"Бүгд найрамдах Солонгос улсад өнөөдрийн байдлаар...."
Машины долгионоор радио нэвтрүүлэг чихэнд дуулдаж утга нь үл ойлгогдох үл мэдэх ая аялгуу ар араасаа явж түүний анхаарлыг үлээсэн мэт үргээж явуулдаг үргэлжийн хүнд бэрх байдаг 20 минутын зайтай зам талдаа орж байлаа. Гадаа харанхуй хүн бүр замаа хөөж нэгэн зүг рүү, эсрэг зүг рүү аль эсвэл нэг гэр лүү хүртэл хамтдаа алхан холхино.
Улаан гэрэл түүний өмнө гэрэлтэх нь буцаад яв эндээ зогс л гэх мэт тэр толины тусгалд өөрийгөө харж санаашран хөмсөг атируулна. Магадгүй тэр эндээ үлдсэн нь дээр байх.
Явган зорчигч явах дохио асах нь эсрэгээрээ түүнийг урагшил ухаантай бай гэх шиг нүдний болорт ойх ногоон гэрлийн туяаг даган булчингийн зуршил мэт урагш гишгэнэ.
Өөрийгөө толинд хараад ч байх шиг урд явах хүмүүсийг ч харах шиг амьсгаа дарам чимээгүйг ая тухгүй аяс нүдэн орж ирнэ. Түүний нүдэнд цагаан суурь бүдэг судалт танил хөвсгөр ороолт ойн буухад ухаан үгүй байсан тэр хоосон нүд хайснаа олсон мэт оч бутрах шиг болох нь тэр.
Тэд ахин огтлолоо.
Түүн дээр очих уу?
Үгүй ээ чадахгүй. Тэр халдашгүй дархан нэгэн.
Оролдоод үзээч.
Болохгүй ээ. Халдахаас айж байна. Алхам илүү урагшлахад надаас айгаад үргэчихнэ...
Машины дохио дуугарна. Тэрний урд хоосон зам хөндий хонгил хүлээх мөчид аль хэдийн өөртэйгөө тэмцэлдэж байхад нь өнөөх танил ороолт "Франц" бүсгүй хоёр алга болж дууссан байлаа.
Түүнтэй ахиж таарахгүй бол яах вэ?...
Олон хоногууд урдуур сүлжилдэн зөрсөөр. Сүлжин зөрөх хэдий ч эмх замбараагаа огт алдахгүй. Аль нэг өдрийг нь барьж аваад амаръя гэхээр гар тоссон газраас ганц бултаад л зугтаачихдаг хурдан бөгөөд хайр үгүй хүйтэн бас дулаан хөөрхийлөлтэй бас хүчтэй хоног өдрүүдийг яах ч арга үгүй.
Заримдаа тусалж заримдаа цустах онцгүй хэрнээ аятайхан ч юм шиг нэгэнтээ эсэргүүцээд дийлдэхгүй хүн болгон хүлээн зөвшөөрөхөөс өөр зам үгүй цаг хугацаа гэдэг нэг газраас нөгөөг хүртэл тавьсан сум мэт гялталзаад зөрөх нь юутай гуниг зовлонтой мөн юутай жаргалтай сайханам.
Удаан хүлээсэн 1-р сар ганц алхах төдийд дуусах шиг болов. Хавар цагийн эхэн хайр, сар, баяр гэх үгс бүгд давхцах өвлөөс дулаан ч цаанаа л жиндүү хавар цагийн хамгийн бүүдгэр мөч гэмээр 2 сар өндөр жилтэй тохироо бүрдэн хаалганд тулж ирсэн байлаа. Одоог хүртэл Салхи нартай учирсангүй. Нар ч салхийг ахин бодсонгүй.
