"Баярлалаа, бас Хисынд битгий хэлээрэй" гэхэд Сонү сандрангуй нүдээ томруулан, "Мэдээж хэлэхгүй ээ, тэр угаасаа аймар хүн шүү дээ"

"Аймрыг нь би л мэдээгүй байсан бололтой" гэж хэлээд ялимгүй инээмсэглэсэн ч харамсаж, харууссан байдал тодхон сонсогдов. Хэри түүнийг ихэд өрөвдөн юу болсныг сонсохыг хүссэн ч Хёна нэг л тухгүй байгааг ажиглан Сонү рүү нүдээрээ дохилоо. Залуу ч түүний итгэлт нохой аятай харцаар нь хөдөлж, үгээр нь амьдрах болсноо нотлох гэсэн мэт дээш өндийв.

"Хэри гуйсан болохоор өнөөдрийн явдлыг чандлан нууцална аа. Одоо явахгүй бол үүр цайх нь. Сайхан амраарай" гэж эв хавгүйхэн хэлсэнд Хёна түүнд талархаад залууг хаалгаа хаасан даруйд чичрэн байж Хэригийн гараас тас атгав.

"Уучлаарай, Ёнхи. Би чамд итгэх ёстой байж. Хисын үнэхээр л Ёнсүнд өш санаж биднийг албаар салгаснаа хэллээ" хэмээн жинхэнэ нэрээр нь дотночилж дуудав. Таамаглал нь бүр ийм тод томруунаар батлагдсанд, ахынхаа үхэлд сэжиглэж буй хүмүүсийн тоо албан ёсоор нэмэгдсэнд охин ядрангуй хөмсгөө зангидна.

"Сонү надад Хисын, Ёнсүн хоёр өмнө нь найзууд байсан тухай хэлсэн. Гэхдээ Хисын эцэст нь танаас болоод ахыг маань үзэн яддаг болсон бололтой"

Хёна гэмшингүй толгойгоо гудайлган, "Хисын хэзээ ч тийм аймшигтай авир гаргаж байгаагүй. Яг л тэс өөр хүн болчих шиг санагдсан. Гол нь Ёнсүний үхэл....үүнтэй холбоотой байх вий гэхээс-"
Тэр төгсгөлгүй урсах нулимснаасаа болоод үгээ гүйцээж чадсангүй мэгшиж эхэллээ. Хөөрхий бүсгүй өөрийгөө л гэмшин буруутгаж, байж болох бүхий л шалтгааны хойноос шөнөжин тарчилсан нь ил бөгөөд яахаа мэдэлгүй Ёнхигээс хариу нэхнэ.

"Би энд ирэхээсээ өмнө ахлагч гэдэг үүднээс Жэйг сэжиглэж байсан ч түүнийг дэргэдээс нь ажиглах тусам тэр хүн алах хэмжээний хүн шиг санагдаагүй. Дараа нь Жонвоныг их зоригтой, ширүүн зантай болохоор нь сэжиглэсэн ч түүнд зөвхөн Жэйн оронд ахлагч болох л хүсэл бийг ойлгосон. Сонү бол яагаад ч биш. Тэр ахын хойноос сэтгэлээсээ гашууддаг юм билээ" хэмээн үнэнээ хэлсэнд Хёна нулимсаа арчин, "Чамайг Ким Сонүд ингэж их итгэдэг гэж бодсонгүй"

"Та харсан шүү дээ, тэр сайн хүн"

"Би ч бас Хисынийг тэгж л бодсон"

Ёнхи хэлэх үггүй болчихсондоо бантан хэсэг чимээгүй суулаа. Мэдээж Сонүг ч бас сэжиглэх ёстой боловч тэр л хайр гэрэлтсэн харц, өөрийг нь гэх сэтгэл, дэмжлэгт нэгэнт автан итгэх болсон тул хар буруугаар бодох ч хүсэл төрдөггүй болжээ.

MEMORIES OF THE MARKWhere stories live. Discover now