[ДУУССАН] Because of You |KTH|

By tnn_mj

31.6K 2.3K 122

Чамаас болоод итгэл, шунал хоёр минь зэрэг төрж эхэлсэн юм. Эхэлсэн: 2020.04.17 Дууссан: 2020.11.22 More

<INTRO>
~ I ~
~ II ~
~ III ~
~ IV ~
~ V ~
~VI~
~VII~
~VIII~
~IX~
~X~
~XI~
~XII~
~XIII~
~XIV~
~XV~
~XVII~
~XVIII~
~XIX~
~XX~
~XXI~
~XXII~
~XXIII~
~Bonus: Letter ~
~The End~

~XVI~

1.1K 80 4
By tnn_mj

Хөдөлгөж чадахгүй байгаа зүүн гарынхаа хуруунууд руу нүд салгалгүй ширтэн суухдаа, би итгэж чадахгүй байлаа. Ийм хурдан гэж бодоогүй. Хамгийн эцсийн шат гэж бодож байсан мэдээ алдалт ингээд эхэлчихнэ гэж төсөөлөөгүй юмсан. Урьд насандаа ямар гэм үйлдсэн болоод бурхан намайг ингэж шийтгэж байгааг таах гэж оролдоно. Би өөр зүйл хүсээгүй шүү дээ. Хайртай хүмүүстэйгээ ахиад жаахан л хамт байхыг хүссэн. Ердөө л энэ. Надад үлдсэн богинохон хугацааг минь улам бүр багасгаж байгаа бурхныг би харааж зүхэх үү, эсвэл гомдох уу гэдгээ мэдэхгүй байлаа. 

Хэдэн минут өнгөрснийг мэдэхгүй ч зүүн гар минь хорхой гүйгээд байх шиг арзагнаж эхэллээ. Зөөлнөөр хуруунуудаа хөдөлгөхөд энэ удаад болж байв. Нүдээ анин, гүнзгий амьсгаа аваад, саяхан мэдээ орсон гарынхаа араар аль хэдийн хатсан нулимсаа арчив. 

Одоо л ухаантайхан шиг болж эргэн тойрноо харвал би ангид ганцаараа л үлджээ. Бугуйн дах цагаа харвал Жихёны хичээл завсарлахад хэдхэн минут л үлдсэн байв. Тэгэхээр би энд арав гаран минут ингээд суучихаж. Бушуухан газар унасан эд зүйлсээ хаман, цүнхэндээ хийгээд ангиас гарлаа. 

Жихёны ангийн үүдэнд иртэл ашгүй дөнгөж завсарлаж байв. Түүнийг хүлээн, гарч ирэх хүүхдүүдийг нэг нэгээр нь харж байтал Жихён утсаар ярьсаар гарч ирлээ. Намайг ч анзаарах сөхөөгүй хажуугаар зөрөхөд нь гараас нь татан зогсоогоод зөөлөн инээмсэглэхэд тэр над руу гайхсан янзтай харав. Ярьж байгаа зүйлсээс нь үзэхэд Инсол бололтой. 

"Ойлголоо. Ёнжү энд хүлээж байна" гээд утсаа таслан, над руу их л ширүүн хараад "Тэхён амралтын өрөөнд байна гээ биз дээ. Яах гэж энд ирсэн юм" гэхэд нь би инээмсэглэсэн хэвээр 

"Уучлалт гуйх гэж ирсэн юм" гэхэд Жихён 

"Юунд?" хэмээн буруу харан, тоомжиргүй асуухад нь би түүний гараас татан, хүн багатай коридорт ирэв. 

Тэгээд "Жихёнаа, хашгирсанд уучлаарай. Тэр үед өөрийн ухаангүй байсан болоод л тийм тэнэг үйлдэл хийж байхгүй юу. Намайг уучилж болохгүй гэж үү" гээд хошуугаа цорвойлгон хэлэхэд Жихён 

"Чи яасан болоод өөрийн ухаангүй байдаг юм" гэхэд нь би 

"Үнэндээ тэр үед Тэхён надад үерхье гэж хэлсэн юмаа" гээд гэм хийсэн аятай доош хараад "Тийм зүйл гэнэт сонсчихоод цочирдохгүй байна гэж үү? Гэтэл Жимин та хоёр орж ирээд ичсэндээ болоод яахаа мэдэхгүй тэнэг юм шиг л болчихсон байсан. Яг ганцхан удаа намайг уучилж болохгүй гэж үү" гээд аль болох өрөвдөлтэй царай гарган хэлэхэд Жихён санаа алдан 

