"Босоод өөрийгөө танилцуул, яах гэж биднийг зорьж ирснээ хэл"

Алисагийн ээж эрхэмсгээр толгойгоо өргөн өмнөх тавган дээр нь харагдах хүрэн улаан өнгийн шөлөө цаашлуулахад гөрөөсний цусны танил амт тагнайд амтагдаж өлссөндөө өөрийн эрхгүй шүлсээ залгилаа.

Өнөө хүү нааш цааш харан, айсандаа бараг хамаг бие нь чичирч байсан ч түүнийгээ далдлах гэсэн бололтой гараа чанга атгасан байв. Хэрвээ тэр хүн байсан бол бие махбод нь цус сорогчийн шинэ өөрчлөлтөд дасахгүй хэцүүхэн байгаагаас зайлахгүй. Тиймдээ ч төөрч будилан, шаналж байгаа байхдаа гэх бодол төрсөнд би зориглон түүний нүд рүү харлаа.

Яг л өөрийгөө харах шиг болсон тийм л хором биднийг харц тулгарахад мэдрэгдсэн.
Цус сорогчид хазуулсан болохоор яахаа мэдэлгүй амьд буйдаа талархаж гайхахын зэрэгцээ ойд алхаад л байсан тэр жаахан Жэйк шиг.
Айдас, сандрал, зовинол бүгд зэрэг дотроос булиглаж хэрхэн гаргахаа ч мэдэлгүй гацсан мөч.
Тусламж эрэн хэн нэгэн гарч ирээд хэвийн бүхэнд минь буцаагаад өгөөч дээ хэмээн амь тавин гуйх мэт хөөрхийлөлтэй харц.

"К-ким Сонү гэдэг. Яагаад гэдгээ мэдэхгүй ч хазуулсан болохоор....өөрийн эрхгүй л....хоёр хөл минь дэндүү хурдан хөдлөөд, хад асаг хүртэл даван, чоно шиг давхиад л энд ирсэн... Би..."

Сонү чичгэнэх гараа нөгөөхөөрөө даран шал ширтэхэд Алисагийн аав түүнийг дээрээс нь доош нь харж байсны эцэст инээд алдан, "Хүмүүс та нарын үл мэдэх цоо шинэ ертөнц ийнхүү нээгдэж байна. Бид олон жил өөрсдийгөө далдалж, та нарын амгалан тайвны төлөө чимээгүй амьдарсан ч цус сорогчдын овог, удам угсаа хэр хүчирхэг болохыг батлах цаг ирсэн. Хүн төрөлхтөнтэй хүч үзэхийн тулд бидэнд удирдагч хэрэгтэй." гэчхээд дээш босон яриан дундаа тайван алхсаар баруун гараа миний суусан сандлын ард тавьж:

"Одоо та нар бидний нэг учраас нэгэн гэр бүл шиг л бие биенээ хайрлаж, халамжилна. Түүний хариуд бидний төлөө байх хэрэгтэй...... Нэгэнт Алиса охин маань цус сорогчдын тархалтыг тараасан тул удахгүй бид улам олон болсоор байх болно."

Надад зориулж хэлээд байгааг нь сайн мэдэж байсан болохоор би цэх суун энэ хүртэл өсөж өндийлгөснийх нь хариуд хүссэнийг нь хийх ёстой гэх ойлголтыг авч чимээгүйхэн л Сонү рүү харц чулуудав.

"Нас залуу, цус шингэн залуус аймшигт ойд амьд үлдэхийн төлөө тулалдана. Хичнээн гэгээлэг сахиусан тэнгэр байлаа ч хүн гэдэг амьтан амьд үлдэхийн тулд бусдын далавчийг нүцгэн гараараа ч урж чадахаар тэнхээтэй." гэчихээд бид хоёрын мөрөн дээр чанга цохиод инээмсэглэсээр танхимаас гарахад нь эхнэр нь түүний хойноос гарч Алиса хэсэг дэргэд минь суусан ч өрөө лүүгээ явахаар болоход Сонү бид хоёр хоёулхнаа үлдсэн юм.

DUSK TILL DAWNWhere stories live. Discover now