Эх үрийн холбоо

475 9 0

Нэгдүгээр бүлэг - Эх үрийн холбоо [1]

Үхлийн тухай олон бодол бий. Энэ бодлуудаас хүмүүс айдсийг мэдэрч бүхэл зүйлийн төгсгөл гэнэ. Гэхдээ хатаж гандсан навчисан дороос шинээр өвс дэлгэрэхтэй адил үхэл аливаа зүйлийн эхлэл болдгийг санах хэрэгтэй.
"Бидний ертөнцтэй олон ертөнцүүд зэрэгцэн оршдгыг бид хараахан мэдэхгүй. Хэрэв ээж минь зуурдаар өнгөрөөгүй бол би энэ тухай мэдэх ч үгүй байсан. Намайг ээжийгээ зуурдаар алдсан тухай эрээ цээргүй ингэж ярьж байгааг сонссон хэн гуай ч гайхах биз. Гэхдээ ээжтэйгээ би дахин уулзана гэж хэн санахав?"
Энэ түүх ээжийгээ алдсан дөрвөн настай хүүгээр эхэлдэг. Булбарай хацартай, толигор зөөлхөн арьстай, бор үстэй хүүгийн хар нүдэнд гуниг хуржээ. Хүүг Баяр гэдэг. Ээжийгээ дуурайсан том хар нүд, аавыгаа дуурайсан цэвэрхэн шар арьс, цайлган сэтгэлтэй.
Баярын ээж мөнх бусыг үзүүлсэнээс хойш тэрээр аав эгч хоёртойгоо амьдрах болсон. Өдөр бүр сэтгэлийг нь усалдаг ээж нь үгүй учир хүүгийн дотор сэтгэл ширгэж хатсан нуурыг санагдуулам. Бараан үүл тэнгэрийн бүрхэн авч, гэрэлт наранг залгин авсантай адил хүүгийн хувьд амьдрал харанхуй бүрийгээр дүүрлээ.
Яг энэ үед эхнэрээ алдсан Баярын аав Отгонбаярт сэтгэл сэмрэм хэцүү байна. Тэрээр хоёр хүүхдээ өсгөх чухал хариуцлагатай ажлыг ганцаар үүрнэ. Отгонбаяр сайн сайхан амьдралаар хоёр хүүхдээ өсгөхийн тулд ажилдаа улам шамдан орох болов. Харамсалтай нь археологич учраас Отгонбаярын орлого гэр бүлийн амьдралд хангалттай хүрэлцэхгүй.
Монгол Улсын нийт түвшинд хийгддэг малтлагийн ажлын санхүүжилт муугаас Баярын аав Отгонбаяр заримдаа хэдэн сараар ч цалингаа авахгүй ажиллана. Сарын хагаст Өмнөговь аймагт эртний чулуужсан модны үлдэгдэл, үлэг гүрвэлийн чулуужсан ясыг эрэн хайж, сарын сүүлд Улаанбаатарын лабораторид олсон малтлагын дээжүүдээ судлана.
Эхнэр нь амьд ахуйд Отгонбаяр санаа зоволтгүй хөдөө эрэл хайгуул, малтлагын ажилдаа шамдан ордог байсан бол одоо тэрбээр хоёр хүүхдээ ахындаа орхин явдаг болов.
Хүүхдүүдийн хувьд төрж өссөн гэр биш учраас тав тухгүй л байлгүй яахав. Ээжийгээ алдсанаас хойш Баярын эгч Гэрэл ихэд ухаан сууж хэрсүүжинэ. Хар нүдтэй, боргол үстэй эгдүүтэй хөөрхөн хацартай Гэрэл өдөр ирэх тусам ээжийнхээ тусгал уу? гэмээр ээжтэйгээ улам адил үзэсгэлэнтэй болном. Газар дээр ганц хамгаалах ёстой дүү Баяртаа эгч Гэрэл ээж шиг нь энэрэлтэй, аав шиг нь нөмөртэй байх боллоо.