"Би угаасаа тэр явдалд уурлаагүй ээ. Яасан ч гэж уурлах юм. Харин Тэхёнтой үерхсэн чинь л миний санааг зовоогоод байна золиг минь. Инсол, Жонгүг хоёр салах үед яах юм. Та хоёр үерхсэн хэвээр байвал тэдэнд ч, та хоёрт ч хэцүү байх болно шүү дээ. Бас би айгаад байна, Ёнжү. Чамайг ч бас Инсол шиг зовохвий гээд" гээд царай нь илүү чухал болж ирэхэд нь би түүний нүд рүү ширтсээр 

"Жихёнаа, миний сэтгэлийг ойлгохыг хичээж болохгүй юу?" гэхэд түүний царай хувьсхийн, асуулт эрсэн харцаар над руу харна. 

Би инээмсэглэн "Мэдэж байна аа. Тэхён бид хоёрыг түүний гэрийнхэн эсэргүүцэхвий гэж, тэгээд намайг яг Инсол шиг зовохвий гэж айж байгааг чинь. Гэхдээ Жихёнаа, тэр айдас миний Тэхёныг гэх сэтгэлийн хажууд юу ч биш. Тийм болохоор биднийг хэсэгхэн хугацаанд хүлээн зөвшөөрчихөж болохгүй юу?" гэхэд Жихён 

"Ёнжү" гээд юу гэхээ мэдэхгүй байгаа бололтой харахад нь би 

"Анх удаагаа. Хайр гэдэг зүйлийг мэдэрч байгаа нь хамгийн анх удаа. Тийм болохоор би алдахыг хүсэхгүй байна. Түүнийг гэсэн сэтгэлээ өөрт нь бага ч болов мэдрүүлмээр байна. Гуйж байна, Жихёнаа" хэмээн хэлээд гараас нь барихад Жихён хэсэг ширтэж байгаад

"Би үнэхээр их туйлширчихаж, тийм үү?" гэж хэлэхэд нь хоолойных нь өнгөнөөс гэмшил мэдрэгдэж байлаа. 

Би толгой сэгсрэн "Үгүй ээ. Чи тэгээгүй. Надад санаа зовсон юм" гэхэд Жихён 

"Намайг уучлаарай, Ёнжү. Энэ бүх хугацаанд би чамд ямар байгааг ч бодолгүй ганц талаа л барьчихаж. Уучлаарай. Чамайг хэцүү байдалд оруулж байгаагаа ч мэдэх сөхөөгүй байж. Тэнэг. Уучлаарай, Ёнжү. Уучлаарай" хэмээн хэлэхдээ хоолой нь чичирхийлж байхыг сонсоод би балмагдаж орхив. Би ердөө л түүнээс уучлалт гуйх гэж л ирсэн шүү дээ. Гэтэл юу болчих нь энэ вэ.

Түргэн түүнд дөхөж очин, нулимсыг нь арчаад "Жихёнаа, битгий уйлаа. Яагаад уйлаад байгаа юм бэ?" гэхэд тэр

"Гэмшээд" гэхэд 

"Би ч бас чамайг ирээдүйд зовохвий гэж бодож байснаас биш яг одоо шаналж байгаа гэдгийг чинь ч мэдсэнгүй" гэх Инсолын дуунаар бид хоёр хажуу тийш зэрэг харцгаав. 

Би "Инсолаа. Хэзээ ирсэн юм" гэхэд Инсол нааш ирэнгээ

"Намайг ойлгож болохгүй юу гэдэг үгнээс" гээд хажууд ирэн "Уучлаарай, Ёнжү. Чамайг Тэхёнтой үерхэж байгааг сонсоод би баярлаж байсан ч бас хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй. Жонгүгаас салахдаа яг л танихгүй хүмүүс байсан үетэйгээ адилхан байхыг хүссэн. Жонгүгийг ч мэдэхгүй, түүний найзуудыг ч мэдэхгүй. Гэтэл Тэхён та хоёр үерхвэл миний тэр бодол талаар болох юм шиг санагдаад, өөрийгөө л бодсондоо та хоёрыг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй юм шиг байна" гэхэд нь би толгой гудайн 

