Ангидаа орж ирэхэд байдаг янзаараа нэг л дүнсгэр. Ганцхан сарын өмнө л бүгд инээлдэн баяр хөөрөөр дүүрэн байдаг сан. Гэтэл энэ бүхэн маш хурдан өөрчлөгдчихлөө.
Ангийн охин маань байдгаараа гүйн орж ирэхэд бүгд түүнд анхаарлаа хандуулан түүнрүү харлаа. Тэр амьсгаагаа дараад "Ахиад... ахиад нэг охин алга болчихож" гэхэд бүгд л дор бүрнээ шуугилдана.
Новш гэж. Би дахиад л нэг охиныг алдчихлаа.
"Ямар охин юм?" хэмээн нэг нь асуувал "Доод ангийн Ким Ерин" гэж хариулав.
==
Их завсарлагаанаар сургууль хүртэл нэг л дүнсгэр болжээ. Яг л бүгд оршуулгын газар ирчихсэн аятай нэг л нам гүм. Энэ сургуулийг битгий хэл энэ хотыг хэдийн харанхуй сүүдэр нөмрөн авчээ.
Алга болсон охины ангийн үүдэнд хэдэн цагдаа нар үзэгдэнэ. Нөгөө л нэг хийдэг зүйлсээ хийн багш болоод сурагчидтай ярилцан байцаалт авч байгаа бололтой. Тэглээ гээд тэд юу хийж чадаж байгаа юм бэ?
Болдог бол цагдаа нар дээр очин өөрийгөө бусдын үхлийг хардаг хэмээн хэлээд мөрдлөгт тус болохыг хүсч байгаа ч чадахгүй нь. Тэд надад итгэхгүй шүү дээ. Мэдээж, хэн ч итгэхгүй. Магадгүй намайг алуурчинтай хамсаатан гэж сэжиглэж ч магадгүй. Тиймээс тэдэнд хандаж болохгүй.
Завсарлагааны туршид алга болсон охидын талаарх бодол толгойноос минь салсангүй. Мөн үүний хажуугаар өөрт үзэгдсэн үхлүүдийг дахин санахыг хичээн ямар нэгэн онцгой зүйл ажиглагдсан эсэхийг эргэцүүлнэ. Гэсэн ч толгойд юу ч буусангүй.
Хоол идэх хүсэл байгаагүй учир зүгээр л халбагаараа хоолоороо тоглон сууна. Утсан зурвас ирэх чимээ дуулдахад утсаа гаргаж ирэн зурвасыг үзвэл танихгүй дугаараас "Дээвэр дээр гараад ир" гэсэн зурвас ирсэн байлаа. Би үүнийг хэн гэдгийг төвөггүй таньсан юм. Мэдээж энэ бол Тэюун. Түүнээс өөр танихгүй дугаартай хүн байхгүй шүү дээ.
Угаасаа хоолоо идэж чадахгүй байсан учир түүний юу гэж хэлэхийг сонсохоор шийдэн дээвэр гарах шат руу алхаж байтал урд минь Жэхён гарч ирэв. Түүнийг харах төдийд өчигдөр Тэюуны ярьсан зүйлс бодогдоно.
Жэхён ойртон гарнаас минь атгаад "Хоолоо идсэн юм уу?" гэхэд нь би гараа татаж аваад "И..идсээн" хэмээн хариуллаа. Тэр бага зэрэг хөмсгөө зангидан "Ямар нэгэн зүйл болсон хэрэг үү?" гэж асуухад нь би толгойгоо хурдан сэгсрэн "Ү..үгүй ээ" хэмээн ээрэн хэллээ.

YOU ARE READING
The Mystery | lty -Complete-
Mystery / ThrillerБи хүмүүсийн үхлийг хардаг. Үхсэн хүмүүсийг харах үедээ тэдний хэрхэн үхснийг хардаг. Энэ бүх аймшигтай зүйлийг харахгүйн тулд би Сөүлээс яван амар тайван жижигхэн хотод ирж амьдрах болсон. Түүнийг ирэх хүртэл би амар тайван амьдарсан. И Тэюун. Тэр...