-----
2015 оны 7 дугаар сар 28.
Тэнгэрт цагаан саран манджээ. Бүжингээ тэнгэрээс харах туулай мэт дүрс саранд сийлээстэй. Өдөр шиг гэгээтэй энэ шөнө далайн давалгаа мэт үүлс тодхон харагдана. Зуны урь ялимгүй гарч шөнийн сэрүү татжээ. Моддын ногоон навчис хүрээлсэн хорооллын цэцэрлэгийн урд есөн давхар цагаан байр байна. Долоон давхарын гурван өрөө байранд Отгонбаяр ажлаасаа ирэн хүүхдүүдтэйгээ хамт байх авч, бүх зүйл өнгөрсөн шигээ аз жаргалтай, дулаан уур амьсгалтай биш ажээ. Отгонбаяр туранхайвтар хав хар үс, цагаан царайтай хүн байлаа. Түүний сахал урган сөрдийж, нүдэн доор хөх туяа татжээ.
Гэрээр дүүрэн хиншүү үнэртэж байв. Учир нь Отгонбаяр хүүхдүүддээ хийж өгч байсан цуйван саван доороо наалдан, түлэгджээ. Хэдийгээр түлэнхий хоол хийсэн ч гэлээ хүүхдүүд хоолоо гололгүй түлэгдсэн амттай цуйвангаа инээмсэглэн иднэ.
"За хүүхдүүдээ, одоо орондоо орцгоогоорой." Отгонбаяр эелдэг зөөлхөн дуугаар хүүхдүүддээ хэллээ. Түүний хоолойг сонссон хэн ч хүүхдүүдээ гэсэн хайрыг мэдрэнэ.
"За ааваа." Гэрэл эгч Баярыг дагуулан шүдээ угаахаар явлаа.
Хүүхдүүд шүдээ угаацгаагаад, орондоо орохоор зэхлээ. "Миний дүү эгч нь аяга тавгаа угаачихья. Чи харин дэрний даавуугаа солиорой. Аавын өрөөний шүүгээнд байгаа шүү."
"Тэгье аниа." Баяр цагаахан шүдээ ярзайлган хэллээ.
Баяр ээж аавынхаа өмнө хамт унтдаг байсан унтлагын өрөөнд орвол, Отгонбаярын судалгааний ширээн дээр нэгэн шилэнд хавчуулааста хуучирч эмтэрсэн цаасны хэлтэрхий байв.
Баяр судалгааний ширээг дөнгөж зөрөн шүүгээ уруу ойртвол цаасны хэлтэрхий алтлаг өнгөөр туяа цацруулна. Мэдээж Баярын өндөр шүүгээнээс хол хэтрэхгүй учраас Баяр гэрэлтэж буй цаасны хэлтэрхийг харж чадахгүй.
Баяр шүүгээг онгойлгон дэрний даавуу авах гэж байтал түүний баруун чихэнд нэгэн хөгшин эр, "Баяраа." гэж шивэгнэнэ.
Баярын бүх шар үс сөрдийж босвол өдгүй тахианы арьс шиг харагдана.
"Хэн бэ?" Баяр гайхан, эргэн тойрноо ажвал хэн ч алга. Түүний хажууд, өрөөнд хэн ч байхгүй. Гэтэл хаанаас хэн гуай намайг дуудав гэж сониучирхана.
Баяр одоо дөрөвхөн настай учраас айлгүй яахав. Жижигхэн гараараа хамаг хурдаараа дэрний хоёр уут шүүрч аваад өрөөнөөс гарлаа.
-----
Цонхоор сарны тусгал туссан хүүхдийн чимэглэлтэй өрөөнд Баяр эгчтэйгээ хамт унтах гэж орондоо орсон байна. Гэрэл эгч аль хэдийн бат бөх нойрондоо үлгэрийн орноор аялна. Харин Баяр ээжийгээ санан үгүйлж, орондоо хий дэмий санан бэтгэрч байлаа.
