291 9 0
                                        

"Чи үнэхээр адилхан юм.."

Өдөр бүр өөрийгөө толинд харах бүрдээ тусгал дээр буух санагалзам тэр тод царайг дурсах амьдрал гаслантай санагдаж байлаа.

"Чи яагаад доошоо яваад байгаа юм бэ?"

"Хөлд минь хүнд туухай гинжилсэн учраас."

"Дээш тэмүүлж үзсэн үү?"

"Надад тийм их хүч байхгүй. Хөсөр хаягдсан тэр амтагддаг байсан бага насны бяр чадал хаачсаныг энэ хөлгүй худаг ч мэдэхгүй байх..."

Анхны амьсгал авсан минутаас эхлэн амандаа болор халбагатай төрсөн гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Ертөнц намайг хүлээж авахдаа үнэт торго мэт яасан зөөлөн байсан гэж санана.

Дөнгөж төрсөн эмнэлгийн орон дээрээсээ хамаг биеэ хумин атирч байхдаа өрөөсөн нүдээ багахан нээж үзвэл өөдөөс минь хорвоо дээрх хамгийн гайхамшигтай үлгэр домгийн сахиусан тэнгэрүүд хараад зогсож байсан. Тэдгээр сахиусан тэнгэрүүдийг аав ээж гэдэг байсныг хожмоо үг хэлж сурахдаа би мэдсэн юм. Анхны үг минь ч тэднийг дуудан эхэлж гаргах авиа минь тодрон тодорсоор тэдэнд өөрийн ертөнцийн хачин сонинг зогсолтгүй ярьж л байдаг хамаг бүхнийг гайхан сониучлах аугаа их ЯАГААД -ууд эхэлсэн юм.

"Аавын наран гийсэн охин" хорвоо дээр надад түүнээс илүү хайртай эр хүн гэж үгүй. Магад түүний энэ хайр нь намайг өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй нэгэн болгосон байх. Ээжээс минь илүү намайг анхаарсан байх ч гэж хаяадаа боддог юм.

Аавтайгаа өнгөрүүлсэн тэр зуу зуун өдрүүдээс уйтгарлаж өнгөрөөсөн өдөр гэж нэг санахгүй нь. Мантуу шиг хөвсгөр миний хоёр хацрыг идчих нь холгүй л үнсэж хацрын булчинг минь таттал инээлгэж худал үнэн онигоо, домог, үлгэр ярьж хэрэндээ миний инээж байгааг харах гэж хошин зангаа ашигласаар ирсэн нь тэр. Хорвоогийн бүх хошин зүйлсийг аав минь яриад дуусчихсан уу гэлтэй хошин шог ч инээдтэй санагддаггүй байлаа. Түүний л хажууд ханатлаа инээж зогсоо зайгүй маазран байсан минь нийт амьдралын хугацааны минь хамгийн марзан мөчүүдийг дуусгасан мэт л одоо бодогдох юм.

Хоног өнгөрч өсөж торниж байгаагаа үл анзаарч байж дээ. Томрон томорсоор юм сурах насандаа очсон гэж нийгэм намайг үнэлэн 6 насыг минь отон байж сургуульд оруулж билээ. Хичээлийн шинэ жил эхэлж бүх зүйлс шал өөр болон зөвхөн аав ээж ах нараасаа л асууж сурсан зүйлсийг танихгүй нэгэн настай эмэгтэй заана гэж төсөөлөлд нь ч бууж байгаагүй миний хувьд амьдрал хөрвөж байгаа мэт санагдсан байх. Анх удаа сургуулийн зүг сахиусан тэнгэрээ хөтлөн явахдаа тэдний авч өгсөн олон янз хостой гоёмсог ягаан цүнхийг л гайхаж сайрхаж байсан минь тодхон.
Бүх зүйлс сайхан байлаа. Бүгд төгс байсан..

•  OCEAN  • /ended/Donde viven las historias. Descúbrelo ahora