2. Зүүд

519 14 0
                                    

Би Бүжинг олон шөнө зүүдлэв. 

Хүн өдөр бодсон бодол, үзсэн зүйлээ шөнө нь зүүдэлдэг гэж үнэн юм билээ. Нэг өдөр би ингэж зүүдэллээ.

Өглөө дассан сурсан зангаараа том хүн болох гэж, аавынхаа ажилд барьдаг байсан хуучин, бор цүнхийг сугандаа хавчуулчихаад хичээлээсээ хоцрох шахам гүйсээр сургуулийн хашаанд орж ирлээ. Орчин тойронд хэн ч алга. Ганцхан би л аахилж уухилсан амьтан жаахан гайхасхийн сургууль руугаа жирийн ортол үүдэн дээр намайг Бүжин хүлээгээд зогсож байдаг байгаа. Тэр миний өчигдөрийн киноноос харсан шиг цав цагаахан даашинзаар гоёж, гартаа уруулынхаа өнгөтэй ижил ув улаан сарнай цэцгийн баглаа атгажээ. Хайр дурлал, баяр жаргалдаа бялхсан Бүжин миний гараас хөтлөн бидэнд баяр хүргэх хүмүүс болон цэцэг, чимгээр дүүрсэх урт шатаар явсаар ангидаа орлоо. Хачирхалтай нь тэр намайг эгнээний хамгийн хойно орших суудалд минь суулгалгүйгээр өөрийнхөө хажууд суулгалаа. Би энэ суудалд, Бүжингийн хажууд суухыг хичнээн их мөрөөдөж байсан гээч. Их аз завшаантай учирсандаа би маш их баярлав.

Сургуулийн хаалгаар орж ирээд Бүжинтай хөтлөлцөн шатаар өгсөх замд манай сургуулийн хүүхэд, багшгүй бүгд бид хоёрт сайн сайхныг хүсч байсантай адил манай ангийнхан ч бид хоёрт баяр хүргэнэ. Анги нэгт нөхөд маань ялангүяа хөвгүүд надад атаархаж байгаа нь илт. Гэхдээ  тэд бүгдээрээ Бүжин бид хоёрын  найзууд учир бид хоёрт цэцэг өгч, сайн сайхныг хүссэн ба бүр ангийн дарга бүдүүн Болдоо хүртэл оргилуун дарс хэмээх томчуудын уудаг нөгөө дарсыг буудуулсныг яана. Би Бүжинд хэзээнээс дотроо бодож явдаг байсан үгээ хэлэх гээд хэлж чадсангүй. Бүгд оргилуун дарс хийсэн өнгө өнгийн гэрэл ойлгон цацруулах болор хундагнуудыг жин жинхийлгэн тулгацгааснаа, бид хоёрт хандан орос кинон дээр гардаг шиг "Горько, Горько" буюу "Гашуун, Гашуун" хэмээн орилолдов. Би эхлээд Бүжинг үнслээ. Уруул дээр нь үнсэх гэснээ олны нүднээс ичээд, хацар дээр нь үнчсихэв. Тэгээд дараа нь бүжин зөөлөн ягаан уруулаараа миний хацар дээр шопхийтэл үнслээ. Хайртай хүндээ үнсүүлэх, ээждээ эрхлэх хоёр их өөр юм байнлээ. Би гэдэг хүн жаргалдаа умбаж байгаа юм чинь. Тэгснээ Бүжин духан дээр, хүзүүн дээр, хамар дээр үнэрлээд л, долоолоо. Бүр саймсарч ирээд л шүлсээ гойжуулан долоох юм...Шүлс нь савираад л...Юун сайхан хайр дурлал, ийм сайхан охин чинь хүн анх удаа үнсэж байж ийм заваан байх гэж дээ, би ер нь Бүжинд хайртай билүү гэх бодол төрж, дур гутаад:

- Хүүе! Бүжээн, чи яаж байнаа гээд нүдээ нээтэл, хажууд маань миний Чаки нэртэй хав нүүр долоож байдаг байгаа. Ээж нөгөө өрөөнөөс:

- Миний хүү босоорой! Хичээлдээ явах цаг чинь боллоо. Ээж нь өглөөний цай бэлдээд тавьчихсан байгаа шүү. Одоо бос, бос! гээд өглөө болгон намайг босгох гэж энхрийлэн дууддаг заншлаараа дуудаж байна. Өндийж хувцсаа өмсөх зуураа "Хичнээн гоё зүүд байлаа. Ямар балай төгсдөг юм бэ" гэж бодов. Бүжин намайг долоож, шүлсээ савируулж, мангас авирласан ч гэсэн энэ бол зүүд байлаа. Би түүнд хайртай.                                                                                                

● Би чамд хайртай ●حيث تعيش القصص. اكتشف الآن