38❄ - Мөрөөдлөө хайж яваад уулзсан нэгэн

2.5K 301 37
                                    

Хэрвээ ямар нэг зүйл итгэхийн аргагүй сайхан байвал... тэр үнэхээр итгэж боломгүй зүйл байж магадгүй.

Анхны цас орсон орой байв. Ширээгээ дэрлэн, асаалттай чийдэнгийн гэрэлд тухгүйхэн зүүрмэглэж орхисон би богинохон ч гэсэн тод зүүдээ үргээн сэрээд цонхоор харахдаа нүдэндээ ч итгэсэнгүй. Анхны цас. 10 сарын энгийн нэгэн орой. Харанхуй тэнгэрээс цагаан цасан ширхгүүд бударч, байрны гадаах гэрэлд тун ч үзэсгэлэнтэй харагдана. Үзгээ хүртэл атгасан чигээр унтсан байсан учир ширээний араас босохдоо зөөлнөөр суниаж, том цонхыг нээж орхиход хүйтэн цэнгэг агаар намайг тэврэн авах шиг л болж, би цоо шинэ мэдрэмжийг авлаа. Том том цасан ширхэг дүүрэн хучих өвөл байгаасай ч гэж хүсэх шиг. Хамгийн гунигтай нь надад өвөлтэй холбоотой юм бүхэн түүнийг санагдуулдаг. Өмнө нь цас мөс надад дүүгийн минь тухай гунигтай мэдрэмжийг өгдөг байсан бол одоо ч ялгаагүй болж. Гэхдээ бага ч атугай хайрлана. Хайрлахын хажуугаар үзэн ядна. Зун, намар надад энэ бүхнийг тэсч болох мэт санагдаж байсан ч анхны цас орохтой зэрэгцэн би дотроо тун ч их сандарч, өөрийгөө тайвшруулах гэж хичээлээ. Надад бодож байсан шиг хүч үгүй байж.

Өрөөнийхөө хаалгыг онгойлгон үүдний хэсэгт очиход аав хэдийн гэрлээ унтраан, хаалгаа хааж орхижээ. Тиймээс би бушуухан гутал, зузаан хүрмээ өмсөөд гадагш гарав. Цахилгаан шат зогссон тул 6 давхраас доош шатаар хар хурдаараа гүйж, гадаа гарч ирэн алхахад цасны шажигнах, арьсанд зөөлөн хүрэх нь хамаг дотрыг эргүүлэн хаях шиг. Дурсамж бүхэн цасан ширхэг буухтай зэрэгцэн сэдэрч, би нэгэнт хорьж дийлэх аргагүй болжээ. Хайртай хүний энхрий үгс, түүнтэй өнгөрүүлсэн дулаахан өдрүүд бүгд цасанд хучигдаж байна. Өвдөлтийг анагаадаг болохоор нь би энэ цасанд хэчнээн дуртай. Анхны цас. Бүх өвдөлтийг мартаж уртаар санаа алдсан анхны мөч. Одоо бүх мэдрэмж минь тэсэх хэмжээний болон агшсан байх аж.

Намайг гулгаж сурахад багшлахаар гараас минь атгаад мөсөн дээр гарч байсан нь, хамт цасан дунд хэвтэж, цасан хүн хийж байсан нь... Зузаан хүрмээ өмсөөд цасан дунд зогсож байхдаа тэр ямар хөөрхөн харагддаг байсан гээч? Дээш ширтэн, инээмсэглэхэд нүд нь жижигхэн болж, жаахан хүүхэд шиг л хөөрөн алгаа тосно. Харин би хажууд нь цас амтлах гээд амаа ангайлгаж, хэлээ гаргаад ямар удаан зогсдог байсан гээч? Эцэст нь тэр надад туйлын тунгалаг, цэвэрхэн цасаар маш жижигхэн бөмбөлөг хийгээд аманд минь хийж өгөхөөс өөр аргагүй болдог байсан. Санан дурсахдаа өөрийн эрхгүй инээд алдсан би үүнийхээ дараа шуудхан инээмсэглэхээ болив. Харин хүнд санаа алдалт, чимээгүйхэн нулимстай хамт гарч, хүйтэн модон сандал дээр очин суухдаа цас хэрхэн малгайлан буухыг л ажиж байв.

Blade On My Icy Lips | Yuzuru Hanyu ❄| МонголWhere stories live. Discover now