•18•

25 2 1
                                        


   Эргээд ургачихна гэсэн итгэл тээсээр тэр өөрийн гил хар гэзгийг хэрэгтэй нэгэнд нь гоёл болог хэмээн үлдээлээ. Угаас ихээхэн өтгөн байсан болохоор нэг хүнд хиймэл үс хийхэд боломжийн байсан нь Нар-ыг баярлуулсан юм.

  Нарын төрсөн өдөр хаалга тогшив. Тэр амжилттайгаар тэмцэн нэг насыг даван гарсан болохыг энэхүү өдрийн нар түүнд мэдрүүлнэ. Харин тэр хэнтэй уулзаж, хэнийг харахаа огт мэдээгүй тул сэтгэл тогтуун байлаа. Салхи харин төлөвлөсөн бүхэндээ эргэлзэж байсан ч яах аргагүй өнөөдөр бүгдийг нь хийх хэрэгтэй санагдан шинэ гэрийнхээ хаалганы урд гараа атган зогсоно. Тэр ч мөн хадам ээжтэйгээ биечлэн уулзахаас эмээж байлаа.

  Төрсөн ээж нь өөрийнхөө газар дээрх ганц хайртай охиныг ямар байдалд байгааг харах даа мэдээж бэлэн биш байсан ч мөн л адил өнөөдөр уулзахгүй бол хэзээ уулзаа аж хэмээсээр шимшрэн урагдах хөөрхий ноорхой зүрхээ барьж ядан хилийн чанадыг зорин ирэв.

  Нарын ээжийг харвал тэр охиноо өөртэйгөө хуулбарлаж бий болгосон аятай ээж охин биш гэх вий гэсэн шиг ижил төстэй байх агаад чадамгай Солонгосоор ярьдаг, энэ насны гэхэд ихээхэн ануухан хөгшин байлаа. Анзаараад байх нь ээ тэр угтаа бүхнийг мэдэх боломжтой их л чадалтай хүн шиг харагдана. Магадгүй өнөөдрийг хүртэл болж буй бүхнийг мэдээгүй шалтгаан нь Нарын ээжийнхээ ухааныг гүйцэн харсан чадал байж ч болох юм.

  Тэд харьж явах замдаа болсон бүхний тухай ярилцлаа. Салхи түүний ээжээс юуг ч нуусангүй. Нарын болон өөрийнхөө тухай, анх хаана тааралдаж яаж танилцсан тухай, мөн өөрийгөө өөр хүний нөхөр байхаас татгалзаж түүнийг сонгосон тухайгаа ч нэг үг худал хэлэлгүй илэн далангүй өгүүлсэн юм. Тэр бүрт Нарын ээж чанга сэтгэл гарган хааяа нэг гүнзгий амьсгаа аван санаашрах сонсогдоно.

  Гэрийнх нь хаалга түчигнэн онгойж нэг биш хүн орж ирэх чимээг Нар сонсохдоо ихээхэн гайхсан боловч тэнхэл нь хүрэхгүй байсанд босож харсангүй. Харин удаан сонсоогүй ч үргэлж сэтгэлд нь сонсогдож байдаг тэр хайр татам хоолой сонсогдоход араг яс нь янгинаж ард дагз нь хатгуулан байсан ч босон малгайгаа өмсөж зүгээр хүн мэт жүжиглэхдээ бэлдэж байлаа. Өрөөнийхөө хаалгыг түгжиж ойрд хэрэглээгүй энгэсэг өө дарагчаа сандчин түрхээд сэтгэлээ чангалан гарсан боловч санасанаас нь илүү бууралтсан санаж бэтгэрсэндээ үхэхээ шахсан эмэгтэйгээ хармагцаа орчлонгийн бүлээн нулимсыг асгаруулсаар тэвэрч авна. Ийм сэтгэлийн энэлэн бас жаргалан байна гэдэг юутай сайхан.

Тэднийг нэг ч үг солилгүй харцаараа болон биеэрээ харилцан уйлж суухыг хараад Салхи ч мөн тэвчсэнгүй. Түүний түрүүн харсан эрхэмсэг чанга хатагтай ингэж өвдөг сөхрөн суугааг нүдээр үзэхдээ хорвоо гэдэг эргэж хөрвөхдөө хялбархан ч юм даа гэж бодсоор санаа алдан нулимсаа арчина. Тэрний толгойг дүүргэн байх дуу хоолой зөвхөн "Тэднийг урт удаан хамт байлгаач..." гэх хөөрхийлөлтэй залбирал л байв.

