Хаан суудлаасаа босон алхсаар хөгжимчдийн сууж байсан хэсэгт очин суугаад ятга хөгжмийг барин суув. Хааныг хөгжим тоглож байхыг, ер нь хөгжимд хүрч байхыг хэзээ ч харж байгаагүй, энэ талаар ч цуу яриа сонсож байгаагүй тул нэлээд цочирдсоноо нуухгүй.

"Т-Та тоглох гэж үү?" хэмээн асуухад

Хаан "Тийм ээ, чи зүгээр л сэтгэлийг минь сэргэтэл уран яруу бүжгээ үзүүлээч" хэмээн хэлээд намуухан зөөлнөөр аялгуу эхлэв.

Гэвч түүний аялгуу хэзээ ч хаана ч сонсож байгаагүй хамгийн гунигтай, нэг л сонин сэтгэл хөндүүрлэм аялгуу байсан юм.

Уг аялгуунд хэрхэн бүжихээ мэдэхгүй түүн рүү ширтэн зогсох зуур, Хаан "Яасан бэ? бүжиглэхгүй хэрэг үү? миний аялгуу чамд гологдож байна уу?" хэмээн асуулаа.

Би "Яалаа гэж дээ дээдсээ" хэмээн хэлээд яг л сонсогдож байгаа аялгуу шигээ гунигтай бөгөөд сэтгэл хөдлөл дүүрэн бүжгийг би ч бас сэтгэл зүрхэндээ энэлэн шаналан бүжиглэж байв.

Хааны энэ их гуниг юунаас болж байгааг мэдэх тул түүний тоглох аялгуу эгшиг бүр сэтгэлийг минь өвдөхөд хүргэнэ.

Энэ л аялгуун дээр бүжих бүжиг минь сэтгэлийн минь гүнд хадгалагдан үлдсэн тэр гунигт өдрийн мэдрэмж юм.

Амьгүй бяцхан хүүхэд рүүгээ ширтэж байсан хааны харц, энэ хорвоод хамтдаа жаргаж чадаагүй ч тэнгэрийн оронд хамт байгаа бага хатан болон ханхүү. . .

Энэ бүх бодлууд дунд хааны аялгуу ч дуусаж, миний бүжиг ч түүний тоглох сүүлийн аязтай хамт дуусав. Бүжиг дуусахад нүдэнд минь хурсан нулимс хацрыг минь даган урсахад нүдийг халхлах багын доод хэсэгт очин уусан алга болно.

Аялгуу тоглох зуураа бүжгийг минь нүд салгахгүй ширтсэн хааны нүд байдгаараа улайн, уйлаагүй хэдий ч нулимс хурсан мэт харагдана.

Бүжиг минь дууссан ч хаан нүд салгахгүй ширтсэн хэвээр, хэрхэн ямар хариу үзүүлэхээ мэдэхгүй зогсож байтал. . .

Хаан "Чиний бүжиг бүр уран зураг мэт. Өөр өөр зураглал агуулах үзэсгэлэнт зураг мэт байдаг. Гэхдээ энэ бүжиг чинь сэтгэлд минь хамгийн гүн гүнзгий үлдлээ. Учир нь чиний хөдөлгөөн бүр сэтгэлийн минь утсыг хөндсөн. Яг л сэтгэл дотор минь байгаа уйтгар гуниг нүдний минь өмнө ил гаран харагдах мэт боллоо. Чамайг энэ зүйлд яаж ийм сайныг мэдэхгүй ч би чамайг ихэд хүндэтгэж байна. Баярлалаа. . . сайхан бүжиг байлаа" гэж хэлээд эргээд хоол, сархад өрж тавьсан ширээний ард очин суулаа.

/Дууссан/ 🌺Хааныг дурлуулсан дууч эм🌺Where stories live. Discover now