Chapter 13

946 118 27
                                    

Гэр лүү харих замын турш би түүнийг ширтэн явлаа. Жолоогоо атган явах зүүн гарных нь судас товойх бүрийг алдалгүй харж, урд талын толинд тусан харагдах холоо бэлчээсэн харцных нь хөдөлгөөн бүрийг ажиж явав. Машины арьсан суудал гарт минь мэдрэгдэнэ. Энэ мэдрэмж зүрхэнд минь хүртэл хүрэх аж.

Ххх: ирж байна уу?

Үл үзэгдэгч охины нойрмог дуу хажуунаас гарахад би зөөлхөн санаа алдаад,

Би: дөхөж байна аа хэмээлээ.

Ххх: хурдхан очиж унтмаар байна.

Би: тэгээд хэн чамайг өглөө нар ч мандаагүй байхад босож бай гэсэн юм бэ?

Хариуд нь тэр нойрмог дуу гаргаад цонхны шилэнд толгойгоо наан нүдээ анив. Би ч харцаа буцан Жонгүг дээр аваачлаа.

Гэртээ ирэх үед үл үзэгдэгч охин хаалга нэвтлэн бууж, би Жонгүгийг хаалгаа хаахаас өмнө гялс урагш дамжин хаалгаар буулаа. Түүний бодлыг би одоо ч эзэгнэсээр байгаа бололтой ганц ч хором нэвтлэх чадвар минь сэргэхгүй байв. Энэ нь ч аргагүй биз ээ.

Дотогш ороод үл үзэгдэгч охин буйдан дээр унаад өгч, Жонгүг ч заншил болсноороо өрөөндөө яваад орчихлоо. Удалгүй үл үзэгдэгч охины хурхирах дуулдаж, зочны өрөөнд би ганцаархнаа хоцрох шиг санагдав.

---

Шөнө нам гүмийг... үгүй ээ, үл үзэгдэгч охины хурхирах дууг эвдэн Жонгүгийн өрөөнөөс хүндээр амьсгалах, түгшүүртэй хашгирах чимээ сонстох нь тэр. Хараахан унтаагүй, сэрүүн хэвтэж байсан би энэ чимээг сонсмогцоо түргэхэн шиг босож, түүний өрөөний зүг явлаа. Санаа зовж, айсандаа зүрх минь цээж нэвтлээд гараад ирчих шахам хүчтэй цохилно.

Хаалга руу гараа явуулан бариулыг нь аажуухнаар тэмтрэх үед гарт минь мэдрэгдэв. Үүний дараа би ямар ч эргэлзээгүй хаалгыг нээн орж, ормогцоо харсан зүйл минь зүрх эмтлэх шиг болсон юм.

Бүхэлдээ ном, бичиг цаасны зүйлсээр дүүрэн, ганцхан ширээ, өндөр номын тавиуруудаас өөр зүйлгүй өрөөнд тэр ширээгээ дэрлэн унтаж байх ажээ. Духаар нь унжсан бараан бор үс нь хөлсөндөө норж, хүнд хүнд амьсгалах нь хар дарж байгааг нь илтгэнэ. Би чимээгүйхэн алхсаар түүнд ойртлоо. Тэгээд доош өвдөглөн сууж, түүнтэй ижил өндөртэй болчихоод царайг нь сайтар ажиглав. Тэр хөмсгөө байдгаар нь зангидсан байх агаад, хацрыг нь даган нулимс урсана.

Хар дарсан зүүд нь түүнийг ингэж их гуниглуулсан юм байх даа?

Түүний энэ байдлыг би харж тэвчсэнгүй. Гараа болгоомжтойгоор хацар луу нь явуулж нулимсыг нь арчаад алгаа хацарт нь наасан чигтээ хэсэг суулаа. Тэр сэрсэнгүй. Хацрынх нь дулаан алганд минь мэдрэгдэж, дулаахнаар төөнөх нь нэг л таатай. Яг энэ мөчид түүнд хүрээгүй мянган жил болсон мэт санагдана. Мөн яг энэ чигтээ мянган жил суусан ч чадах юм шиг санагдана.

Mysterious Four : InvisibleWhere stories live. Discover now