцаараа тулалдахад бол би үнэхээр түүний өрсөлдөгч биш. Үнэндээ бол түүний хаана ч хүрэхгүй гэж хэлбэл зохино гээд Шюань өөрийнхөө толгой руу заан,
- Би энийгээ ашигладаг юм.
Сяолю амандаа үмхсэн махаа тургин гаргахаа шахлаа.
- Хүний олноор түрий барьж, хүлгийн сайнаар ялалт байгуулна гэсэн үг үү?
- Тэгж ялалт байгуулахын тулд юуны өмнө хүн нь олон, хүлэг нь сайн байж бас итгэлтэй сайн дагуулуудаар өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй биз дээ. Чи арай хүч нөлөөг хий хоосноос бий болдог, итгэлтэй дагуулыг эзгүй хээрээс олж авдаг гэж боддог юм биш биз дээ?
Сяолю дуугаа хураагаад хэсэг зуурын дараа,
- Хэцүү байсан байх даа? гэж хэллээ.
Шюань бага зэрэг гайхан Сяолюг харахад Сяолю доош харан мах хэрчиж байсан тул түүний царайны өнгө харагдсангүй.
- Хэцүү байгаагүй ээ гэж Шюань аядуу зөөлөн дуугаар хэллээ.
Тэр хоёр хоол идэж дуусаад хамт харихаар явцгаалаа. Шюань архины мухлагтаа харилаа. Харин Сяолю домчийн газар руугаа буцсангүй. Тэр тариалангийн талбайг өнгөрөөд голын эрэгт очлоо.
Тэр голын эрэгт хэсэг зогсоод, аажмаар гол руу орон усанд бүхэл биеэрээ орлоо.
Хаврын шөнийн голын ус хүйтэн жихүүн байлаа. Сяолю хөдлөх хүч гаргаж чадахгүй, усны урсгалд хамуулан зоргоор нь хөвөн урслаа. Усны урсгал хааяа ширүүсэж, хааяа намдана. Голын ус тахиралдаж мурилзан урсана. Усанд удаан байснаар голын усны хүйтэн агаар биед нь нэвтрэн зүрхэнд нь орлоо.
Сяолю хөдлөхийг хүсэхгүй л байлаа. Бие нь урсгал даган хөвсөөр нэгэн чулуунд тээглэхэд Сяолю сая сэхээ аван чулуунаас барин дээр нь авиран гарлаа. Жихүүн салхи үлээхэд түүний бие нь даарч чичрүүдэс нь хүрнэ.
<<Харж байгаа биз? Сэтгэлээ дагасны чинь үр дүн энэ. Хөлдөөд үхсэн ч зөвхөн чиний хэрэг, өөр хэнийх ч биш. >> гэж өөрөө өөртөө хэллээ.
Сяолю голын усанд үсрэн орж, хамаг хүчээ гарган урсгал сөрөн сэлсээр бие нь аажмаар дулаацлаа. Нэг амьсгаагаар сэлсээр домчийн газартаа хүрээд шалба норсон хүн эрэгт мацан гарлаа.
Өрөөндөө ороод Сяолю хувцсаа түргэхэн тайлаад биеэ арчаад хөнжилдөө орлоо.
Хөнжил нь хүйтэн бас чийгтэй байлаа. Сяолю биеэ атиран хэвтэж сайн амарч чадсангүй. Орондоо эргэж хөрвөөн, удтал унтаж чадсангүй. Тэр өөрийгөө харааж зүхэн, <<Вэн Сяолю! Чи битгий эрх дураараа аашил! Чамд хэлье, хэн ч хэнээс ч салан одсон, өдөр хоног үргэлжилдгээрээ үргэлжилнэ! Өөрийгөө хараалаа, зүхлээ. Харин унтаж чадсангүй. Нойр нь хулжсан тэр <<Эцэст нь нойр хүрээд унтаж л таарна!>> хэмээн өөрийгөө тайтгаруулан хэвтэнэ.
Эдгээр өдрүүдэд хаана ч очсон хүмүүс Түшан овгийн хоёрдугаар залуу ноён, түүний сүйт бүсгүй Фанфөн авхай хоёрын тухай ярилцана. Сяолю нэгмөсөн гэрээсээ ч гарахаа байлаа. Гэвч гэртээ хүртэл тэр хоёрын тухай ярианаас зугатах аргагүй аж.
Хоол идэж байхад, Сан Тянэр Шорлог хоёр хүртэл Түшан овгийн хоёрдугаар залуу ноён, сүйт бүсгүй Фанфөн авхай хоёрын тухай ярилцана.
- Би Фанфөн авхайг харсан. Үнэхээр сайхан төрсөн бүсгүй юм. Би хүртэл түүнийг хараад, хараад хараад ханамгүй хонгор сайхан бүсгүй юм гэж бодсон. Алхаж явахдаа хүртэл зарц хүүхнээрээ түшүүлэн явж байсан. Гэхдээ сураг сонсоход тэр авхай нум сум харвахдаа гаргууд сайн, 100 бээрийн газраас алдалгүй харваж хүний амийг авч чаддаг гэнэ. Тэр хоёрдугаар залуу ноён үнэхээр азтай хүн юм аа гэж Сан Тянэр догдлон байж ярина.
- Манай Чиншүй тосгон ямар гойд сайхан газар биш дээ. Энэ их овгийн ноёд, авхайс энд байж юугаа хийдэг байна аа? гэж Шорлог гайхан ярьна.
- Тэд энд юу хийж байгаа нь бидэнд ямар хамаа байх вэ? Ямартай ч Түшан овог хурдхан хурим найраа хийхийг яарч байгаа нь аргагүй юм. Хэн ч ийм хөөрхөн сайхан, ялдам хонгор бүсгүйг хурдан түргэн эхнэрээ болгон авахыг хүснэ шүү дээ гэж Сан Тянэр инээн хэллээ.
Сяолю аягаа тавиад,
- Би идэж боллоо, та нар хоолоо идэцгээ, би гарч жоохон алхлаа.
Чулуу шигтгэсэн зам даган явсаар Сяолю голын эрэгт хүрлээ. Сяолю чулуун дээр алмайран сууна. Тэр нэг зэрлэг цэцэг газраас зулгаан аваад цэцгийн дэлбээг нь нэг нэгээр нь таслан голын усанд шиднэ.
Гэнэт, цагаан бүргэд дүүлэн буун ирж, Сяолюгийн хоолойноос мэгдэн хашхирах дуу гарах ч завдал болсонгүй Шянлюд баригдан бүргэдийн нуруун дээр гарсан байлаа.

📍Орчуулагчийн тайлбар.
♟Вейчи
围棋 Wei Qi
Япон Го даамны Хятад нэршил. Солонгосоор бол Бадук гэдэг. Хятадад анх үүсч, Япон, Солонгост дэлгэрсэн хөлөгт тоглоом.
Монголоор Мягман. Зарим судлаачид энэхүү хөлөгт тоглоомыг нүүдэлчдээс үүсэл гаралтай гэж үздэг байна.

🏍Зуун бээр
百里
1 бээр ойролцоогоор 500 метр
100 бээр бол ойролцоогоор 50 км.
[1984 оноос өмнө ямар төрийн тэргүүн байгаагаас хамааран 323 метрээс 645 метрийн хооронд. wikipedia]

Хятад кино ярилцья бүлгээс зохиолын дараагийн бүлгүүдийг уншаарай.

Үүрд Чамайгаа Үгүйлэн СананаWhere stories live. Discover now