  Тэд хамтдаа оройн зоог барив. Нар бүсгүй ингэж царай алдсан учир гэрээс гаралгүй гэртэй хооллох хүсэлт гаргаж өөрийн насны ойгоо даруухнаар дуусгахаар шийдсэн юм. Хоолны ширээ эв хавгүй чимээгүй байсан ч огтхон ч хүйтэн хөндий байсангүй. Хэн ч юу ч ярихгүй хэдий ч ийм дулаахан уур амьсгал байж болдог байх нь ээ хэмээн Салхи гайхширах аядна.

  Удаан чимээгүй байсны эцэст Нар ээждээ хайртай хүнээ танилцуулахаар түрүүлж ам нээв.

"Ээжээ. Энэ хүн бол намайг өнөөдрийг хүртэл асарч зөвхөн миний талд байсан нэгэн. Тэрнийг байгаагүй бол би энэ хорвоо дээр ингэж удаан байхгүй байсан даа ч гэж боддог юм." Өөрт нь юу ч дуулгаагүйд гомдол тээн байсан хатагтай хэдий хэцүү санагдсан ч хорвоод ийм сахиусан тэнгэр бас байх юм хэмээн бодсоор зөөлнөөр инээмсэглэнэ. Харин Салхи Нарын тэр үзэсгэлэнтэй инээмсэглэл тэр их гоо үзэсгэлэн ээжийнх нь бэлэг байх нь ээ гэдгийг ойлгон түүний өөдөөс мөн л адил намуухнаар мишээнэ.

"Та хоёр гэр бүл болох гэж байгаа байх нь ээ?" Эдгээр үгсэд тэд хоёул хэсэг дуу хураан байсан ч Салхи энэ удаад ам нээн "Тийм ээ хатагтай." Гэсээр дэмий ч халбагаа оролдон хариу үйлдлийг нь хүлээхэд Нарын ээж түрүүнийхээ илүү инээмсэглэсээр үргэлжлүүлэн хоолоо идэв.

  Уйлаан дүүрэн өдөр оройн тэнгэртэй зөрөн өндөрлөхөд Нар ядарсны эрхэнд тэвчилгүй үдэш болмогц унтаж түүний ээж болон хайртай залуу хоёр л хоёулхнаа ярилцан зочны өрөөнд сууна.

"Та явтлаа миний өрөөнд унтаж амар даа. Би танд зориулаад шинэ ор хөнжлийн даавуу хийгээд өрөөгөө их сайн цэвэрлэсэн байгаа---" Түүнийг үгээ дуусгахаас өмнө гарт нь ямар нэг дулаан зүйл хүрсэн нь хадам ээжийнх нь гар байх ба хариу үйлдэл үзүүлэхээс нь өмнө зөөлөн бөгөөд их л дулаахан тухтайгаар тэврэн "Баярлалаа. Миний жаахан Нарыг халамжилж асарч байсанд үнэхээр их баярлалаа. Ингэж их сэтгэл гаргаж байгаад ч мөн баярлалаа...ямар байдалтай байгаа бол гэж үнэхээр их санаа зовсон ч тэр минь тав тухтай амар амгалан байгааг хараад санаа минь амарлаа."

Салхи төрсөн ээждээ тэврүүлж буй мэт нүдээ анин түүнийг зөрүүлэн тэвэрнэ. Өөрийг нь яаж хүлээж авах бол гэж ойрын хэд хоног санааширсан сандрал айдас нь юу ч үгүй алга болж хүлээн зөвшөөрөгдсөн мэдрэмж авах түүнд таатай байв. Хатагтай түүний нурууг илсээр "Өвдсөн хүнийг асрах их хэцүү. Маш их ядарч туйлдана. Тэрнийг гэж гүйхээс гадна өөрийгөө ч гэсэн хайрлаарай хүү минь..."

 

•  OCEAN  • /ended/Место, где живут истории. Откройте их для себя