Дөрвөн настай хүүгийн булбарай хацраар нулимс урсан дэрийг норгоход түүний толгойд ээж нь яагаад өөрийг нь орхин явсан талаар олон бодол эргэлдэнэ. Баяр ээжийгээ бодон нүдээ анин уйлахтай зэрэгцэн тэргэл сар аль хэдийн тэнгэрт оройдоо манджээ. Түүний нүдэнд өөд нь байх том цонхоор орж ирсэн тэргэл сарны туяа тусахад Баяр хүү нүдээ нээв. Чив чимээгүй дуу чимээ гаргалгүй босоод цонх уруу алхлаа.
Баяр өрөөнийхөө цонхоор харвал хотын гудамж намуухан. Тэнгэрт түгэх одод анивчиж, их хотын гудамжны гэрлүүд үй түмэн гэрэлт цохууд мэт санагдана. Хотыг цонхоор хэсэг харж зогссоноо хүү эргээд орондоо орох гээд эргээд харлаа. Баярыг хамгийн ихээр нэг зүйл айлгаж, бас цочирдуулж орхив. Эргээд харсан хүү өөрийнх нь орон дээр хэн нэгэн хэвтээд унтаж байгааг харав.
Гайхах, айх зэрэгцэн юу болсныг ухаараагүй Баярын бүх бие нь хөнгөрч, зулай нь бадайран, дүүлэн нисч болохуйц эрх чөлөөтэй мэт санагдав.
"Юу бэ? Хэн бэ? " Баяр гайхаад сайтар ажвал үнэндээ орон дээр нь хэвтэх тэр хүн өөр хэн ч биш харин Баяр өөрөө байв.
Юуны учраас өөрийнх нь орон дээр өөрөө хэвтсээр байтал, энд бас зогсоод байгааг ойлгохгүй Баяр орлуугаа ойртов. Дотроо тэрбээр " Энэ зүүд л байх учиртай. Ийм сонин зүйл зүүдэнд л болдог шүү дээ!" гэж шивэгнэн хэллээ.
Тэрээр эгчийнхээ хажууд очин эгчийгээ сэрээх гэж оролдон орилох авч эгч сэрэхгүй. Эгчийгээ сэрээх гэж дахин дахин орилж, эгчдээ хүрэх гэтэл Баярын гар эгчийнхээ биеийг нэвтэлж гарав. Яг л хий үзэгдэл болсон мэт хагас тунгалаг өнгөтэй түүний гар эгчдээ хүрч чадахгүй биеийг нь нэвтэлсээр. Баяр юу болж байгааг ойлгохгүй айн, цочирдов. Өөрийнхөө биеийг дахин нэг харлаа. Хэрэв өөрийн биедээ буцаж хүрвэл эргээд орох юм шиг санагдав. Баяр гүнзгий амьсгаа аван тайвшраад.
Биедээ эргээд орох шийдвэр гаргах гэж байтал...
Гэнэт зурсхийн орох ганц бодол Баярын ирээдүйг оронгоор эргүүлсэн. Энэ бодол магад ертөнцийн түүхийн эргэлт, хувь тавилангийн алдаа байж магад. Баярын толгойнд орсон энэ бодол бол холын тэртээ явсан ээжийгээ хайх байв. Отгонбаяр Баярт "Миний хүү ээж нь ихээ хол явсан учраас эргэж ирж чадахгүй байгаа юм шүү дээ." гэж хэлсэн байжээ.