"Та хоёр эртнээс л надад сануулж байсан шүү дээ. Тэрийг үл тоосон хүн нь би. Тийм болохоор уучлалт гуйх хэрэггүй" гэхэд Инсол 

"Чиний хэлэхийг сонсоод өөрийгөө чиний оронд тавьж үзсэн. Өөрөөсөө ямар их ичсэн гэж санана" гээд зөөлөн инээмсэглэсээр "Ёнжү, харин одоо Жонгүг бид хоёроос болж та хоёрын хайр сэтгэлд ямар нэгэн юм болоосой гэж хүсэхгүй байна" гэж хэлэхэд нь би түүн рүү харан 

"Инсолаа, чи ч бас тэмцэж болохгүй гэж үү. Яагаад Жонгүгийн аав, ээжийг зөвшөөрүүлэхийг оролдож болохгүй гэж" гэхэд Жихён толгой дохин 

"Мм, Жонгүгт итгээд хайрынхаа төлөө тэмцээд үзэж болно шүү дээ. Та хоёрын хайр сэтгэл бүтвэл надад санаа зовох зүйл байхгүй болно" гээд итгэл тээсэн харцаар түүн рүү харахад Инсол биднийг ээлжлэн хараад, инээмсэглэн 

"Тэгвэл тэгээд үзэх үү? Яагаад оролдоод үзэж болохгүй гэж" гэв. 

Бид ингэж нэг юм ойлголцсон. Үгүй ээ. Тэд намайг ойлгосон гэх нь зүйтэй юм байна. Гэхдээ би тэдний өмнө уучилж боломгүй алдаа хийж байгаагаа сайн мэдэж байлаа. Тэднээс юу ч нуухыг хүсэхгүй байгаа ч нууц бүр минь томорсоор аль хэдийн хэлж зүрхлэхээргүй болжээ. Бүх зүйл дуусах үед ч бас одоогийнх шигээ тэд намайг ойлгож чадах болов уу гэж инээж байгаа тэдний царайг харахдаа би дотроо бодож байлаа. 

*****

"Инсол, Жихён та гурвын хооронд ямар яриа өрнөснийг асууж болох уу?" гэж гэр рүү минь хүргэж өгөх замдаа Тэхён надаас ийн асуулаа. Инсол, Жихён бид гурав бяцхан уулзалтынхаа дараа шууд л амралтын өрөө рүү очиж, тэдэнтэй нэгдсэн юм. 

Би инээмсэглэн "Үгүй ээ, охидын яриа" гэхэд Тэхён 

"Чи уйлсан байсан" гэхэд миний царай барайн, жолоо барин явах түүн рүү харлаа. Жихён, Инсол хоёр ч анзаараагүй байхад тэр яаж мэдэв ээ гэж бодож дуусаагүй байхад л миний бодлыг уншсан мэт зам руугаа харсан чигтээ

"Гайхах хэрэггүй дээ. Би их ажигч. Магадгүй Хусог ч бас ажигласан байх" гэснээ жолооныхоо хүрдийг зүүн гараараа барьж, харин баруун гараараа миний гараас атган, над руу хальт харчихаад "Ёнжү, би чамайг надаас юм нуугаасай гэж хүсэхгүй байна. Ялангуяа уйлсан байхыг чинь харчихаад юу болсныг мэдэхгүй бол би галзуурах юм шиг байна" гэхэд нь би атгалцсан гар руугаа харан юу гэж хэлэхээ бодов. Миний уйлсан шалтгаан энэ гар шүү дээ. 

Гүнзгий амьсгаа аваад "Жихёнтой буруу ойлголцлоо засах гэж ярилцаж байгаад л нэг мэдэхэд уйлчихсан байсан" гээд Тэхён руу харахад тэр над руу үл итгэсэн байртай харлаа. Би үнэхээр сайн худалч болж байх шиг байна. 

Би түргэхэн шиг "Битгий над руу тэгэж үл итгэсэн харцаар харад бай л даа. Чи Жихёны уйлсныг анзаараагүй хэрэг үү?" гэж асуухад Тэхён 

"Миний нүдэнд ганц чи л харагддаг, Ёнжү" гэснээ санаа алдаад "Буруу ойлголцсон асуудлыг чинь асуухгүй ээ. Хэлж болохгүй асуудал юм шиг байна. Харин дахиж уйлж болохгүй шүү" гэхэд нь би 

"Уучлаарай, бас амлалаа" гээд зөөлөн инээмсэглэхэд тэр ч бас урдах зам руугаа ширтэн инээмсэглэнэ. 

