"Биш ээ, өнөөдөр ирээд л андуурчихлаа. Уучлаарай" хэмээн бүдэг бадагхан хэлээд өнөө их юмаа арай хийн чирсээр өөр унаа хайхаар шийдэн хурдхан түүнээс холдов.

Хамгийн эхэнд таарсан хүн нь л ийм ааш муутай, айдас төрүүлэм байсанд гэнэт л урам хугарах сэдэл төрж, "Энийг би ер нь таних албагүй биз дээ? бүдүүлэг амьтан бэ" гэж амандаа шивнэтэл тэр явах гэж байснаа болин намайг хойноос чангаар дуудлаа.

"Яах гээв?"

"Хөөе, ааш муутаа, чамайг хэн гэдэг юм?" гэхэд нь би тэсэлгүй нүдээ эргэлдүүлсээр цааш харан бүр явахаар шийдлээ. Гэнэт л хойноос мотоциклын хүчтэй хаазлах дуу гарч өнөө залуу чинь багахан хурдаар хажууд явсаар алхааг минь дагна.

"Миний нэрийг мэдэж яах гээв? гаж донтон юм уу?"

"Цагдаад өгөх гэсэн юм. Манай дүүрэгт танхай охин ирчихсэн байна гээд" гэж хэлээд инээхэд нь түрүүн айж, дүргүй хүрч байсан бол одоо арай л дасаж,
"Хэри" гэх зохиомол нэрээ хэллээ.

Өнөө залуу шууд л багахан урагшлаад ард нь суучих гэж дохив. Намайг итгэж ядан гайхшран харахад тэр, "Нар жаргасны дараа эндээс төв рүү ямар ч машин явдаггүй юм. Хулгай дээрэм, хүний наймаа, хүчирхийлэл гээд гэмт хэрэг хамгийн ихтэй дүүрэгт ирснээ ер нь ойлгож байна уу?" гэхэд нь эхэндээ яахаа мэдэлгүй эргэлзсэн ч үнэхээр л түүний хэлдэг үнэн тул хурдхан юмнуудаа өргөн тэвэрсээр ард нь суулаа.

Тэр шуудхан л хурдаа нэмж салхи сөрөн давхиж эхэллээ. Саяхан л гэгээтэй байсан хэр нь хормын дотор нар жаргаж бүр тас харанхуй болсон нь хачирхалтай. Энд ирээд удаагүй байгаа ч аль хэдийнээ хачирхалтай зүйлс өчнөөн харж мэдэрсэн тул багахан жийрхэх сэтгэл төрнө. Уулсын дунд алсад орших нууцлаг дүүрэг. Болж бүтэхгүй хүмүүс, увиагүй ядуу гуйлгачид л амьдардаг гэмт хэргээр дүүрэн Суказэйн. Тэднийг хамгаалдаг гэгддэг ч яг үнэндээ бүгдийг хүчээр зохион байгуулах Суказэйн ахлах сургуулийн овгорууд.....Хүмүүс, орчин гээд бүгд л хачин жигтэй агаад аймшигтай. Гэсэн ч энд л жинхэнэ алуурчин нуугдаж байгаа. Энэ хүмүүсийн дундаас л түүнийг олох учиртай.

"Дотуур байр луу явна гэсэн байх аа?"

Танихгүй залуу дуулганыхаа цаанаас чангаар асуухад нь би түүний зөв болохыг батлаад унахгүйг хичээн хамаг биеэ чангаллаа. Тэр яахын аргагүй энэ хавийг маш сайн мэддэг нэгэн бөгөөд саад бартаа бүрийг торох юмгүй давсаар нисэх шахам сургууль орчмын бүсэд ирэв. Биднийг хөдөлсөн цагаас эхлээд зогсон зогстол түүний өмнө байсан бүх машин, хүмүүс, бусад тээврийн хэрэгслүүд түүнд зам тавьж өгөөд байх шиг санагдсаныг би буухдаа л анзааран гайхшраад авлаа. Гэхдээ үүнээс илүүтэй хотын хаа сайгүй үзэгдэх хүрэн улаан өнгийн хачин жигтэй дүрсүүд, эдний бэлэг тэмдэг болов уу гэмээр сарьсан багваахайн баримлууд олноор үзэгдэх нь сонин.

MEMORIES OF THE MARKWhere stories live. Discover now