Юм гэдэг хоёр талтай. Аль талаас харах нь л чухал юм шиг. Гэхдээ хосуудын харилцаанд зөвхөн нэг талыг л бариад байвал энэ буруу. Энэ харилцаанд хоёр хүн байдаг байхад чи зөвхөн өөрийгөө гэж амиа хичээж байвал эцэс сүүлд нь та хоёрын "хайр" хөрөөд л дуусна.

"Н...Нээрээ юу?"

Түүнийг ийн асуухад би толгой дохин өвөр дээр суугаад цээжийг нь налав. Гүнзгий амьсгаа авахдаа түүний амьсгалахыг ч бас мэдрэхэд туйлын таатай санагдана.

Заримдаа яг л цээжинд нь багтаж ороод энэ оршихуйн дотор үүрд амьдрахыг хүсдэг.

"Зүгээр л урам хугарсан хэрэг."

Би амандаа бувтнахад тэр намайг өөртөө бүр наан хацар дээр минь үнслээ.

Инээдтэй хэрнээ сэтгэл хөдөлгөм биш гэж үү? Эмэгтэй хүн хайртай залуугийнхаа ганцхан үнсэлт, тэврэлтэнд л бүх зүйлээ мартаад уучлахад бэлэн байгаа нь...

"Уучлаарай..."

"Зүгээр дээ. Таны талаас ч бас бодоод үзэх хэрэгтэй юм байна. Солхёнд ямар нэгэн зүйл болсон бол яах болж байна аа? Та тусалсан чинь сайн зүйл. Гэхдээ заримдаа зүгээр л ирэхгүй, боломжгүй гэдгээ залгаад хэлчих хэрэгтэй байдаг юм. Би таныг хүлээх болохоор... Ирнэ гэсэн л бол итгээд хүлээх болохоор та намайг заавал санах хэрэгтэй."

Би үгээ дуусгачхаад түүний гараас атгавал тэр инээмсэглэнэ.

Уучилсан нь дээр. Түүний ер бусын эгдүүтэй төрхийг харах тохиолдол ховор байхад би өнөөдөр хайр найргүй эгдүүрэл дунд живсэн болохоор үүнийг нь бодоод уучилж байна.

"Тэгвэл би одоо чамайг үнсэж болно биз дээ? Дахиад өсвөр насны охинд дураараа ойртлоо гэх юм биш биз?"

Тэр үсийг минь илсээр инээд алдан ойртоход би ч бас даган инээсээр толгой дохив. Гэхдээ түрүүн хацар дээр үнсчихсэн юм байж... Хүн шоолох дуртайг нь яана!

Түүний зөөлхөн уруул миний уруултай нийлэхэд би гараа дээш өргөн хацарт нь алгаа хүргэн улам ойртов.

Шоколадтай бялуунаас илүү амтлаг үнсэлт гэвэл зөвхөн түүнийх л байх...

"Нээрээ би өчигдөр танд гомдоод иртэл ээж надад нэг юм хэлсэн."

Би амьсгаадан байж ийн хэлэхэд тэр намайг үргэлжлүүл гэсэн аятай харав.

Өчигдрийн сэтгэл санааны байдал дээр тиймэрхүү зүйл сонсох таатай байгаагүй. Би яг ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэдээгүй л дээ.

ARE YOU LOST, BABY GIRL? [Completed]Where stories live. Discover now