Зүрх

138 18 5
                                    

Аняанг хүртэлх замыг их л урт холын, барж туулшгүй мэт санаж байсан ч тийм байсангүй. Түлхүүр түлхэж машинаа асаагаад 10 минут өнгөрөхөд замынхаа талд орчихож. Урьд амралт л гэвэл гэрлүүгээ яардаг байсан бол одоо өөр тийш очих ёстой мэт санагдах болсоор удсан ч зорьж зүрхлэхгүй явсаар өнөөдөр л энэ зүг жолоо залах зоригтой болж байна. Замдаа нэг ч дуу тавьсангүй. Бодолд орох янз бүрийн үйл явдал, дүр зургуудад саад хийж зүрхлээгүйдээ. Муухай дурсамжуудыг санах гэж оролдох тархиа дураар тавихдаа өөртөө шийтгэл болгосон хэрэг. Машины мотороос өөр юу ч дуулдахгүй ч толгой дотор минь түмэн янзын бодлын эрэг шураг хангинаж дуулдана.

Цаг хугацааг хуваасан хүний төрөлхтөний тоолол нэг эргэхэд дэлхийн тэнхлэгтэй хамт хүний амьдрал ч бас ижил тойрогтоо давтагдсан хэвээр. Идэж, унтаж, амьсгалах завсраа бяцхан амьдрал өрнүүлэх гэж оролддог нь янзаараа. Тийм гэвч юу ч өөрчлөгдөөгүй гэвээс худал хэлсэн болно. Хувь тавилан эргэж, хүслийг хяслаар боож, худлыг үнэнээр арилжсан байхад юм бүхэн хэвэндээ байгаа гэвэл амьдралаа гүтгэсэн хэрэгт орно. Юм бүхэн өөрчлөгдсөн. Тэр эмэгтэйн ачаар. Хааш хаашаагаа арван алхам өрөөнд үлдсэн насаа өнгөрөөх тэр эмэгтэйн ачаар. Хэлсэн үг, зөвлөсөн зөвөлгөө, гаргасан сэтгэл бүхнийх нь нөлөөгөөр. Дэндүү сайн жүжиглэсний минь шагнал болгож хорвоо дэлхийн явуулсан бэлгүүдийг одоо ч уудалж дуусаагүй. Ар араасаа зүүд зэрэглээ шиг хөрвөх хором мөчүүдийг ганган боодолтой хайрцагнаас нь гарган эргүүлж тойруулан үзэж сонжоод үнэт дурсамжуудын цомыг эгнүүлсэн тавиурууд дээрээ өрнө. Тэр бүх баярлаж талархам хормуудаараа би түүнд өртэй. Хэрэв тэр эмэгтэй үгүй бол гартаа микрофон атгасан би орших ч үгүй байсан гэх ухамсрынхаа ачаар тэгтлээ сайн жүжиж, түүний захиснаар юу ч болоогүй юм шиг байж чадсан биз. Тийм л учраас хааяа хааяахан түүнд тавьсан өрөө дахин эргэцүүлж бодол болон суудаг. Тэгэх бүрийдээ хэр ухаан муутай байснаа ухаарна. Дулаан сэтгэлийг ч таньж чадахгүй болтлоо өөрийнхөө бараан бодлууд дунд төөрчихсөн байжээ би гэдгээ тэртээ хойно ойлгочихоод үүнээс хойш л гэж бодохоос илүүг чадаагүй. Тийм олон хүнээр хайрлуулж байснаа нүгэл гэж итгэсэнээ хүртэл бодоход хүн бүрийн өмнө очоод өвдөг сөгдөн гуймаар болно. Буруугаа би ухлаа, өршөө намайг гээд. Гэвч цагийн зүү хойшоо биш урагшаа түлхэгддэг. Ирэх он жилүүдэд л хүлээж авсан хайрынхаа хариуг төлж амьдрахаас өөр аргагүй.

Гэж бодсоор нэг мэдэхнээ тэр эмэгтэйтэй уулзах мөчөө төсөөлж эхлэв. Гайхах болов уу, таних болов уу, эрт ирэхгүй яав гэх болов уу, ирээд хэрэггүй байсан юм гэх болов уу, инээх болов уу, уурлах болов уу ер яах бол гэхээс сандран салгална. Юу юугүй угтах ирээдүй атал өөрөө өөрийгөө тэр мөчид очсон байгаагаар төсөөлөхгүй байж эс чадна. Хичнээн өөр болсон бол, хэр их хувираа бол, хараагүй удсан царайгаа өчигдөр юм шиг л тод санан толгой дотроо инээлгэж, уурлуулж янз бүр болгон хувиргана.

Надтай хамт эргэцүүл.Where stories live. Discover now