3.1 Хира

8 0 0
                                    

Сэки ахлах сургууль - Сургуулийн эргэн тойронд эртний грекийн бурхдыг санагдуулам хийц бүхий усан оргилуур, үлгэрт л гардаг байх гэмээр цэцэрлэгт хүрээлэн цогцлон байх.

"Энэ газар ч диваажин юм аа." гэж бодсоор Анна нарийн бичгийг хүлээх зуураа нэгэн сүрлэг модны доор суун ойр орчмоо ажиглах бөгөөд түүнийг чиглэн нэгэн охин ирж буйг ч анзаарсангүй.

"Чи шинэ сурагч уу?"

Анна гайхан хартал сургуулийн бэлгэдэл бүхий улаан хүрэн өнгө давамгайлсан дүрэмт хувцастай нэгэн түүний хажууханд зогсож байлаа. Аннагаас үл ялиг өндөр бөгөөд уур цухал, үзэн ядалтаар дүүрсэн мэт эсвэл юу ч үгүй хоосон харцаар түүнийг ширтэн зогсох аж.

"Тийм ээ." гэж харцнаас нь сүрдсэндээ эсвэл зүгээр өөрөө ч мэдэлгүй хариулсныхаа дараа төд удалгүй "Би ч гэсэн өөрийгөө шинэ сурагч эсэхийг хэлж мэдэхгүй л байна." хэмээн засаж хэлэх бөгөөд энэ удаа Аннад тэвдсэн шинж огт байсангүй.

"Тийм байх нь ээ, би энэ сургуулийн төгсөх ангийн сурагч. Чи юу бодож байсан юм?" гэж нөгөө охин хэнэггүйхэн асуулаа.

"Энэ газрын сүр жавхланд оюун санаа минь төөрчих шиг..." гээд үгээ дуусгаагүй байтал "Тэгээд л намайг ирж байгааг анзаараагүй байх нь, цочоосон бол уучлаарай. Гэхдээ чи тийм ч удаан сандарсангүй шүү. Бас их нээлттэй юм." гээд үргэлжлүүлэн "Тэгэхээр энэ модны доор надаас өөр хүн суудаггүй юм. Үгүй ээ сууж болохгүй. Тиймээс одоо холдчихгүй юу!" хэмээн зөөлөн инээмсэглэж хэлсэн хэдий ч цаанаа л хүйтэн сонсогдоно. Гэсэн ч Анна өчүүхэн төдий эмээсэнгүй.

"Гэхдээ энэ чинь нийтийн эзэмшил талбай биз дээ. Яагаад өөртөө өмчлөөд байгаа юм."

"Чи ч сүрхий хүүхэд юм аа. Үгэнд ороод зүгээр босоод явчихна гэж бодсон юм сан. Эсвэл би тийм ч хүйтэн байгаагүй бололтой. Таалагдаж байна, намайг Хира гэдэг. Чамайг хэн гэдэг вэ?" хэмээлээ. Харин энэ удаад түүний харц зөөлөрсөн байв.

"Анна гэдэг, ингэхэд та суухгүй юм уу? Хажууд зогсоод байхаар эвгүй байна л даа." гэхэд Хира хажууд нь суув. Анна үргэлжлүүлэн "Та яагаад намайг энэ модны доор суухыг эсэргүүцсэн юм?" гэж асуулаа.

"Тэгэхээр чамд хэлсэнчлэн би бол төгсөх ангийн сурагч. Энэ сургуульд 5 жил суралцаж байна. Гэхдээ суралцсан гэхэд..." гээд хэсэг чимээгүй болсноо үргэлжлүүлэн "Тэгэхээр чиний сургуульд элсэх зөвшөөрөл хараахан гараагүй байгаа байх нь ээ."

"Тийм ээ, намайг энд хүлээж бай гэсэн. Захиралтай орж уулзсан, үнэхээр сайхан хүн байна лээ. Яг л ээж шиг гэмээр. Үнэхээр сайхан санагдсан болохоор "ээж" гээд дуудчихсан. Гэхдээ би тэгж хэлэх хэрэггүй байсан бололтой, одоо бодоход. Харин тэр нарийн бичиг ах их хөндий санагдсан шүү."

