1

801 22 0
                                    

Бурхан хэн нэгнийг ингэж өрөвдөлтэй амьдруулах ёстой байсан юм бол тэрэнд нь яагаад би сонгогдсон юм бэ?

Тэр олон мянган эр бэлгийн эс байхад яагаад заавал би түрүүлж очоод, энд ингээд утга ч үгүй, зорилго ч үгүй байдалд сууж байгаа юм?

Эцэг, эх хоёр минь ч тэр... ажилдаа сэтгэл зүрхээ зориулдаг хүмүүс учир өглөө гарч, орой ирээд би ч бүхэл өдөржин гэртээ ганцаараа байдаг юм. Энэ амьдралдаа ч дасчихсан гэх үү дээ.

Гэр гэдэг бол миний хувьд бүхэл бүтэн ертөнц шахуу. Энд хэн ч намайг шүүхгүй, хэн ч аюул учруулж чадахгүй, харж мэдэрч дассан тухтай бүс гэж хэлэх тохиромжтой байх.

Энэ газарт гэрийн үйлчлэгч, эцэг эх нараасаа өөр хүн бүтэн арван жил хараагүй гээд төсөөлдөө?

Есөн нас хүртлээ би цэцэрлэгт явж, сургуульд орж бусдын л адил олон найзтай дэгдэж явсан бяцхан охин байсан. Үсэг, тоо, дуу, бүжиг, сургуулийн хоолны амт... Араас хайртай гэж гүйдэг жоохон бацаан ч тэр.

Би нийгмийн нэг гишүүн байсан.

Харин одоо?

Тааз, шал, цагаан саарлаас өөр зүйлгүй газар, компьютерын дэлгэцээ ширтээд л... Хэдий том ч гэсэн хөндий хоосон, чанга орилсон ч чимээ анир үл гарах манай гэр. Энэ байдалдаа би дуртай үгүйгээ өөрөө ч мэддэггүй... Гэхдээ тайван байдаг болохоор эсвэл энэ л миний байх ёстой газар болохоор дуртай гэж өөртөө итгэдэг байх.

Мэдээж тэр үеэс хойш нийгмээс айх айдсаас болж сургуульд явахаа больсон ч хувьдаа гэрийн багштай байлаа.
Багш маань надад 2 жилийн хугацаанд зохих ёсны сууриудыг заасан ч аашийг минь тэвчилгүй ажлаасаа гарсан даа~

Түүний дараа би өөрөө өөрийгөө хөгжүүлж, өөрөө өөртөө суралцах боломжийг олгосон.

Гэхдээ энэ бүхнээ ардаа хаяад хоёр жил болж байна...

Надад суралцах таалагдахаа больчихсон.

Амьдралынхаа хэмнэлд илүү автчихсан гэх юм уу?

Эцэг, эх маань дахиад гэрийн багш авах тухай ярьж байсан ч надад үнэхээр эвгүй байна гэдгийг бодолцоогүй бололтой.
Энэ олон жилийн дараа би гадны хүнтэй юм ярилцаж тэр тусмаа түүнээс нь суралцаж чадлаа юу? Яах вэ, өдөр бүрээ хэрэгцээгүй зүйлд зориулж байснаас дээр л дээ...

Хүссэн хүсээгүй би хоёр жилийн дараа насанд хүрч, сургуулиа төгсөнө. Тийм байтал надад төгсөх сургууль ч алга, боловсрол ч алга.
Төрсөн ганц охин нь хүмүүсээс айдаг, хоосон толгойтой гээд бодохоор санаа зовохоос өөр арга ч үгүй биз.
Гэхдээ тэглээ гээд ч яах вэ дээ. Тэд өөрсдөө надад хичээл заах биш.

Хаалганы цаанаWhere stories live. Discover now