Түүний асуултыг амархан давж гарсандаа баярлан явж байгаад гэрлэн дохион дээр зогсохдоо уулзварын цаана байрлах шинээр нээгдэж байгаа бололтой номын дэлгүүрийг олж харлаа. 

"Тэхёнаа, тэр" гэхэд Тэхён 

"Яасан?" хэмээн гайхсан янзтай асуухад нь

"Тэр номын дэлгүүр рүү орцгооё" гэж урагш заахад Тэхён над руу харан 

"Ном авах юм уу?" гэхэд нь би толгой сэгсрэн 

"Зүгээр л. Шинээр нээгдэж байгаа юм шиг байна. Орж үзмээр санагдаад" гэхэд тэр инээмсэглэн, толгой дохихтой зэрэгцэн ногоон гэрэл асч, хөдөллөө. 

Шинээр нээгдсэн маш том номын дэлгүүр байх бөгөөд нээлтийн өдөр нь болохоор ч тэр үү үнэхээр их хүн байв. Тэхён миний гараас хөтлөн, эмх цэгцтэй өрсөн номнууд дундуур алхах бөгөөд хааяа нэг сонирхлыг нь татсан номыг авч үзнэ. Тэгтэл бидний цаах нь байрлах хүүхдийн номын хэсэг миний сонирхлыг ихэд татсан тул ном үзэж байсан Тэхёныг орхин, би тийш явлаа. 

Бага байхад ээжийн уншиж өгдөг байсан үлгэрийн номнууд харагдана. Би инээмсэглэн тэднийг нэг нэгээр нь авч, хальт хальт нээж үзээд эргүүлэн тавьж байлаа. Гэтэл хамгийн захад өрсөн 'Үлгэрийн цоморлиг' гэсэн гарчигтай, зузаан, хар хүрэн хавтастай ном миний анхаарлыг ихэд татав. Аваад нээн харвал алдартай үлгэрүүдийг багцлан нэг номонд багтаасан байлаа. 

Үлгэр. Надад ч бас эдгээр үлгэрүүд шиг аз жаргалтай төгсгөл ирж болохгүй юм болов уу? Үхэж ч магадгүй гэдгээ мэдсэнээс хойш хэдийгээр үхэхээс айгаагүй ч дотроо ид шидэнд итгэж, үлгэр шиг аз жаргалтай төгсгөлийг нууцхан мөрөөддөг болсноо одоо л анзаарч байх шиг байна. Хамгийн сүүлийн үлгэрийн сүүлийн хуудсыг нээж үзээд, төгсгөлд нь бичигдсэн үгсийг уншаад би уртаар санаа алдав.

Амар сайхандаа жаргажээ

"Чамайг үлгэрт дуртай гэж бодсонгүй" гэх Тэхёны дуунаар бодлоосоо салан, номыг хаагаад, түүн рүү харан

"Сүүлийн үед үлгэрт итгэмээр байгаа шүү. Надад ч бас үлгэрт гардаг шиг ид шид тохиолдоосой гэж хүсч байна" гээд инээмсэглэхэд Тэхён миний гаран дах номыг аван нээгээд 

"Аль үлгэрийн ямар ид шид гэмээр зүйл нь таалагдаад байгаа юм. Би чамд бүтээгээд өгье" гэхэд нь би түүнд ойртон 

"Тэгэх үү? Чи надад үлгэрт гардаг ид шидийг бий болгоод өгөх юм уу?" гэхэд Тэхён инээн 

"Ид шидийг чадахгүй ч аз жаргалтай төгсгөлийг бол өгч чадна шүү" гэснээ номыг өргөн " Авмаар байна уу?" гэхэд нь би инээмсэглэн, толгой дохиод бид өөр тийш явцгаалаа.

Би түүнээс аз жаргалтай төгсгөл гэж ахадсан зүйл хүсэхгүй. Зүгээр л түүнтэй өнгөрөөх, аз жаргалтай өрнөлийг л хүсч байна. Номыг нухацтай эргүүлж үзэх түүнийг харан инээмсэглэн зогсож байтал 

"Тэхёнаа" гэх үл таних дуу бидний хажууханд гарахад нь би тэр зүг рүү гайхан харлаа. Цагаан сорочик, цэнхэр жинсэн өмдтэй өндөр залуу бидний зүг ирж байв. 

