Моторт дугуй асар том ч гэлээ түүнийг унасан хүн бүр ч том ажээ. Тэрбээр ерийн эр хүнээс бараг хоёр дахин өндөр, багаар бодоход тав дахин бүдүүн юм. Ерөнхийдөө асар том биетэй аймаар дүр төрхтэй. Ширэлдсэн сахал, даахирсан хар үс нь түүний нүүрийг бараг бүтэн халхлах агаад алга нь хогийн савны таг шиг палбигар, савхин
гуталтай хөл нь багаахан далайн гахай шиг хэмжээтэй ажээ. Тэрбээр аварга
булчинлаг гараараа бүтээлэгт хуйлсан зүйл цээжиндээ тэвэрчээ.
-
Хагрид маань хүрээд ирлээ. Чи энэ моторт дугуйг хаанаас авсан юм бэ?
гэхдээ Дамблдорын дуунд сэтгэл амарсан шинж илт мэдэгдэж байв.
-
Би түр авсан юмаа, профессор Дамблдор гуай. Сириус Блэк гэдэг залуугаас. Харин хүүхдийн тухайд бол би түүнийг авчирсаан.
-
Бүх юм аятайхан болсон уу?
-
Бас ч тийм бишээ, ноёнтоон. Байшингаас бүтэн үлдсэн юм байхгүй. Маглууд
үүнийг мэдсэн ч тийшээ орохоос нь өмнө би хүүхдээ авч амжсан юм. Бидний
Бристоль дээгүүр нисэж явахад тэр эхлээд унтахгүй байснаа гэв гэнэт л нойрсож гарсан даа.
Дамблдор, профессор МакГонагалл хоёр хуйлаастай бүтээлэг рүү тонгойцгоов.
Бүтээлгэн дотор нэгэн жаал хүү бөх гэгч нь нойрсож айлаа. Хав хар хөхөл үсний нь
доохно талд яг духан дээр нь цахилгаантай төстэй хачирхмаар сорви харагдах аж.
-
Тэгэхлээр яг энд л ...? гэж профессор МакГонагалл шивнэв.
-
Тийм байна. Энэ сорви насан турш үлдэх болно гэж Дамблдор батлан өгүүллээ.
-
Та сорвийг аргалж чадна биз дээ, Дамблдор минь?
-
Чадах ч байсан аргалахгүй. Шарх сорви сайнаар тусаж ч байж болох юм. Жишээ нь: миний зүүн өвдөгний дээд талд Лондонгийн газар доорх
байгууламжийн зурагтай яг адилхан сорви байдаг юм. Хагрид минь, хүүхдээ нааш нь
өгчих. Одоо ажлаа дуусгах цаг боллоо.
Дамблдор Харрийг тэврэн аваад Дурслийн байшин руу эргэлээ.
-
Би ... Би түүнтэй салах ёс гүйцэтгэж болох уу? гэж Хагрид асуув.
Тэрбээр сэгсгэр толгойгоо бөхийлгөн ширүүн сахлаараа үрэн байж хүүхдийг үнссэнээ гэнэтхэн шархтай нохой лугаа гиншиж гарлаа.
