Heartfelt farewell letter

886 120 37
                                    

Сайн байцгаана уу? Маш удаан хугацаанд өгүүллэг бичиж, шинэ хэсэг оруулсангүй ээ. Энэ хугацаанд үргэлж хүлээж, хуучин өгүүллэгүүдийг маань давтан уншиж, эргээд идэвхтэй болно гэж найдан харж байсан бүх хөөрхөн уншигчдадаа юун түрүүнд талархаж буйгаа хамгийн ихээр илэрхийлмээр байна. Миний чадан ядан бичсэн алдаатай, эргээд уншихад ичмээр ч санагддаг энэ бүх өгүүллэгүүдийг маань хайрлаж, дараачийн өгүүллэгт нь найдлага тавин хүлээсээр ирсэнд маш их баярлалаа. Гэхдээ энэ удаад Жэсс нь өгүүллэг эргэж бичих талаар биш харин ч фэнфик орон зайгаа энд нь үлдээн албан ёсоор фэнфик дахин бичихээ больж буйгаа мэдэгдэхээр ирсэн юм аа.

Толгой дотор маш их бодол эргэлдэж байгаа ч үг бүрчлэн буулгахын оронд маш цэгцтэйгээр баяртай гэж хэлмээр байна.

6 жилийн турш монголын фэнфик орон зайд өөрийнхөө жижигхэн байшинг тоосго тоосгоор нь барьчихжээ. Mystical-аас эхэлсэн энэ бүх адал явдал намайг өөрийн гэсэн жижигхэн бүлгэмийг үүсгэж, намайг бусдад өөрийн хийдэг зүйлээрээ хайрлагдаж, үнэлэгдэж, хүндлүүлэх шалтгаан болтлоо урагш хөтөлсөөн. Маш идэвхтэй бичдэг байсан өдрүүдээ тодоос тод санаж байна. Яагаад тэгж бичиж чадахаа больчихсоноо анх их гайхдаг байсан. Идэвхгүй болсон үе маань 2018 оны намар. Анх гадаадад ирээд сурахаас гадна бүх амьдралаа өөрийн мэдлээр зохицуулж эхэлсэн нь надад олдох завыг багасгаж, санаа тавих ёстой өөр зүйлсийн тоог нэмсэн болоод хоббиндоо цаг гаргах нь цөөрсөн юм байна лээ. Намайг сайн мэддэг нь 2018 оноос хойш ер нь л идэвх буурсныг мэддэг байх. Амьдралынхаа олон чухал мөчлөг дунд ваттпадтай цуг байсан. Гэхдээ гадаадад сураад төгсөхөд л бүх зүйл дуусчихгүй дахиад монголдоо ирээд ажилд ороход надад үнэхээр ямар ч цаг гараагүй. Амьдрал намайг өөрт нь өөрөөр хандахыг шаардаж эхэлсэн цагаас миний анхааралд ваттпад чухал санагдахаа больсон байж мэднэ.

Яг юу гэх гээд байгааг минь магадгүй та нар маань 2 жилийн дараа эсвэл ажилд ороод, бүр эсвэл амьдралд бие даахын шаардлагыг өөртөө мэдэрдэг болсон цагтаа илүүтэй ойлгох байх. Ингээд би дахиад л амьдралынхаа шинэ мөчлөгт шилжиж яг одоо Австралид ирээд 5 сар болж байна. Бас л намайг ойр мэддэг нэг нь гадагшаа дахиад явсныг анзаарсан байх.

Ингээд яг одоо өдөр болгон ажиллаж, амрах цагтаа унтахыг л илүүд үздэг тийм нэг хүндхэн үе дээрээ байгаа болохоор ваттпад дээр дахин хэн нэгэнд найдвар төрүүлэн хүлээлгэхгүйн тулд, одоо цаг нь болсон гэж өөртөө итгэж байгаа учир фэнфик дахиж бичихгүйгээр энэ хүрээд дуусаж буйгаа мэдэгдэх гэсэн юм.