Баяр сүнсэн биеэрээ цонх уруу аажмаар дөхнө. Баяр цонхны өмнө нисч очоод их хотын туяарах гэрлүүдийг мөн оддоос анивчих гэрлүүдийг харна. "Ээж минь яг хаашаа явсан юм бол? Аав хэлэхдээ ээж минь маш хол явсан гэсэн. Яг хаашаа явсан юм бол?" Баяр хүү цонхоор төвөггүй нэвтэрч гарлаа. Хүүгийн сүнс өндөрт нисч байв. "Хаашаа явсан юм бол? Хаашаа явсан юм бол?" Баяр өөрийгөө нисч байгааг ч анзаарах сөхөөгүй амандаа бувтнасаар явна.
Улаанбаатараас эхлээд ээжийгээ хайж үзэхээр шийдлээ. Байшингуудийн цонхоор маш хурдтай нэвтэрч орон унтаж буй хүмүүсийг ажлаа. Баярын бие яг л үл хүрэм хагас тунгалаг бие учраас ямар ч хатуу биетээр саадгүй нэвтрэн гарч байв. Баяр ээжийгээ маш удаан хайв. Харамсалтай нь ээжийгээ хаанаас хайсан ч олж чадсангүй. Дөрөвхөн настай балчир Баяр аавынхаа хэлсэн "Ээж нь их хол явсан" гэдэг үгэнд бат итгэн, дахин ээжийгээ санасандаа ээжийгээ яг хаашаа явсан юм бол? гэж гайхан бодлогоширлоо...
"Аан хотод байхгүй юм байна!" гэж бодоод ээжийгээ хаана байж болох талаар эргэцүүлнэ...
Баяр ээжийгээ хаа байгааг олохгүйгээр барахгүй ээжийнхээ хаана байж болох талаар ганц ч таамаггүй. Тэгсэн хэр "Бүр холоо явсан юм болвуу?" хэмээн хотоос гаран ээжийгээ хайна. Дээшээ дүүлэн нислээ. Доошоо шумбан гулсав. Агаар исгэрүүлэх мэт орон зайг чөлөөтэй эзэгнэх Баяр хотын дээгүүр, уул толгодын хажуугаар хотоос гаран хамгаас хайрт ээжийгээ эрнэ.
Уул толгод тэргэл сарны гэрэлд уран зураг дээр л гардаг шиг үзэсгэлэнтэй харагдана. Богд уулаас доошоо горхи урсахад, урсаж буй горхины усан дээр тэргэл сарны тусгал усны давалгаанд бүжих мэт. Баярыг ээжийгээ эрэх энэ үед бүхий л ургамал, ан амьтад, хүмүүс цөмөөр гүн нойрондоо амран, элсэн хүний ертөнцөөр аялна.
Хэсэг газруудаар хайсан боловч ой модод, гол мөрний ай савын хаана ч ээжийгээ олж чадахгүй байв. Хүү аргаа баран ойн цоорхойн ногоон зүлгэн дээр дээш оддыг харан тэнийн хэвтлээ.
"Ааах." Гүнзгий амьсгаа аван санаашраад дээшээ тоо томшгүй олон оддыг сониучирхан харна.
Гэрэлт шөнийн анивчих одод ер бусын үзэсгэлэнтэй. Нуурын хөвөөн дээрх сая сая гэрэлт цохтой адил гайхамшигтай. Хүү нүдээ гүйлгэн од бүрийг сайтар ажив. Гэтэл хүүгийн нүд "Юу бэ?" гэлтэй томроод нэг зүйлийг нүд салгалгүй ширтлээ.
Холын тэртээ тэнгэрийн оддоос нэгэн од бусдаас содон санагджээ. Тэр од бусдаас онцгой анивчина. Илүү хурц, илүү тод, илүү хурдан анивчих тэр одыг хараад хүү "Арай ээж минь энэ одонд байгаа юм биш биз?" гэж санаад тэр одруу нислээ.
Бусад оддоос содон тэр од уруу ойртох аваас энэ од үнэндээ тэнгэрт байх од биш, харин агаарт байх томоо хаалга байгаа нь тодрон харагдана. Хаалга төмрөөр хийсэн гэлтэй, хаалганы хүрээ аль хэлээр бичигдсэн гэдэг нь мэдэгдэхгүй ягаан өнгөөр гэрэлтэх хээн бичээсээр хүрээлүүлсэн. Тэнгэрт хөөрөх хаалганы хажууханд ирвэл хаалганы үүд нээлттэй. Дотроос нь хүчтэй гэрэл цацран гарна. Хаалга уруу шагайж харвал өдөр болж буй цэлийсэн хот харагдлаа.
"Тэнгэрт яагаад хаалга байгаа юм бол? Яагаад хаалганы дотор өдөр болж байгаа юм бэ? Бас яагаад энэ тэнгэрт хот байдаг билээ?" маш олон асуулт хүүд гарч ирнэ. Хүү амьдралдаа хэзээ ч ийм сонин хачин зүйл харж байгаагүй. Магадгүй үүнийг өөр амьд хүн хэзээ ч харахгүй.

Энэ хаалга ээж уруу нь хүргэх хаалга мэт Баярт санагдлаа. Баяр хаалганы цаана яг ээж нь байгаа эсэхийг мэдэхгүй ч зориг гарган зөв сониндоо хөтлөгдөөд, тэр ертөнцөд хөл тавин орсноор бүх зүйл гэрэлтэй болов. Шинэхэн өдөр угтсан шинэ хот Баярын өмнө налайх нь энэ.
Эртний европ загварын шувуун нуруун дээвэртэй чулуун барилгууд, ягаан гэмээр өнгийн зам харагдлаа. Шинэхэн хотын эргэн тойрон сайхан ч юмуу гэсэн бодол Баярт төрөхөөс өмнөхөн Баярын өмнө амьдралдаа үнэрлэж байгаагүй хамгаас аймшигтай муухай өмхий үнэр хамар цоргиулна. Энэ юун үнэр бэ? гэж Баяр дотроо бодохын завдалгүй харцанд нь хүний нүүрний хэсэгт л байдаг нүд, хамар, чих тэр ч байтугай хүний амтай гудамж талбай, мөн хүний хэлээр хийсэн мэт зөөлхөн зам гудамж талбай тусав.
"Юууууу~? Байшин яагаад нүдтэй байгаа юм бэ? Бас зам алхахаар зөөлхөн байгаад байна? Байж байгаарай энэ хүний хэл байна шүү дээ!" Баяр уулга алдан, айх эсвэл гайхахаа үл мэдэн цочирдлоо. Мэдээж Баярын хувьд энэ бол зүүд. Гэхдээ үнэхээр үнэмшилтэй зүүд байна шүү. Хэрэв энэ жинхэнэ бодит байдал байсан бол Баяр үнэндээ айгаад зугтах байсан биз.
Өмхийрч ялзарсан махны үнэр ханхалсан тэрхүү гудамжинд хүмүүс холхилдох ажээ. Зарим хүмүүс хуучин социалист загварын хувцас өмссөн байв. Гэвч дийлэнхи хүмүүс эртний феодалийн үеийн хувцастай байх ажээ.
Хотын захаас хотын төврүү алхах жаалхүү хүн бүрийг ажина. "Энэ хүмүүсийн дунд ээж байгаа юм болвуу? Энэ хүмүүс бүгд уйтгар гунигтай байна. Ээж ч гэсэн аав эгч бид гуравгүй гунигтай байгаа юм байхдаа..." гэж Баяр гайхан, балчирхан оюундаа олон зүйлсийг тунгаан алхана. Дөрөвхөн настай хүү яг л аврага үлэмж биетнүүдийн дунд орсон мэт жижигхэн биетэй тул зөвхөн эгц дээшээ харан байж хүмүүсийн царайг харж байлаа. Хүүгийн нүдэнд зөрөн өнгөрөх олон хүн харагдавч энэ хүмүүсийн дунд хайртай ээж нь байхгүй ажээ.
Баяр яагаад энэ хүмүүсийн нүдэнд гуниг харуусал тодрон дүүрсэн нь хачирхалтай санагдаж байв. Харууслын утаа сүүмийлзүүлэх унтарч мөхсөн, дөлгүй харцууд хотоор нэг дүүрэн. Хүү нүдээ аниад, гүнзгий аваад дээшээ толгойгоо гижийлгэн орчин тойрноо мэдрэхийг хүслээ. Нарны дулаан илч хүүгийн нүүрэнд тусч, ялзарсан өмхий махны үнэх ханхалж, хөлд маш зөөлөн хийлсэн талбай дээр гишгэж байгаа мэт санагдана. Энэ газрын цаг агаар маш дулаан чийглэг байх бөгөөд хүү нүдээ нээхэд тэнгэр хөх биш улаан, үүлс нь цагаан биш хар байх юм. Хаана ирснээ мэдэхгүй Баяр ээжийгээ энэ газраас олохгүйгээ гадарлаж буцах гэж эргэж харах мөчид түүний сэтгэлд гүнээс гүн, дотноос дотно хоногшон дулаахан уянгалаг хоолойгоор "Баяраа миний хүү!" гэж дуудах сонсогдоно.
Эргээд хартал Баярын ээж үр зулзагаа үхэлд алдаад дахин амилсныг нь харж байгаа хүн шиг баярлан мишээж буй. Баярын ээж бол тунгалаг бор нүдтэй, бор үстэй, туранхай, өндөр, нүдэнд дулаахан эмэгтэй юм. Баярын ээж үрээ тосон тэврэх гэж доош суун, гараа тэнийлгэв. Харин хүү хайгаад олдохгүй байсан ээжрүүгээ бушуухан гүйн очиод тэврэн авахад өөрийн эрхгүй Баярын нүдэнд аз жаргалын оч дүрэлзэх нь энэ. Олон сар ээжтэйгээ уулзаагүй авч ээжийнх сайхан үнэр нь яг л хэвээрээ байх ажээ.
Ээж хүү хоёулангийн нүдэнд аз жаргалын оч бадарч инээмсэглэн баярлана. Энэ мэдрэмж бол хамгаас сайхан аз жаргалын амт юм.
"Миний хүү энд юу хийж байгаа юм бэ" гэж Баярын ээж нүдээ том болгон сониучирхан хүүгээсээ асууна.
"Таныг олчихлоо шүү" гэнэн цайлган хүүгийн баяртай аргаггүй хоолойгоор Баяр хэлэхэд Баярын ээжийн нүдэнд аз жаргалын нулимс цийлэгнэн харцнаас очир эрдэнэс мэт бөмбөрөн унана.
"Ээжээ та яагаад ийм хол явсан юм бэ? Та хүүхдүүддээ хайргүй юмуу?" Баяр уурсангуй асуулаа.
"Юу гэж дээ миний хүү, ээж нь яалаа гэж та хоёртоо дургүй болох юм бэ?" гэж Сарантуяа хэлэхдээ хоолой нь чичрэх мэт болжээ. Яг тэр мөчид ээжийнх нь халуун нулимс хүүгийн цамцанд дусан норгох нь энэ. Нүдэнд дулаахан, сайхан ээжийнхээ гуниг шингэсэн энэ нулимсыг харвал хүүгийн зүрх урагдах шиг хачин болов.
Баярын хөмсөг атиран ирээд "Ээжээ та битгий уйлаа. Таныг одоо олсон учраас дахиж төөрөхгүй!" ээждээ ууртай аргаггүй хэллээ.