Тэхён харцаа номноос салган, эргэж хараад "Ахаа" гэхэд нь би ямар ах нь болохыг нь таах гэж оролдоно. 

Өнөөх залуу бидэн дээр ирээд "Юу хийж яваа юм" гэснээ намайг хэн болохыг гайхаж байгаа бололтой над руу нэг хараад, Тэхён руу эргэн харав.

Тэхён "Номын дэлгүүрт яах гэж ирдэг билээ дээ" гэж дооглосон янзтай хэлэхэд өнөөх залуу ярвайн 

"Энэ золигийг дээ. Чамайг номын дэлгүүрт харсан чинь сонин санагдаад л тэр" гэснээ над руу харахад Тэхён 

"Миний найз охин" гэхэд түүний нүд томрон, биднийг ээлжлэн хараад итгэж ядан зогсоно. Тэхёныг шуудхан миний найз охин гээд хэлчихсэнд би ч гайхаж байсан ч бас жаргалтай байлаа. 

Би инээмсэглэн, түүнд бөхийгөөд "Сайн байна уу. Намайг У Ёнжү гэдэг" гэхэд өнөөх залуу над руу хараад, хоолойгоо засан 

"Аан, уучлаарай. Энэ золигийг найз охинтой болсон гэхээр жаахан гайхаад л" гээд үл ялиг инээмсэглэн "Ким Намжүн. Тэхёны үеэл ах" хэмээн гараа сунгахад нь би түүний гараас атгаад дахин бөхийгөөд 

"Зүгээр дээ. Танилцсандаа таатай байна" гэв. 

Тэхёны аавынх нь талын үеэл бололтой. Адилхан Ким овогтой юм хэмээн бодож байтал тэр гэнэт нэг юм санасан бололтой над руу их л чухал харсаар 

"У Ёнжү гэвэл нөгөө дэвтэрний эзэн" гэхэд нь би бага зэрэг гайхан Тэхён руу хараад, буцан түүн рүү харан 

"Ямар дэвтэр?" гэж асуухад түүнийг хариулахаас өмнө Тэхён

"Ганцаараа явж байгаа юм уу?" гэж асуухад тэр толгой сэгсрэн

"Үгүй ээ. Найзуудтайгаа. Энэ газар манай найзын эгчийнх байгаа юм. Тэгээд л нээлтийнх нь өдөр болохоор баяр хүргэх гэж ирсэн юм" гэхэд Тэхён 

"Тэгвэл та найзууд руугаа яв даа. Бид хоёр ингээд явлаа" гээд гараас минь атган, эргэхэд нь би амжиж түүнд бөхийхөд тэр байсан газартаа гайхширсан янзтай үлдэв. 

Кассан дээр нөгөө номоо бичүүлчихээд гарч ирэхдээ би түүнээс асуулаа. "Яагаад шууд гараад ирсэн юм" гэхэд Тэхён 

"Намжүн ах их яриа болохоор удаан ярилцвал мөд салахгүй юм болох байх гэж бодоод" гэхэд нь би толгой дохин 

"Гэхдээ түрүүн ямар дэвтэрний талаар асуусан юм бол" гэж асуухад Тэхён нүдээ эргэлдүүлсээр 

"Мэдэхгүй ээ" гээд бид машинд суув. 

***** 

Тэхёноор хүргүүлж гэртээ ирээд хувцсаа солин, орон дээрээ тэрийн хэвтээд зүүн гараа дээш өргөн ажиглаж эхэллээ. Дахиад хэзээ мэдээ алдах бол. Аажим аажмаар хамгийн муу шатандаа хүрэх байх гэж бодож байтал бараг л гэрлийн хурдаар хамгийн муу руу дөхөж байгаа өөрийнхөө биеийг гайхна. Санаа алдан босч ирээд ширээн дээрээс утсаа аван, Ким эмч рүү залгалаа. 

"За, Ким Согжин байна" 

"Сайн байна уу, Ким эмчээ. Би У Ёнжү байна" 

"Аан, Ёнжү. Ямар нэгэн юм болоо юу?

"Эмчээ, би тантай аль болох түргэн уулзмаар байна. Хамгийн ойрын хугацаанд тан дээр хэзээ очвол болох вэ?" 