6 жилийн хугацаанд миний амьдралын нэгэн дурсамжтай хэсэг байсан бүхэнд талархаж байна. Яг одоо бичсэн өгүүллэгүүдээ харахад үнэхээр л жоохон байж дээ гээд толгой сэгсэрмээр санагддаг. Ихэнх бичвэр маань алдаатай, утга зүйн асуудал ихтэй, амьдралд дэндүү хөнгөнөөр хандсан, ухамсартайгаар бодоход яасан ч хүлээн зөвшөөрөгдөхгүй, бичигдсэн байдлыг нь хараад л ичих мэдрэмж төрмөөр. Тийм болохоор зарим нэг өгүүллэгүүдээ өөрийн сонголтоор unpublish хийх гэж байгаа. Яг яагаад, ямар үндэслэлээр гэж тайлбарлах шаардлага байхгүй гэж бодож байна. Хатуухан сонсогдож магадгүй ч миний бичсэн бичвэр, миний өөрийн сонголт учир энэ бүхнийг зөвөөр хүлээж аваасай гэж хүсэж байна. Хаяг маань устгагдахгүй учраас бүх бичвэр алга болохгүй. Харин хаягаа ингээд үлдээх учир үлдэж байгаа бичвэрүүд маань утга учиртай байгаасай л гэж хүссэн юм.

Нөгөө талаас фэнфикээ больж байна гэдэг юу ч бичихээ болино гэсэн үг биш. Өөрийн хувийн хаяг болох Lununnie  дээр хэзээ нэгэн цагт ямарваа нэгэн бичвэр гэнэтийн байдлаар оруулж мэднэ гээд үлдээж байгаа. OnCloud9_ миний childhood fantasy байсан бол lununnie миний grown-up thoughts юм.

К-поп одоо ер нь надад нэг их сонин ч байхаа больчихжээ. Нас нэмээд ингэдэг юм болов уу? Эрэгтэй аядол хараад дурлах биш аан л гэж бодоод өнгөрдөг, шинэ концепт хараад мм л гэж үзээд дуусдаг болсон байна. Тийм болохоор фэнфик ч бичнэ гэж бодохоор сонирхол ч дагаад алга болчхож.

Энэ нийтлэл маань OnCloud9_ хаяг дээрх миний хамгийн сүүлчийн нийтлэл болж байна. Гэхдээ Жэсс нь усанд хаясан чулуу шиг алга болчихгүй болохоор сошиал хаягууд дээрээ амьд мэнд байна аа :) Хэрвээ чамд үнэхээр ярилцах хэн ч олдохгүй байгаа бол хэзээ ч хамаагүй, дотор чинь байгаа юуг ч хамаагүй дэлгээд над руу бичиж болно шүү. Чамайг сонсож өгөх нь надад энэ 6 жилд ваттпадаас олж авсан хамгийн чухал зүйл "миний ертөнцийг уншигч" гэж сануулна. Тиймээс энэ бүх хугацаанд намайг уншсан нэгний хэцүү өдрийг, хэцүү бодлыг, хэцүү мэдрэмжийг би өөрөө энэ бүхний дараа шийдэл хайх гэж биш зүгээр л доторхыг нь онгойлгон сонсож өгөхөөс татгалзахгүй ээ.

Өнгөрсөнд хамтдаа байсан, фэнфикүүдийг маань алгасалгүй уншдаг байсан тэдгээр хөөрхөн уншигчдадаа баярлалаа гэдгээ дахин хэлээд хамгийн сүүлчийн үгээ баяртай болгон дуусгая. Бүгдээрээ илүү жаргалтайгаар амьдарч, амьдрал ч та бүхэнд илүү олон боломжийн үүдийг дэлгэнэ гэж найдъя.

Love you from the bottom of my heart. Sending my heartfelt farewell to all of my dear readers.

-Jess (aka Jessterlit) from the one and only OnCloud9_ team

आप प्रकाशित भागों के अंत तक पहुँच चुके हैं।

⏰ पिछला अद्यतन: Feb 28, 2023 ⏰

नए भागों की सूचना पाने के लिए इस कहानी को अपनी लाइब्रेरी में जोड़ें!

✨JESSTERLIT✨जहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें