Ходоод

91 17 1
                                    

Тэр тайзыг санаж байна уу? Чиний анхны тайзыг. Ердөө хоёрхон үзэгчтэй тэр тайзыг. Микрофон бариад зогсоход чинь ширтэж байсан миний харцыг. Тэнд зогсоод сонсохоос өөрийг хийж чадаагүй ч ямар гайхалтай мэдрэмж төрсөнийг одоо гэхэд илэрхийлэх хэцүү юм. Хэний ч танихгүй нэгэн тэр тайзан дээр зогсоод миний өмнө амьдралынхаа түүхийг хүүрнэх мөчийн юу нь тийм гайхалтай, юу нь тийм онцгой байсныг одоо ч сайн хэлж мэдэхгүй нь.

"Одоо ч ойлгоогүй

Өөрийгөө

Огтхон ч бууж өгөхгүй

Гэхдээ

Өөрөө өөртөө"

Өглөөхөн нь худалдаж авсан бүтэн лонх нойрны эм цүнхэн дотор минь тэнүүчилж байхад чиний урсгасан үгс чихэнд минь биш зүрхэнд минь хүрсэнийг одоо санахад нандин. Гав ганцаархнаа гэж бодсон бодлыг минь эвдэж би ч бас чамтай хамт амьдрах гэж тэмцэж яваа, тиймээс битгий бууж өг гэж чи хэлсэн. Амьдрал хичнээн утга учиргүй байлаа ч бидэнд гарц олдтол түр хүлээ гэж чи шивнэсэн. Тэгээд чамайг тайзнаас буух тэр мөчтэй зэрэгцэн хямдхан клубын хаалга өөд зүглэсэн сэн. Яг л ямар нэг киноны гол дүр эргэн ирж буй юм шигээр.

Хүний амьдралд эргэлтийн цэг гэж бий бол тэр мөч миний амьдралын цор ганц эргэлтийн цэг болсон байх. Гарах гарцгүйгээр чамд татагдах эргүүлэгний эхлэл. Худалдаж авсан нойрны эмээ эргэлзэх зүйлгүйгээр суултуурлуу хөнтөрч орхиод усыг нь татахдаа чиний төлөө амьд үлдэнэ гэж өөртөө тангарагласан. Инээдтэй хэрэг байгаа биз? Огт танихгүй хэн нэгний төлөө амьд үлдэхээр амлана гэдэг. Магадгүй амьдрахыг тэгтлээ л хүссэн биз. Танихгүй залуугаар шалтаглаад ч болов энэ хөгийн амьдралын эцсийг нь үзэхийг хүссэн биз. Хичнээн залхмаар, хэр төвөгтэй байсан ч өдрийн төгсгөлд чиний дуу хоолой, чиний үгс надад болзолгүйгээр хань болж, асуултгүйгээр тайтгарал болох болохоор, өвдөгөө тэврээд чамайг төсөөлөн суухад амар амгалан надад ховор үнэтэй цагаа зээлдүүлэх болохоор амьдрахаас айгаагүй биз. Гэвч амьдрах шалтгаан минь намайг оршин байдгийг, түүний төлөө л амьсгалж явдгийг үл анзаарна. Яг тиймээрээ ч байх нь надад таалагдана. Энэ хүртэл явахад чи байсан учраас л миний амьдрал "амьдрал" болж хэлбэршсэн. Тиймээс тэр мэтийн жижиг зүйлс сэтгэлийг минь өвтгөдөггүй байж. Харин оронд нь чиний сэтгэлийн шаналал, чиний бэрхшээлүүд л сэтгэлийг минь зовооно. Чадвал, боломжтой бол чамайг амар тайван, өөрийнхөөрөө амьдраасай гэж чадахаараа хүсэх ч хорвоо дэлхий хэзээ санаснаар болох билээ.

Надтай хамт эргэцүүл.Where stories live. Discover now