Солонгос улсын нийслэл болох Сөүл хот. Түм түжигнэж бум бужигнасан энэ хотын өнцөг булан бүрт л янз бүрийн үйл явдал тохионо. Нэг хэсэгт нь хүмүүс аз жаргалдаа умбаж байхад нөгөө хэсэгт нь хүмүүс ганцаардана гуниглана. Харин зарим хэсэгт нь хэн нэгэн төрч байхад өөр газар хэн нэгэн энэ хорвоогийн мөнх бусыг үзүүлнэ. Зарим газар аллага болж байхад зарим газар алтан гарт эмч нар бусдын амийг аврана.
Нэг гартаа шоколадтай зайрмаг барин нөгөө гараараа ээжийнхээ гарнаас хөтлөн инээмсэглэн явах энэ бяцхан охиныг Сун Арим гэдэг. Арим гэдэг нь "Үзэсгэлэнтэй" гэсэн утгатай бөгөөд тэр яг л өөрийн нэрэндээ тохирсон үзэсгэлэнтэй хөөрхөн охин юм.
Арим ээжийнхээ гарнаас атган гэр лүүгээ орох гудам руу орон алхаж байтал гудамжны гэрэл анивчсаар унтарчихав.
Арим ээж рүүгээ наалдан: Ээж ээ, би айгаад байна.
Ээж нь бяцхан охиныхоо толгойг гараараа зөөлөн илбэн: Зүгээр дээ, ээж нь хамт байна. Хоёулаа удахгүй гэр лүүгээ орлоо хэмээн хэлэхэд Арим бага зэрэг тайвширах шиг болов.
Гэрээс нь хэдхэн байшингийн наана хогийн цэгний хажууд хэн нэгний хөл үзэгдэх шиг болоход Аримын ээж охиноо ардаа оруулан тэр зүг болгоомжлон явлаа. Хогийн цэгний ард үзэгдэх хүн бүрэн харагдах үед Аримын ээж чангаар орилов.
Тэнд цусандаа будагдсан дунд эргэм насны эмэгтэй байсан юм. Түүнийг харахад л нүд хальтрам ажээ. Ийм зүйлийг охиндоо харуулахыг хүсээгүй учир тэрээр Аримын нүдийг дарсан ч нэгэнт оройтжээ. Охин харчихсан юм.
Гэнэтхэн Аримын толгой хатгуулан өвдөж тэр эмэгтэйн үхэл нүдэнд нь үзэгдэх нь тэр.
Дунд эргэм насны эмэгтэй бүүдгэр гэрэлтэй гудамжаар алхах бөгөөд ард нь хэн нэгэн хүн дагаж буйг мэдмэгцээ улам хурдлан алхлаа. Ард нь алхах хөлийн алхаа ч улам хурдсаж тэр гүйсээр мухардчих нь тэр. "Мөнгөө өг" гэх үл таних эрэгтэйн хахир дуунд эмэгтэй салганах ажээ. Эрэгтэй түүн рүү дөхсөөр цүнхийг нь булаах гэж оролдох үед эмэгтэй байдгаараа эсэргүүцлээ. Удалгүй эрэгтэйн гаранд ямар нэгэн зүйл гялалзах шиг болох нь тэр. Тэр зүйл нь эмэгтэйн хэвлий хэсэгт гүн орох нь мэдрэгдлээ. Эрэгтэй эмэгтэйг хэд хэд бүлсний дараа эмэгтэй ч хогийн цэгийг түшин унах нь тэр. Тэр эрэгтэй ч цүнхийг аван одов. Удалгүй эмэгтэйн нүд харанхуйлан бүх зүйл сарних нь тэр.
Энэ бүх үйл явдал Аримын нүдэнд харагдах үед Арим чангаар уйллаа. Аримын ээж охиноо аргадах бөгөөд аль хэдийн түргэн тусламж руу залгажээ. Түргэний тэрэг дуу хангинуулан ирсэн ч эмэгтэй аль хэдийн амьсгал хураасан байлаа. Тийм ч учраас түүний үхэл Аримд харагдсан биз.

YOU ARE READING
The Mystery | lty -Complete-
Mystery / ThrillerБи хүмүүсийн үхлийг хардаг. Үхсэн хүмүүсийг харах үедээ тэдний хэрхэн үхснийг хардаг. Энэ бүх аймшигтай зүйлийг харахгүйн тулд би Сөүлээс яван амар тайван жижигхэн хотод ирж амьдрах болсон. Түүнийг ирэх хүртэл би амар тайван амьдарсан. И Тэюун. Тэр...