Эх үр хоёр тэврэлдэж, бие биенээ санагалзсан сэтгэлээ дарав. Эргэн тойронд гудамжинд алхаж буй хүмүүс эх үр хоёрыг гайхан харж өнгөрцгөөнө. Олон хүмүүс ээж хүү хоёрыг дахин уулзсаныг хараад өөрийн эрхгүй мишээцгээнэ. Гэсэн ч нүднүүдэд нь хүйтэн, харууслын нэг очнууд байсан хэвээр. Үхсэн хүмүүс яаж таньдаг бүх хүмүүсээ Дэлхийд үлдээгээд энд амирлангуй байх билээ? Төрөл садан, хайрт хүмүүсээ Сарантуяа шиг мэдээж саналгүй яахав. Гудамжинд ээж хүү хоёрыг тойрсон сүнснүүдэд атаархах, баярлах, энэрэх олон цогц мэдрэмж төрнө.
Удалгүй Баярын ээж хүүгийнхээ гарнаас хөтлөн инээмсэглэсэн чигээрээ хэллээ.
"Миний хүү ээжийнхээ амьдарч байгаа газар очье, ээж нь хүүдээ амттай зүйл хийж өгөхүү?"
"Гоё доо, ээжээ та ёстой амттай хоол хийдэг. Аав дандаа хоолоо түлчихээд байдаг юм." танан цагаан шүдээ ярзайлган Баяр хүү хариулав.
"Аав нь хоол хийхдээ муу байсан одоо ч муу хэвээрээ байгаа юм уу?" гэж Сарантуяа шоолонгуй инээгээд бослоо.
"Нээрээ та хоёр минь амттай зүйл идээгүй удсан байх даа. Миний хүү эгч нь өвдөөгүй биз дээ?" санаа зовсон байдалтай чухал царайтай хүүгээсээ асуулаа.
"Аав~ амтгүй хоол хийдэг. Эгч өвдөөгүй ээ ээжээ." гэж нарийнхан хүүхдийн хоолойгоороо хариуллаа.
Ээж хүү хоёр ингээд хөтлөлцөөд алхлаа. Үл мэдэгдэх хотод байх аз жаргалтай ээж хүү хоёр ганцаар энэ хотод байгаа мэт. Гэхдээ Баяр хүүгийн нүдэнд амьдралдаа харж байгаагүй хачирхалтай зүйлс туслаа.
Зарим байшингуудийн цонх хүний нүд мэт анивчина. Нүдний алим лугаа хэлбэртэй цонхнуудын хүүхэн харааны дотор зарим хүмүүс цонхоороо харна. Эсвэл хүүхэн харааг цонхны хөшгөөр тагласан байлаа. Эдгээр цонхнууд амьд мэт нууцлаг хотоор алхах хүмүүсийг ширтэж, нүдээ ирмэх юм.
Мөн хананы зарим хэсэгт хаанаас ч юм мэдэгдэхгүй чих ургачихсан байлаа. Зарим хаалга хүний ам шиг хэлбэртэй байх бөгөөд зарим нь бүр илт мэдэгдэхүйц уруултай байна. Баярт энэ үл мэдэгдэх хотын гаж этгээд зүйлс гайхшрал төрүүлсэн ч удаан уулзаагүй ээж нь хамгаас их анхаарал татна. Хажууд нь байгаагүй удсан болоод ч тэр үү? Эсвэл маш ихээр үгүйлсэн болоод энэ үү? Баяр ээжийгээ л харан харсаар түүнийг дагаад гэрт нь оров.
Европ маягын сүрлэн дээвэртэй жижигхэн залгаа байшингуудийн нэг ээжийнх нь гэр байв. Хаалгаар хөл гишгэн орвол хүү нүдэндээ ч итгэсэнгүй. Яг л долоон давхрын хорооллын байртай нь адилхан дотоод засалтай байр байна. Баярын гэр бүлтэйгээ амьдардаг гэр нь яг хуучин ямар байсан тэр чигээрээ. Аавын өрөө, эгчтэйгээ хамт унтах өрөө яг хэвээрээ. Гэрийнх нь бүх тавилгууд ч яг хэвэндээ байна.
