Ертөнцийн нар уулын цаагуур талимааран нуугдахад тэнгэрт өөр олон гарагийн нарууд гялтганан мяралзана.
Ийм тунгалаг агаарыг яг л амтат бал бурам мэт бүгдийг нь сороод сороод уушгиндаа авч явахсан.
Нарын бие тийм ч сайн байсангүй. Хамаг бие нь өвдсөндөө юу даарсандаа юу мэдэхгүй ч дагжин чичрэх ба энэ байдлаараа ингээд унтахад бэрх санагдаж байв. Гэлээ ч Нар энэ их өвдөлтийн дунд тэнэг хүн шиг дотроо инээмсэглэн байсан юм.
"Одоо яах вэ? Юу хэрэгтэй байна?"
Нар юу ч дуугарсангүй. Зүгээр л нүдээ зөөлөн анин толгой сэгсэрнэ. Харин Салхи энэ байдлыг удаан харж тэсээгүй юм.
"Ингээд тэврэхээр дулаацаж байна уу миний хүү?"
"Тийм. Дулаахан байна."
"Даарч байх үед чинь хэн нэгэн ингээд тэвэрвэл биеийн дулаанаа хуваалцаад дулаацдаг юм."
Салхи энэ удаад өөрийгөө хорьсон гүй. Зүгээр л зөнгөөрөө исгэрэхээр шийдсэн бололтой энгэр цээжиндээ бяцхан хатагтайг наан биеийнхээ дулааныг хуваалцахаар оролдох бол Нар энэ бүхэнд цааргалан дөлсөнгүй зүгээр л бүх биеэ сул тавин анхилуун тансаг үнэртэй Салхийг налан нүдээ анив. Энэ их нөмөр түшигийг хэзээ хамгийн сүүлд мэдэрсэн юм бол.
Салхийн толгойд бодогдсон зүйл бодит бус харин түүний насаараа зүүдэлсээр ирсэн хийсвэр мөрөөдлөөс үүдэлтэй зүүд байсан юм. Ихээхэн харуусалтай бас өрөвдөлтэй. Тэр ээжийнхээ энгэрт дулаацаж л үзэхийг хүсдэг нэгэн байсан нь ийн зүүдлэхэд нь хүргэсэн байх. Хичнээн өнөөдөр 30 гарсан том эр хэдий ч зүрхнийх нь нэгээхэн ховдолд хуниралдан нуугдаж суугаа жаахан хүү одоог хүртэл ээждээ эрхэлж үзэх мөрөөдөлтэй хэдий ч биелэх нь юу л бол...
Үүр цайх үед Нар бараг л 20 жилийн дараа анх удаа дулаахан сэрсэн юм. Тэр 10 аад настай байхдаа л аавынхаа энгэрт ийн сэрдэг байсан сан. Учраад урт хугацаа өнгөрөөгүй ч ихээхэн итгэл төрөм энэ залуу түүнд энэ мэдрэмжийг л амсуулж амьдралыг нь үдэх замналтай байсан бололтой гэж тэр хэсэгхэн бодон Салхийн гоо үзэсгэлэнг тогтож харан хэвтлээ. Тэр үнэхээр арван хуруу тэгш төржээ. Хараад л баймаар энэ царайг ийм ойроос харж буйдаа тэр ихээхэн азтай санагдаж мөн баярлан догдолж байв.
Нуурын эрэг дээр тэд нэг ч их удсангүй ээ. Ахиад үзэх олон газар амьсгалах олон агаар байгаа учир тэд нэг их яараагүй ч бас нэг ч их хойш суусангүй явсаар л байв.
