[Түүнгүй би]
"Чамд яагаад та хоёрын хамт авхуулсан нэг ч зураг байдаггүй юм?"
"Хамт зураг авхуулж байгаагүй ээ"
"Итгэмээргүй юм, чи зураг дарах их дуртай шүүдээ. Яагаад нэг ч зураг аваагүй юм?"
"Айдаг байсан юмаа. Угаас минийх болохгүйг нь мэддэг байсан болохоор хожим харж сэтгэлээ үймүүлэхийг хүсээгүй юм. Тэр хүн миний зүрхэнд оршдог байсан юм шүү гэх нотолгоог өөртөө үлдээхийг хүсээгүй. Тэгж их хайрладаг байж билээ гэж бодохоос биш, тэгж хайрлуулж билээ гэх дурсамж нэгээхэн ч удаа надад байгаагүй юм шиг. Байсан л даа гэхдээ хуурамч. Би тийм зүйлээр яах юм. Тэр үедээ хууртаад өнгөрсөн хирнээ одоо хүртэл зургийг нь хараад, дурсамж гээд байгаа хэдэн нялуун үгс, үйлдлийг нь үгүйлсээр байж болохгүй биздээ? Түүнгүйгээр би одоо сайн л байна шүүдээ"
Түүнгүй би. Тэр миний амьдралд хачин жигтэйгээр гарч ирэхээс өмнө хэрхэн амьдарч байснаасаа эхлээд, түүнийг гарч ирэх үед хэрхэн ганхаснаар үргэлжлүүлэн, салхи шороонд туугдсан мэт түүний араас ухаанаа алдатлаа, хөлөө холготлоо гүйсэн түүхийг минь уншихад бэлэн үү?
________
Миний хувьд, би бол мууранд төрсөн ахаасаа илүү хайртай ахлах сургуулийн охин гэж танилцуулахад болох юм. Ахдаа өгөх хайрын минь тэн хагас нь үзэн ядалт, тэн хагас нь санаа зовинол гэх үү дээ.
Ээж болон аавын хувьд, тэд байдаг л даа. Гэхдээ тийм ч гайхуулах эсвэл ундууцаж гомдоллоод байх хүмүүс биш. Энгийн л нэг гэр бүл. Аав залуудаа бэйсболын тамирчин байсан харин одоо дасгалжуулагч хийдэг. Түүний гэртээ байх магадлал долооны хоёр. Зөв үү? Математик дээр нэг иймэрхүү магадлал ороод байсан санагдана. Гэртээ байдаг хоёр өдрөө тэр гэрийг минь үзвэрийн газар аль эсвэл хоолны мухлаг гэж хардаг нь тодорхой. Гэхдээ үзвэрийн цаг нь надтай тохироод байдаг нь биднийг хаяахан жинхэнэ аав охин болгож чадна. Би бас ах минь аавын ачаар нэг спортод дурласан. Олон хоног сараар багийнхантайгаа бэлтгэл хийнэ, гадаад дотоодын олон хот, дүүргийн тэмцээнийг алгасна гэж байхгүй.
Аавын хувьд ийм, харин ээжийн хувьд тэр солонгос улсын бүх өвчтэй хүмүүсийг ганцаараа эмчлэх гээд завгүй арван долоон жил болж байна. Миний мэдээ орсон цагаас хойшхи ээжтэйгээ хамт байсан өдөр гэвэл энэ нь цагаар тооцогдох байх хэмээн айгаад би тухтай бодож зүрхэлдэггүй юм.