Баяр ээжтэйгээ гэртээ ирсэн мэт байх боловч аав эгч хоёр нь алга. Энэ байр хорооллын долоон давхрын байрнаас ялгагдах ганц ялгаа бол цонхоор харвал гадна талд ногоон моддоор хүрээлүүлсэн цэцэрлэг биш харин нууцлаг хотын муруй гудамж харагдана.
Элэг бүтэн, ээжтэйгээ амьдардаг байсан шигээ хүү ээж хоёр өдөржингөө цагийг жаргалтай өнгөрүүлнэ. Цуг хоол хийж идэн, хүүгээ эрхлүүлэн, хүүтэйгээ эвлүүлдэг тоглоомоор байшин барьж хотын удирдлага болон тоглоно. Цагийн зүү харвасан сум мэт өнгөрч нэг л мэдэхэд үл мэдэгдэх хотын улаан нар жаргах болов.
"Миний хүү одоо гэртээ харь. Харанхуй болж байна, энд харанхуй болоход үлдэж болохгүй. Дараа өглөө ээж дээрээ ирнэ биз дээ?" гэж ээж нь санаа зовсон байдалтай хөмсгөө үл мэдэгдэм атируулан хүүгээсээ асуулаа.
"Ээжээ та энд үргэлж байх юмуу? Та яагаад буцаж ирж болохгүй юм бэ?" гэж Баяр алаг нүдээ тормолзуулан гайхах, сониучирхах зэрэгцэн асуулаа.
"Ээж нь буцаж очиж болохгүй ээ. Миний хүү харин над дээр яаж ирсэн юм бэ?" Хэдийгээр урт хугацаа өнгөрсөн ч сая л хүүтэйгээ уулзсан мэт яаж хүүгээ ирсэнийг Сарантуяа эцэст нь санаж асуулаа.
"Ээжээ би тань дээр өнөөдөр ирсэн шиг ирье тэгвэл. Маш амархан биеэ үлдээгээд ирэхэд болно." Баяр бахархалтай, хөгжилтэй аргаггүй цоглогхон хариуллаа.
Үл мэдэгдэх хотын цэлмэг саруул тэнгэрт наран жаргаж, сэлүүхэн хотоор хүүгээ хотын захад байх хаалга уруу ээж нь гаргаж өглөө. Хүү ирсэн замаараа буцаж, уул толгодын дэргэдүүр нисэн хотын дээгүүр дүүлэн нисч гэртээ эргээд ирлээ. Хотод үүр цайхын алдад хүү орон дотроо хэвтэх өөрийн биедээ эргэн орлоо. Баяр нүдээ аажуухан нээн орчин тойрноо ажив. Бүх зүйл яг л бодит мэт санагдана. Гэвч үүр цайгаагүй нэгэнт үд дунд болсон байв.
Зүүд эсэхийг мэдэхгүй ч түргэвчлэн Баяр эгч аав хоёртоо болсон явдлыг ярьж өгөв.Аав нь "зүүд байлгүй дээ" гэж дотроо бодоод итгэсэнгүй. Мөн арван настай эгч нь дүүгээ зүүдэлсэн гэж дотроо бодсон ч итгэсэн дүр үзүүлэв. Хэн дөрөвхөн настай хүүгийн энэ үнэмшмээргүй үгэнд итгэх билээ?
Дэлхийд цаг хугацаа удаан өнгөрөх мэт Баярт санагдана. Хүү орой болохыг тэсэн ядан хүлээж байв. Учир нь Баяр ээжтэйгээ уулзсан өнгөрсөн шөнийн явдлаа зүүд эсэхийг шалгахыг хүсч байлаа. Наран жаргаж унтах цагийг тэсгэл алдан хүлээнэ. Баяр өнгөрсөн шөнийн болсон явдлыг зүүд гэж бодохгүй байлаа. Даанч Баярт ямар ч сонголт байхгүй. Үүнийг зүүд эсэхийг унтах гэж хэвтэж байж мэднэ.

Тэнгэр газрын заагт /Fantaisie Maximale/Read this story for FREE!