first

39 4 1
                                    


Уулзахаар товлосон цагаасаа цагийн өмнө л орноосоо арай ядан босоод нэг юм олж өмсөөд гарах цагаа хүлээн буцаад орон дээрээ хэвтлээ. Уг нь анхны болзоондоо явахдаа хэдэн цаг тольны өмнө эргэлдээд л хайртай найзууддаа хувцасаа өмсөж үзүүлж аль нь илүү дээр болохыг асуугаад л, найзуудтайгаа хамт минут хором бүрийг амьсгаа дарж тоолон хүлээх байхдаа гэж төсөөлдөг байсан юм. Гэтэл ямар нэгэн догдлол ч алга, хайртай найзууд минь ч дэргэд алга.

Хэсэг бодсоны эцэст ерөөсөө явахаа болихоор шийдвэр гаргав. Надаар тоглож байж ч магадгүй, бас нэгэнт сэтгэлгүй хүнтэйгээ анхны болзоогоо хийнэ гэдэг утгагүй, онцгүй хэрэг. Тэрний оронд хэдий бүтэхгүй ч гэлээ сэтгэлийг минь өвтгөн байж зүрхэн дотор минь оршсоор буй түүнтэйгээ уулзах өдрийг хүлээсэн нь дээр гэж бодогдов.

Гэхдээ үүний дараа л толгойд ёрийн бодол орж ирсэн юм.

Зүгээр л хамт явчихъя, яг л найзтайгаа явж байгаа юм шиг. Харь оронд байгаа хугацаагаа хөгжилтэй өнгөрөөе. Тэглээ ч тэр баян шүү дээ, өөрөөсөө юм гаргалгүй жаахан явж зугаацчихаад ирье гэх бодол зурвасхийв. Тэгээд энэ бодолдоо ч дийлдэв.

Миний анхны болзоо... Охин бүрийн төсөөлдөг шиг л болсон. Хамтдаа кино үзэж, хоолонд орж, тэшүүрээр гулгаж ярилцан явсан. Хамгийн хөгийн юм нь би түүнтэй хамт явж байх хором бүрдээ сэтгэлийн минь зовлон болсон тэр нэгнийг дурссаар л байсан юм.

Тэгээд тэр асууна: - Чи гуниглаад байна тийм үү?

Харин би хариуд нь: - Үгүй ээ, ядарсанаас л болсон байх гээд хүчээр инээмсэглэнэ.

Тэр үсийг минь зөөлөн илбээд л.. Хүрэлт бүрээс нь намайг гэсэн сэтгэлийг нь би мэдэрч байв.

Гэрт минь хүргэж өгчихөөд тэр надруу зурвас илгээв.

- Өнөөдөр үнэхээр их баярлалаа, гайхалтай байлаа.

- I love you

Хариуд нь би бичих зүйл үнэхээр олдсонгүй. Хайртай гэнээ? Ийм амархан хайр бий болдоггүй юм, бас ийм амархан ч хэлдэггүй юм. Өөрийнхөө байрь суурийг илтгээд хэдэн үг холбоод түүнрүү явуулав.

Түүнээс авж буй сонин содон мэдрэмжээ үгүйсгэж чадахгүй байсан ч үүнийг бий хайр, дурлал гэж нэрийдэхийг хүсэхгүй нь.

|| H•A•B•I•B•I ||Where stories live. Discover now