5. Төрийн ёслол

292 28 5
                                    

Ким захирагч Жу авхайг өөрийн биеэр байрлах өргөөнд нь хүргэж өглөө. Ордны захад байрлах жижигхэн өргөөнд авчирсан нь авхайд тийм ч сонин санагдсангүй. Харин түүнд хэсэг хугацаанд бараа болох ахайтан шивэгчин нар л ихэд гайхаж байсан юм. Хэдий сэнтийдээ залраагүй байгаа ч төрийн их хатан болох хүнийг ийм жижигхэн өргөөнд байлгаж байгаа нь туйлын хачирхалтай хэрэг байв.

Ким захирагч авхайд хандан "Энэ бол авхай таны байрлах өргөө. Харин энэ хүн бол танд шадарлах Пак ахайтан байгаа юм" гэхэд бусдаасаа хамгийн ахимаг насны төв царайлсан ахайтан авхайд бөхийн ёслолоо.

Авхайг мөн үл ялиг толгой бөхийхөд Ким захирагч "Авхай, мөхөс би ингээд явъя даа. Хэрэгтэй зүйл гарвал Пак ахайтанд айлтгахад болно" гэхэд авхай энэ удаад түүн рүү эргэн

"Их хатны суудалд ч суугаагүй байж хааны торгон цэргийн захирагчаар энэ хүртэл хамгаалуулж ирсэн нь мөхөс миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Мөн энэ өргөө ч бас хаан эзний бэлэг байх. Тиймээс хаан эзний анхаарал халамжинд талархаж байгааг минь эрхэм дээдэст дамжуулаарай" гээд инээмсэглэн хэлэхэд тэнд буй ахайтан, шивэгчин нар авхайн ялдам бөгөөд дөлгөөхөн хоолойг сонсоод инээмсэглэж буй төрхийг нь харахыг хүссэн ч харамсалтай нь гивлүүр хаасан байгааг тэд мартжээ.

Ким захирагч авхайн өөрийг нь ширтэх нүд рүү харсаар "Ойлголоо, авхай. Би заавал хаан эзэнд таны үгийг уламжлах болно оо" гээд толгой бөхийн, түүнийг орхин явав. Авхайн хэлж буй үгс, байгаа байдлаас нь л Ким захирагч түүнийг ухаалаг нэгэн гэдгийг төвөггүйхэн мэдсэн юм.

Авхайг өргөөндөө ороход жижиг хэр нь энгийн л нэг засалттай өргөө угтах нь тэр. Тэр инээмсэглэн "Намайг хүндэтгэн үзэхгүй байгаагаа илэрхийлэхийг хүссэн байх нь ээ" гэж амандаа зөөлөн шивнээд Пак ахайтанд хандан "Төрийн ёслол хэзээ юм" хэмээн асуухад

"Их хатанд залах төрийн ёслол 5 өдрийн дараа товлогдсон, эрхэм дээдсээ. Мөхөс би тэр хүртэл танд ордны дэг жаяг, дүрэм журам, их хатны ёс зүйг заах болно" гэхэд авхай инээмсэглэн толгой дохилоо.

Пак ахайтан "Авхай, өршөөгөөрэй. Та ордонд гивлүүр зүүж болохгүй" гэхэд авхай гэнэт санасан бололтой

"Аан, нээрээ тийм шүү дээ. Үргэлж зүүсээр байгаад дасчихаж" гээд нүүрэндээ зүүсэн гивлүүрээ авахад өргөөнд зогсож байсан ахайтан, шивэгчин нар авхайн царайг харахаар сэм толгой өргөөд тэр даруй гацаж орхив. Дуу хоолой нь ялдам, зөөлөн, уянгалаг, дээрээс нь царай төрх нь хосгүй үзэсгэлэнтэй юм. Тийм болоод л тэргүүн сайд охиноо нууцалдаг байжээ хэмээн дотроо бодоцгоох ажээ.

[ONGOING] Love and War |KTH|Donde viven las historias. Descúbrelo ahora