"Захирал ба нарийн бичиг. Тэдний талаар эрт дүгнэх хэрэггүй л байх. Бас их ойртоод ч хэрэггүй. Миний л бодол, тийм ч их анхаарах хэрэггүй дээ."

"Яагаад?"

"Тийм ч их анхаарах хэрэггүй гэж хэлсэн дээ. Тэгэхээр Анна, Сэки ахлах сургуулийн талаар юу мэдмээр байна?"

"Та үнэхээр тэдний талаар ярихыг хүсэхгүй байгаа бололтой."

"Тийм ээ, хүсэхгүй байна. Харин сургуулийн талаар бага зэргийг бол ярьж өгж болно шүү. Хэрвээ чи мэдмээр байгаа бол."

"Тийм ээ, мэдмээр байна. Гэхдээ хаанаас эхэлж асуух уу?"

"Тэгвэл би тусалъя.Чиний харж байгаачлан сургуулийн гадаа талбай үнэхээр үзэсгэлэнтэй байгаа биз. Үүнээс ч илүү сайхан зүйлс энэ сургуульд бий."

"Тийм гэж үү?"

"Тийм ээ, сурагчдын байр сургуулиас холгүй байдаг. Хүүхэд бүр өөр өөрсдийн өрөөтэй бөгөөд ганцаараа амьдардаг. Хэрэгтэй бүх зүйлс өрөөнд чинь байх болно. Хэрвээ чи сайн "суралцаж" чадвал чамд тавих анхаарал бүр их нэмэгдэнэ."

"Яаж анхаарна гэж?"

"Материаллаг зүйлс дээр. Чиний амьдрах байр, идэх хоол, өмсөх хувцас гээд бүх л хэрэглээ чинь сайжирна. Илүү тансаг, илүү чанартайгаар. Яг л хамгийн аугаа эзэнт гүрний цорын ганц гүнж шиг."

"Тэгвэл би тэнцвэл үнэхээр хичээнгүйлэн суралцах хэрэгтэй юм байна даа."

"Чиний зөв, маш сайн суралцах хэрэгтэй." ингэж хэлэхдээ Хирагийн хоолой өмнөхөөсөө нэг л өөр сонсогдлоо. Хаанаас ч юм салхи зөөлнөөр үлээх нь Хираг аргадаад ч байгаа юм шиг санагдана.

Хирагаас сургуулийн талаар нэмж асуух хэрэггүйг гадарласан Анна "Та миний асуултанд хариулахгүй юм уу?" хэмээн ярианы сэдвийг өөрчлөхийг оролдлоо. Хира эхэндээ гайхсан хэдий ч удалгүй Аннагийн чухам юуг хэлснийг ойлгон "Аан, энэ мод уу? Зүгээр л чамаас харамласан юм. Энэ мод миний хамгийн сайн найз болохоор." хэмээн хариулах бөгөөд Хирагийн хоолой урьдын адил зөөлөн сонсогдлоо. Анна ч үүнийг нь анзаарсан бөгөөд дотроо чимээгүйхэн баярлана.

"Таны хамгийн сайн найз байх нь ээ, тэгвэл одооноос би хамгийн сайн найз чинь болъё. Та энэ мод руу ирээд намайг олсон шүү дээ."

"Чи хувь тавиланд итгэдэг байх нь ээ?"

"Тийм ээ, би хувь тавиланд итгэдэг. Та бид 2 өнөөдөр, энэ модны дэргэд л уулзах ёстой байж."

"Магадгүй л юм. Тэгвэл найзууд болцгооё. Үнэхээр хувь тавилан чи бид хоёрыг энд уулзуулсан ч юм билүү? Гэхдээ чи сургуульд элсэж чадахгүй бол яах юм? Сургуулийн байр луу гадны хүн нэвтрүүлдэггүй болохыг ирэх замдаа харсан л биз дээ."

"Би зүгээр л мэдэж байна. Энэ бол миний байх газар. Тантай хамт." гээд инээмлэглэлээ.


So HeWhere stories live. Discover now