Үндэсний баяр чи хаяанд тулж ирээд хаалга тогшиход чинь би үүдээ нээсэнгүй. Намайг уучил. Гайхаж байгаа байх л даа ээжийнхээ явуулсан тэр үнэтэй дээлийг яагаад өмсөөгүй юм бэ гээд. Үнэндээ, дээлэндээ байсангүй юм аа. Чин үнэн гэвэл нөмрөөд суучихвал ээжийгээ санаад очих хүслэндээ автан гансрах вий гэхээс айсандаа удаан харж тэсэлгүй далд хийчихсэн юм...
Эртний сонгодог хэв маягтай кафе-д өөд өөдөөсөө харсан ширээнд дундуураа ханатай хаалттай сууж байгаагаа Салхи Нар хоёр анзаарсангүй. Тэдний ингэж их анзааралгүй тааралдаад байгаа нь хувь тохиол юм болов уу? Тэд бие биедээ хайр аз жаргал авчрах юм болов уу? Эсвэл урьд насандаа үйлдсэн үйлийн үрээ эдлэх үр нь болох юм болов уу?
14 наснаасаа хойш бичээгүй завсарлаж саяхнаас дэлгэж ахин тэрлэсэн тэмдэглэлийн дэвтэртээ ажил таран халуун кофе уунгаа хэд хоногийн өмнө болоод өнгөрсөн зүйлсээ буулган санаа алдан сууж байлаа. Өөртөө кофе авах бүртээ идэх байтугай амсдаг ч үгүй байж хажууд нь үргэлж дагуулдаг нэг халбага зайрмагаа харан нэг л зүйлийг бодно.
"Идэж болох уу?"
"Тэг дээ."
"Гүзээлзгэнэтэй зайрмаг хамгийн шилдэг нь. Та мэдрэмжтэй юм аа!"
Хариу үл дуугарна. Өөрийг нь дагаж явдаг бяцхан охин үргэлж л инээмсэглэж явах нь дулаахан санагдана. Хэзээнээс л хүмүүсийг уярааж явсан энэ инээмсэглэл өөрөө өөрийгөө ч уяраах тийм хүчтэй болохоор түүнийг Нар гэдэг байх.
Хэр удаан сууснаа хайлж шингэрэн цаасан аягаа нэвчих зайрмагийг удтал ширтсэн ч Нар анзаарсангүй сурсан зан гэлтэй мэлэрсэн нүдээрээ гөлийн сууж байхад нь өнөөх зайрмагийг бяцхан Нар халаан хайлуулсан аятай аяганаасаа хүртэл урсан гоожиж эхлэв.
"Өршөөгөөрэй. Хуурай цаас өгөөч?"
Танил хоолой, танил хүрэм, ороолт. Салхи нарыг харсандаа үхтэл баярлаж байгаа нь энэ байв. Одоохон гүйж очоод уулзмаар, дугаарыг нь асууж бусдын адил түүнтэй танилцмаар байсан ч сандалтайгаа наалдсан аятай шүлсээ залгин дороо хөдөлгөөнгүй суухад нь Нар ч түүнийг анзаараагүй дээ зайрмагийг хогийг хогийн сав руу шидчихээд тэмдэглэлийн дэвтэр үзэг хоёроо ч таг мартаж салан загнаад гараад явчихна тэр. Тэр магадгүй хэтэрхий ихийг боддогтоо ийм байж эсвэл угаас хэнэггүй зантай даа л ийм салан байдаг байж мэдэх юм.
Салхи араас нь ухас хийхдээ мөн л ардаасаа чангаах зүйлтэй учраа тохиож хөмсгөө зангируулан нүдээ анисаар суудал руугаа эргэвэл үзэмж нэг их гоё биш хэрнэ их л сонирхолтой харагдах Нарын дэвтрийг олж харахад кафен ажилтан дэвтрийг аван эргэн тойрноо гайхан хэн нэгнийг хайж эхлэв.
"Өршөөгөөрэй. Энэ дэвтрийн эзнийг харсан уу? Дал хавьцаа урт хар үстэй цагаан ороолттой бүсгүй байсан даа?"
"Энэ түүний дэвтэр хэрэг үү?"
"Тийм ээ. Юм бичиж суусан юм. Үлдээгээд гарчихлаа."
"Надад өгчих. Би түүнийг танина."
"Аан тийм гэж үү?" Гэсээр гэнэн гэж жигтэйхэн тэр хүний хувийн нууц гэж нэг ч өгүүлбэр дуугаралгүй Салхийн гарт Нарын дэвтрийг атгуулахад Салхи сэтгэл нь нэг л сонин болсоор дэвтрийг энгэртээ хийн цас будрах хоёр дугаар сар дундуур зүсэн гэрийн зүг хүлгийн жолоо мушгилаа.
Салан зандаа өөрийгөө загнан байж дагзаараа өрөөнийхөө ханыг хэд хэд зөөлөн цохиж суух Нар өөрийнх нь дэвтэр хэнд байгаа бол гэдгийг бодохоос ч ичгүүртэй санагдаж тархи нь базалж байв. Өөрийнх нь 30 жил туулсан амьдралын ихэнх үнэнийг хамгийн адын бодлуудтай нь агуулах тэр дэвтрийг зүгээр л хогийн саванд орсон байгаасай гэж нэг хүсэх ч өөрийнхөө санахгүй байсан аз жаргалтай мөчүүдээ гээсэн гэж бодоход олохыг ч мөн маш ихээр хүснэ.
Өөртэйгөө маргалдаж ширүүн тулааны уршигт унтаж ч чадахгүй хэвтэх хооронд нь гэртээ ирж харанхуй өрөөнийхөө мөнөөх хэсэгт суух Салхийн өнөө нарийн хуруунууд Нарын дэвтэр дээгүүр нүдтэй нь хамт гүйж байлаа. Эхнээсээ авахуулаад талдаа ортол бичсэн зүйлс нь яаж инээдэг ээ мартсан гэлтэй Салхийн нүүрэнд яаж ч юм инээмсэглэл тодруулаад байх нь хачин бас жигтэй.
Хуудас эргэх бүрт түүний үг хэл өсөж торниж байгааг нь илтгэх аятай илүү уран болно. Мөн зарим нэг хуудсанд өөрийнх нь хэзээ ч харж байгаагүй танил бус хэлээр бичсэн байх нь хорхой хөдөлгөм ном мэт улам л сонирхолтой санагдаад болж өгсөнгүй.
"Санаж байна. Намайг дагуулаад хотын гудамжаар амнаас минь гарч болох бүхий л сэдвийг хуваалцан ярьдаг байсан тэр үеийг. Мартаж чадахгүй нь. Өнөөдрөөс эхлээд би хүүхэд байхаа больсон санагдаж байна. Эмээ минь хүүдээ тусалж өгөөрэй. Өчүүхэн ач охиндоо ч мөн туслаарай. Өөртөө авах гэж бүү яараач дээ..."
Энэ хуудаснаас эхлэн Салхийн дулаан инээмсэглэл хийсч алга болон сувд мэт гялтгар дусал нүдэнд нь бөнжигнөж эхэлсэн юм.
