"Ахыгаа харамсалтайгаар алдсан чинь хангалттай том шалтгаан байхад яагаад чамайг үзэн ядна гэж?"

Түүний хайрлаж өрөвдсөн зөөлхөн дуу хоолойд өөрийн эрхгүй сэтгэл догдолж хоолой зангирах шиг боллоо. Хайртай хүний маань ч ойлгож энэрээгүй зүйлийг энд, тэр тусмаа Суказэйн бүлгэмийн нэгэн ойлгож хүндэлнэ чинээ санасангүй. Магадгүй Ким Сонү ийм л хүн бололтой. Намайг хайрладаг гэж хэлж байсан нь зүгээр ч нэг үгхэн төдий зүйл биш болохыг өдий хүртэл илэрхийлэн харуулсаар ирсний хамгийн том жишээ нь энэ байлаа.

"Би мэдээж чиний талд Хэри. Ёнсүний үхэл бидний зарим нэгд хүртэл нууц хэвээр үлдсэн болохоор үнэний учир тайлагдаасай гэж хүсэж байна. Тэр миний найз байсан шүү дээ" гэхэд нь өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж хоёр гараараа эрүүнээс нь хүрч ядан барьж торго мэт зөөлхөн хацрыг нь илэн инээмсэглэлээ. Энэ бүхэн яаж ч төгссөн хамаагүй ядаж л би ганцаархнаа биш бололтой.....

"Байз, тэгэхээр саяны зургийг оруулсан хүн?"

"Тийм ээ, би. Их урт түүх ч гэлээ Ёнсүн өөд болоод удаагүй байхад би тэр зургийг цагдаагийн газарт байхыг санамсаргүй харчихсан юм. Чамайг дүү нь гэдгийг саяхнаас олж мэдээд шалгаж бас бусдад дохио өгөх гэсэндээ тэр зургийг хулгайгаар дарчихсан"

Хамаг л хөөр баяр, итгэл оволзоод ирэх шиг л болж би баярласандаа түүнийг дахин чангаас, чанга тэврээд авлаа. Эргэлзэх ч шалтгаан гаргалгүй хайрладагт нь талархахгүй байхын аргагүй. Тэр дан ганц надад сэтгэлтэй болсондоо бус найзынхаа шударга бус үхлийн төлөө хөдөлж буйн түүний мөн чанар ямар гайхалтай болохыг сануулна.

"Хёна эгч энэ бүхний ард Хисын байгаа гэж бодох болсон. Би түүнийг ойроос судалгаа хийгээрэй гэж захисан. Чамд мэдэх зүйл бий юу?"

Өөр хүн сонсчих вий гэсэн шиг нааш цааш харан ийн хэлсэнд тэр надад бүр ойртон, "Чи цус сорогчдын тухай мэдэх үү?"

"Жонвон мөн биз дээ?"

"Миний мэдэхээр лав Жонвон бас Жэй. Солиормоор ч гэсэн дээр үеийн улиг болсон үлгэр домог үнэн байж" гэснээ өөрийгөө хүн гэдгийг ойлгуулах төлөвлөгөө нь бүтсэн мэт л инээмсэглэв.

"Тэгвэл тэр соёоны мөр энэ хоёрын нэгнийх гэж бодож байна уу? Хисын байвал яана аа?"

"Жэйг үнэндээ тийм зүйл хийнэ гэж бодохгүй байна. Хэдий Ёнсүн тэр хоёр найзлахаа больсон ч гэсэн Жэй тэгэх хүн биш"

Надад Жонвон ч бас Ёнсүнийг алах шалтгаантай байсан гэж бодогдсонгүй. Тэгэхээр одоо Хисын, Ни-Ки хоёр л үлдэж байна. Хоёулаа хэн гэдгийг нь таамаглан судлах боломжгүй мэдрэмж өгдөг хүмүүс шүү дээ....

MEMORIES OF THE MARKWhere stories live. Discover now