"Намайг байхгүйд хүүхдүүдийг минь асарч байж болох уу?" Хэри ихрүүдийг орон дээр тавин үнэгнээс гуйнгүй асуухад үнэг тэдэн рүү дөхөж, нялх хүүхдүүдийг ажив. Ихрүүд унтаж байсан бөгөөд эцэст нь үнэг зөвшөөрсөн бололтой тэдний хажууд суулаа. Хэри авга эгч Пэй рүү зүглэнэ.

"Авга эгч Пэй, тэднийг сайн гарт байгааг би мэднэ. Эрүүл, аюулгүй бас баярын мэдээтэй би эргээд ирнэ. Энэ удаад тэдэнд анхаарал халамж тавиач." Хэри эхээс нь өөрцгүй түүний өмнө өвдөглөхөд авга эгч Пэй шуудхан доош суун түүнийг тэврээд уйлах нь тэр.

"Мэдээж шүү дээ, тэгэлгүй яах вэ. Хамгийн гол нь чи минь хүүхдүүдийнхээ төлөө аюулгүй эргэж ирээрэй." Авга эгч Пэй хэдий түүнийг харгис дайны талбар луу явуулахыг хүсээгүй ч хорон санаат Ван Яны түрэмгийллийг зогсоож чадах цор ганц нэгэн гэдгийг мэдэж байлаа.

И Фан эхнэр лүүгээ ойртон мөрнөөс үл ялиг чангахан базан "Бидний хүүхдүүдэд чи хэрэгтэй. Тэдэнд ээж нь хэрэгтэй. Би чамайг нууж чадна. Гуйя, энд үлд." хэмээн айдсаа далдалж чадалгүй чичирхийлсэн хоолойгоор гуйх нь тэр. Тэр Хэригийн зан араншинг сайн мэднэ. Нэгэнт шийдсэн л бол эргэлт буцалтгүй хийхийг зорьдог эмэгтэй. Гэсэн ч найдвар тээн хүлцэнгүй гуйхаас өөр сонголт байсангүй.

Хэри түүн рүү харан зөөлөн инээмсэглэл тодруулав. "Чи мэднэ шүү дээ, би зугтаж чадахгүй, гэм зэмгүй хүмүүсийн ​​амь эрстэхийг хараад сууж чадахгүй. Зөвхөн бидний хүүхдүүд биш бусад олон хүний төлөө, олон үрсийн төлөө түүнийг зогсоох хэрэгтэй."

Хэри нөхрийнхөө хацрыг хөнгөн илбэнэ. Тэдний хамтдаа өнгөрөөсөн нэг жил хүрэхүйц хугацаанд тэр урдаа зогсох хүнийг эрхэмлэн хайрлах болсон. Хариуцлагатай нөхөр нь чин үнэнчээр түүний хэлсэн бүхнийг хийж ирсэн шүү дээ. Удаан алгуурхнаар зогсоож барамгүйгээр түүнд дурласан. Түүнийг хүүхдүүдийнх нь эцэг байгаад талархаж байв.

"Би чамд хайртай, гэхдээ дайнд олон хүмүүс өртөхөөс өмнө зогсоох ёстой." Хэри түүний уруулыг зөөлөн үнсээд духаа нийлүүлэн зогсов. Тэд хоёул үүнийг сайн сайхан ирээдүйнхээ төлөө хийх гэдгээ мэднэ.

Хэри бяцхан ихрүүдээ үнсээд И Фантай хөтлөлцөн гадагш гарлаа.

"Чи ирж байна уу, улаан эр ээ?" Хэри гарч явахдаа аяархан хэлэв. Улаан өмсгөлт эр нуугдаж байсан ч гайхсангүй. Тэр дээвэр дээрээс үсэрч Хэригийн хажууд буун хамт алхаж эхлэв.

И Фан сүмийн эргэн тойронд хамгаалалтын хаалт хийх бол авга эгч Пэй ихрүүдийг аван сүмийн нууц аюулгүй хонгил руу орлоо. Ариун сүм дотор нуугдах газар хүнд хэрэгтэй бүхэн бий. Хүүхдүүд болон бусад хөгшин эмэгтэйчүүд тэнд цугларчээ. Хэриг дайны талбарт очиход луугийн овгийн хүчирхэг арми сүр хүчтэйгээр тэдэн рүү довтолж эхэллээ.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now