20. Карон

123 28 5
                                    

Намжүн сэрэв. Чухам хаана гэдгээ үл мэдэх ч тэр сэрлээ. Толгой дээр нь нүүрс адил хар тоосго өрж дугуйлсан тааз харагдах агаад өчүүхэн хөдөлгөөнд нь ч ийш тийш савлахаас үзвэл тэрээр усан дээр байгаа бололтой.

Нүх сүвээр нь нойтон шавар дуслах тааз руу харж ханасан тэрээр асар хөнгөн санагдах биеэ татан өндийвөл үнэхээр усан дээр бяцхан завин дотор сууж байлаа.

Урдах замаа тольдох гэвч хад чулуу мэт хачин тахир хар зүйл эвхрэн үзэгдэх орчинг хязгаарлана.

Урагш харсан ч бул чулуу халхлах тул тэрээр гайхаж гүйцэн дороо эргэж арагш харав. Түүний хойно төгсгөлгүй харанхуй хонгил байх агаад түүний буй энэхүү хэсэгт л бамбарын гал хагас хугас гэрэлтэх ажээ.

Тэрээр хөдөлдөггүй завин дээр эхлэл төгсгөл нь үл мэдэгдэх хонгилд гацжээ. Хөлөө товших төдийд хэмхэрч мэдэх энд тэндээ цоорхойтой хуучин завин дээр тэрээр юу хийж яваагаа бодоод олсонгүй.

Өөрийн сүүлд хаана юу хийж явсныг бодон суухдаа тэрээр түр мартаад байсан уй гашуугаа эргэн санав.

Түүний нүдний өмнө живж үхсэн хайртынх нь амьгүй хэвтэх цогцос үзэгдээд өнгөрөхөд гэнэт бүх амьсгал нь боогдоод цээж нь давчидан нүд нь харанхуйллаа.

- Согжин...

Амандаа ганц мэдэх үгээ бувтнах түүнийг хариугүй ухаан алдах нь уу даа гэмээр болсон байв. Хөлс нь цувж, нүүр нь цайсан тэрээр сэлээд ч хамаагүй энэхүү үл мэдэх газраас зугтан Лэриопын зүг туучих одох хүсэлд автах агаад завины хоёр талаар харвал хонгилд урсаж буй энэ зүйл ус биш ажээ.

Энэ бол амирласан сүнсний цөөрөм байлаа. Турж эцсэн эрс, хагас эрэмдэг болсон хүүхнүүд, аль нэг биеийн хэсэг нь ор сураггүй алга болсон хүүхдүүд гээд бүгд тэнд тэднийг тойроод хонгилын нөгөө тал руу удаанаар хөвж явав.

Тэр одоо л хаана байгаагаа гадарласан авч итгэхийг хүссэнгүй.

Сүнсний цөөрөм байлаа гээд юу гэж? Би чинь...би ...

Бамбарын улалзах гэрэлд үе үе гялалзах чамин бөгж түүний нүдэнд тусав.

Нээрээ би чинь үхчихсэн шүү дээ.

Үхлийн талаар бодол зурвас хийн өнгөрөх эгшинд өнөөх эгэл чулуу хүн төрхөнд хувирав. Тахир нуруугаа тэгшлэн, нүүрс адил өнгө нь хилэн нөмрөг болжээ. Тэрээр энгийн хүн гэхэд хачин өндөр бөгөөд нуруундаа урт гэх чинь хадуур үүрсэн байлаа.

Нүүр нь өргөн юүдэнгийн цаана нуугдаж, хахирган хоолой чихэнд нь сонстов.

- Төлбөр!

Тэр үүнийг мэднэ. Хараал идсэн мэдэхийн дээдээр мэднэ!

Карон...

Эрлэгийг өөрийн нүдээр харчихаад тэр үхэлтэй эвлэрэхээс өөр аргагүй болсноо ухаарлаа. Одоо нэгэнт үгүйсгэхээс өнгөрчээ. Тэр үхэж.

- Төлбөр!

Энэ удаа Кароны хоолой илүү хөндий ба түүний оргүй дуу төмөр хавиралдах мэт чихэнд чийртэй ажээ.

Гэвч түүнд тэр төлбөр нь үгүй шүү дээ. Үнэхээр тэр 100 жил цөөрмийн сүнснүүд шиг хөвж явах юм гэж үү?

Ясан дээр тохсон нөмрөг адил Кароны бие түүний хором бүрээр тэлж юу юугүй хонгилын таазанд хүрэхээр харагдана.

Нэг талд нь эцэг гурван бурхад нөгөөх дээр нь Гера эхийн гэгээн дүр сийлэгдсэн байдаг алтан зоос ыг тэрээр хайж энд тэнд тэмтчин олохыг хичээнэ. Эрлэгийн ясан гар түүнд хүрэх тэрхүү агшинд тэрээр хаанаас ч юм гараад ирсэн алтан зоосыг чамин өмднийхөө хармаанаас ухан авч Кароны зүг чулуудав.

Карон алтан зоосыг барьж аван зүүн гартаа атгаад хадуурныхаа үзүүрийг цөөрөмд дүрэв. Амирлан буй сүнснүүд бүгд нэгэн зэрэг аниатай зовхио нээж гөлийсөн нүдээ ил болголоо. Араа шүдээ ярзалзуулж араатан адил болсон үхдлүүдийг эрлэг дараагийн үйлдлээрээ номхотгон буцааж амирлуулав.

Өнөөх зүүн гартаа буй зоосыг завинаас гарган чулуудвал сүнснүүд эргэн өнөөх жинхэнэ үхдэл төрх рүүгээ оров.

Тэдний таталдсан зовхи унжиж эргэн хөвж эхэлсэнд өөрөө ч мэдэлгүй уруулаа хазчихсан явсан Намжүн улайж, цус урсан буй уруулаа улайлган арчилаа.

Карон дахиж юу ч үл дуугаран хадуураараа цөөрмийн ёроолыг хатгаж бяцхан завийг түлхэн явав...

A/n:Төгсгөлөө хоёр хувааж оруулна аа 😇 luv ya



𝓣𝓱𝓮 𝓑𝓮𝓪𝓾𝓽𝔂Where stories live. Discover now