2. Кофе

80 5 2
                                    

"Чи өдөр болгон л их кофе уух юм. Жоохон багасгавал яадаг юм" гэхэд нь чаддаг ч болоосой л гэж бодлоо. Кофе уудаг болоод удаж ч байна даа. Гэхдээ одоо кофе ч надад тусалж чадахгүй бололтой.

Сүүлийн гурван сар бүтэн нойртой хоносон шөнө гарын арван хуруунд багтахаар л байх шиг байна. Өнгөрсөн шөнө дахиад л тэр байшинг зүүдэллээ. Энэ удаа тэр байшингаас гарах гэж оролдож байна гэж зүүдэлсэн. Яагаад дандаа тэр байшин байдаг юм бол? Ёстой муухай байшин. Нэг л хүйт даасан, хуучин, хоосон байшин.

Би өглөө болгон босоод кофе уухдаа өнгөрсөн шөнийнхөө зүүдийг боддог. Шөнийн хоёр, гурван цаг хүртэл сэрүүн хэвтэхдээ тэр шөнөдөө юу зүүдлэх бол гэж боддог. Бас зүүдлэхийг хүссэн зүүдээ боддог. Хүссэн зүүдээ зүүдлэх минь өдрийн одноос ч ховор биз.

Өчигдөр өглөө унтаад хичээлээ тасалчихсан. Ядаж л унтсан юм даа гэж өөрийгөө тайтгаруулж явна. Хот унтаж бүх зүйл чимээгүй болох үед би бодолтойгоо л үлддэг юм. Миний бодлууд хүн байсан бол бусдын эрүүл мэнд, сайн сайхныг үл тоон өөрийнхөөрөө зүтгэдэг хувиа хичээсэн зантай байх байсан даа. Тэгэхээр би хувиа хичээсэн зантай гэсэн үг үү?

Би өдрийн цайны цагаар кофе уухдаа юуны төлөө ингэж хичээгээд байгаагаа боддог. Заримдаа хоосон зүйлийн төлөө зүтгэх мэт санагдах ч ямар нэг зүйлд хүрнэ дээ гэсэн найдлагатай л явж байна. Хэрвээ энэ найдлага минь дуусчихвал би яах билээ? Үнэхээр хий хоосон, хүрж чадахгүй зүйлийнхээ төлөө хөөцөлдөөд өөрийгөө ч бусдыг ч зовоогоод байх шиг байна. Гэхдээ надад өөр хөөцөлдөх юм байхгүй хойно энэ л замаа үргэлжлүүлэн хөөе дөө.

Миний тархи яагаад ингэж өөрөө өөрийгөө зовоогоод байгааг ойлгохоо байлаа. Өглөө бүр ядарсан мэдрэмжтэй босохоос залхаж байна. Яах гэж? Юуны тулд? Яагаад? Зүгээр л үүрд унтчих юмсан.

Дутуу нойртой энэ олон шөнөөс болоод юм бүр залхмаар санагдаж, хичээл дээрээ юу ч ойлгохгүй, үнэхээр ядарч, хүн болгоныг цохиод унагачихмаар санагдаж байна. Тархиа түрхэн зуур унтрааж болдогсон ч болоосой. Бүтэн нойроо аваад, сайхан эрч хүчтэй босохын тулд би бүхнээ өгөхөд ч бэлэн байна. Угаасаа өгөх их юм байгаа ч биш дээ. Оюутны ядуухан амьдрал л байна.

Гэхдээ л өглөө эрт тэр өдрийг үр бүтээлтэй даван туулна гэсэн эрч хүчтэйгээр сэрээд цонхоор тусах нарны туяаг мэдэрч байна гээд төсөөл дөө. Бүлээн шүршүүр доор зогсоод илүү сэргэсэн мэдрэмжийг аваад л. Шинэхэн талх, халуун кофе үнэрлэхэд мэдрэгдэх тэр их аз жаргалыг дахин мэдрэхийн төлөө нэг аяга хар кофе уугаад хичээлдээ явъя даа.

Богинохон амьдралын богинохон өгүүлэлWhere stories live. Discover now