Rainy Day

530 54 12
                                    

Олны нүд хэн нэгэн дээр тусна. Бүгд жиг жуг хийж, ам амандаа түүний талаар хуурч хөөрөн, шоглон инээлдэхийн зэрэгцээ хачин муухай ёозтой харц шидлэх нь чухамдаа юунаас болов?

Охины өвдөг давсан эмгэн банзал уу? Засч янзлаагүй удсан, үзүүр нь сүрэл аятай болсон өгзөг татах гил хар үс үү? Аль эсхүл арчилж тордоогүйгээс болж гандаж хатсан түүний цагаахан нүүр үү? Эсхүл бүр номоо энгэртээ таг тэвэрч, эв хавгүй алхах түүний арчаа алдах ноомой байдал ч байж болох юм. Үгүйсгэх арга алга. Тэр онцгүй харагдаж байлаа.

Сургуулийн коридороор мөрлүүлэн цохиулж алхсаар анги руугаа ороход нь өөрийн суудаг ширээн дээр нь ус ундаа асгаж, онцгүй сонин зүйлс эрээчин бичсэн байхыг олж үзэв. Охин ч бүр хэзээ язааны дассан болтой цүнхнээсээ салфетик гаргаж ирэн ширээгээ арчиж аваад суух гэтэл арынх нь дэггүй хүүхэд сандлаас нь татаж, охин аргагүй эрхэнд пад хийтэл унаад өгөх нь тэр. Түүнийг босгоод өгөх хүн нэгээхэн ч үгүй, харин ч бүр хэдэн талаас нь шоолж инээлдэн, азгүй амьтан гэх зэргээр хараах аж. Ямар гээч өр өвдөм зураглал вэ.

Охин шилээ нэг дээшлүүлж аваад сандлаа татан суулаа. Түүний урдаа барьдаг ганцхан эд нь эрдмээр дүүрсэн толгой нь л аж. Сурлага л өндрөөс биш өөр аваад байх эдгүй юмсанж.

Тэр бодлогоо бодож дууссан гэж санаад дэвтрээ барин босч алхахад нь нэгэн хөвгүүн хөлөөрөө унагаахад анги даяар нир хийтэл инээлдэх нь тэр.

"И Юн Буг! Яаж байгаа чинь энэ вэ? Алив, түүнийг босго"

Багш хүүхэн түүнийг дэгээдсэн жаалыг зандрахад хүү: "Та надад хэлээд байна уу? Би түүнд хүрч чадахгүй ээ, миний хөлд хүрч унасан нь их юм" хэмээн хээгүй нэг хэлээд орхив.

Охин газраас босч урт банзлаа нэг гөвөөд багшдаа очин дэвтрээ шалгууллаа.

Ингэс хийгээд л олны доог, өдрийн онигоо болсоор хичээлээ дуусгахад гадаа бороо шивэрч байлаа. Аль өглөө л бүрхэг байсан сан, энэ тэнгэр. Ри Жин сургуулийн хаалгыг түлхэн гарч хэсэг азнав. Хэдэн охид хажуугаар нь зөрөхдөө бас л зүгээр өнгөрсөнгүй, өрөөсөн гараараа түлхэхэд Ри Жин сочин тогтсон борооны ус руу унах нь тэр. Хувцас хунар нь юу ч үгүй шавар шавхайтай хутгалдан, мань хүн ч бүр хүн дүрсээ байсан амьтан автобусны буудал руу алхлаа.

Автобус хүлээн зогсох зуурт бороо ч улам ширүүсэн, шалба норж орхисон Ри Жин арай ядан автобусанд орж суухад шал хийх чимээ хүртэл гарч байв. Тэр их л хол зам туулав гэнэ. Эцсийн буудал дээр ирэхэд бүр хотын захад, эгээ хээр газарт ирж буулаа. Бас болоогүй, тэрүүгээр эгнэх гарын таван хуруунд багтахаар хэдхэн байшин дундуур маш удаан бороонд явсаар хамгийн цаад талын хоёр давхар эртний байрын бор байшин руу явж оров. Хаалганы хажуу дахь саванд байх шүхрээ харан орхиж гарсандаа өөрийгөө хараан байж, бүр эцэс сүүлд нь түүний нүднээс том том нулимс бөнжигнөн урсах аж.

In Your HeartWhere stories live. Discover now