6.ХЭРЭЙД УЛСЫН МӨХСӨН НЬ

751 11 0
                                    

170. 153.    Түүнийг сонсоод Чингис хаан Бадай Хишилиг хоёрын үгийг итгэж, мөн шөнө шадар байсан итгэлт нөхдөд мэдэгдээд, юм хүмээ орхиж, хөнгөвчлөн мордов. Мау өндрийн хярд гарч явахад хойноо урианханы Зэлмээг цагдах харуул болгон тавив. Тэгж явсаар маргаашийн өдөр наран хэлбийхэд Хархалзан элээт хүрч үдлэн буув. Тэнд үдэлж байтал Алдчидайн агтагч Чихитай Ядир хоёр сайхан бэлчээрт агтаа адуулж яваад Мау өндрийн өврөөр Улаан бургадыг дайран ирж яваа дайсны тоосыг үзэж, агтаа яаравчлан хөөж ирсэнд ажиглан харвал, үнэхээр Мау өндрийн өврөөр Улаан Бургад гэдэг газарт тоос гарч байна. Чингис хаан, тэр тоосыг үээж, Ван хан нэхэж айсуй гэж агт морьдыг бариулж ачаалан хөдлөв. Хэрэв тэр тоосыг урьдаас үзээгүй бол гэнэдэж болох билээ. Тэр цагт Ван хантай Жамуха ирж явсан ажээ. Ван хан Жамухаас асууруун: "Тэмүжин хөвүүнд бидэндтэй байлдаж чамдаар ямар хүмүүс байна?" гэвэл, Жамуха өгүүлрүүн: "Уруул мангууд нар түүнийг дагаж байгаа. Бодвол тэд байлдах биз.

Тойрч ирээд

Довтлон буудаг

Ташаалдаж ирээд

Даран ордог

Бараан алаг тугийг

Барьж явдаг

Бачит тэдгээр иргэн

Бага наснаас эхлэн

Байлдаж мэргэжсэн тул

Ван хан та

Баахан болгоомжилбол зүйтэй" гэжээ.

Тэр үгийг сонсоод Ван хан өгүүлрүүн: "Тийм бол бид анханд Хадагиар толгойлуулан, Жүрхиний баатруудыг оруулъя. Түүний хойноос түмэн түбэгэний Ачиг-Ширүнг оруулъя. Түүний хойноос Олан дунгайдын баатруудыг оруулъя. Түүний хойноос Ван ханы мянган торгон цэргийг удирдан Хориширэмүн тайж довтолтугай. Түүний хойноос бидний их гол хүчин оръё" гэв. Бас Ван хан өгүүлрүүн: "Жамуха дүү чи бидний бүх цэргийг зас (захирагтун)" гэвэл, Жамуха олноос онцгой гарч нөхдөдөө өгүүлрүүн: "Ван хан, бүх цэргээ намайг захиг гаж байна. Би Тэмүжин андтай байлдан ядаж байхад намайг харин цэргээ захир гэнэ. Үзвэл Ван хан, надаас хэтрэхгүй дорой бөгөөд түр нөхөрлөх хүн байна. Тэмүжин андад хэл оруулъя. Анд хатуужтугай" гэж Жамуха, Чингис хаанд эчнээгээр (далдуур) хүн явуулж хэлүүлсэн нь: "Ван хан, надаас асуув. "Тэмүжин хөвүүнд бидэнтэй байлдах ямар хүн бий?" гэж асуувал, би "Уруул Мангуд тэргүүтэй хэцүү баатрууд бий" гэж хэлбэл, Ван хан Жүрхиний баатруудыг манлай болгож томилов. Түүний хойноос Түмэн Түбэгэний Ачиг Ширүнг томилов. [Түүний хойноос] Олан дунгайдыг томилов. Түүний хойноос Ван ханы мянган торгон цэргийн ноён Хориширэмрүн тайжийг томилов. Түүний хойноос Ван хан, их гол цэргээ авч орно гэнэ. Бас Ван ханы хэлсэн нь: "Жамуха дүү, эдгээр бүх цэргийг захир" гэж надад итгэж хэлнэ. Үүнээс үзвэл, [энэ Ван хан] хялбархан нөхөр ажээ. Цэргүүдээ өөрөө захирч үл чадна. Би Тэмүжин андтай урьд байлдахад давдаггүй билээ. Гэтэл Ван хан надаас дорой хүн байна. [Иймийн тул] Анд чи бүү ай. Хатууж" гэж илгээжээ.

Монголын нууц товчооWhere stories live. Discover now