"Ямар нэгэн юм болжээ дээ. Ямартай ч маргааш 11 цагт завтай бол хүрээд ир" 

Миний шуудхан асуултанд Ким эмч санаа алдсаар ийн хариу хэлэв. 

"Тэгвэл би маргааш яваад очъё. Баяртай". Би түүний хариуг хүлээлгүй утсаа таслаад, санаа алдан хажуу тийш харахдаа Тэхёнаар авхуулсан үлгэрийн номоо олж харлаа. 

Төгсгөл нь жаргалтай байвал сайхан ч миний хувьд өрнөл л жаргалтай байвал болох нь тэр. Гэтэл яагаад өрнөл минь ийм богинохон байгаа юм бэ? 

***** 

"Аялал" гээд өмнөө суух Жимин, Хусог хоёр руу том нүдлэн харсаар асуухад Жихён ч бас тэдэн рүү асуусан харцаар харах аж. 

Хусог толгой дохин "Инсол ойрын хугацаанд аялалд явцгаая гэсэн гэсэн. Жонгүг өглөө тэгэж байна лээ" гэхэд Жихён 

"Инсол санаачилсаан" гэж уулга алдан асуухад би ч бас дотроо маш их гайхаж байлаа. Инсол бол иймэрхүү аялал энэ тэрийг санаачилах нь битгий хэл тийм ч дуртай хүн биш. Бид бие бие рүүгээ гайхан харахад Хусог 

"Тэр нөгөө--" гэснээ хэлэх эсэхтээ эргэлзэж байгаа бололтой дуугаа хурааж байгаад "Жаргалтай дурсамж л бий болгох гэсэн бололтой. Та хоёр ч мэдэж байгаа ш дээ. Одоо бараг сар гарангийн дараа л хичээлийн улирал дуусна" гэхэд л би түүний ямар утгаар хэлснийг ойлголоо. 

Жимин санаа алдаад "Хөөе, ийм юм ярьж яах нь вэ?" гэснээ алга ташаад "За, тэгэхээр ямартай ч аялалд явах нь байна гэдгийг л мэдээд авчих. Жонгүг, Тэхён хоёртой ярьж байгаад бид хаашаа, хэзээ явахаа хэлье. Тийм болохоор илүү дутуу зүйлд санаа зоволгүй аялалд явахдаа л бэлдээд байж бай" гэхэд Хусог 

"Илүү юм бодох хэрэггүй дээ. Би шал дэмий юм хэлчихлээ" гэхэд нь би инээвхийлэн

"Зүгээр дээ" гэхэд Жихён 

"Аялалд явах нь сайхан сонсогдож байгаа ч Инсол санаачилсан гэхээр нэг л сонин санагдаад байна" гэхэд Жимин, Хусог хоёр хачин царайлах нь тэр.

Тэхён гаднаас орж ирээд биднийг тойруулж харсаар "Яагаад сонин царайлцгаачихсан юм" гэж асуухад нь би түүн дээр очин инээмсэглэн 

"Ядарсан уу?" гэхэд тэр инээмсэглэн толгой сэгсрээд 

"Удаан хүлээсэн үү?" гэхэд нь би 

"Үгүй ээ" гэхэд тэр нөгөө гурав руу дохиод, над руу асуусан харц тодруулав. Өнөөдөр Тэхёны сүүлийн хичээл нь орой тардаг учраас би амралтын өрөөнд түүнийг хүлээж байсан юм. 

Жихён утсаа хараад, санаа алдсаар "Заза, би явлаа. Аав гадаа ирчихсэн байна гэнэ ээ" гэчихээд өөр юм хэлэлгүй гараад явчихав. Түүнийг гарсны дараа Жимин Хусогийг нудран

"Хөөе, Жон Хусог. Тийм юм ярьдаг нь яаж байгаа юм бэ?" гэхэд Хусог 

"Би Жихёныг ийм хүндээр хүлээж авна гэж мэдсэнгүй. Ёнжү зүгээр л байгаа биз дээ" гээд над руу заахад Тэхён тэдэн рүү хараад 

"Юу болсон юм" гэж асуухад Жимин

"Мэдэхгүй ээ" гэж хэлээд мөн гарлаа. Хусог санаа алдан "Ёнжүгаас сонсоорой" гээд хойш буйдан налахад нь би толгой сэгсэрлээ. 

