1. Наян зургаа, Арван зургаа

950 78 10
                                        

Сынчол цагаан модон хаалгыг зөөлхөн нээж ороод, нам гүмхэн өрөөн дундуур удаан алхалж, таяг, хөлийн чимээгээ хослуулан инээмсэглэсээр Жонханы хэвтэх орны өмнө очно. Нимгэхэн шаргал хөшигний цаанаас жаргах нарны шаргал туяа цухуйж, нам гүмхэн намрын үдэш айлчилж байв. Зовхийг нь тойрон хэчнээн үрчлээ суусан ч од мэт гэрэлтэх нүдээрээ Жонхан түүн рүү ширтэнэ.

- Нааш ир Бүдэгхэн хийгээд сул дуугаар Жонхан түүнийг дуудах бөгөөд Сынчол орны хөл хэсэгт хүрэн таягаа түшүүлэн орхиод сандал татан суулаа.

Сүүлийн 1 сар Жонхан энэ орноос өндийгөөгүй шахам бөгөөд, тэгсэн ч Сынчолийг хармагцаа багахан ч болов өндийн гараа сунгав. Нэгнээ ширтэн инээмсэглэсээр гараасаа атгалцах тэд хэчнээн удаан уулзаагүй аятай аз жаргалаар бялхана.

- Би өчигдөр зүүдэлсэн.

Жонхан ийн хэлээд инээмсэглэхэд нүдэнд нь дулаахан оч ахин дахин гялалзаж, Сынчолийн гарыг хоёр гараараа чангалан атгах ажээ.

- Юуны тухай? Хэмээн Сынчол асуугаад бууралтаж цайсан үсийг нь нүүрнийх нь арагш илбэл Жонхан нүдээ хэсэгхэн аньсаар

- Бидний тухай. Яагаа вэ, анх чи манай ангийн үүдэнд мөргөлдчихөөд над руу айхтар муухай харж байсан даа? Тэр өдөр яг өнөөдөр шиг ийм дулаахан намар байж билээ...

****

Намрын өглөө, навчис улаан, шар, ногоон өнгөөр алгалан хагдарч, өвөл хаяанд ирснийг илтгэх мэт хүйтэн салхи үе үе сэвэлзэх үеэр 16 настай Сынчол шинэ сургуулийнхаа хаалгаар алхан оров. Ээж аав нь салж, том хот руу ээжийнхээ хамтаар нүүх болсон түүнд Сөүл гэх энэ их хөлийн газар одоо ч дасал болохгүй хэвээр.

Хичээлийн улирал дуусахад гуравхан сар дутуу байхад сургууль шилжинэ гэдэг тийм ч амар хэрэг биш байлаа.

Өсөж төрсөн гэр, найзууд, дурсамж бүхнээ орхин ирсэн түүний хувьд бүх зүйл дургүй хүргэм хийгээд үзэн ядмаар. Хүн ихтэй автобус, бүхэл шөнөжин архи уугаад хичээл эхлэх цагаар гудамжинд унтаж байх хүмүүс, зүгээр алхуулчхалгүй элдэв юм ярих шашны ухуулагчид гээд л... Дээрээс нь ... Хөмсгөө байдгаар нь зангидаж, дүрэмт хувцсаа хайш яаш өмсөн тэрээр зөвхөн хөвгүүд сурдаг сургуулийн эмх замбараагүй, шуугиантай хонгилоор алхсаар өнөөдөр гэх өдрөөс эхлэн элсэн орох ангийнхаа үүдэнд дөнгөж иртэл бор шаргал модон хаалга гэнэтхэн өөдөөс нь нээгдэж, хамаг хоолойгоороо хашхирсан хөвгүүн түүний духыг янгинатал мөргөн орж ирэх ажээ.

WEWhere stories live. Discover now