12. Хатан эхийн хориг

Start from the beginning
                                    

=======================

Хааны ордон. Их хатны өргөө.

Яарч байгаа хэдий ч ордон дотор гүйх хориотой тул хэрдээ л хурдан алхсаар өргөөндөө ирлээ.

Дотор орохын өмнө өөрийгөө тайвшруулан хэдхэн хором саатаад дохио өгөхөд "Их хатан ирлээ" хэмээн дотор байгаа хатан эхэд мэдэгдэв.

"Оруул" гэх ганцхан үг сонсогдох хэдий ч энэ ганц үгээс л түүнийг ямар уур хилэнтэй байгааг мэдэрч болохоор байлаа.

Түүний хоолойн өнгө тэс өөр сонсогдсон юм.

Юу болсон тухай тааж ядан сандарч байгаа хэдий ч ямар ч байсан нийслэлийн бүтээн босголт шинэчлэлт хийх ажилд оролцох эрхийг хатан эх өөрөө өгсөн болохоор гайгүй байлгүй дээ гэсэн багахан итгэл тээсээр дотор орлоо.

"Амгаланг айлтгая" хэмээн мэнд мэдэн бөхийхөд хатан эх үг дуугүй шууд л босоод ирлээ.

Түүнийг ширтэн зогсож байх над руу ямар ч эргэлзээгүй алхаж ирэн, үг хэлж амжаагүй байхад минь түүний гар тас хийтэл дуугарган хацар дээр минь буулаа.

Тэр үнэхээр их уурласан байгаа шигээ, яг л тэр уур хилэнгээ мэдрүүлэв үү? гэмээр маш хүчтэй цохисон юм. Хацар минь хорсож, бас халуу дүүгэж байлаа. Гэнэтийн бөгөөд дэндүү хүчтэй цохисон энэ цохилтоос болж толгой хүртэл манараад ирэх шиг. Ямар ч хяналт байхгүй нүдэнд нулимс хурж орхив.

Ийм зүйл дээр уйлж болохгүй юмсан. . . .Гэтэл зүгээр л өвдсөндөө ч тэр үү, нулимс минь өөрөө л гараад ирэх нь тэр.

Түүнээс энэ байдлаа нуух гэсэндээ харц буруулан доош ширтэхэд хатан эхийн ууртай амьсгал яг урд минь тодоос тод сонсогдоно.

Хүнд бөгөөд хүчтэй амьсгалах тэрээр "Муу арчаагүй эм! их хатныхаа үүргийг ч биелүүлж чадахгүй юм байж шөнө орой ордноос гарч тэнэнэ гэнэ ээ? чамаас болж хаан удмын нэр хүнд шалдаа буугаад байна" хэмээн чанга биш боловч үнэхээр заналтай гэмээр үгээ зуурсаар хачин хэлсэн юм.

Юу болоод байгааг ойлгоогүй болохоор "Нийслэлийн хөгжил хариуцаж байгаа ажлаар би танаас зөвшөөрөл авсан шүү дээ. Сэтгэлийг тань чилээх юу болсон билээ?" хэмээн лавлан асуухад

Хатан эх "Нийслэлийн хөгжил гэнэ шүү, эр нөхрөө өвөртөө оруулж чадахгүй арчаагүй эм энэ улсыг хөгжүүлэх хэрэг үү? Хатан чамайг хаан эзний тааллыг хүлээж чадахгүй байгааг би мэднэ. Гэвч чамайг хичээгээд өөрөө болгож чадах байх гэж хүлээсээр байтал бүх зүйл буруугаар эргэчихлээ. Хааны таалалд нийцээгүйг чинь энэ улс мэдэх нь битгий хэл хөрш улсын язгууртан ноён сархад зооглохдоо амны зугаа болгон ярьж байна гэнэ" хэмээлээ.

/Дууссан/ 🌺Хааныг дурлуулсан дууч эм🌺Where stories live. Discover now