Тэхён нүдээ эргэлдүүлсээр "Хүргээд өгье" гээд бид ч бас гарч, Хусог ганцаараа тэнд үлдэв. 

*****

Машинд явж байхдаа түүнд болсон зүйлсийг ярьж өгөхөд Тэхён "Гэхдээ Инсол санаа гаргасан гэхэд гайхах зүйл юу байгаа юм" гэхэд нь би 

"Инсол аялал энэ тэрд тийм ч дуртай биш болохоор л. Ямар сайндаа л би тэднийг Хятадад арай гэж авчирсан. Тийм хүн аялалд явахыг санал болгосон гэхээр л сонин санагдаад. Үнэхээр салахаасаа өмнө гээд явах гэж байгаа бол үнэхээр эвгүй юм" гэж хэлэхдээ би ч бас өөрийгөө дотроо адилхан юм хийж байж ийм юм бодох эрхтэй билүү гэж бодоод амжив. 

Тэхён "Тэгээд л та нар тийм сонин царайлчихсан байсан хэрэг үү?" гэхэд нь би толгой дохиод, хойш суудлаа наллаа. 

Үнэндээ надад хэцүү байсан юм. Өчигдөр эмчтэй уулзахад сонссон зүйлс намайг хангалттай зовоож байхад өнөөдрийн ярилцсан аялалыг Инсол санаачилсан гэхээр яагаад ч юм муу совин татаад болсонгүй. Дээрээс нь бүр ойрын хугацаанд гэсэн нь миний сэтгэлийг бүр л түгшээж байв. Инсолоос өөр хүн санааг нь гаргасан бол би ингэж их бодлогоширохгүй байлаа. Ямар нэгэн санаагүй, зүгээр л аялахыг хүссэн байгаасай. 

Бид манай гэрийн гадаа ирэн, намайг машинаас буухад Тэхён ч бас дагаж буугаад "Маргааш кино үзэцгээе. Одоо ороод юу ч бодолгүй амар. Инсол зүгээр л аялалд явмаар санагдсан байж болно шүү дээ. Тийм ч хүндээр хүлээж авах хэрэггүй гэж Жихёнд хэлээрэй" гэхэд нь би муухан инээмсэглэн толгой дохиход Тэхён инээмсэглэн духан дээр минь үнсээд 

"Ор доо" гэж зөөлөн хэлэхэд нь би 

"Үгүй ээ, чи түрүүлээд яв" гэхэд Тэхён жуумалзан, уруул дээр минь үнсэн 

"Намайг чамаас түрүүлж явахгүйг мэдсээр байж" гэхэд нь би инээн 

"Тэхёнаа, сүүлийн хэд хоног би чамайг мөн эсэхт их гайхаж байгаа шүү" гэхэд Тэхён 

"Би ч өөрийгөө танихгүй байхад" гэхэд нь би уруул дээр нь хурдан үнсээд холдон 

"Орлоо" гээд эргэхдээ би хөшиж орхив. 

Бидний хажууханд хөмсөг зангидан, бидэн рүү нүд салгалгүй ширтэх ээжийн ширүүн харцтай тулахдаа би зогтуслаа. 

A/N: Хурдан оруулах гэж хичнээн хичээгээд ч яаж ийж байгаад л 5, 6 хоног болгочих юмаа 😯😔
Одоо нэг 4, 5хан л хэсэг үлдлээ дээ.

Continue Reading

You'll Also Like

1.3K 64 5
֊Կյանքում ամեն ինչն էլ ունի և սկիզբ և վերջ, բայց երբ է այդ 《վերջը》 ,հիմա՞։ ֊Ոչ ,Նա դեռ հաշիվներ ունի մաքրելու
791K 66.3K 35
"Excuse me!! How dare you to talk to me like this?? Do you know who I am?" He roared at Vanika in loud voice pointing his index finger towards her. "...
2.6K 396 11
Арав хоногийн дотор хэрхэн өөрт тань таалагддаггүй залуугаа өөрөөсөө түлхэх талаар Миён хэмээх үзэсгэлэнтэй бүсгүй өөрийн дуртай нийтлэлээ амьдрал дэ...
22.7K 163 39
Dallas and Tess. Two friends turn lovers after years of running around the streets of New York together. The two go around causing trouble here and t...