Юү Жиминийг улирлаар тодорхойлбол хавар. Олон ааштай хүнийг хаврын тэнгэр шиг гэдэг ч Минжоны хувьд Юү Жимин арай өөр хавар юм. Тэр яг тийм гэх нэргүй хэр нь тэр гэхэд яг таардаг тийм хүн.

Бороо шиг. Хүйтэн, нойтон. Тэгсэн хэр нь хараад, сонсоод, үнэрлээд, нороод баймаар.

Тэр бас хиртдэгээ мартсан нар шиг хүн. Зургийнх нь тавцан дээрх бүүдгэр ертөнцийн хэсэгхэн гэрэл. Үүлэн чөлөөний нар шиг, үүр заагийн цолмон шиг, эргээд буцдаг салхи шиг, эргэж урсахгүй ус шиг хүн. Тийм мөртлөө амтаар дүрслэхэд кофейн шиг гашуун аж.

Кафе нам гүмхэн. Кино эхлэх цаг болсон тул үзэгчид тус тусын ширээндээ тухалж суугаад проектор асахыг хүлээнэ. Рина үе үехэн Минжонд харц шидлэх бөгөөд түүний намирсан улаан үс урсгал усны долгио мэт гоёмсогоор духыг нь халхалж унжаад тэндээс нь хэдэн ширхэг хялгас сормуус дээр нь тогтохыг ажиглав. Яагаад ч юм энгийн энэ төрх эгэлгүй үзэсгэлэнтэй аж. Лавшруулбал түүний бор нүд цайвар арьсан дээрээ тун чиг тунгалаг гэрэлтээд шонтгор хамарных нь үзүүрт тогтсон хэдэн бурзайсан хөлс улаа бутрах хацартай нь хачин дотно харагдана.

Дотно ...

Дотно гэдэг үг утгын хувьд дулаахан гэхтэй төстэй төдий. Өөрөөр бол ойролцоо. Тийм авч энэ хоромд арай өөр. Минжон Ринад жавар хурсан өвлийн жихүүн жиндүүн салхи шиг харагддаг тийм хүйтэн боловч өнөө өөрийгөө түүнээс олж харсан нь дотно санагдсан аж. Юу гэмээр юм дээ, Минжон төгс төгөлдөр авч бусдын л адил хөлөрдөг, бээрдэг эгэл хүн. Рина түүнийг дагина мэт бодож бусдаас онцгойруулдаг нь л ийм энгийн хэр нь ойлгомжтой зүйлд хүртэл ташууран дурлуулж буй.

Минжоны анхаарал бүрэн дүүрэн гагцхүү нүдэнд нь тусах 1970-аад оны кино руу явж оржээ. Кино тийм гайхаж дурлам сайхан түүхтэй байсан уу гэвэл үгүй. Тэнд зөвхөн 1973 оны Польшийн аж амьдрал гарч байсан. Илүү тодруулбал ямар нэгэн " -изм " төгсгөлтэй үзэл суртлууд аж. Идеализм, рацианализм болон эмпирицизм гэх мэт. Ринад эдгээр шинжлэх ухааны үзэл суртлууд сонин биш ч тэр амьдрал дээрх бүх зүйлд физик хариулж чадна гэж боддог.

Аан! тэдний хамгийн том ялгаа бол энэ байж шүү дээ. Нэг нь физикт дурласан гэрэл зурагчин харин нөгөө нь хийсвэрлэлд дурласан уран зураач. Тэдний маргаан ч үүнээс үүдэлтэй тул энэ хоромд хамт буй шалтгаан бол энэ гэдгийг дахин дурдая.

" Физик бүх оршихуйд хариулт өгч чадахгүй. Энэ нь чи ямар нэг зүйлийг ойлгохын тулд ямар нэг зүйлээс шалтгаан хайх хэрэггүй гэсэн үг. "

KirīṭaWhere stories live. Discover now